| Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Гомдол гаргагч: “Д” ХХК-ийн захирал Г.Ж Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц, Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б-т холбогдох төрийн хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Ф.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гомдлын шаардлага: 1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0527575 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд: 2.1. Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хяналт шалгалтын байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэж зааснаар гомдол, мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад танилцуулж, цохолт хийсний дагуу 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Д” ХХК-ийн “А” хайпермаркетад төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулжээ. 2.2. Уг хяналт шалгалтын явцад 5 нэр төрлийн, 18 ширхэг 371100 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авч, Захиргааны журмаар эд зүйлсийг хураах, устгах улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0527575 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийн “А” хүнсний дэлгүүрийг хадгалах буюу хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байна гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 2.3. Улмаар гомдол гаргагч “Д” ХХК-ийн захирал Г.Ж нь дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна. Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбар, түүний үндэслэл: 3.1. Гомдол гаргагч “Д” ХХК-ийн захирал Г.Ж шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А”-д байрлах хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр буюу Ням гаригт хяналт шалгалтыг явуулж хугацаа дууссан гэх шалтгаанаар 5 нэр төрлийн 18 ширхэг 371,100 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авсан бөгөөд энэхүү хийсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Д” ХХК-ийн менежер ажилтай Г.С-ийг холбогдогчоор татан оролцуулж, хялбаршуулсан журмаар ажиллагааг явуулан 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №0527575 дугаартай шийтгэх хуудсыг гаргаж 5,000,000 төгрөгийн торгууль тавьсан. Уг шалгалтыг хийж, шийтгэл оногдуулахдаа “.....Сүмбэр сумын харъяат иргэн Б.Н-ийн харилцаа холбооны шугамаар утсаар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 10 минутад ирүүлсэн.....” гэх гомдлоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, ямар нэгэн оршин суух хаягийн болон эцэг эхийн талаарх мэдээлэл байхгүй өргөдөл гомдлыг үндэслэл болгон шалгалтыг явуулсан. Мөн зөрчлийн материалд харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн талаа баримт огт байхгүй, гомдол гаргагчийн иргэний гэх мэдээлэл тусгагдаагүй, гомдол гаргагч иргэн хуульд заасанд эрх, үүргийг танилцуулсан талаарх дуу, дүрсний бичлэг байхгүй ба өргөдөл гомдлыг тэмдэглэлээр хүлээн аваагүй, дуу дүрсний бичлэг хийгээгүй болохоо улсын байцаагч Ф.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08-19-02/512-02 дугаартай “эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-дээ дурдсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Д” ХХК-г төлөөлүүлэн оролцсон Н.С нь тус компанийн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа иргэн бөгөөд тэрээр “Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасан гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх субъект биш юм. Улсын байцаагч Ф.Б нь зөрчил шалгах ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр буюу амралтын өдөр явуулж, маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зөрчлийг хурдан хугацаанд шийдвэрлэж, холбогдогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй шийдвэр гаргасан нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь улсын байцаагч нь дээр дурдсан хуульд заасан зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцлийн аль нь ч бүрдээгүй байхад хуулийн шаардлага хангахгүй өргөдөл гомдлыг үндэслэн ажлын бус цагаар сайн дураараа хяналт шалгалт явуулж, улсын байцаагч өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Зөрчлийн хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан шалгалтын тэмдэглэл, бидэнд үлдээсэн шалгалтын тэмдэглэлийн хувь нь хоорондоо зөрүүтэй байна. Учир нь шалгалтын явцад Н.С нь өөрийн биеэр байгаагүй атал хэргийн материалд байсан мэтээр гарын үсэг зуруулсан байна. Гэтэл бидэнд байгаа хувь дээр нярав О.Н гарын үсэг зурсан байна. Мөн улсын байцаагчийн дугаар бичих хэсэгт бидэнд үлдсэн тэмдэглэлд дугаарыг бүрэн бичээгүй байхад, хэрэгт авагдсан тэмдэглэл бүрэн бичсэн байна. Бидэнд үлдсэн тэмдэглэлийн хувь дээр шалгалт явуулсан цагийг дуусгаагүй байхад хэргийн материалд авагдсан тэмдэглэлд авагдсан тэмдэглэлд 15 цаг гэж тусгагдсан байна. Эдгээрээс дүгнэлт хийхэд шалгалтын тэмдэглэлийн хувиуд хоорондоо зөрүүтэй, тухайн шалгалтад байсан оролцогч нар бүгд гарын үсэг зураагүй байхад хүчин төгөлдөр гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлж, үүний үндсэн дээр шийтгэх хуудас бичиж торгууль ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн процессын алдаа гаргасан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0527575 дугаартай шийтгэл ногдуулсан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль зөрчсөн тул 0527575 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б нь хялбаршуулсан журмыг хууль бусаар хэрэглэсэн болохыг тогтоолгох, хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийг зөрчлийн хэрэгт холбогдогчоор тогтоосон нь хууль бус болохыг тогтоолгохоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв. 3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б-ийн гаргасан захиргааны акт буюу 5 000 000 төгрөгийн шийтгэл ногдуулсан 0527575 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулъя. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг оролцуулаагүй байна гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл агуулгаар тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 3 үндэслэлээр гаргаж байгаа. Нэгдүгээрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай шаардлага гаргасан. Үүний агуулга нь иргэнээс гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн талаар хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудал ярьсан. Өнөөдөр хэргийн материалтай танилцлаа, Намжилмаа гэх хүн гомдол гаргасан гэж гэрчийн мэдүүлэг авсан гэдгээс гомдол гаргагчийн мэдээллийг харлаа. Тэгэхээр зөрчлийн материалд бид нарын анхны үзсэн мэдээллээр иргэн Н гэж явсан байсан байдаг. Иргэн Н гэж явж байгаа нь төрийн байгууллагын албан хаагчийн гаргасан акт дээр гомдол гаргагчийн нэрийг нууцалсан байдлаар акт үйлдээд байгаа нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан гомдол гаргагчийн нэр, хаяг тодорхой байх ёстой гэсэн хууль зүйн үндсэн шаардлагыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь тодорхой бус байхад зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна гэсэн агуулгыг гаргасан. 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цагт утсаар гомдол мэдээлэл хүлээн авсан гэж мэдүүлсэн байдаг. Улсын байцаагчийн акт баримт дээр дурдсан байдаг. Гэрчийн мэдүүлгийг 14 цагт авсан байдлаар зөрчлийн хэргийн материалаас харагдаж байна лээ. Тэгэхээр Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд эхлээд гомдол гаргагчаа гэрчээр дуудаж байцааж байгаа нь гомдол гаргагчийнхаа хувийн байдлыг тодорхойлсон юм болов уу даа гэж ойлгож байгаа учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бүрэн няцаахгүй боловч анхны гаргасан өргөдөл, гомдол хуульд заасан журмыг зөрчиж ирсэн. Өөрөөр хэлбэл байцаагч харилцаа холбооны хэрэгсэл буюу утсаар гомдол мэдээллийг хүлээн авахдаа тэмдэглэл үйлдэх хууль зүйн шаардлагыг хангаагүй, хэн гэдэг хүн хаана оршин суудаг ямар хүн гомдол мэдээлэл гаргаж байгаа гэдгийг огт мэдээллээгүй, бүртгэлжүүлж тусгаж авахгүйгээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд явуулсан. Холбогдогчийг оролцуулсан эсэх тухай асуудлыг ярьж байгаа, энэ зөрчлийн материал дээр холбогдогч нь хуулийн этгээд байгаа. Хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь Компанийн тухай хууль болон Иргэний хуулиар тодорхойлсон зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд танилцаж гарын үсэг зурсан Сувд-Эрдэнэ гэдэг хүн нь “Д” ХХК-д ажилладаг албан хаагч мөн боловч компанийг шууд төлөөлөх эрхтэй этгээд биш, мөн компанийг төлөөлөх эрхтэй этгээдээс түүнд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгоогүй. Тэгэхээр бүхэлдээ иргэн Намжилмаа гэх хүний гомдлоор үүссэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч огт оролцоогүй гэж ойлгож байна. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан холбогдогчийн эрхүүдийг эдлээгүй гэсэн үг, өөрөөр хэлбэл зөрчлийн хэргийн холбогдогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүйгээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар дуусгавар болгож хаасан байгаа тул энэхүү гомдлын үндэслэл гарч байгаа. Байцаагч баримт үйлдсэн байдаг. Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтантай утсаар холбогдсон, ийм хүнийг явуулъя гэсэн тэр хүн нь ирсэн гээд зөрчлийн материал дээр холбогдогчоор тогтоох тухай баримт гаргахдаа С-ийг тогтоосон байдаг юм. С гэдэг хүнд ямар ч итгэмжлэл олгогдоогүй байхад байцаагч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гээд холбогдогчоор тогтоочихсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй эрхийн акт гаргасан гэсэн үг. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухайд товчхондоо хэлье. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэргийг ямар тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх вэ гэдгийг хуульчилсан байгаа, байцаагч энэ зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг холбогдогч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хаасан юм болов уу гэж таамаглаж байна. Тэгэхээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч өөрөө оролцоогүй учраас зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэдэг агуулга яригдах ёсгүй. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Дээрх гурван үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа бүрэн дэмжиж байна. Нэг зүйлийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах замаар дурдахад хэрэгт авагдах нотлох баримтын шаардлага хангаагүй учраас бид хавсаргаж өгөөгүй. Тэгэхээр энэ зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нь иргэн Н гэхээсээ илүү прокурор Б гэдэг хүнээс гарсан юм болов уу гэдэг ойлголтыг авсан. Прокурор улсын байцаагчтай холбогдоод хяналт тавьж байгаа прокурортой уулз гэсэн зүйлээрээ Б гэдэг прокурортой биечлэн уулзсан. Гэтэл Б гэдэг прокурор нь хяналт тавьж байгаа юм болов уу гэтэл өөрөө гомдол гаргагч байж таарсан, биечлэн уулзах үед, дэлгүүрээр үйлчлүүлж байхад доголдолтой харьцаа гаргадаг гэдэг байдлаар хандсан. Гомдол гаргаж байгаа Н нь Б-ийн гэр бүлийн хүн гэсэн мэдээлэл авсан. Гэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй учраас энэ зүйлийг хэлье. Б гэдэг прокурор иргэн хүнийхээ хувьд гомдол гаргаж болно. Гэхдээ хүмүүсээс сонссон мэдээллээр Говьсүмбэр аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан вайбер групп дээр гомдлын шаардлага тавьсан, энэ шаардлагын дагуу зөрчлийг хянан шийдвэрлэсэн байна гэдэг мэдээллээр дүгнэлт хийж байгаа. Эцэст нь хэлэхэд улсын байцаагчийн үйл ажиллагаанд төлөөлүүлэгч гомдоогүй, хүнсний, худалдааны чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг ажиллагаа нь буцаагаад худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгждээ хэрэгтэй байдаг гэж хэлүүлсэн. Тэгэхээр миний энэ байр суурийг шүүх хуралдаан дээр хэлээрэй гэсэн. Өнөөдөр яагаад шүүхэд гомдол гаргасан бэ гэхээр хүнсний худалдаа гэдэг нь зөвхөн шийтгэл ногдуулсан хүнсний дэлгүүр гэхэд нийтдээ 30 000 гаруй нэр төрлийн бараа байдаг, дэлгүүр дээр нэг ээлж дээрээ 5-6 хүн бүтэн ээлжээрээ 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байдаг. Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг буцаах ёстой, устгах ёстой гэдэг дээр дэлгүүрийн нэн түрүүний зорилт байгаа. Тэгэхээр улсын байцаагч нь энэ асуудал дээр олон жил хамтарч ажиллаж ирэхдээ аж ахуйн нэгжийг торгоод байя гэсэн хандлагаар биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны харилцааг эрхэмлэдэг албан тушаалтан юм, яагаад шүүхэд гомдол гаргасан бэ гэхээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч өөрөө оролцоогүй байхад торгочихлоо, дээрээс нь прокурор өөрөө гомдол гаргаж улсын байцаагчийн энэ шийдвэрийг гаргуулсан нь албаны байдлаараа түлхүү хандчихсан, чимээгүй өнгөрч боломгүй учраас шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв. 3.3. Хариуцагч Ф.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Н-аас 04 дүгээр сарын 11-ний өдөр 09 цаг 11 минутад утсаар гомдол, мэдээлэл ирсэн. Утсаар гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тухайн иргэн утсаар мэдээлэл өгсөн бол баталгаажуулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авдаг. 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цагт өглөө утсаар гомдол, мэдээлэл ирсэн. Иргэн Б.Н нь хяналтын прокурор Б-ийн эхнэр байсан юм билээ. Тухайн үед үдээс хойш 14 цагт гомдол, мэдээлэлийг вайбер групп дээр зурагтай нь тавихад мэдээлэл нь надад утсаар ирээгүй байсан. Гомдол мэдээллийнх нь дагуу хяналтын прокурор ч гэсэн ижилхэн хэрэглэгч буюу иргэн учраас мэдээллийг нь хүлээж авна. Гомдол, мэдээлэл өгөхдөө би гэр бүлийн хүнтэйгээ хамт явж байгаа учраас гэр бүлийнхээ хүний өмнөөс гомдол гаргаж байна. Гомдол мэдээлэл гаргасных нь дагуу иргэн Б.Н-аас гэрчийн мэдүүлгийг авч оршин сууж байгаа хаяг буюу бусад тодруулах мэдээллүүдийг авч баталгаажуулсан. Нэхэмжлэгч талаас иргэн Б.Н гээд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тухайн гомдол, мэдээлэл гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг нууцлах үүрэгтэй. Тийм учраас товчилсон хэлбэрээр эхний тэмдэглэлүүдийг үйлддэг. Тухайн хэрэгтээ холбоотойгоор нэхэмжлэгч талд зарим нэг материалыг хувилж өгөөгүй. Яагаад гэхээр танайхаас оролцсон С гэж хүн тайлбараа хэлсэн. Хууль дээр зөрчлийн хэргийн материалыг прокурор юм уу, тухайн шүүх хуралд оролцож байгаа шүүгч хүсэлт гаргасны дагуу хуулбарлах болохоос биш бүтэн материалыг хүсэлтийн дагуу хуулбарлаж өгнө гэсэн юм байхгүй гэдгийг хууль дээрээс харсан. Мөн хяналтын прокуроруудаас зөвлөгөө авсан. Би аж ахуйн нэгжээс хүсэлт ирж байгаа болохоор хэргийн материалаа бүгдийг нь канондоод өгөх нь зөв үү гэхэд хяналтын прокурор ч хувилах эрх байхгүй, шүүгч юм уу тухайн нэхэмжлэгч талын өмгөөлөгч албан ёсоор хүсэлт гаргасных нь дагуу хуулбарлаж өгнө гэсэн. Би хяналтын байцаагчаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хангах тухай хууль дээр хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болзошгүй гэсэн бүтээгдэхүүн дээр гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд хяналт, шалгалтыг Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар урьдчилж гомдол мэдээлэл гаргахгүй гэж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д удирдамжгүйгээр шууд хийж болно. Прокурорын газраас ч гэсэн эрх бүхий албан тушаалтнуудад өгч байгаа гол чиглэл нь зөрчил үнэхээр байгаа бол удирдамж боловсруулна, удирдамжийг батлагдсаны дараа шалгана гээд очиход чинь нөгөө зөрчил чинь арилчихсан байдаг. Тэгэхээр юугаар баталгаажуулах вэ гэдэг чиглэлийг өгдөг. Энэ шалгалтыг утсаар гомдол, мэдээлэл ирсэн даруй шууд хийгдээгүй. Мэдээж хариуцсан удирдлага байгууллагын дарга дээр гомдол мэдээлэл ирсэн тэмдэглэлээ үйлдэж ороод хуулийнх нь дагуу шийдвэрлэх гэдэг цохолт, тэмдэглэлүүдээ хийлгээд шалгалтаа эхлүүлсэн. Шалгалт хийх явцад “Д” ХХК-ийн захирал Ж өөрөө тухайн объектод 04 дүгээр сарын 13-ны өдөр очиж шалгалт хийхэд байсан. Намайг очиход нэхэмжлэгч талын ярьснаар мэдээллийг авчихсан байсан. Тухайн гомдол гаргагчийн нэр заасан бүтээгдэхүүн байгаагүй, татан авалт хийчихсэн байсан. Хүнсний лангуун дээр байгаа бусад төрлийн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд нийт 5 төрлийн 18 ширхэг 371100 төгрөгийн үнэтэй хугацаа дууссан бүтээгдэхүүн илэрсэн. Тухайн шалгалтыг гүйцэтгэх гээд очиход хугацаа хэтэрсэн бараа, бүтээгдэхүүн байгаагүй бол арга хэмжээ авагдахгүй, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль дээр тухайн аж ахуйн нэгж өөрсдөө татан авалтаа хийгээд эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна гэдэг байдлаар зөвлөмжөө өгнө гэж бодсон боловч зөрчил дахин давтагдаж гарч байгаа болохоор энэ дээр нь хуулийн үндэслэлээр арга хэмжээ авна гэдгээ захиралд нь танилцуулсан. Захирал нь тухайн үед гомдолтой байсан. Миний энэ тэмдэглэл, акт дээр ийм төрлийн бүтээгдэхүүн байна, энэ дээр хариуцаж байгаа нь хэн бэ, хэн гарын үсэг зурж баталгаажуулах вэ гэсэн чинь тухайн үед хариуцаж байсан нярав Н нь би тус объектыг хариуцаж байгаа нярав нь байна гээд баталгаажуулаад актаа авч үлдсэн. Захирал өөрөө гарын үсэг зураагүй. Энэ гомдол мэдээлэлтэй холбоотойгоор танай дээр энэ зөрчил давтагдаад гарчихлаа, нотлогдчихлоо, тийм болохоор Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасны дагуу аж ахуйн нэгж дээр 5 000 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдах нь байна. Та 1 дэх өдөр очиж зөрчлийн материал, хэрэгтээ танилцаарай гэж хэлсэн. Нэхэмжлэгч талыг 04 дүгээр сарын 14-ний 10 цаг 40 минутад Ж-тай 99........... дугаараар холбогдож зөрчилтэй холбогдох хэргээр мэдүүлэг авна, та ирж мэдүүлэх үүргийг хүлээнэ гэж танилцуулсан боловч утсаар “би өөрийн биеэр очиж чадахгүй, энэ асуудалтай холбоотойгоор Андууд хайпер маркетийг хариуцаж байгаа С-ийг өөрийнхөө өмнөөс явуулна” гэсэн хариуг өгсөн. Би өглөө 10 цаг 40 минутад утсаар холбогдсон яриаг утсаар бичлэг хийгээгүй боловч ярьсан тэмдэглэл нь зөрчлийн хэрэг дотор хавсаргасан байгаа. 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутад С өөрийнхөө томилогдсон албан тушаалынхаа хуулбартай ирсэн, зөрчлийн хэрэгтээ холбоотойгоор Андууд хайпер маркетийг хариуцдаг менежер Г, энэ дээр захирал чинь үнэхээр байхгүй байгаа бол албан тушаалд томилсон гэсэн баталгаажсан тушаал байх хэрэгтэй гэхэд захирал байхгүй, бид нарыг давхар хариуцдаг менежер бас байхгүй учраас албан тушаалынхаа томилсон тушаалаа авч ирсэн болохоор хуулбарыг нь би авсан. Зөрчлийн хэрэгтээ холбоотойгоор бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлж чадна гэдэг дээр нотариатаар баталсан итгэмжлэл авах уу гэж С надаас асуусан. Шалгалт хийх явцад захирал өөрөө шалгалтаар илэрсэн зөрчилтэйгөө танилцсан, тухайн үед байсан нярав, холбогдогчоор оролцсон С хоёр маань албан тушаалд нь томилсон гэдэг үүднээс зөрчлийг хүлээн зөвшөөрсөн. Намайг аж ахуйн нэгжид нь өмнө нь торгууль тавьж байгаагүй болохоор тавьчихна гэж бодоогүй байсан, зөвшөөрч байгаа болохоор нь заавал итгэмжлэл хийлгэж ирээд яах вэ гээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгоод албан тушаалтан буюу эсхүл итгэмжлэлээр тодорхойлсон гэсэн заалт байсан болохоор тушаалыг нь авч үндэслэл болгоод хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас яагаад заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа юм бэ гэж байна, бид нар хуулиа хэрэгжүүлж байгаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчилд холбогдоод үйлдэгдсэн нь нотлогдож байгаа тохиолдолд бид нар заавал тэрийг хэрэг болгож сунжруулж тухайн асуудлыг шийдэх гэж уулзах шаардлагагүй. Холбогдогч тал заавал хариуцаагүй, тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг хэрэг болгох ёсгүй. Тухайн зөрчил үнэхээр илэрсэн, илэрсэн нь баталгаажчихсан тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэдэг хууль зүйн үндэслэл байгаа. Тийм учраас миний гаргасан шийтгэлийн хуудас хуулийн дагуу гарсан, мөн хяналт хийдэг прокурорын талд ажиллах зорилгоор ч юм уу, ямар нэг асуудалд хэн нэгний талд ажиллах зорилгоор арга хэмжээг авч ажиллаагүй. Тийм учраас “Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэл нь илэрсэн зөрчлийг үгүйсгэх юм уу, тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн Хүнсний чанар стандартын хяналтын Улсын байцаагч нь “Д” ХХК-ийн “А” хайпер маркетийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 0527575 дугаар Шийтгэлийн хуудсаар “тус хайпер маркетад хадгалах буюу хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг үндэслэн “Д” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл Зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авах журмын 3-т “Амаар шууд, эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна” гэж заажээ. Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ф.Б-т иргэн Б.Н-аас “... “А” хайпер маркетад хадгалах буюу хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдхүүн худалдан борлуулж байна...” гэх зөрчлийн талаар харилцаа холбоо /Утас: ........../-ны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч тэмдэглэл /хавтаст хэргийн 17-р тал/ үйлдсэн байна. 1.1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хяналт шалгалтын байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэж зааснаар дээрх мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад танилцуулж, цохолт хийсний дагуу 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн “А” хайпермаркетад төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулжээ. 1.2. Уг хяналт шалгалтын явцад 5 нэр төрлийн, 18 ширхэг 371100 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авч, Захиргааны журмаар эд зүйлсийг хураах, устгах улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд дээрх төлөвлөгөөт бус шалгалт нь хуульд заасны дагуу явагдсан байна. 2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчлийн холбогдогчийг оролцуулсан тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2-т “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасны дагуу 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 40 минутад тус компанийн захирал Г.Ж-ыг холбогдогчоор мэдүүлэг өгөхөөр хүрэлцэн ирэхийг /хавтаст хэргийн 19-р тал/ дууджээ. Гэвч Г.Ж нь өөрийн буюу компанийг төлөөлөн салбар хариуцсан нярав, менежер Н.С-ийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14 цаг 30 минутад очих талаар хариу мэдээллэсэн /нотлох баримтын 6-р талын ар/ байна. 2.1. Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг “Д” ХХК-д холбогдуулан явуулсан бөгөөд тус компанийг төлөөлүүлэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.С-ийг оролцуулан түүнд зөрчилд холбогдогчид хамаарах хуульд заасан эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйл. Хууль ёсны төлөөлөгч 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан байх бөгөөд хариуцагч дээрх ажиллагаанд Н.С-ийг оролцуулахдаа тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнаас итгэмжлэл авалгүй оролцуулсан нь буруу байна. Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж заасны дагуу Улсын байцаагч нь зөрчлийн хэрэг үүсгэж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж, зөрчлийг нотолж тогтоосны үндсэн дээр “Д” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, гомдол гаргагчийн хувьд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул дээрх итгэмжлэл олгоогүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм. 2.2. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулжээ. 3.Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухайд: Нэхэмжлэгчээс “..тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн зөрчил хянан шийдвэрлэх ажилллагааг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч албан ёсны тайлбар өгөөгүй” гэх агуулгаар маргаж байна. 3.1.Зөрчлийн 08-19-02/512-02 дугаартай гомдол мэдээллийн дагуу “А” хайпермаркетад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад тогтоогдсон нөхцөл байдал тус дэлгүүрт 2025 оны 4дүгээр сарын 13-ны өдөр хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлж, шалгалтын тэмдэглэл бүтээгдэхүүн хураах тухай актыг газар дээр нь үйлдэж, тухайн үед байлцсан нярав О.Н гарын үсэг зурж, мөн фото зургаар баримтжуулан баталгаажуулжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх. 1-ийн “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасан байна. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “А” хайпермаркетын лангуу, тавиур дээрх хүнсний бүтээгдэхүүнд үзлэг хийхэд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн 5 нэр төрлийн 18 ширхэг бүтээгдэхүүн буюу нийт 371100 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг хуульд заасан арга, хэрэгслээр нотолж тогтоосон байна. 3.2. Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт”, 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасан байна. Гэтэл “Д” ХХК-ийн “А” хайпермаркетын өдөр тутмын үйл ажиллагаандаа дээрх хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. 3.3 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна” гэж, мөн Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-д зааснаар бол хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан авч тусгай өрөө, агуулахад тусад нь тавиур, лангуу, хөргүүрт хаяг, шошго нааж, огноог тэмдэглэн тусгаарлан битүүмжлэн түр хадгалах үүрэгтэй байтал дээрх хууль, журмын дагуу хадгалаагүй бөгөөд бусдад худалдаж байсан нь ноцтой зөрчил юм. 3.4. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д "хэрэглэж дуусах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг”, 10 дугаар зүйлийн 10.3-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно” гээд 10.3.1-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй...”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гээд 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчих талаар зохицуулсан бөгөөд 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасны дагуу “Д” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгосон нь дээрх хуульд нийцсэн байна. Иймээс гомдол гаргагч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, холбогдох хууль, журам, стандартыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул эрх бүхий албан тушаалтнаас “Д” ХХК-д 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0527575 дугаар Шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь уг захиргааны акт үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.7, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-ийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0527575 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ | |