Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/90

 

 

 

 

 

      2024             01            16                                        2024/ДШМ/90

 

 Г.Мөнхбаатар, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

цагаатгагдсан этгээд, хохирогч Б.Б ,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/1429 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2306000002748 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.М , ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн удирдлагын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

 

2. Б.Б , ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../.

 

            Шүүгдэгч Б.Б, Г.М нар нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  үйл ажиллагаа явуулдаг бариа заслын газарт ажлын байран дээрх үл ойлголцлын улмаас маргалдаж, харилцан зодолдон улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б , Г.М нарын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Шүүгдэгч Г.М-г  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбаатараас 140.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б эд олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1155 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хэргийн үйл явдлыг хангалттай дүрсэлж нотолсон буюу хэрэгт холбогдсон этгээдүүд хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн, ажлын байран дээрх үл ойлголцлын улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж, харилцан зодолдсон буюу хэн хэн рүүгээ зэрэг хууль бус халдлагын үйлдэл гаргасан, энэ үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг бөгөөд шийтгэх тогтоолын 5 дугаар хуудаст “Тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.М нь шүүгдэгч Б.Б ийн хамар руу 2-3 удаа цохиж, газарт унаган чих рүү нь цохиж эхэлсэн үйлдэл нь нийгэмд аюултай, хүний амь нас, эрүүл мэндэд шууд бодитой аюул учруулж болзошгүй буюу бодитой халдлага хийгдсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б ийг уг олон удаагийн дайралтаас болж аргагүй хамгаалалт хийсэн мэтээр хэргийн үйл баримтыг буруу дүгнэжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1429 дугаартай шийтгэх дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд, хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг хүн  бумба тавиулъя гэж орж ирэхэд би бумба тавьж өгөөд гаргасан. Тэгэхэд Г.М намайг тосолж байж бумба тавих ёстой байсан гээд уурлахад нь би дараагийн хүмүүс дээр анхааръя гэж хэлэхэд намайг эсэргүүцлээ гэж хэлээд цохисон. Би өөрөөсөө холдуулах гээд түүний эрүүл мэндийг нь хохироосон.  Би 10 гаруй хоног ажиллахад намайг тосоо бага түрх, тосны мөнгөө чамаас суутгана гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би тосны мөнгөө хасуулах юм байна гэж ойлгоод тос түрхээгүй бумба тавьсан юм. Би тэр хүнээс болоод 20 гаруй хоног биеийн байдал зовуурьтай байсан. Зураг авахуулахад хамар мурийлттай, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан. Шүүх цагдаагаар яваад сар болж байна. Энэ хугацаанд миний хамар эдгэсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Б.Б ийн “...чи миний үгийг тоохгүй хэгжүүрхлээ гэж хэлээд миний хамар руу 2-3 удаа цохиод газар унаагаад чих рүү цохиж эхэлсэн. Би салтаан доогуур нь гараад зугтаад би үүдэн дээр нь сууж байхад чи манай орлогыг хаалаа, наанаасаа холд, манай орлогыг хаасан болохоор чи төлөөрэй, би чиний цалинг өгөхгүй гэж хэлсэн тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. ...намайг хоёр удаа нүүр хамар хэсэг рүү цохихоор нь зөрүүлээд шанаа эрүү орчимд нь 1 удаа л цохисон..” /хх-16-18/ гэх,

 

хохирогч Г.М-н  “...Миний биед Батсүх нь тухайн гэмтлийг учруулсан, өөр хүн учруулаагүй. Тухайн үед Батсүхтэй л маргалдсан...” /хх-16-18/ гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10637 дугаар “Б.Б ийн биед зүүн чихний дэлбээнд шарх, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10638 дугаар “Г.М биед дээд доод уруулд няцарсан шарх, доод зүүн 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 38-39/,

яллагдагч Г.М “чи юу юм гэж хэлээд гараа зангидаад шүдээ зуугаад уурлаад байсан. Тэгээд би түүнийг нэг удаа нүүр рүү цохитол зөрүүлээд намайг нүүр рүү минь цохисон...” /хх-65/ гэх,

 

яллагдагч Б.Б ийн “...намайг эхлээд шууд цохичихоор нь би зөрүүлээд 1 удаа цохисон...” /хх-63/ зэргийг харьцуулан шинжлэн судлав.

 

Б.Б , Г.М нар нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  үйл ажиллагаа явуулдаг бариа заслын газарт ажлын байран дээрх үл ойлголцлын улмаас маргалдаж, харилцан зодолдон улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ. 

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б , Г.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, харин Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Прокуророос “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна.

 

          Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад аргагүй хамгаалалт нь чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн уг заяамал эрхээ хэрэгжүүлсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.

 

          Хүч хэрэглэсэн довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх энэхүү нөхцөл байдал үүсэхгүй билээ.

 

          Тодруулбал, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцдоггүй болно.

 

          Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”, 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй.”, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж тус тус заасан.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүх нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.Б , Г.М нарын хооронд болсон үйл баримтыг сэргээн тогтоож, Г.М хүч хэрэглэн халдсан үйлдлээс өөрийгөө хамгаалах явцад Б.Б нь түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэмт хэргийг үгүйсгэх буюу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хийгдсэн гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

          Өөрөөр хэлбэл, өөрт учирсан бодит аюул, заналхийллийн эсрэг Б.Б нь хариу үйлдэл хийж Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхээ хэрэгжүүлэн бусдад гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/1429 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                          Б.ЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН