2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02015

 

2025 03 18   192/ШШ2025/02015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ** тоотод байрлах Б ХХК /РД:5*****9/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, чингисийн өргөн чөлөө, номин юнайтед байрлах Н ХХК /РД:2*******8/-д холбогдох,

 

Даатгалын гэрээний нөхөн олговорт 14,004,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б ХХК нь 2024 оны 05 сарын 24-ны өдөр Н ХХК-тай 1 жилийн хугацаатай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. 2024 оны 11 сарын 14-ны өдөр манай эхнэр нь даатгал хийлгэсэн машиныг барьж ажилдаа явсан бөгөөд бусдын машиныг хааж зогсоолд тавьсан тул өөрийн ажлын газрын охиноор зогсоолоо солиулахаар түлхүүрээ өгсөн ба ийнхүү зогсоолыг өөрчлөх явцад нь Гэрэлт хотхоны 17/4-р байрны хашааг мөргөсөн осол гарсан. Тухайн өдөр Г ХХК-ийн үнэлгээний тайлангаар автомашинд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Ийнхүү гэрээний 2.1-д заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг даатгагчаас 100 хувиар тооцон нөхөн олговор олгоно хэмээн надад тайлбарласны дагуу учирсан хохирлыг барагдуулах талаар Н ХХК-д хандахад хохирлын үнэлгээний дүнгийн ердөө гуравны нэг буюу 7,800,000 төгрөгийг л олгож, үлдэгдэл төлбөрийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа болно. Н ХХК-аас Гэрээний 4.18.1 буюу надад огт танилцуулаагүй гэрээний өөр нөхцөлийг гарган тайлбарлаж, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж нөхөн олговрыг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй тул үлдэгдэл нөхөн олговор болох 14,004,825 төгрөгийг Н ХХК-аас олгуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2024 оны 05 сарын 24-ны өдөр Н ХХК-тай 1 жилийн хугацаатай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. 2024 оны 11 сарын 14-ны өдөр манай эхнэр нь даатгал хийлгэсэн машиныг барьж ажилдаа явсан бөгөөд бусдын машиныг хааж зогсоолд тавьсан тул өөрийн ажлын газрын охиноор зогсоолоо солиулахаар түлхүүрээ өгсөн ба ийнхүү зогсоолыг өөрчлөх явцад нь Гэрэлт хотхоны 17/4-р байрны хашааг мөргөсөн осол гарсан. Тухайн өдөр Г ХХК-ийн үнэлгээний тайлангаар автомашинд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэтэл 14,004,825 төгрөгийг дутуу олгосон ба 2019 оны даатгалын багц дүрмийг зөрчсөн гэдгийг манай өмгөөлөгч хэллээ. Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл учраас 100 хувь өгөх учиртай байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсантай холбоотой мөн хураамж төлөгдсөн эсэх , хохирлын үнийн дүн гээд маргахгүй зүйлүүд байна. Маргааны гол агуулга бол гэрээний тухайн сонгогдсон багцаас хамаараад хасагдах эсэх байсан уу байгаагүй юу гэдэг дээр маргаж байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралтын 7.2.3-т заалт байна. Даатгагч даатгалын зуучлагч төлөөлөгч нь үйлчлүүлэгчтэй даатгалын гэрээ байгуулсан бол даатгуулагчийг дараах мэдээллээр хангана. Хэвийн бус мэдээллийг тухайн хүнд мэдэгдэх ёстой гэж хорооноос журамласан байна. Даатгалын компани бол ашгийн төлөө, амьдрал дээр аль болох төлбөр хохирлыг багаар олгож байж ашиг нь өндөр гарна. 7.2.2-т зааснаар гэрээнд ач холбогдолтой бүхий л нөхцөлийг ойлгосон эсэхийг тодруулсан асуулгын хуудас бөглүүлж баримтжуулна. Даатгалын гэрээнд тавьж байгаа шаардлага ойлгомжтой үг хэллэгтэй байх ёстой. Энэ гэрээг ингээд харах юм бол хамгийн өндөр төгс багцыг сонговол бүгд 100 юм шиг. Ийм учраас иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Цагдаагийн байгууллагаас авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа. Нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа баримтыг үндэслээд 50 хувь хасна гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

2. Хариуцагч Н ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Н ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-тай түүний өмчлөлийн Меrcedes Веnz, Е-350 маркын тээврийн хэрэгслийг даатгаж, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Түвшин нөхцлөөр байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дээрх тээврийн хэрэгслийг А.Х гэх хүн зогсоолд байршуулах үедээ хашаа мөргөснөөр тээврийн хэрэгсэлд 21,804,825 төгрөгний хохирол учирсан. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Н дээрх тохиолдлыг шалгаж, жолооч А.Х-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. Улмаар Н ХХК нь Б ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 5.18.1-т заасны дагуу нөхөн төлбөрийг хасаж олгосон. Иймд Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Гэрээ байгуулсан нь бол үнэн. Гэрээний 4.18.1 г огт ойлгоогүй гээд байх юм гэрээ хүчин төгөлдөр бус гэчхээд гэрээний үүрэг шаардаад байгаа нь ойлгомжгүй л юм. Даатгалын гэрээтэй танилцсан болоод гарын үсэг зурсан байх, хэрэгт байгаа ослын акт байгаа тэр баримтаар бол жолооч замын хөдөлгөөний дүрмийн 12.3 г зөрччихсөн байдаг. Гэрээнд зааснаар түвшин ангиллаар даатгуулсан, 65,000,000 төгрөгөөс 780,000 төгрөгийн даатгалын төлбөр төлсөн, ,80 хувиар даатгасан учраас 20 хувь буурахаар 17,443,860 төгрөг, дахиад гэрээнд заасан жолооч буруутай бол 10 хувь хасагдахаар 15,699,794 төгрөг, энэний тал хувиар бууруулж олгохоор 7,800,000 төгрөг өгчхөөд байгаа юм, санхүүгийн зохицуулах хороо ч зөв шийдсэн, зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Санхүүгийн зохицуулах хороо бол замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 зөрчсөн юм байна гээд Н даатгалын өгсөн хариуг үндэслэлтэй гэх албан тоот ирүүлсэн. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т даатгуулагчийн эрх үүрэг гэж бий. Даатгалын тохиолдолд болсон үед гэрээнд заасан хохирлын дагуу нөхөн төлбөрийг татвар даатгагчаас шаардана гэж байгаа. Тэгэхээр гэрээнд бид нар тодорхой нөхцөлүүдийг зааснаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бол нөхөн төлбөр олгохоос 50 хувийг хасаж олгох үндэслэл явж байна. Мөн багц дүрмийн хавсралтад заасан хоёрдмол утга уу? бид нар нэг нэгэнгүй тайлбарлаж өгөх ёстой байсныг тайлбарлаж өгөөгүй гэдэг утгаар маргаж байна. Даатгалын гэрээ байгуулсан гэж үзэж байна уу? байгуулаагүй гэж үзээд байгаа юм уу? бид нар төөрөгдсөн, төөрөгдүүлж хийсэн тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж хэлэх гээд байгаа юм уу? бид нар гэрээний дагуу төлбөр мөнгөө авна гэж тайлбарлаж байна уу би яг юу гээд байгааг ойлгохгүй байна. Даатгалын гэрээ байгуулагдсан гэрээнд ийм заалтууд байна гэчхээд дараа нь даатгалын гэрээ чинь бид нарыг төөрөгдүүлж байна гэх юм. Тэгэхээр бид нар юу ч мэдээгүй энэ гэрээг байгуулчихлаа гэх юм. Тэгэхээр энэ гэрээ чинь хүчин төгөлдөр бус юм уу. Ийм хоёр үзүүртэй агуулгаас нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Мөн хоёрдугаарт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас хоёр үндэслэл яриад байгаа. Жолоо шилжүүлснээр тайлбарлаж байснаа зогсоолд шилжүүлэхдээ ийм үйлдэл болсон гэдэг. Манай гэрээ бол байгуулагдсан гэдэг дээр маргахгүй байна. Нөхөн төлбөр дээр маргахгүй байна. Гол нь гэрээнд заасан даатгалд хамаарахгүй нөхцөл байдал буюу замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөн байна. Жолооч нь өөрөө буруутай байсан гэдэг үндэслэлээр тодорхой хэмжээний үнийн дүнгээс хасаж тооцож байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2025.01.06-ны өдрийн 3/41 дугаартай албан бичиг, улсын 3***УАО дугаартай Меrcedes Веnz, Е-350 автомашины гэрчилгээний хуулбар, 03****14 дугаартай даатгалын гэрээ, Г ХХК-ийн 2024.11.14-ний өдрийн №144/дд№31897240 дугаартай үнэлгээний тайлан, хавсралт, Б ББСБ ХХК-ийн 2025.03.12-ны өдрийн 25/130-46 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ..Тухайн өдөр Г ХХК-ийн үнэлгээний тайлангаар автомашинд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Ийнхүү гэрээний 2.1-д заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг даатгагчаас 100 хувиар тооцон нөхөн олговор олгоно хэмээн надад тайлбарласны дагуу учирсан хохирлыг барагдуулах ёстой. Н ХХК-аас Гэрээний 4.18.1 буюу надад огт танилцуулаагүй гэрээний өөр нөхцөлийг гарган тайлбарлаж, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж нөхөн олговрыг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй... гэдэг.

 

3. Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:..Түүнчлэн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Н дээрх тохиолдлыг шалгаж, жолооч А.Х-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. Гэрээнд зааснаар түвшин ангиллаар даатгуулсан, 65,000,000 төгрөгөөс 780,000 төгрөгийн даатгалын төлбөр төлсөн, ,80 хувиар даатгасан учраас 20 хувь буурахаар 17,443,860 төгрөг, дахиад гэрээнд заасан жолооч буруутай бол 10 хувь хасагдахаар 15,699,794 төгрөг, энэний тал хувиар бууруулж олгохоор 7,800,000 төгрөг өгчхөөд байгаа юм гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч Б ХХК  нь хариуцагч Н ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 24 ний өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгагч Н ХХК-д даатгуулсан, даатгуулагч нь даатгалын хураамжид 780,000 төгрөгийг төлсөн, даатгуулагч нь буюу даатгалд хамрагдсан 3**** УАО улсын дугаартай Мерседес Бенз маркын автомашиныг Б.Х жолоодож яваад орон сууцны хорооллын хашааг мөргөж, автомашинд үнэлгээгээр 21,804,825 төгрөгийн хохирол учирчээ. Уг зам тээврийн ослыг эрх бүхий байгууллагаас шалгаж, жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж , зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ..бусдын машиныг хааж тавьсан тул өөрийн ажлын газрын охин /Б.Х/ -оор зогсоолоо солиулахаар түлхүүр өгсөн ба ийнхүү зогсоол солихдоо хашаа мөргөсөн .. талаар дурдсан байна. Даатгалын хураамжийн хэмжээ болон агуулгаас үзэхэд тус тээврийн хэрэгслийн даатгал нь түвшин ангиллын төрөлд хамаарахаар, улмаар гэрээний Даатгалын эрсдэл, үйлчилгээ гэх 2 дугаар хэсгийн хүснэгтэн мэдээллээр эрсдэлийн Замын хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн эрсдэлд хамаарахаар байна. Учир нь тухайн авто тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд байршуулах явцад энэхүү эрсдэл учирсан байх ба түвшин ангиллаар 80 хувийн эрсдэлээс хамгаалагджээ.

Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх ба тус хорооны ажлын албанаас 2025-01-06 ний өдөр 3/41 дугаартай ...төлбөрийг дутуу олгосон нь үндэслэлтэй .. гэх агуулга бүхий хариуг ирүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөрт 7,800,000 төгрөг шилжүүлжээ.

 

5. Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар агуулгын хувьд маргаагүй, нэхэмжлэгч нь ...зогсоолд байршуулах бус жолоо шилжүүлэх үеийн эрсдэл мөн 80 биш 100 хувь гэснийг анхнаасаа ойлгоогүй, мэдээгүй, түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 112.3 г зөрчсөн ч 50 хувь хасна гэдгийг гэрээний эрсдэл тооцоолсон хүснэгтэд ойлгомжтой бичээгүй тул мэдээгүй, даатгалын багц дүрмийн 71.3 б г зөрчиж, урьдчилан анхааруулж ойлгуулаагүй .. тул бүтэн нөхөн төлбөрийг авах үндэслэлтэй гэдэг бол хариуцагч нь ....гэрээнд зааснаар түвшин ангиллаар даатгуулсан, 65,000,000 төгрөгөөс 780,000 төгрөгийн даатгалын төлбөр төлсөн, ,80 хувиар даатгасан учраас 20 хувь буурахаар 17,443,860 төгрөг, дахиад гэрээнд заасан жолооч буруутай бол 10 хувь хасагдахаар 15,699,794 төгрөг, энэний тал хувиар бууруулж олгохоор 7,800,000 төгрөг өгсөн гэдэг тайлбар өгч төлөхөөс татгалздаг.

Талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж  шүүх дүгнэх нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3 дах хэсэгт заасантай нийцнэ.

Түвшин ангиллаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан, улмаар эрсдэл 80 хувийг , мөн гэрээний 4.18 дугаар зүйлд Дараах үндэслэл тогтоогдсон тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрийг 50 хувь хязгаарлах буюу хасаж олгоно гээд 4.18.1 т Замын хөдөлгөөний дүрмийн 12.2,12.3 т заасныг зөрчсний улмаас учирсан хохирол гэж бичсэн байх тул нэхэмжлэгчийн уг заалтыг мэдээгүй, үр дагаврыг тайлбарлаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Аливаа тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий этгээд жолоодох нь хуулиар зохицуулсан үйлдэл бөгөөд замын хөдөлгөөний дүрмийг жолооч даган мөрдөх үүрэгтэй.

Иймээс 21,804,825 төгрөгийг 20 хувиар бууруулахад 17,443,860 төгрөг болох бөгөөд энэ мөнгөний тал хувийг даатгагч даатгуулагчид гэрээний дагуу олгох ёстой байсан. Тодруулбал 8,721,930 төгрөгийг олгох ёстой байснаас 7,800,000 төгрөгийг олгосон байх тул зөрүү 921,930 төгрөгийг нэмж даатгалын нөхөн төлбөрт гаргуулах нь зүйтэй байна. Тодруулбал Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж зохицуулсныг агуулгаар нь тухайн гэрээнд хэрэглэсэн байгааг буруутгахгүй.

Харин хариуцагчийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан буруутай тохиолдолд хариуцах 10 хувь гэснийг үндэслэн 10 хувиар хорогдуулах тайлбар үндэслэлгүй байна. Учир нь хэнийг буруутай гээд байгаа болох, хэрвээ даатгуулагч буруутай бол 10 хувь түүнд хариуцуулна гэж байгаа бол гэрээний 4.18.1 дэх хэсэгт заасан 50 хувь дотроо орж байгаа эсэх, эсхүл дахин тусдаа 10 хувь хасагдах бол жолооч буруутай бол 60 хувь хасагдах болж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар зохигчдын маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх үүрэгтэй.

Иймд шүүх дутуу олгосон 921,930 төгрөгийг хариуцагч Н даатгалаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,082,895 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 26,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,987 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 т зааснаар "Н" ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 921,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,082,895 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 26,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,987 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ