Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

Г.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч Б.Б-ын өмгөөлөгч Э.Батжаргал,

шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Д-т холбогдох 2306 00000 2441 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ийн Д-, 1988 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биотехнологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Д- нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байрны гадна Б.Б-тай "Миний машины зогсоол дээр өөр машин байрлууллаа, чипээр граж онгойлгож өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хавирч газар унаган эрүүл мэндэд нь баруун шаант ясны дулд хугарал, баруун өвдөг, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Г.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Г-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хохирогч Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Д- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгч Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно" гэж заасны дагуу дурдсан нотлох баримтуудад үндэслэн ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11 -р бүлэгт хамаарах, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” бөгөөд шинжээчийн дүгнэлтэд үндэслэгдэж, гэмт хэргийн зүйлчлэлийг тогтоодог гэмт хэргийн төрөл юм. Миний үйлчлүүлэгч Г.Д-ыг бусдын биед гэмтэл учруулсан гэдгийг тогтоосон, шүүхийн шийтгэх тогтоолын гол үндэслэл болгосон нотлох баримт болох шинжээчийн 2023 оны 07 сарын 27-ний өдрийн 9348 дугаартай дүгнэлтэд “... Б.Б-ын биед баруун шаант ясны далд хугарал, баруун өвдөг, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой... дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна ...” гэж заасан тул Г.Д--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт зүйлчлэн ял оноосон юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, мөн зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн 2023 оны 07 сарын 20 өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Б.Б-ын биед шинжилгээ хийлгэхээр тогтоол үйлдсэн бөгөөд уг тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Б-ын 9348 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Шинжээчийн дүгнэлтэд “...2023 оны 7 сарын 24-нд ...шинжээч эмч Б- би ...Б-ын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг 11:06 цагт үзлэгийн өрөөнд хийв ...” гэж тэмдэглэл үйлдсэн мөртлөө, нэг хоногийн дараа 2023 оны 7 дугаар сарын 25-өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэг, 2023.07.25-ны “Med trauma” эмнэлгийн КТГ-ийн шинжилгээнд үндэслэж дүгнэлт гаргасан болох нь тодорхой харагдаж байна. Шүүхийн шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 23-нд батлагдан, 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа шинэ хууль юм.

Тус хуулийн 49.4-т “ ...Шинжээчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно...” гэж хуульчилсан бөгөөд 49.4.2-т “...хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах...”, 49.4.5-д “ ...шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах...” гэсэн заалтуудаар шинжээчийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг тодорхой хуульчлан зааж өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б- нь “...шинжээч эмч гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн... ”, шинжээч эмч Б.Б- нь “...манайд дүрс оношилгооны тоног төхөөрөмж байхгүй. Тийм болохоор гэмтлийн эмнэлэгт үзүүлээд ирээрэй гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн нь дээрх хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчин өөрийн санаачилгаар баримт материал цуглуулан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5.2.2-т “... шүүх шинжилгээг зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийх ...” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчин, дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл шинжээч нь өөрөө үзлэг, шинжилгээ хийж, тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах ёстой байтал мөрдөгчөөс шинжээчээр томилогдсоны дараа хохирогчийн өөр эмнэлгийн байгууллагад үзүүлсэн үзлэг, оношилгоонд үндэслэж дүгнэлт гаргасан болох нь тогтоогдож байгаа юм.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49.1-д шинжээчийн эрхийг хуульчилсан бөгөөд 49.1.3-т “...шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад шаардлагатай, нэмэлт баримт материал ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс шаардах, ижил, эсхүл өөр мэргэжлийн шинжээчийг татан оролцуулах хүсэлт гаргах...” гэж заасны дагуу шинжээч эмч нь хохирогчийг өөр эмнэлэгт үзүүлэх, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчийг татан оролцуулах талаараа мөрдөгчид хүсэлт гарган энэ асуудлыг шийдвэрлэх талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчин, өөрт хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хуулийн шаардлагад нийцээгүй дүгнэлт гарсан байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд миний бие хохирогч Б.Б-аас шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон гэх 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэгийн тэмдэглэл болон рентген зураг, 2023 оны 7 дугаар сарын 25-ны “Med trauma” эмнэлгийн КТГ-н шинжилгээнүүдийг нотлох баримтаар гаргуулан, шүүх хурлаар шинжлэн судлуулах талаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч талаас 2023 оны 7 дугаар сарын 25-өдөр ГССҮТ-д үзүүлсэн талаарх эмчийн үзлэгийн тэмдэглэл болон рентген зургийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул шинжээчийн дүгнэлтийн гол үндэслэл болгосон баримт болох ГССҮТ-д үзүүлсэн талаарх эмчийн үзлэгийн тэмдэглэл болон рентген зураг нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчиж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээч эмч нь шүүх хурал дээр “...дүгнэлт гаргахдаа гэмтлийн эмчийн үзлэг, “Med Trauma” эмнэлгийн эмч нь хохирогчид учирсан гэмтлийг тодорхойлсон учраас тэдгээрийг үндэслэж дүгнэлт гаргасан...” тайлбарласан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49.1-д “... шинжээч нь ... өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...” гэсэн заалт мөн зөрчигдөж байгаа юм.

Хэрэгт цугларсан баримт, материалаас харахад хэргийн холбогдогч нарын хооронд 2023 оны 7 дугаар сарын 05-нд маргаан болсон, Б.Б- нь 7 дугаар сарын 06-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, 7 дугаар сарын 20-нд мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон, 7 дугаар сарын 24-нд шинжээч эмч үзлэг хийсэн, 7 дугаар сарын 25-нд ГССҮТ-н эмчийн үзлэг, “Med Trauma” эмнэлгийн КТГ-н шинжилгээнүүдээр гэмтэл тогтоогдсон талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна.

Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад “...дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэж дүгнэсэн. Баримтуудаас харахад Б.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 05-нд Г.Д-тай маргалдах үед газарт унаад өөрөө босч ирж байгаа болон дуудлагын цагдаа ирэх үед хамтдаа алхаж яван гражид очсон талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Яс хугарсан тохиолдолд шууд алхаж явах боломжгүй талаар гэмтлийн эмч тайлбарлаж байсан тул хохирогч Б.Б- нь маргаан болсны дараа 2023 оны 7 дугаар сарын 25-нд ГССҮТ-ийн НХГ Тасгийн эмчийн үзлэг, “Med trauma” эмнэлгийн КТГ-ийн шинжилгээгээр гэмтэл тогтоогдох хүртэл 20 хоногийн хугацаанд Б.Б- нь өөр байдлаар уг гэмтэл авсан байх бүрэн боломжтой юм.

Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ “...Б.Б-ын 2023 оны 7 дугаар сарын 05-аас 25-хүртэл хугацаанд хаана байсан, юу хийсэн, өөр бусад этгээдтэй маргалдаж зодолдсон талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөн үү... “ гэсэн хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй юм.

Харин шүүх хуралдаан дээр шинжээчээс тодруулахад “...хэзээ үүссэн гэдгийг тодорхой хэлэх боломжгүй, тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэж дүгнэлтдээ бичсэн...” гэж хариулсан нь хохирогч нь өөр цаг хугацаанд гэмтсэн байх боломжтой гэсэн үг юм.

Хохирогчид учирсан гэмтэл нь яг тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 05-нд талуудын хооронд болсон маргааны үед үүссэн эсэх, эсхүл хохирогч нь 2023 оны 7 дугаар сарын 05-аас 25-ны хооронд өөр нөхцөл байдлын улмаас гэмтэл авсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байтал, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Хэн үйлдсэн нь эргэлзээтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А216/422 тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг баримтлан дүгнэлт гаргасан талаар шинжээч эмч шүүх хурал дээр мэдүүлсэн. Уг журмын 2.3.1-д заасны дагуу “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан...” байхыг шаарддаг байна.

Гэтэл шинжээч нь дүгнэлт гаргах үед хохирогч Б.Б- нь гэмтсэн гэх өдрөөс хойш 20 хоног өнгөрсөн, өөрөөр хэлбэл 4 долоо хоног болоогүй байхад урьдчилан дүгнэсэн, мөн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шинжээч эмчийн үзлэгээр илэрсэн “...баруун шилбэний ар дунд хэсэгт 10x5 см, ар дээд хэсэгт 7x3 см, урд доод хэсэгт 8x3 см баруун тавхайн доод хэсэгт 3x1 см хэмжээтэй шимэгдэж буй цус хуралтуудтай , ...хаван хавдартай...” гэх шинж тэмдгүүд нь цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой байсан эсэх талаар дүгнэлтдээ тодорхой тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан “4 долоо хоногоос дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан” гэмтэл нь тухайн гэмтлээрээ “эмчилгээ хийлгэсэн” байх зайлшгүй шаардлагатай бөгөөд эмчилгээ хийлгэсэн мөртлөө эдгэхгүйгээр дээрх хугацаа болсон байхыг ойлгоно.

Гэтэл шинжээч нь дүгнэлт эмчилгээ хийлгэсэн, хийлгээгүй талаар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд, харьцуулан дүгнэлт хийлгүйгээр, хийсвэрлэн, таамгаар дүгнэлт гаргасан үйлдэл нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “...шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх...”, 5.2.8-д “...шинжээч шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах..." гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул  шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулиар шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой зохицуулсан зүйл, заалтыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдүүдэд нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой тул энэхүү гомдолд дурдсан , шинжээчийн эрх, үүргийг тогтоосон хуулийн заалт зөрчсөн үйлдэлд шүүх бүрэлдэхүүний зүгээс дүгнэлт хийн тайлбарлаж өгөхийг хүсье. Иймд дээр дурдсан тайлбарыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Б-ын өмгөөлөгч Э.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцохдоо гаргасан дүгнэлтийнхээ талаар маш тодорхой үндэслэлтэй тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй зүйл байгаагүй. Гэмт хэрэг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Тухайн үед Улаанбаатар хотод үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн ажилчид үер, усны онцгой нөхцөлд олноор ажилласан. Дараа нь наадмын баярын амралт үргэлжилж, хохирогч Б.Б- нь мөрдөгчтэй 2023 оны 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд уулзаж, шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргуулсан. Энэ хугацаанд хохирогч гэртээ байсан бөгөөд хөл нь хугарсан болохыг мэдээгүй байсан. Иймд анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг биечлэн оролцуулж дээрх асуудлуудын талаар тодруулсан. Шинжээчийн дүгнэлтэд “рентгений зургаар дүгнэлт гаргах боломжгүй. Заавал томограф /MRI/ зураг авахуулах шаардлагатай” гэж дүгнэсэн. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хохирогч, шинжээч эмч нарыг биечлэн оролцуулах шийдвэр гарч, гэм буруугийн шүүх хуралдаан товлогдсон. Хохирогчийн зүгээс гэмтэлтэй холбоотой баримтуудаа авчирч шинжээч эмчид үзүүлж байсан. Мөн шүүгдэгч Г.Д- нь тухайн үед хийсэн үйлдэлдээ маргадаггүй. Үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны бичлэгийг шүүгдэгчийн өмгөөлөгч буруугаар тайлбарлаж байна. Тухайн бичлэгээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн гэмтсэн хөлийн гадна талд нь өөрийнхөө хөлөөр үйлдэл үзүүлэхэд хохирогч унадаг. Ингээд дөнгөж гэмтсэн хөл дээрээ гишгэж чадахгүй доголж байхад нь шүүгдэгч Г.Д- нь хохирогчийг түлхэж байгаа харагддаг. Үүнээс хойших бичлэг байхгүй байсан учраас хохирогчоос “бичлэг дууслаа үүнээс хойш юу болсон бэ” гэж хүртэл асуусан. Үүний дараа хохирогч Б.Б- нь босож чадахгүй байсан учраас газар сууж байхад нь тэнд байсан хүмүүс шүүгдэгч Г.Д-ыг салгасан нөхцөл байдал байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, шинжээч нар оролцсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлыг бүгдийг нь хэлэлцэж хэргийг шийдвэрлэсэн. Гэмт хэрэг 2023 оны 7 дугаар сарын 05-ны гарсан боловч шинжээчийн дүгнэлт 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Учир нь, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн. Дараа нь наадмын баярын амралт үргэлжилсэн учраас мөрдөн шалгах ажиллагаа 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хэвийн байдалд орж, 7 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилсон тогтоол гарсан. Шинжээчийн дүгнэлт Гэмтэл согог судлалын Үндэсний төв бол “Med Trauma” эмнэлгийн томограф /MRI/-ийн зурагт үндэслэж гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “манай байгууллагад томограф /MRI/-ийн төхөөрөмж байхгүй учраас MRI зураг авах боломжгүй” гэж тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчид эрх, үүрэг танилцуулж, тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргахаар заасан. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан учраас үнэлж болохуйц нотлох баримт юм. Мөн хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр хохирогчийн аль хөлд, ямар үйлдлийн улмаас гэмтэл учирч байгаа болох нь тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийг зүйлчлэх хангалттай нотлох баримтууд авагдсан гэж үзсэн учраас Г.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

  1. Шүүгдэгч Г.Д-  2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 75 дугаар байрны гадна Б.Б-тай “Миний машины зогсоолд өөр машин байрлууллаа, чипээр гарааш онгойлгож өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг хавирч унаган эрүүл мэндэд нь баруун шаант ясны далд хугарал, баруун өвдөг, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
  • хохирогч Б.Б-ын гражийн хаалга нээдэг чипийг худалдаж авах талаар шүүгдэгч Г.Д-т хэлэхэд тэрээр “Чи нээж өгч, хааж бай” хэмээн маргалдаж, улмаар Г.Д- өөрийг нь хавирч унаган эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 12/,
  • хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун шаант ясны далд хугарал, баруун өвдөг, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд энэ гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9348 дугаартай дүгнэлт /хх 19-20/,
  • “...хар өнгийн цамцтай цайвар өнгийн өмдтэй хүн нь хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй хүний баруун хөлийг дэгээдэн хавсарч, газарт дээш харуулан унагаж, зууралдсан хэвээр татаж босгон хоорондоо зууралдсаар байлаа...” гэсэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/ зэрэг хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Д-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, шинжээч Б.Б- 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б.Б-ын биед шүүх эмнэлгийн үзлэгийг хийсэн, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн эмчийн үзлэг, мөн өдрийн “Med Trauma” эмнэлгийн хоёр өвдөгний компьютер томографын шинжилгээ зэрэг баримтуудыг үндэслэж 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус дүгнэлтийг гаргажээ.

Шинжээч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргахдаа тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, түүнчлэн эмнэлгийн баримтыг үндэслэн гаргасныг хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн, хууль бусаар шинжилгээ хийсэн, таамаглалд үндэслэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тусгай мэдлэгийн шинжилгээнд үндэслэж, хууль ёсны дүгнэлт гаргахын тулд хууль тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг хүний биед хийх шүүх эмнэлгийн шинжилгээ болон хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтооно”, Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 3 дахь хэсгийн 3.6-д “Шинжилгээний хэсэгт дор дурдсан мэдээллийг тусгана: 3.6.1. шинжлүүлж буй хүний зовуурь, шинжилгээний үед илэрсэн өөрчлөлтийн тухай мэдээлэл”, 3.6.2. үзлэг шинжилгээний цаг хугацааны тухай тэмдэглэл, дүрслэл оношилгооны болон эмнэл зүйн, лабораторийн үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө зэргийг оролцуулна;” 4.1-т “Шинжээч нь ...шүүх эмнэлгийн бүх төрлийн шинжилгээ хийж, шаардагдах хялбар сорилуудыг тавина”, 4.5-д “Шинжлэгдэхүүний эмгэгт байдлыг нотлох зорилгоор шүүх эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн шинжээч шинжилгээг хийнэ”, 5.4.3-т “шаардлагатай тохиолдолд хүний биед эмнэлгийн үзлэг хийх, нэмэлт шинжилгээ хийх зэрэг арга хэмжээ авах...” гэж, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.11 ”Шинжилгээ хийх явцад нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай бол төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвөөр оношилгоо, шинжилгээ хийлгэж болох ба уг үзлэг, шинжилгээний тэмдэглэл, оношийг шинжилгээний бичиг баримтад тусгана”, 1.13, 1.15-д “Шинжээч эмч шинжилгээ хийхдээ ...шинжилгээний баримт бичгийг бүрдүүлж, шинжилгээний явц, үр дүнг үндэслэн ...дүгнэлт гаргана” зэргээр шинжилгээ заавал хийх асуудлаар тусгайлан зохицуулсан байх тул тухайн шинжээчийг холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3 дахь хэсгүүдэд зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг ...хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоох тухайн тохиолдолд шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичгийн баталгаажсан эх хувьд үндэслэж дүгнэлт гаргах үүрэгтэй, харин өөрийн санаачилгаар баримт бүрдүүлэхийг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар хориглосон гэж ойлгоно.

Иймд шинжээчийн дүгнэлт хүлээн зөвшөөрөгдөхүйц, нотлох баримтын шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг тусгай мэдлэгийн хүрээнд тодорхойлсон бөгөөд энэхүү гэмтлийг шүүгдэгч Г.Д- учруулсан талаар хохирогч Б.Б- мэдүүлсэн, хохирогчийн энэхүү мэдүүлгийг мөрдөн шалгах эрх бүхий этгээд авсан нь хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

Гэмт хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл давхар нотолж байгаагаас гадна хохирогч өөр бусад эх сурвалжаас гэмтэл авсан, гэмтэл авсан байж болох талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
  2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь хохирогчид гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 189.900 төгрөг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тохирсон байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1286 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ