Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогч Ц.Е,

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Т.Баясгалан /ҮД:1026/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самданхорол овогт Оюунгэрэлийн Г-д холбогдох 1708006150206 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсрлтой, слесарь мэргэжилтэй, “Намдэмүн” ХХК-д такси түрээслэдэг, ам бүл-1, Хан-Уул дүүргийн 5-р хороо Досло гудамж 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн тойрог ...тоотод түр оршин суух, урьд

 

-2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, тэнсэж,  1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Самданхорол овогт Оюунгэрэлийн Г /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

             Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Ц.Егийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...баарны хамгаалагч ажилтай зүс таних Г гэх залуу надад “чи ганцаараа яваад хэрэггуй ээ, баар хаахаар би чамайг гэрт чинь хүргээд өгнө, би согтсон байна” гэхээр нь би явна гээд баарнаас гарах гэтэл намайг гаргахгүй гарнаас татаад түлхээд байсан гэр лүугээ ганцаараа орох гэтэл нөгөө залуу би чамайг гэрт чинь оруулж өгнө гэж хэлээд хамт гэр лүү орсон. Тухай үед манайд хүн байгаагүй. Би гэртээ орж ирээд газар зассан орон дээр хэвтээд цүнхээ хажуудаа тавиад түлхүүрээ ширээн дээр тавиад унтсан. Харин Г сандал дээр сууж байсан бөгөөд би унтаж амарсан. Би өглөө сэрээд хажуудаа тавьсан цүнхээ үзтэл дотор нь байсан Солонгос улсаас 2017 онд худалдаж авсан Самсунг С-8 гар утас 1 ширхэг, евро эс-3 маркын гар утас, 115 доллар алдагдсан байсан. ...би 2017.06.17-нд Самсунг С-8 гар утсыг шинээр нь худалдаж авч байсан бөгөөд 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Харин евро С-3 утсаа 175,000 төгрөгөөр үнэлж байна. Би Гас гар утаснууд болон бэлэн мөнгөний хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 9-10, 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

1.2.Шүүгдэгч О.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие Ц.Егийн гэрт орохдоо цүнхэнд нь байсан гар утаснууд, долларыг авсан нь үнэн, хохиролд нийт 2,453,070 төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1. Гэрч Б.Баасанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Гантулгын төрсөн ээж болох Оюунгэрэлийн төрсөн дүү Уранчимэгийн хүүхэд, бид 2 үеэлүүд, би Г ахыг ухаан орсон цагаас хойш мэднэ. Г Баянхонгор аймгийн Батцагаан суманд эмээ, өвөө дээрээ өссөн. Тэгээд тэнд 8-р анги хүртлээ сураад Улаанбаатар хотод ирээд тэрнээс хойш ажиллаж амьдарч байгаад эхнэр 2 хүүхэдтэй болоод 2014 онд салсан, 2 хүүхдийг нь эхнэр нь аваад явсан. Тэрнээс хойш ах хааяа 1 архи уудаг болсон. Манай ах зан байдлын хувьд хүнд их тусархуу цайлган, их тайван, хүлээцтэй хүн юм. Би ахтайгаа багаасаа өссөн болохоор сайн мэднэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 х/

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 х/

2.3. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х/

2.4. Шийтгэх тогтоолын хуулбар /хх 65-66 х/

 

Гурав:Хохиролын талаарх нотлох баримтууд.

            3.1. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх 49 х/

            3.2. Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх 50 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд  нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос  шүүхэд  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Гэм буруугийн талаар.

О.Г нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 04 цагийн орчимд Ц.Ег Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо 676 байрны 17 тоотод байрлах гэрт нь хүргэж өгөөд түүнийг унтсан хойгуур цүнхнээс нь  самсунг эс-8 маркын гар утас, самсунг-эс 3 маркын гар утас, 115 долларыг хулгайлж нийт 2,453,070 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие Ц.Егийн гэрт орохдоо цүнхэнд нь байсан гар утаснууд, долларыг авсан нь үнэн, хохиролд нийт 2,453,070 төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Ц.Егийн “...баарны хамгаалагч ажилтай зүс таних Г гэх залуу надад “чи ганцаараа яваад хэрэггуй ээ, баар хаахаар би чамайг гэрт чинь хүргээд өгнө, би согтсон байна” гээд яваад ... хамт гэр лүү орсон. Тухайн үед манайд хүн байгаагүй. Би гэртээ орж ирээд газар зассан орон дээр хэвтээд цүнхээ хажуудаа тавиад түлхүүрээ ширээн дээр тавиад унтсан. Харин Г сандал дээр сууж байсан ... өглөө сэрээд хажуудаа тавьсан цүнхээ үзтэл дотор нь байсан Солонгос улсаас 2017 онд худалдаж авсан Самсунг эс-8 гар утас 1 ширхэг, евро эс-3 маркын гар утас, 115 доллар алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 9-10, 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх 49 х/-ээр хохирогч Ц.Егийн Самсунг эс-8 гар утас 2,000,000 төгрөгөөр, евро эс-3 гар утас 175,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, 115 доллар нь Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх 50 х/-аар 1 доллар 2,418 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд монгол төгрөгөнд шилжүүлэхэд 115х2418=278,070 төгрөг  нийт 2,453,070 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, уг хохирлыг шүүгдэгч О.Гас гаргуулж хохирогч Ц.Ед олгох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар.

                        Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү? гэх асуудлын талаар:

            Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаар хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн, хохирогч гэр лүүгээ ганцаар орох гэхэд нь хамт орно гэсээр байгаад орсон, тэгээд унтсан хойгуур нь эд зүйлийг авч явсан үйл баримтууд тогтоогдсоноос үзэхэд О.Гантулгыг хулгайн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ... хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд уг заалтыг хэрэглэх хуульд заасан дээрх нөхцөл байдлууд бүрэн хангагдаагүй, хэрэглэх эсэхийг шүүхийн эрх хэмжээнд хамруулсан зэргийг харгалзан түүнд дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

 

            О.Г-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, мөн хувийн байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад харшлах хуульд заасан нөхцөлүүд байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд шүүхээс 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

            Цагдан хоригдсон хугацааны талаар.

            О.Гантулгын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлж түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, О.Г-д тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Самданхорол овогт Оюунгэрэлийн Гантулгыг Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гантулгыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Г-д мэдэгдсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар О.Гантулгын урьдчилан цагдан хоригдсон 7 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн хасч түүний эдлэх ялд оруулан тооцсугай

 

  5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар О.Гас 2,453,070 төгрөг гаргуулж, хохирогч  Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 67б-17 тоотод оршин суух Ц.Е /РД:УП91040606/-д олгосугай.

6.О.Гантулгын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ