| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0279/Э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхамгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/, Л.Баярсайхан /ҮД:1987/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шажинбат овогт Балжидын Б-д холбогдох 1808000590096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, “ДЦС-3” ТӨХК-д машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шажинбат овогт Балжидын Б /РД: ../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би өөрөө зүүрмэглээд уг суусан автомашиндаа унтчихсан байсан. Нэг ухаан ороход миний өмсөж явсан куртканы халаасыг ухаж цахилгаан онгойлгож гар утсыг маань авч байх үед би сэрсэн. Би сэрээд гар утсыг авсныг мэдээд гар утсыг өгчих наадах чинь лангуун дээр байдаг гар утас гэхэд жолооч залуу намайг зодох гээд гараа далайгаад би чамайг буу гэж байна гэж хэлээд намайг хувцаснаас татаж машинаас хүчээр чирч буулгасан. Би уг автомашинаас буухдаа уг жолоочийн автомашины ар талаас харахад 54-42 УНЦ улсын дугаартай байхыг би өөрөө нүдээрээ харсан. ...” гэх мэдүүлэг /хх 14-16, 17-18, 19 х/
1.2.Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчим Баянхошууны хөтөлийн цаад талд “Буурал ээж” дэлгүүрийн орчим зам дээрээс 20 орчим насны нэг согтуу эмэгтэйг авсан тэгтэл тэр эмэгтэй миний машины хойд сандал дээр уйлж орж ирж суугаад явах газраа хэлэхгүй байхаар нь би баруун тийшээ чиглэлтэй явсан. Тэгтэл тэр эмэгтэй унтаад өгчихсөн байсан. Тэгээд би Жанцан дээр ирээд нөгөө эмэгтэйг сэрээгээд хаа хүрэх юм бэ гэхэд Баруун салааны өргөн гудамж гэсэн. Тэгээд цаашаа хөдлөөд явсан. Тэгтэл Баянхошууны тойрог орчим машины арын шалан дээр нэг юм дуугараад унасан. Тэгээд би тэр чигээрээ явсаар байгаад Баруун салааны өргөн гудамжруу ороод зогссон, тэгээд би гэр чинь аль юм бэ гэж асуухад нөгөө эмэгтэй “манайх энүүхэнд гээд буух гэхээр нь би 6 км 100-200 метр гарсан байна 6000 төгрөг өг гэсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй халаасаа ухаж байснаа миний гар утас хаана байна гэхээр нь би машины дотор гэрлээ асаатал гар утсаа шалан дээрээс аваад хажуу талдаа тавьсан, тэгснээ “ахаа надаа мөнгө байхгүй би буучихъя” гэхээр нь би хажуу сандал дээр тавьсан байсан шаргал өнгийн гадартай Самсунг эйдж-6 маркын гар утсыг авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй “миний гар утсыг өгчих” гэхээр нь би миний утасны дугаарыг бичээд ав гэсэн боловч бал цаас байгаагүй юм. Тэгээд би буу гэсэн боловч буухгүй болохоор нь машинаас татаж буулгасан гэхдээ би цохиж зодоогүй. Тэгээд би тэр эмэгтэйд өөрийн утасны дугаараа хэлээд шууд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 х/
1.3.Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 04 цагийн үед Зурагтын шинэ эцсийн ар талын “Буурал ээж” гэх дэлгүүрийн ойролцоогоос хохирогч Со нь гар өргөж миний машинд суусан. Хөдөлж яваад 1 км хүрэхгүй газар яваад шатахуун түгээх станц руу бензин хийхээр орсон. Бензин хийж байхдаа арагшаа эргээд харахад хохирогч унтсан байсан. Би Жанцангийн буудлын ойролцоо зам салдаг хэсэг дээр ирээд хөл рүү нь цохиод хаана хүрэх вэ? гэж асуухад хохирогч Баруун салааны өргөн гудамж гэж хэлсэн. Явж байтал машины шалан дээр тог хийгээд ямар нэгэн зүйл унасан. Баруун салааны гэрэлтүүлэгтэй, төв зам шахуу өргөн гудамжинд очиж зогсоод гэр чинь хаана вэ? Мөнгө өг, буу гэхэд мөнгө өгөөгүй. Тэгснээ хохирогч утсаа шалан дээрээс аваад суудал дээр тавьсан. Мөнгө өгөхгүй болохоор нь би суудал дээрээс утсыг авсан, утсыг авахдаа биед нь хүрээгүй, сүрдүүлээгүй, хараалын үг хэлээгүй. Утсыг авчихаад буу гэхэд буухгүй болохоор нь машины арын хаалгаар очоод хоёр суганаас нь өргөөд буулгасан, биед нь гэмтэл учруулаагүй, сүрдүүлээгүй, айлгаагүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
1.4.Гэрч Ё.Мөнхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цаг хэд болж байсныг санахгүй байна ямар ч байсан хүний хөл татарчихсан байсан. Тэгэхэд би гадаа үүдээ янзлаад сууж байтал “хүн байна уу” гээд нэг охин ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “би таксинд гар утсаа дээрэмдүүлчихлээ, миний гар утсыг аваад явчихлаа. Би уг нь Зүүн салаанд гэртээ харих гэж байсан чинь намайг энд авчирчихлаа би хаана байна” гэхээр нь Баруун салаанд явж байгааг нь хэлээд халаалтын өрөөндөө оруулж дулаацуулаад. Би өөрийн утсаар цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө охиныг аваад явсан...” гэх мэдүүлэг./хх 99-100 х/,
1.5.“ ... 3 дугаарт Б.Бын зургыг байрлуулаад хохирогчоор таниулахад шууд заасан ...” гэх гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 4-5 х/
1.6.Хохирогч Д.Сын “... гэмт хэрэг гарсан газрыг СХД-ийн 24 дүгээр хороо Зээлийн 16 дугаар гудамжны 04 тоотын өмнө талд ...” гэж зааж өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 8-11 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч З.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр 1988.04.10-нд Улаанбаатар хотод төрсөн, бага насаа гэр цэцэрлэг гэм мэтээр өнгөрөөгөөд 10-н жилийн 76-р сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд Дулааны 3-р цахилгаан станцад машинч ажил хийж байгаа, би нөхөртэйгээ 2009 онд анх танилцаад гэр бүл болж дундаасаа 1 охинтой. Сүүлд 2016 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Манай нөхөр хэрэг түвэгт холбогдож ял эдлэж байгаагүй, архи дарс уудаггүй, муу зуршилгүй, төлөв даруу зантай, хүнтэй сайхан харьцдаг, гэр бүлдээ халамжтай, хувь хүний хариуцлага өндөр, сагсан бөмбөг, биллярд гэх мэт спортоор хичээллэдэг, ажилч хичээнгүй, сайн хань нөхөр минь байгаа юм. Гэр бүлдээ мөнгө төгрөг олох гээд л ийм асуудалд орсон байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/
2.2.Гэрч Б.Баяндалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хамгийн бага буюу 2 дахь дүү юм. Зан байдлын хувьд манай дүү маш дөлгөөн тайван, яарч тэвдээд байдаггүй, хүнтэй их боловсон зөв харьцдаг, уур уцаар гээд байх юм байхгүй. Архи уудаггүй. Найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд их нэр хүндтэй амьдралынхаа төлөө их зүтгэдэг ийм л хүн дээ. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/
2.3.Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46, 52 х/,
2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 х/
2.5.Б.Бын оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 53 х/,
2.6.Б.Бын ажлын газрын тодорхойлолт /хх 125 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1. “Арвижих эстимэйт” ХХК-н гар утасны үнэлгээ /хх 28 х/
3.2.Үнэлгээний төлбөрийн баримт /хх 27 х/
3.3. Хохиролд 380,000 төгрөг төлсөн баримт /хх 90, 91 х/,
Дөрөв:Бусад нотлох баримтууд.
4.1.Гэрч С.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 15-нд 3, 4 дүгээр хороолод “Sea” гэдэг бааранд найзуудтайгаа Соогийн хамт орж пиво ууцгаасан. Хэсэг сууж байгаад Соог хэдэн найзуудын хамт үлдээгээд би харьсан. Тэгээд харьж явах замдаа Сооруу залгахад”...би зурагтын орчимоос такси бариад харих гээд явж байна санаа зоволтгүй гэсэн, ... Соод 20,000 төгрөг байсан ...” гэх мэдүүлэг /хх 96-97х/
4.2.Хохирогч Д.Сыг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх 20-22 х/
4.3.Д.Сын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх 3 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Хэргийн зүйлчлэлийн талаарх шүүхийн дүгнэлт.
Улсын яллагчийн: “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг нь утас авснаар төгсөөгүй, утсыг өөрийн эзэмшилд бүрэн оруулаагүй байсан тул хохирогчийг буу хэмээн гар далайж, хувцаснаас нь татаж хүчээр машинаас буулгасан, зодох гээд гараа далайж байгаа үйлдэл нь хүч хэрэглэхээр заналхийлж байна, хүчээр машинаас чирч буулгаж байгаа нь хүч хэрэглэж байгаа үйлдэл юм гэх тайлбарын талаар:
Прокуророос Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг буруу зүйлчилж ирүүлсэн гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу Б.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж улсын яллагч яллаж байгаа боловч хэрэг гарсан нөхцөл байдлын талаар хохирогч Д.Сын “...би өөрөө зүүрмэглээд уг суусан автомашиндаа унтчихсан байсан. Нэг ухаан ороход миний өмсөж явсан куртканы халаасыг ухаж цахилгаан онгойлгож гар утсыг маань авч байх үед би сэрсэн. Би сэрээд гар утсыг авсныг мэдээд гар утсыг өгчих наадах чинь лангуун дээр байдаг гар утас гэхэд жолооч залуу намайг зодох гээд гараа далайгаад би чамайг буу гэж байна гэж хэлээд намайг хувцаснаас татаж машинаас хүчээр чирч буулгасан. ...” гэх мэдүүлгээр унтаж байхад гар утсыг нь авахдаа түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг шүүгдэгчийн зүгээс хийгээгүй болох нь тогтоогдож байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, довтолгоон эхэлснээр төгссөнд тооцогддог бөгөөд хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээр хохирогчийн гар утсыг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж авсан мөн хохирогчийн зүгээс ямар нэгэн байдлаар утас авч байхад эсэргүүцэл үзүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд нойрмоглож байхад нь хувцасны халааснаас утсыг авч өөрийн эзэмшилд оруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг /Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан/ нь эд зүйлийг өөрийн мэдэлд авснаар төгссөнд тооцогдох бөгөөд утас авсны дараа хохирогч утсаа нэхэхэд нь машинаас буу хэмээн зандрах, хувцаснаас нь татаж буулгасан үйлдлийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 02 цагийн орчимд хувиараа такси үйлчилгээ эрхэлж явахдаа Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа “Буурал ээж” дэлгүүрийн орчимоос Д.Сыг машиндаа суулгаж тус дүүргийн 24-р хороо Баруун салаа “Зээл”-ийн 16 дугаар гудамжны 04 тоот хашааны өмнө талд ирээд түүнийг “зүүрмэглэсэн” хойгуур куртикны халааснаас нь утсыг авч, улмаар хохирогчийг утсаа авья гэхэд хувцаснаас нь татаж машинаасаа буулган орхиж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Сын “...би өөрөө зүүрмэглээд уг суусан автомашиндаа унтчихсан байсан. Нэг ухаан ороход миний өмсөж явсан куртканы халаасыг ухаж цахилгаан онгойлгож гар утсыг маань авч байх үед би сэрсэн. Би сэрээд гар утсыг авсныг мэдээд гар утсыг өгчих наадах чинь лангуун дээр байдаг гар утас гэхэд жолооч залуу намайг зодох гээд гараа далайгаад би чамайг буу гэж байна гэж хэлээд намайг хувцаснаас татаж машинаас хүчээр чирч буулгасан. Би уг автомашинаас буухдаа уг жолоочийн автомашины ар талаас харахад 54-42 УНЦ улсын дугаартай байхыг би өөрөө нүдээрээ харсан. Би өөрийн гар утсаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 14-16, 17-18, 19 х/,
Гэрч Ё.Мөнхболдын “...цаг хэд болж байсныг санахгүй байна ямар ч байсан хүний хөл татарчихсан байсан. Тэгэхэд би гадаа үүдээ янзлаад сууж байтал “хүн байна уу” гээд нэг охин ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “би таксинд гар утсаа дээрэмдүүлчихлээ, миний гар утсыг аваад явчихлаа. Би уг нь Зүүн салаанд гэртээ харих гэж байсан чинь намайг энд авчирчихлаа би хаана байна” гэхээр нь Баруун салаанд явж байгааг нь хэлээд халаалтын өрөөндөө оруулж дулаацуулаад. Би өөрийн утсаар цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө охиныг аваад явсан...” гэх мэдүүлэг./хх 99-100 х/,
“ ... 3 дугаарт Б.Бын зургыг байрлуулаад хохирогчоор таниулахад шууд зааасан ...” гэх гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 4-5 х/
Хохирогч Д.Сын “... гэмт хэрэг гарсан газрыг СХД-ийн 24 дүгээр хороо Зээлийн 16 дугаар гудамжны 04 тоотын өмнө талд ...” гэж зааж өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 8-11 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт.
Б.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд өвлийн хүйтэнд, шөнийн цагаар эмэгтэй хүнийг гудамжинд ганцааранг нь орхиод явсан гэх байдлууд тогтоогдож байгаагаас харахад хүний эрүүл мэнд, амь наснаас эд хөрөнгийг илүүд үздэг гэмт зан үйл тогтоогдож байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,
Б.Бын гэмт хэрэг үйлдэж олсон гар утас 360,000 төгрөгөөр үнэлэгдсэн, хохирогч уг гар утсыг аваагүй, хохирлоо бэлэн мөнгөөр авсан, шүүгдэгч уг гар утсыг зарж борлуулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3. 6 дахь хэсгүүдэд зааснаар Б.Баас утасны үнэ 360,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Д.Со-н утсыг булаан авч түүнд 360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөрөнгийн үнэлгээчний үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд хохиролд 380,000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 90 х/-аар тогтоогдож байгаа тул Б.Быг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Шажинбат овогт Балжидын Быг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсгүүдэд зааснаар Б.Баас гэмт хэрэг үйлдэж олсон “Samsung Galaxsy s-6” гар утасны үнэ 360,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Б-д мэдэгдсүгэй.
6.Б.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8..Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ