Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0100

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0100

Улаанбаатар хот

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Н.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Г.Б, Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 965 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 965 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүд нь илт хууль бус болохыг тогтоожээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь заалтуудыг тайлбарлан хэрэглэжээ.

Гэхдээ энэ заалтууд энэ хэрэгт ямар хамааралтай гэдэг нь тодорхой биш, тусгай зөвшөөрлийн хугацаа хэзээ дуусах, түдгэлзүүлсэн тохиолдолд хэрхэн сэргээх талаар энэ хэрэгт маргаагүй байхад хуулийн эдгээр заалтыг юуны учир хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байгаа тул шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Шүүх эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг байгууллага болохоос хууль сахиулдаг байгууллага биш билээ.

Гэтэл анхан шатны шүүх энэ маргаанд огт хамааралгүй, хэргийн оролцогчдоос Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг тусгай зөвшөөрөлд тавих нэгдсэн хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа талаар маргаагүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан үүргийг хариуцагч хэрэгжүүлэх ёстойг сануулж байгаа нь хууль сахиулагчийн үүргийг хийж, хэрэгжүүлж, өөрийн чиг үүрэгт хамааралгүй ажиллагаа явуулсан байна.

Анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэрийг тайлбарласан байгаагаас нь үзвэл уг шийдвэрийг ойлгоогүй байна.

Учир нь уг хүчин төгөлдөр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг нь сэргээсэн шийдвэрээ гаргахыг Кадастрын хэлтсийн даргад даалгасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн байгаа нь хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Тодруулбал, хэргийн оролцогчид сонгон шалгаруулалттай холбоотой, эсхүл тусгай зөвшөөрлийн эх хувийг Кадастрын хэлтэст өгөх ёстой байсан эсэх, хэрхэн нөхөн олгох, үрэгдүүлсэн эсэх талаар огт маргаагүй байхад эдгээр асуудлаар дүгнэлт өгч байгаа нь хууль бус болжээ.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ц-ийг Бөөрөлжүүтийн голоос 6,8 км-т амьдардаг нь нотлогдсон гэжээ.

Гэтэл тэрээр өмнөх шүүх хуралдаануудад уг нутагт, Бөөрөлжүүт голын сав газарт амьдардаг болохоо нотолж чадахгүй, ийм нотлох баримт гаргаж өгөхгүй байсан учир тус сумын Засаг даргаас амьдран суудаг тодорхойлолт авсан нь хуурамч гэж үзэж байна. Энэхүү баримтыг анхан шатны шүүх гуравдагч этгээдэд танилцуулаагүй тул анхан шатны шүүх хуралдаан дээр уг баримтыг няцаах боломжгүй байсан болно.

Анхан шатны шүүх Бөөрөлжүүт голын ай сав газарт хүний аж ахуйн ба инженерийн үйл ажиллагаа, түүний дотор ашигт малтмалын олборлолт, ашиглалт явагдсанаас Онги гол тасарч, түүнээс нөөцөө авдаг нуур ширгэж, байгалийн тэнцэл алдагдаж, ... байна гэж дүгнэжээ. Хэргийн материалд ашигт малтмалын олборлолт, ашиглалт явагдсанаас Онги гол тасарсан гэх нотлох баримт огт байхгүй юм. Голын ус ширгэх шалтгааныг эрдэмтэд, мэргэжилтнүүд олон шалтгаанаас болдгийг тогтоосон бөгөөд үүний гол хүчин зүйл нь дэлхийн цаг уурын дулаарал, үүнээс үүдсэн монгол орны газар нутгийн цөлжилт /манай нутгийн 70 хувь нь цөлжсөн болон цөлжилтийн шинж орсон гэж дүгнэсэн байдаг/, хуурайшил, ургамлын бүтэц өөрчлөгдөх зэрэг бусад хүчин зүйлээс ч болох боломжтой байдаг.

Манай орны гол, мөрний ус багасах, татрах, ширгэх шалтгаан бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон, нотолсон нэг ч судалгаа, дүгнэлт гараагүй байхад шүүх бүрэлдэхүүн энэхүү мэргэжлийн бус атлаа нотлох баримтгүйгээр, таамгаар, өөрсдийнхөө төсөөллөөр ийм дүгнэлт хийсэн нь шүүх Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн, нотлох баримтад үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагааны зарчмыг алдагдуулсан илт хууль бус болно.

Анхан шатны шүүх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 350 дугаар шийдвэрийг нэг талаас нь тайлбарласан нь илт үндэслэлгүй болсон.

Уг шүүхийн шийдвэрт Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 794 дүгээр шийдвэрээр Б ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж олгосон нь хууль бус гэж дүгнэн илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг зөвшөөрсөн боловч тусгай хэрэгцээнд авсан байгууллага нөхөн олговор олгохгүй бол тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болохыг тогтоож өгсөн.

Шүүхийн энэхүү шийдвэрийг үндэслэн Б ХХК нь 2015 онд захиргааны хэргийн шүүхэд Өөрийн эзэмшиж байсан 13713А дугаар тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хянаад мөн өмнөх шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэчихсэн үйл баримтад тулгуурлан 2015 оны 91 дүгээр шийдвэрээрээ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

Гэтэл шүүх бүрэлдэхүүний шүүгч н.Мөнхзул гэгч нь хуралдаан дээр хариуцагчийг энэ шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй яасан гэж загнаж байгаагаас үзвэл нэг шүүгч нь нөгөө шүүгчийн шийдвэрийг хянаж буруутгадаг, хэргийн оролцогчийг гомдол гаргах эсэхийг зааж зааварладаг, гомдол гаргаагүй бол загнадаг ёс зүйгүй үйлдэл гаргаж, нэг шүүхийн шийдвэрийг нөгөө шүүгч нь өөрийнхөөрөө өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэдэг болсон байна.

Түүнчлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэрээр Б ХХК-ийн эзэмшиж байсан 13713А дугаар тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг даалгасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад энэхүү шийдвэрээр нэгэнт дүгнэлт хийчихсэн үйл баримтад дахин дүгнэлт хийж, Кадастрын хэлтсийн дарга сэргээх ёсгүй байсан гэж дүгнэж байгааг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Энэхүү маргаанд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэрийг биелүүлж гарсан захиргааны акт нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхэд л дүгнэлт хийх ёстой байхад ийнхүү анхан шатны шүүх нэгнийхээ гаргасан шийдвэрийг нөгөөх нь буруутгадаг, биелүүлэх үүрэггүй байсан гэх мэтээр дүгнэлт хийж байгаа нь шүүгчийн шүүн таслах ажиллагааны ноцтой алдаа гэж үзэхээр байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2015 оны 91 дүгээр шийдвэрээ гаргахдаа уг тусгай зөвшөөрөл бүхий талбай нь гол мөрний сав газарт хамаарах эсэхийг шалгаж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт дүгнэчихсэн үйл баримт байхад түүнтэй холбоотой нотлох баримтыг дахин цуглуулж, үйл баримтад дахин дүгнэлт хийж байгааг хууль ёсны гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Б ХХК нь тусгай зөвшөөрлийг авахдаа усны сан бүхий газартай давхцалтай хэсгийг нь буцааж тушаасан учраас анхан шатны шүүхийн дүгнэж байгаа шиг ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт тусгай зөвшөөрөл олгоогүй тул анхан шатны шүүх уг үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байна.

Нөгөө талаас анхан шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэгт цуглуулсан нотлох баримт болон хэргийн материал танилцуулаагүй, хэрэгт зөрүүтэй нотлох баримт ирсэн талаар шүүх хуралдаанаас өмнө танилцуулж мэдэгдээгүй хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Энэ баримтын талаар гуравдагч этгээд мэдсэн бол нэмж шинжээч томилуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн тайлбар нь өмнөх шүүхэд ирүүлсэн албан бичгүүдээсээ зөрүүтэй байгаа тул эдгээр зөрүүг гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах арга хэмжээ авах зэрэг ажиллагаа хийх ёстой байсан тул шүүх гуравдагч этгээдийг ийнхүү мэтгэлцэх боломжгүй нөхцлийг бий болгож, улмаар шүүх хуралдааныг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ц-с Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр, мөн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Бөөрөлжүүтийн голын онцгой хамгаалалтын бүс дотор голын эргээс 6-8 метрийн зайд олборлолт хийж, иргэн миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Бөөрөлжүүтийн голын гольдрол усан сан бүхий газрын 1000 метрээр тогтоосон хамгаалалтын бүсэд орсон, Ашигт малтмалын тухай хууль зөрчиж, сумын тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцуулан олгосон... хэмээн тодорхойлон маргажээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, одоогийн нөхцөл байдал болон хэргийн үйл баримт хэрхэн өөрчлөгдсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөхийн тулд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулалгүйгээр Б ХХК-д 13713А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул урхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 764 дүгээр шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрт үндэслэн маргаж буй актуудыг илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Шүүх хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх эрх хэмжээ холбогдох хууль тогтоомжоор олгогдоогүй гэж үзсэн, акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэсэн дүгнэлт хийж илт хууль бус гэж шийдвэрлэхдээ энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан нэхэмжлэгчийн эрхтэй хэрхэн холбогдож байгаад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн захиргааны акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг нотлох баримтад тулгуурлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 5/6019 дүгээр албан бичгээр MV-018764 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Бөөрөлжүүтийн голын хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсийн хилтэй давхцалгүй болохыг, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 7/1790 дүгээр албан бичгээр Б ХХК-иас 2016 оны 8 дугаар сард MV-018764 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн буцаах өргөдөл гаргаж усны сан бүхий газрын 50 метрийн онцгой хамгаалалтын бүс болон гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалтай хэсгийг хасуулсан болно гэж тус тус мэдэгджээ.

Харин шүүхээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн 127.44 га талбай нь Өвөрхангай аймгийн Уянга сумын тусгай хэрэгцээний газар болон усан сан бүхий газартай давхцалтай гэж дүгнэсэн нь дээрх төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн давхцалгүй гэсэнтэй зөрүүтэй байх ба хэрэв давхцалтай бол Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 629 дүгээр шийдвэрээр олгогдсон талбайн хэдий хэмжээний талбайг хамарч байгааг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчигдөхөд хүргэсэн эсэх, холбогдох хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Түүнчлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэр гарсны дараа гуравдагч этгээд Б ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт 350.91 га талбайгаас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон талбай болон гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалтай талбайд хамаарагдах 223.47 га талбайг буцаан өгч, үлдсэн 127.44 га талбайд үйл ажиллагаа явуулахаар талбайн хэмжээгээ багасгасан нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлд нөлөөлсөн эсэхийг тодруулах, дээрх шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл нь харилцан уялдаатай эсэхэд хариуцагчийг бус шүүх анхаарч дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн үндэслэлээр буцаасан нөхцөл байдал арилаагүй байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч шүүхийн шийдвэрийн харилцан уялдаа, хамаарлыг шалгахгүйгээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн нь илт хууль бус болжээ хэмээн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан гэх хариуцагчийн маргаж буй актуудыг зөвтгөж буй үндэслэл нь тухайн захиргааны акт гаргах үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудтай нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан ...голын эргээс 6-8 метрийн зайд ашигт малтмалын олборлолт хийж, голын гольдорлыг эвдэж, урсацыг нь багасгаж, байгалийн тэнцлийг асар ихээр алдагдуулсаар байна. Хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчсөн ашигт малтмалын олборлолтоос Бөөрөлжүүтийн голын сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл алдагдаж, иргэн миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна... гэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримтгүй байхад ...Онги гол тасарч, түүнээс нөөцөө авдаг нуур ширгэж, байгалийн тэнцэл алдагдаж байна... гэж дүгнэсэн гэх гомдол үндэслэлтэй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын яам болон Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн аймгийн Уянга сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төрийн захиргааны болон нутгийн Засаг захиргааны байгууллагаас гаргасан тогтоол, захирамж, шийдвэрүүдээр тухайн сумын нутаг дэвсгэрийн тодорхой газруудыг сум, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг өөр өөр байдлаар тогтоосон байх бөгөөд эдгээрийн аль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, энэ нь маргаж буй тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хамаарч байгааг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт талбай нь Өвөрхангай аймгийн Уянга сумын тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэх нэхэмжлэгчийн тайлбар, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдээс нэхэмжлэгчид хүргүүлсэн өргөдлийн хариунд ...аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар аймгийн газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж 12/07 дугаар тогтоол баталсан. Б ХХК-ийн лицензтэй талбай тусгай хамгаалалттай газар нутгаас хасагдаж тооцогдохоор тогтоолд орсон... гэх 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/256 дугаар албан бичиг, буцаагдсан талбайгаас үлдсэн хэсэг нь кадастрын нэгдсэн санд тусгай хэрэгцээнээс хасагдсан давхцалгүй бүртгэгдсэн гэх хариуцагчийн тайлбар зэрэг зөрүүтэй тайлбар, баримтууд хэрэгт авагдсан байх тул энэ талаар холбогдох эрх бүхий этгээдээс тодруулах шаардлагатай байна.

Иймд холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дээрх нөхцөл байдлуудыг шалган тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ