2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01950

 

2025 03 17   192/ШШ2025/01950

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Сургуулийн ** тоотод оршин суух, Б-ийн А /РД:ЧП*****7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Гавжийн шанд Хан цогцолборт оршин суух, Ц-ийн Э /РД:УХ**********/-д холбогдох,

 

Зогсоолын төлбөр 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А,

Хариуцагч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.А би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдер иргзн Ц.Э-аас А ХХК-ийн Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол, 4**А байрны В1 давхарт тээврийн хэрэгслийн зогсоолд 18 м2 талбайг эзэмших эрхийн бичгээр уг зогсоолыг авахаар тохиролцож, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 500 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4 500 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг Хаан банкны 50******0 Э гэсэн дансанд шилжүүлсэн. Уг зогсоолын эрхийн бичиг нь №36, А ХХК, еренхий захирал Я.Б гээд гарын үсэг тамгатай байсан. Гэтэл А ХХК нь №36 Зогсоолын эрхийн бичиг олгоогүй, гэрчилгээ хүчингүй, гарын үсэг, гэрчилгээг хуурамчаар хийсэн гэж байгаа тул иргэн Ц-ийн Э-аас 8 000 000 төгрөгийг гаргуулж иргэн Б.А  намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-12-25 ний өдөр тохироод би 3,500,000 аар, 4,500,000 төгрөгөөр нийт 8,000,000 төгрөг хариуцагчид өгсөн. 2023-07 сараас гражнуудад гэрчилгээ гарч эхэлсэн, би 42 а байрнаас граж анх худалдаж авсан ч наадах чинь манайхаас худалдаж аваагүй гээд гаргаад, би 42 б байранд шинээр 2 граж худалдан авсан. 2019-12 дугаар сараас 2023-07 сар хүртэл би граж эзэмшиж байгаад, дахин 2 граж худалдан авсан . Надад ямар ч гэрчилгээгүй зогсоол худалдсан учраас би өгсөн 8,500,000 төгрөгөө буцааж авах ёстой, би дахин граж 9,500,000 төгрөгөөс 3,500,000 г хасуулаад 6,000,000 төгрөгөөр зогсоол авсан юм. Надад өгсөн тэр бичгийг би шүүхэд өгсөн ямар ч эрхийн бичиг байгаагүй шүү дээ гэв.

 

2. Хариуцагч Ц.Э  нэхэмжлэлийн хувийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Ц.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баримт бичиг нь Б.Ш  гээд байх ёстой, эрхийн гэрчилгээ байсан юм. Би байрыг нь зараад дараа нь зогсоолыг нь эрхийн бичигтэй нь хамт энэ хүнд өгсөн. Тухайн үедээ тэгээд авчхаад өчнөөн шил машинаа тавьчхаад одоо нэхээд байх юм. Би зөвшөөрөхгүй, төлбөрийн чадвар надад байхгүй, харин ч түрээсийн төлбөр надад өгөх ёстой гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******7 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б  СӨХ-оос 20*****80 дугаартай хэрэглэгчид ирүүлсэн нэхэмжлэхүүд, 2023.07.06-ны өдрийн 0884 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2023.05.20-ны өдрийн 19 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, Б.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2*****8 дугаартай гэрчилгээний хуулбар, 2023.08.14-ний өдрийн 1045 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбарыг баримтаар ирүүлсэн шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс А ХХК-иас Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, их тойруу гудамж **б байр, зоорийн давхар, 13 тоот хаягт байрлалтай зогсоолын талбайг Б.А-т өмчлүүлэх болсон гэрээ, хэлцэл болон холбогдох тайлбарыг гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Б.А би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдер иргзн Ц.Э-аас А ХХК-ийн Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол, 4**А байрны В1 давхарт тээврийн хэрэгслийн зогсоолд 18 м2 талбайг эзэмших эрхийн бичгээр уг зогсоолыг авахаар тохиролцож, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 500 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4 500 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг Хаан банкны 50*******0 Э гэсэн дансанд шилжүүлсэн. Гэтэл А ХХК нь №36 Зогсоолын эрхийн бичиг олгоогүй, гэрчилгээ хүчингүй, гарын үсэг, гэрчилгээ хуурамч, дахин шинээр зогсоол худалдан авсан тул Ц-ийн Э-аас 8 000 000 төгрөгийг гаргуулж иргэн Б.А намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Тухайн үед дулаан зогсоолын эрхийн бичиг нь эхнэр Б-ын У-ийн төрсөн дүү Б-ын Ш-ийн нэр дээр гарсан эрхийн бичиг байсан бөгөөд нь хуурамч биш, би төлбөрийн чадваргүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 25 ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо ** хороололд байрлалтай 4* А дугаар байранд 18 м кв талбай бүхий авто зогсоолыг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдан авагч Б.А нь 2019-12-25 ний өдөр 3,500,000 төгрөг, 2020-01-15 ний өдөр 4,500,000 төгрөгийг тус тус худалдагч Ц.Э-ад шилжүүлжээ.

Улмаар авто зогсоолыг нэхэмжлэгч нь 2019-12 дугаар сараас 2023-07 сар хүртэл эзэмшиж байгаад, 2023-07-06 ний өдөр А ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах 0884 дугаартай гэрээний дагуу 8,500,000 төгрөгөөр /6,000,000 төгрөг төлсөн/ 42 Б байранд 13 тоот 18 м кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр 2023-09-15 ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

5. Талууд 2019-12-25 ний өдөр 4* А байранд авто зогсоол худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, мөнгийг шилжүүлсэн, 2023-07 дугаар сар хүртэл зогсоолыг нэхэмжлэгч эзэмшиж байсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь тухайн худалдан авсан зогсоолоо өмчилж чадаагүй шинээр дахин зогсоол авсан учраас мөнгөө буцааж авна гэдэг бол, хариуцагч тухайн үед Б.Ш гэх дүүгийн нэр дээр байсан, мэдсээр байж авсан, одоо би төлбөрийн чадваргүй гэж төлөхөөс татгалздаг.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд  юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсний дагуу авто зогсоол бол үл хөдлөх хөрөнгө юм.

Талууд автозогсоол худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй гэрээний гол нөхцөл болох автозогсоолыг тодорхойлон заагаагүй тул нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, гэрээний гол нөхцлийг тохиролцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох шаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Хэрвээ талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан бол худалдах, худалдан авах гэрээний зүйл нь авто зогсоол буюу улсын бүртгэлээр үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлогдох тул үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэлд тавих хэлбэрийн шаардлагад талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нийцсэн байх учиртай. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсгийн зохицуулалтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байхыг шаарддаг.

Иймд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 8,000,000 төгрөгнөөс 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй .., 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан эрх зүйн зохицуулалтад хамаарна. Тодруулбал үндэслэлгүйгээр 8,000,000 төгрөгийг Ц.Э олж авсан байх ба үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч А ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзсан үеэс худалдан авагч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дахин автозогсоол худалдах худалдан авах гэрээг байгуулсан 2023-07-06 ний өдрөөс буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Харин шүүх А ХХК-н ирүүлсэн 2025-02-18 ний өдрийн 02/03 дугаартай тайлбараас иргэн Ц.Э-аас эзэмших гэрчилгээ 4* А байранд худалдаж авсан талаар ярьж байсан тул компанийн зүгээс гэрээнд заасан төлбөр 8,500,000 төгрөгөөс хөнгөлөлт үзүүлэн 3,500,000 төгрөгийг хасаж төлбөрийг авсан болно .. гэх хэсэг, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд 9,500,000 гэж байгаад 3,500,000 төгрөгийг хасаад 6,000,000 төгрөгөөр автозогсоолыг худалдан авсан .. гэх тайлбарыг, мөн нэхэмжлэгчийн дансны хуулгаар 6,000,000 төгрөг шилжсэн байх тул бодитоор шинээр авто зогсоол худалдан авсан 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэв. Учир нь нэхэмжлэгч 2019 онд хариуцагчаас авто зогсоолыг худалдан авахдаа өмчлөх эрх хэрхэн баталгаажсаныг шалгаагүй хайхрамжгүй хандсан, А ХХК нь Ц.Э-ын өмчлөх эрхийг үгүйсгэсэн атлаа хөнгөлөлт үзүүлж байгаа зэргийг үндэслээд 8,000,000 төгрөг бус нэхэмжлэгчээс дахин худалдан авалт хийсэн 6,000,000 төгрөгийг гаргуулав.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 зааснаар хариуцагч 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ