| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00289/И |
| Дугаар | 308/ШШ2025/00261 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 308/ШШ2025/00261
2025 05 13 308/ШШ2025/00261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д аймгийн Х сумын *** нэгдэлд 1985 оноос 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 6 жил малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байна. Иймд Намайг Д аймгийн Х сумын ** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай архивын тодорхойлолт, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай цалингийн тодорхойлолт, гэрч Д.Д, И.А нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолтын хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, И.А нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Д аймгийн Х сумын ** нэгдэлд ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жилээ тогтоолгох боломжгүй болсон. Иймд дээр дурдсанаар тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч Ц.Н нь Д аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай 1986 оноос 1992 он хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэрч Л.Д 2025 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Ц.Н нь Д аймгийн Х сумын ** нэгдэлд үхэр малладаг байсан. Би жолооч хийдэг байхдаа өвч, ногоо дөхүүлж, нүүлгэж суулгадаг байсан. Манай нэгдлийн малчин байсан учраас сайн мэдэж байх тул малчнаар ажиллаж байсан гэж, гэрч И.А нь 2025 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Ц.Н нь Д аймгийн Х сумын **нэгдэлд үхэр малладаг байсан. Мал маллаж байх хугацаандаа мөн цэргийн албанд татагдаж эргэж ирээд нэгдэлдээ үргэлжлүүлэн мал малласан тул малчнаар ажиллаж байсан гэж нэхэмжлэгч Ц.Н-тай хамт ажиллаж байсан болохоо гэрчилж байна.
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаас гарсан болон ажилд томилогдсон тушаалуудыг архиваас шүүлгэхээр зарим нь гарч ирэхгүй байгаа гэж тайлбарлаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Х сумын ** нэгдлийн 1986 оны даргын тушаалыг шүүж үзэхэд Ц-н Н-ын малчнаар томилсон тушаал байхгүй байна. ** нэгдлийн архивын баримтад 1991 оны даргын тушаал байхгүй тул Ц.Н-т лавлагаа олгох боломжгүй болно. гэх архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Ц.Н-ыг Д аймгийн Х сумын ** нэгдэлд 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч Ц.Н нь шүүх хуралдаанд гаргасан 1998 оноос 1990 онд цэргийн алба хаасан гэж тайлбар гаргасан. Тэрээр 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1990 оны 10 сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь Батлан хамгаалах төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар тогтоогдов. Иймд дээр цэргийн алба хаасан хугацааг малчнаар ажилласнаар тогтоох боломжгүй тул 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Ц-н Н-ыг Д аймгийн Х сумын ** нэгдэлд 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож, үлдэх 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА