| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/06327/И |
| Дугаар | 192/ШШ2025/02503 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/02503
2025 04 01 192/ШШ2025/02503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Богд Жавзандамбын гудамж, ** байр, ** тоотод оршин суух Т овогт Ч-ийн Б /РД:ФМ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,
Гэрч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг М ХХК-ийн зүгээс 941 сая 104 мянга 200 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний энэхүү орон сууц нь хотын А зэрэглэлийн бүсэд оршдог, нийт 323 мкв талбайтай, зах зээлийн үнэ нь одоогийн байдлаар мкв 4,2 сая төгрөг 1 тэрбум 356 сая 600 мянган төгрөг атал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүнийг үндэслэлгүйгээр 415 500 000 төгрөгөөр буюу 3/2 хувиас их зөрүүтэйгээр багасгаж тогтоон албадан дуудлага худалдаа явуулахыг эсэргүүцэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-07-05-ны өдрийн 183/ШШ2022/02159 дүгээр шийдвэрээр Голомт банкнаас авсан Б ХХК-ийн зээлийн төлбөрт 681 сая 908 мянга 373 төгрөгийг Б ХХК, иргэн С.А, иргэн Ч.Б нараас гаргуулахаар тогтоосон буюу миний бие төлбөрийг бүрэн хариуцахгүй байхаар заасан юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байгааг хүлээн авч миний өмчлөлийн орон сууцыг үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024-09-18-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор М ХХК г шинжээчээр томилж, орон сууцыг 323 м кв талбайтай орон сууцыг 941,000,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан. Үндэслэлгүй буюу зах зээлийн үнийг тогтоох ёстой байхад зах зээлийн үнээс даруй 3/2 оор багаар , 1 м кв г нь 4,2 сая байхад 2,9 саяар үнэлчхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр ноцтой өөр байна шүү дээ 1,4 тэрбумын үнэлгээтэй орон сууцыг 941 саяар үнэлчхээд дүүргийн үнээс өөр гээд байгааг ойлгохгүй байна, нийтэд илэрхий үйл баримтаар 4,2 сая гээд байхад баахан тохируулга хийгээд хасаад харьцуулсан байрнуудаасаа дахиад багасгаад байгаа тул хүлээн зөвшөөрөх аргагүй байна гэв.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг М ХХК-ийн зүгээс 941.104.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гэжээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02159 дүгээр шийдвэрээр Б ХХК, Ч.Б, С.А нараас 681.908.373 төгрөгийг гаргуулж Г ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч-иргэн, хуулийн этгээд Б ХХК, Ч.Б, С.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын Ү-2******9 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ** дугаар байрны ** тоот сууцыг битүүмжлэн хурааж, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/19244 тоот, 4-137/19245 тоот, 4-137/19246 тоот, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4-137/20039 тоот, 4-137/20040 тоот, 4-137/20038 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус тус төбөр төлөгч-иргэд, хуулийн этгээдийн гүйцэтгэх хуудсанд заагдсан, бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, *** дугаар байрны **-тоот, мөн Б ХХК, С.А нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдлийг ирүүлэхийг Ч.Б-ийн 99*****65 дугаарт залган үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч Г ХК-аас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээч томилоход М ХХК-ийн шинжээч 941.104.200 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч иргэний төлбөрт хураагдсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоохоор 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр оруулах болсныг мэдэгдэж, төлбөр төлөгч Ч.Б-д 2024 оны 4-137/23356 тоот мэдэгдэл мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/4 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг оршин суух бүртгэлтэй хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад 678.772.940 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкинд хариуцагчаас 681,908,373 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн ба 2022-07-05-ний шийдвэр юм. Мэдээж битүүмжлээд, тэгээд үнэлгээ дээр шинжээчийг хуулийн дагуу томилсон. Өнөөдөр шинжээч нь мэдүүлэг өгч байна. Хуульд заасны дагуу л явуулсан зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.16-ны өдрийн 183/ГХ2022/01970 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022.12.16-ны өдрийн 183/ШЗ2022/21702 дугаартай шүүгчийн захирамж, 2022.07.05-ны өдрийн 183/ШШ2022/02159 дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн 2022.11.11-ний өдрийн 001/ШХТ2022/01230 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.05-ны өдрийн 23290223 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, 2023.03.20-ны өдрийн 190/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023/03/06-ны өдрийн 190/01 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.23-ны өдрийн 04-190/5501 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Ч.Б-аас Б.Г-од олгосон итгэмжлэл, 2023.04.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.04.03-ны өдрийн 190/01 дугаартай төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2023.04.03-ны өдрийн 190/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 2023.04.03-ны өдрийн 190/03 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.04.16-ны өдрийн 605 дугаартай албан бичиг, Ү-2*******9 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Г ХК-ийн 2023.08.22-ны өдрийн 18/01-0437 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн 11-р хорооны засаг даргын тодорхойлолт, 2023.08.29-ний өдрийн зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024.04.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.04.10-ны өдрийн 23290223/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024.04.10-ны өдрийн 137/01, 137/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2024.08.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.08.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, 137/01, 137/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 137/04 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.08.16-ны өдрийн 23290223/02 дугаартай тогтоол, 137/03, 137/06, 137/07, 137/08, 137/05 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, фото зураг, 2024.08.20-ны өдрийн 08/581 дугаартай төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.08.26-ны өдрийн 4-137/19244, 4-137/19245, 4-137/19246 дугаартай албан бичиг, С.А-аас гаргасан хүсэлт, 2024.09.05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэтгэх газрын 2024.09.04-ний өдрийн 4-137/20040, 4-137/20038 дугаартай албан бичиг, 2024.09.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Г ХК-ийн 2024.09.03-ны өдрийн 18/05/668 дугаартай албан бичиг, 2024.09.09-ний өдрийн 9/262 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, М ХХК-ийн №38/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр газрын тогтоолоор миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг М ХХК-ийн зүгээс 941 сая 104 мянга 200 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1 м кв г нь 4,2 сая байхад 2,9 саяар үнэлчхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр ноцтой өөр байна шүү дээ 1,4 тэрбумын үнэлгээтэй орон сууцыг 941 саяар үнэлчхээд дүүргийн үнээс өөр гээд байгааг ойлгохгүй байна, нийтэд илэрхий үйл баримтаар 4,2 сая гээд байхад баахан тохируулга хийгээд хасаад харьцуулсан байрнуудаасаа дахиад багасгаад байгаа тул хүлээн зөвшөөрөх аргагүй байна гэв.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ч.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын Ү-22******09 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ** дугаар байрны ** тоот сууцыг битүүмжлэн хурааж, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/19244 тоот, 4-137/19245 тоот, 4-137/19246 тоот, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4-137/20039 тоот, 4-137/20040 тоот, 4-137/20038 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус тус төбөр төлөгч-иргэд, хуулийн этгээдийн гүйцэтгэх хуудсанд заагдсан, бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ** дугаар байрны **-тоот, мөн Б ХХК, С.А нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдлийг ирүүлэхийг Ч.Б-ийн 9*****5 дугаарт залган үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч Г ХК-аас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээч томилоход М ХХК-ийн шинжээч 941.104.200 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн, хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 323 м кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 941,104,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдэг.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02159 дүгээр шийдвэрээр төлбөр төлөгч Б ХХК, Ч.Б, С.А нараас 681,908,373 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Г ХК-д олгохоор болжээ.
Төлбөр төлөгч нар нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01970 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ч.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22********09 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 323 м кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 23290223/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23290223/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн буюу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авчээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тодорхой санал ирүүлээгүй/ хх 82 хуудас/, төлбөр авагч 2024 оны 9 дүгээр сарын 3 ний өдөр хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 9/262 дугаартай тогтоолоор М ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Э-ыг шинжээчээр томилсон. /хх-ийн 85 хуу/
5. Томилогдсон шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 941,104,200 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-178/21011 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Ч.Б-д мэдэгдсэн гэх ба нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор буюу 2024-09-20 ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээгээр тогтоогдох ба /хх 104 хуу/, шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн хандлагын жиших аргыг ашиглан , Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 323 м кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 941,104,200 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байна. Тодруулбал тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын мэргэшсэн үнэлгээчинд эрх бүхий этгээдээс хууль сануулж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосныг News.mn мэдээллийн сайтад ..шинэ орон сууцны 1 м кв талбайн дундаж үнэ 4,4 сая төгрөг ... гэх он сар өдөр нь ойлгомжгүй мэдээлэлтэй шууд харьцуулан үзэж үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж дүгнэх боломжгүй юм.
2024-09-20 ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2024/23377 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 323 м кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 941,104,200 төгрөгөөр үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ