| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 115/2025/0003/з |
| Дугаар | 113/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 113/ШШ2025/0006
2025 05 28 113/ШШ2025/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сартуул овогт Г.Т /РД:............/, Шарнууд овогт С.О /РД:.............../,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар /цахимаар/, гэрч Д.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдуулан, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/259 дүгээр захирамжийн Г.Т, С.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн Г.Т нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/183 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, ................... тоот хаягтай 700 м.кв газрыг, С.О нь Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, ................ тоот хаягтай 700м.кв газрыг тус тус гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 25 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байна.
2.2. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сайншанд сумын газрын даамлаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г.Т эрхийн улсын бүртгэлийн Э-............... дугаар бүхий, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Э-........... дугаар бүхий “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус олгож, Г.Т, С.О нартай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших” гэрээг байгуулжээ.
2.3. Бодит байдалд, Г.Т, С.О нарын газар эзэмших эрхийг Сайншанд сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/259 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.4. Нэхэмжлэгч Г.Т, С.О нар нь Сайншанд сумын Засаг даргын 2023 оны А/259 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Засаг даргад 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан ба Дорноговь аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 986 дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч, 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... нэхэмжлэгч нар нь анх 2019 онд газар эзэмших хүсэлтийг сумын газрын албанд гаргасан ба иргэн Г.Т-т Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/183 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, ...... тоот хаягтай 700 м.кв газрыг, нэхэмжлэгч С.О-д мөн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, ............ тоот хаягтай 700 м.кв газрыг тус тус гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон бөгөөд газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэрийг талаар нэхэмжлэгч нар 2021оны 03 дугаар сард мэдэж , 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сайншанд сумын газрын даамлаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г.Т-т эрхийн улсын бүртгэлийн Э-......... дугаар бүхий, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Э-............ дугаар бүхий “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус олгож, нэхэмжлэгч нар нь мөн өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших” гэрээг газрын даамалтай байгуулсан байдаг.
Гэтэл хариуцагч Сайншанд сумын Засаг даргаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг гарган Г.Т, С.О нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдсэн даруйдаа 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сайншанд сумын газрын даамлаас маргаан бүхий А/259 дүгээр захирамжийг очиж гардан авсан ба Газрын тухай хуульд заасны дагуу сумын Засаг даргын 2023 оны А/259 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргад 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан ба гомдлын хариуг Дорноговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардан авсан болно.
Сумын Засаг даргаас иргэн Г.Т, С.О нарын газар эзэмшүүлэх эрх, газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах буюу шийдвэр гаргах ажиллагаанд эрх нь хөндөгдөж буй этгээдэд тайлбар гаргах, санал авах ажиллагааг хийх ёстой байсан боловч, энэ талаар мэдэгдсэн зүйлгүйгээр иргэд бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба маргаан бүхий 2023 оны А/259 дүгээр захирамждаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар эзэмшүүлэх гэрээний болзол нөхцлийг зөрчсөн зэрэг үндэслэлийг заасан нь хууль бус, дээрх үндэслэлүүдийн алийг нь нэхэмжлэгч нар зөрчсөн нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч нарын зүгээс газрын төлбөрийг “ebarimt”, “E-mongolia” зэрэг флатформуудаар дамжуулан төлж байсан бөгөөд газар эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэр гарсан 2020 онд, нэхэмжлэгч нарын зүгээс газар эзэмших эрхээ баталгаажуулан “Иргэний газар эзэмших гэрчилгээ”-г тус тус гардан 2021 он, 2022 онд тус тус дэлхий нийтэд дэгдсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд 2020 оны 11 сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нь нэхэмжлэгч нарын зүгээс газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул хариуцагчаас 2023 оны А/259 дүгээр захирамжаар нэхэмжлэгч иргэн Г.Т, С.О нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болно.
Иймээс Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/259 дүгээр захирамжийн Г.Т, С.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, нэхэмжлэгч Г.Т, С.О нартай байгуулсан гэрээний 5е дэх “Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах”, 5.3 дахь Газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон” тул сумын Засаг даргаас хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч С.О, Г.Т нар нь “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.14 дэх заалтад “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх” үүргийг хүлээсэн ба гэрээний 7.2 дахь хэсэгт гэрээ дүгнүүлэх хугацааг нарийвчлан тогтоосон. Нэхэмжлэгч нартай сумын газрын даамлаас 2021.03.12-ны өдөр бичгээр гэрээг байгуулсан байдаг. Газрын тухай хуулийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ба түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 43.6 дахь хэсэгт “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно” гэж заасныг удирдлага болгон сумын Засаг даргаас 2023.09.13-ны өдрийн 01/1230 тоот албан бичгээр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Дорнын медиа” ХХК болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэсэн хуулийн хугацааг хэтрүүүлж нэхэмжлэгч талаас 2024.09.16-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргасан байна. Сайншанд сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/259 дүгээр захирамжаар гэрчилгээ олгосноос хойш 2 жил 5 сар 22 хоногийн дараа цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, харин 1 жил 7 сар нь ердийн байдалд шилжсэн байсан тул хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хуулийн үндэслэлгүй болно. Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр иргэн С.О, Г.Т нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлтэй” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Г.Т, С.О нарын зүгээс 2019 онд газар эзэмших хүсэлтээ өгөөд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж газар эзэмших гэрээ байгуулж, улмаар газар эзэмших гэрчилгээг гардаж авсан. Гэтэл гэрээ байгуулж газар эзэмшсэнээс хойш 2 сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2021 оны 05 дугаар сард хариуцагчийн зүгээс мэдэгдэл өгсөн гэдэг зүйлийг ярьдаг. Гэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/259 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрлэснийгээ тухайн өдрөө орон нутгийн телевизээр мэдэгдсэн ийм үйл баримт байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс энэ газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосныг тухайн үед мэдээгүй. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр газрын даамалаас мэдээд тухайн захирамжийг гардаж аваад урьдчилан шийдвэрлэх журмаар буюу дээд шатны байгууллага болох аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан. Аймгийн Засаг даргаас тухайн гомдлын хариуг 2024 оны 12 дугаар сард Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гардаж авсан. Энэ гардаж авсан хариуг зөвшөөрөхгүй 2025 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол үндэслэл бол энэ захирамж бол хууль бус гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт. Захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг явуулаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан процессын хуулийг зөрчсөн. Хоёрдугаарт. Тухайн захирамж гарах болсон гол үндэслэл буюу Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад энэ үндэслэлээр захиргааны акт гаргаж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байна гэсэн энэ 2 үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ 2 үндэслэлээ дэлгэрүүлж ярихад захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа учраас заавал сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар хийх ёстой байсан. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Харин 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны актыг гаргасныхаа дараа телевизээр мэдэгдсэн үйл баримт болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбараас харагдаж байгаа. Сонсох ажиллагаа хийгээгүй учраас захиргааны акт бол бүхэлдээ хууль бус болсон гэж үзэж байгаа. Дараагийн үндэслэл буюу Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д тухайн эзэмшсэн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг захирамжид дурдсан байдаг. 41.6-д заасан энэ үндэслэл буюу газар эзэмших гэрээн дээр бүтэн 2 жил гэдгийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол юу гэж үзэх юм бэ, 2 жил ашиглаагүй гэдгийг юу гэж үзэх юм бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Үүн дээр газрыг ашиглаагүй бүтэн 2 жил өнгөрсөн бол гэж байдаг. Гэтэл нотлох баримтаар шинжлэн судлах гээд байгаа Улсын Дээд шүүхийн тогтоол болон бусад нотлох баримтууд дээр ч гэсэн ковид цар тахлын улмаас хөл хориотой үеийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцон үзэх үү, үгүй юу гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаад Улсын Дээд шүүх хэрэг шийдвэрлэх замаар хуулийг тайлбарлаж гаргасан тогтоол байгаа. Энэ хугацаануудыг хасах юм бол нэхэмжлэгч нарын газар эзэмшээгүй гэх хугацаа нь 1 жил 7 сарын хугацаа байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан 2 жилийн хугацаа хүрээгүй байхад энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь өөрөө үндэслэлгүй, хууль бус байна. Тийм учраас энэ захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг заалтыг удирдлага болгосон. Нэхэмжлэгч Г.Т, С.О нартай байгуулсан газар ашиглах гэрээний 5.2.1-т заасан хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, 5.3 дахь заалт буюу газрын гэрээний нөхцлийн дагуу ашиглаагүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1- 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон тул сумын Засаг даргаас хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэв.
3.5. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байгаа. Иймд дараах нотлох баримт, нотолгоогоор дараах тайлбарыг гаргаж байгаа юм. Маргаан бүхий захиргааны акт Сайншанд сумын Засаг даргын 2023 оны А/259 дүгээр захирамжаар 149 иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээдэд 20 буюу түүнээс дээш тооны этгээдэд төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно гэж заасны дагуу энэ 149 хүнд дээрх захирамж гарсныг мэдэгдэхийн тулд хариуцагч захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1230 албан бичгээр “Дорнын Медиа” ХХК-д хүргүүлж орон нутгийн “В” ТВ телевизээр 7 хоногийн хугацаанд өдөрт 4 удаагийн давтамжтай зурган хэлбэрээр, текстээр уншиж нэвтрүүлэх байдлаар мэдэгдсэн. Энэ бичгийн нотлох баримтаар захиргааны актыг албан ёсоор хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн. Мөн гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гомдол гаргах хуулийн хугацаа тоолж эхлэх нотлох баримт нотолгоо болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Сайншанд сумын Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж шүүхэд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шууд шүүхэд хандахаар хуульчилсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хугацаа заагаагүй бол шийдвэрийг имэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Захиргааны актыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж, Газрын тухай хуулиар тусгайлан тогтоосон шүүхэд гомдол гаргах хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан ба нэхэмжлэгч нар 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан үйл баримтаар шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн нь нотлогдож байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн 54.3.3-т заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна. Хоёрдугаарт. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө дээд шатны Засаг даргад гомдол гаргах байсан. Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргад 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан нь цаг хугацаагаар нь тооцоход хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн. Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт үйлчлэхгүй болсон. Өөрөөр хэлбэл дээр дурдсан цаг хугацааны тооцоолол, өнөөгийн баримтаар урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэсэн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм. Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг иргэн захиргааны актыг хянуулахаар гомдол гаргаж, эрх бүхий этгээд ямар шийдвэрлэх ажиллагаа явуулснаар хэрэгждэг.
Дээрх нөхцөл байдлууд үйл баримтыг дүгнэж үзэхэд нэгдүгээрт захиргааны актын талаар дээд шатны Засаг даргад гомдол гаргах хуулийн хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтэрсэн. Хоёрдугаарт. Гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрснээс захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт үйлчлэхгүй болсон. Гуравдугаарт. Эрх бүхий захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлд заасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот албан бичиг, түүний хавсралт баримтуудаар тогтоогдож байгаа. Уг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэлд хамаарах бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.3-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Дөрөвдүгээрт. Маргаан бүхий захиргааны актаар 149 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Эзэмшигч бүрт тухайлан үндэслэл заах боломжгүй байсан тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зүйл, заалт, хэсэг, гэрээний нөхцлийн нийтлэг байдлаар үндэслэх хэсэгт дурдсан. Нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6-д заасан, мөн газар эзэмшүүлэх гэрээний 5.2е, 5.3е, 6.4-т заасан гэрээний нөхцөл байдалд хамаарах үндэслэл тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн санал тайлбарыг гаргаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/259 дүгээр захирамжийн хавсралт 145, 148 дугаарт байгаа нэхэмжлэгч Г.Т, С.О нарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/183 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Т-т Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, . тоот хаягтай 700 м.кв газрыг; ................ Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар, нэхэмжлэгч С.О-д Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, ...................тоот хаягтай 700 м.кв газрыг тус тус гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 25 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх бөгөөд Сайншанд сумын газрын даамлаас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Г.Т-т эрхийн улсын бүртгэлийн Э-............... дугаар, нэхэмжлэгч С.О-д эрхийн улсын бүртгэлийн Э-............. дугаар бүхий “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус олгож, газрын даамлаас нэхэмжлэгч нартай мөн өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.
4.2. Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/259 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Т, С.О нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/259 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгч нарт захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, Коронавируст халдвар цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл үргэлжилсэн бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон нөхцөл байдал нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна” гэх агуулга бүхий тайлбараар;
Харин хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс “…нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамж гарсан хугацаанаас буюу 2020 оноос газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших дараалсан 2 жилийн хугацаа тоологдоно, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сайншанд сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газрын зориулалт өөрчлөгдсөн тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэн сонсох ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбараар тус тусын шаардлага, татгалзлаа үндэслэн маргасан.
5.1. Хариуцагчийн “... нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхээ алдсан буюу эрхгүй этгээд байсан тул сонсох ажиллагаа явуулаагүй” гэх агуулга бүхий татгалзлын тухайд: Хариуцагч Сайншанд сумын Засаг дарга, мөн сумын газрын албанаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “сонсох ажиллагаа”-г явуулаагүй болох нь Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/325 дугаар албан бичигт “…нэхэмжлэгч нар нь сумын Засаг даргын 2023 оны А/259 дүгээр захирамж гарах хугацаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхээ алдсан буюу эрхгүй этгээдүүд байсан тул сонсох ажиллагаа зохон байгуулаагүй…” гэж дурдсан байгаагаар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан ба мөн хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах журмыг тодорхойлон хуульчилсан байхад хариуцагч нь нэхэмжлэгч нарыг “…газар эзэмших эрхээ алдсан буюу эрхгүй этгээд байсан” гэж үзэн сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль бус болжээ.
Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа хийхгүй байх” тохиолдлуудаас бусад бүх тохиолдолд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд иргэний оролцоог хангаж “сонсох ажиллагаа”-г заавал явуулахаар хуульчилсан. Хариуцагчийн “…Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болсон тул сонсох ажиллагаа явуулаагүй” гэх татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх” тохиолдлуудад хамаарахгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нарт Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/183 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар тус тус 25 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан “газар эзэмших эрх дуусгавар болох” үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байжээ.
Иймээс нэхэмжлэгч нарын захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн буюу “сонсох ажиллагаа явуулаагүй” хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна.
5.2. Хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамж гарсан хугацаанаас буюу 2020 оноос газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших дараалсан 2 жилийн хугацаа тоологдоно” гэх агуулга бүхий татгалзлын тухайд:
Нэхэмжлэгч Г.Т, С.О нар нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сайншанд сумын газрын даамалтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, мөн өдөр сумын Газрын албанаас тэдгээрт “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г нэхэмжлэгч нарт олгосон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нарын “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар сумын Газрын албанаас “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосон 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэн гэж үзнэ.
Иймээс хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/183 дугаар захирамжаар Г.Т-т, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар С.О нарт газар эзэмших эрх үүссэнээс хойш 3 жил 2 сарын хугацаа өнгөрсний дараа Г.Т-ын, 2 жил 10 сарын хугацаа өнгөрсний дараа С.О-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
5.3. Маргаан бүхий акт болох Сайншанд сумын Засаг даргын 2023 оны А/259 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тодорхойлсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 001/ХТ2025/0019 тогтоолын “Хянавал” хэсгийн 20 дугаар цогцолборт “…Харин нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш жил орчмын дараа Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нийтэд илэрхий үйл баримт тохиолдсон. Уг хөл хорионы улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 93, 96 зэрэг тогтоолуудаар энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан-д хамаарна” гэж, дүгнэсэн бөгөөд “Ковид-19” цар тахлын үеийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тухай нийтэд илэрхий үйл баримт нь нэхэмжлэгч нарын тохиолдолд хамаарахаар байна.
Тодруулбал 2 жил 6 сараас хүндэтгэн үзэх шалтгаантай 11 сарын хугацааг хасахад нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэнээс хойш 1 жил 7 сарын дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.
5.4. Бусад үндэслэлийн талаар: Хариуцагч нь маргаан бүхий актдаа “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5.2-ын “е”-д “Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд газар эзэмших гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна”, 5.3-т “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон ...”, 6.4-т “Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: Эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болон газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэх заалтуудыг үндэслэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10/09 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилсөн” гэж тайлбарласнаас өөрөөр хариуцагч нь нэхэмжлэгч нарын эзэмшил газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулах талаар шийдвэр гаргасан гэж маргаагүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар нь газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж байсан болох нь Дорноговь аймгийн Барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 319 дугаар албан бичгийн хавсралтаар тогтоогдож байх тул маргаан бүхий актад үндэслэсэн гэрээний 6.4 дэх заалт нь нэхэмжлэгч нарт хамааралгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс “Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх агуулгаар маргасан. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий 2023 оны А/259 дүгээр захирамжийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сайншанд сумын Газрын даамлаас гардаж авч, улмаар хариуцагчийн дээд шатны албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргад 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан ба гомдлын хариуг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардан авсанаас хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэн хүлээн авсан тул ийнхүү маргасан нь үндэслэлгүй.
5.5. Иймд шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, … хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол … шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/259 дүгээр захирамжийн хавсралтын Г.Т, С.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т, С.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/259 дүгээр захирамжийн хавсралтын 145, 148 дугаарт байгаа нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т, С.О нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ