Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00263

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д аймгийн Х сумын ** дүгээр баг,  гэх газарт оршин суух, М овогт Л-ын Д-ын нэхэмжлэлтэй, 

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Д аймгийн Х сумын ** нэгдэлд 1979 оны 9 сарын 1-нээс 1981 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл 2 жил 9 сарын хугацаанд Гэрэлт зам нэгдлийн илгээлтийн малчнаар ажиллаж байсан. Энэ хугацааг 1979 оноос 1981 оны орсон гарсан тушаал байхгүй тул улсад ажилласан жилийг тогтоох боломжгүй болж байгаа юм. Иймд намайг Х сумын ** нэгдэлд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д гэх хүнтэй ихэр юм. 1963 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. 1979 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр бид хоёр хөдөө мал маллаж байгаад 1981 онд цэргийн албанд явсан. 2 жил мал маллаж байсан жил нь гараагүй байгаа. Үүнийг л тогтоолгох гэж шүүхэд хандсан. гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, цээж зураг, ** дугаартай цэргийн батлах, Батлах хамгаалах төв архивын 2024 оны 9 сарын 24-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Д аймгийн Х сумын ** нэгдлийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай тушаал, Д аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай тодорхойлолт, Д аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай архивын тодорхойлолт, ** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3569 дугаартай итгэмжлэл, холбогдох баримт, гэрч Ч.Н, Ц.Ч нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Н, Ц.Ч нарыг гэрчээр асуув.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Д аймгийн Х сумын ** нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч Л.Д нь Д аймгийн Х сумын ** нэгдэлд 1979 оны 9 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь 1984 оны 10 сарын 11-ны өдөр нээгдсэн ** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Д аймгийн Х сумын ** нэгдлийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай ажилд томилох тухай тушаал, Д аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай Л.Д-ын 1980 оны 1 сараас 1981 оны 6 сар хүртэлх цалингийн тодорхойлолт, гэрч Ч.Н, Ц.Ч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.Гэрч Ц.Ч 2025 оны 05-р сарын 09-ний өдөр шүүхэд Би 1967 оноос эхлээд ** сумын ** нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад сүүлд нэгдэл нь хоршоо болоод хоршооны мал маллаж байгаад сүүл хувиараа малаа маллаад 1991 онд тэтгэвэрт гараад аймгийн төвд орж ирсэн. Л.Д нь Д аймгийн Х сумын ** нэгдэлд 1 дүгээр бригадад тэмээ маллааж байсан. Гавьяа шагнал авсан эсэхийг санахгүй байна. гэж, гэрч Ч.Н нь 2025 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 1979 онд манай ангийнхан бүгдээрээ илгээлтээр гарч мал маллаж байсан. Д нь Д аймгийн Х сумын ** нэгдэлд тэмээчнээр томилогдон 2 жил ажиллаад, 3 жилийн хугацаатай цэргийн алба хаахаар явсан. Цэргээс халагдаж ирээд нэгдлийн малаа мөн малласан. Он сарыг нь сайн санахгүй хамт ажиллаж байсан гэж хүсэлт гаргагч Л.Д-тай хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна. 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаас гарсан тушаалыг архиваас шүүлгэхээр гарч ирэхгүй байгаа гэж тайлбарлаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан Д аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Х сумын гэрэлт зам нэгдлийн 1981 оны даргын тушаалыг шүүж үзэхэд Л-ын Д-ын ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй гэх архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Л.Д-ыг Д аймгийн Х сумын ** нэгдэлд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овогт Л-ын Дыг Д аймгийн Х сумын ** нэгдэлд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА