Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01038

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01038

 

 

И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181Ш2021/00553 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 35 492 101 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц- нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр И ББСБ ХК-тай В14020041502 тоот зээлийн гэрээ болон С14020041502 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 28 700 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд Д.Ц-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 84а байрны 68 тоот хаягт байршилтай, Ү-2201041624 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг зээлдэгч төлөх үүрэгтэй боловч, зээлийн төлбөрийг эргэн төлөөгүй болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2.5 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргаж, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 28 700 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6 704 005 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88 096 төгрөг, нийт 35 492 101 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна.

И ББСБ ХК нь анх 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 35 000 000 төгрөгийг олгож түүний данс руу 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтөө хийж чадахгүй байсан тул зээлийн гэрээний нөхцлийг өөрчилж шинээр зээлийн гэрээ байгуулсан. Үүнийг тухайн үед Д.Ц- хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 6 300 000 төгрөгийг төлсөн, хүүд нь 5 853 807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83 123 төгрөгийг тус тус төлсөн байсан. Сүүлд гэрээ хийхдээ үндсэн зээлнээс үлдсэн мөнгө дээр нь гэрээ хийсэн. Тиймээс дээрх төлбөр болох 35 492 101 төгрөгийг зээлдэгч Д.Ц-ээс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ зээлийг миний хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй ба тухайн үед ажиллаж байсан Монтэар рөүд ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. Анх зээл авах хүсэлт гаргахад И ББСБ-ын зүгээс аж ахуйн нэгжид зээл олгохгүй, хувь хүнд зээл олгоно гэсний дагуу компанийн захирлууд ярилцаж байгаад миний нэр дээр зээл авсан болно. Миний бие энэ зээлсэн мөнгийг хувьдаа зарцуулаагүй тул гомдолтой байна. Энэ зээлийн гэрээний дагуу 28 700 000 төгрөгийг надад олгоогүй. Нэхэмжлэгч сайжруулж гэрээ байгуулсан гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. Д.Ц- би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 35 000 000 төгрөгийн зээл авсан тэр зээлнээс 27 000 000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Би 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээл аваагүй тул нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2020 оны 01 дүгээр сараас хийш коронавирус тархаж байгаатай холбоотой аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа, төр засгаас зээлийн хүүг царцаах чиглэл өгөгдсөн тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ярилцах шаардлагатай. Өмнө нь би энэ ББСБ-аас зээл авсан байсан түүнийг энэ зээлээр хаасан. Нэхэмжлэгчийн яриад байгаа зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болдог. Зээл хүсэгчийн анкет нь өмнөх зээл хүсэхдээ өгч байсан анкет байна. Д.Ц- нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр И ББСБ ХК-тай байгуулсан гэрээний дагуу мөнгө аваагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц-ээс 27 890 841,42 төгрөгийг гаргуулж И ББСБ ХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 601 259,58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 84а байрны 68 тоот, 39,49 м.кв талбайтай, Ү-2201041624 улсын бүртгэлийн дугаартай, Д.Ц-ийн өмчлөлийн орон сууцны үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405611 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 297404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэргийн оролцогч нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны хооронд байгуулсан №В14020041502 дугаартай зээлийн гэрээг зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй гэж анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт заасан боловч манай зүгээс зээлдэгчтэй 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан №В14019083001 дугаартай гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны үндсэн дээр №В14020041502 тоот зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байна. Зээлийн гэрээнд нөхцөл өөрчлөх тухай Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хамтарсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/155 134 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Активыг ангилах, активын эрдлийн сан байгуулах зарцуулах журам нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27.1 дэх заалтыг зохицуулсан бөгөөд дээрх журмын 2.4.1.4 дэх хэсэгт "Хүүгийн авлагыг хэсэгчлэн болон үндсэн төлбөрт нь шингээн шинэ үндсэн төлбөрийг тогтоосон буюу хүүг капиталжуулсан" гэсний дагуу зээлдэгчийн төлөх ёстой байсан №В14019083001 дугаартай зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг нэмж, №В14020041502 дугаартай гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх зээлдэгчийн тайлбарыг үндэслэл болгон бусад холбогдох хууль тогтоомжийн тухайн маргаанд холбогдолтой зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн зээлдэгчийн тайлбарт байх "...нэхэмжлэгч сайжруулж гэрээ байгуулсан гэж байгаа боловч тийм зүйл байхгүй..." гэсэн хэсгийг анзаарч үзвэл хэргийн оролцогчдын сүүлд байгуулсан №В14020041502 дугаартай гэрээний хүү нь анх байгуулсан №В14019083001 дугаартай гэрээний хүүнээс бага, хугацаа нь урт, нэмэгдүүлсэн хүү нь бага байгаа нь нөхцөлийг сайжруулсан гэдгийг харах боломжтой байсан. Зохигчдын хооронд байгуулагдсан №В14020041502 дугаартай гэрээг анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан байдлыг хууль зүйн үүднээс анхаарч үзээгүй байна. Зээлдэгчийг №В14019083001 дугаартай гэрээний үүргээ биелүүлээгүй, сүүлийн гэрээний хугацаа зээлийн дүн зэргийг харвал дээрх гэрээнүүд нь хоорондоо уялдаа холбоо бүхий нөхцөл өөрчилсөн гэрээ болохыг харуулж байна. Энэ нь Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах зарцуулах журмын 2.4.1.4-т заасны дагуу зээлийн нөхцөл өөрчилсөн хүчин төгөлдөр гэрээ учир зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр хэсэгт өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгосон 7 601 259,58 төгрөгийг 27 890 841,42 төгрөг дээр нэмж зээлдэгч Д.Ц-ээс гаргуулан "И ББСБ" ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Д.Ц-д холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 35 492 101 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагааг эрхэлдэг тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулах, уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. /хх-ийн 16-19/

Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 30ы өдөр №В14019083001 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 35 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг сарын 0.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №В14020041502 дугаартай гэрээгээр 28 700 000 төгрөгийг, зээлийн хүү сарын 3.5 хувь, нэмэгдүүлсэн хүүг сарын 0.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, талуудын тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 6-7, 51-52, 45, 55/

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Ц-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол / 18081/, 84а байрны 68 тоот, 39,49 м.кв талбайтай, Ү-2201041624 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №С14020041502 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 30ы өдөр №В14019083001 дугаартай зээлийн гэрээний тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болохыг зөв дүгнэжээ.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд хамааруулан хэрэглэж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №В14020041502 дугаартай гэрээгээр 28 700 000 төгрөгийг Д.Ц-д шилжүүлээгүй нь тогтоогдож байх тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсноос гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 35 000 000 төгрөгийн гэрээнээс тусдаа бие даасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Дээрх гэрээнүүд нь тусдаа гэрээ бус өөр хоорондоо холбоотой буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №В14019083001 дугаартай зээлийн гэрээний үргэлжлэл болгож, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №В14020041502 дугаартай зээлийн гэрээгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгаж, гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлтэй.

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №В14020041502 дугаартай гэрээнд заасан зээлийн хэмжээ 28 700 000 төгрөгт өмнөх зээлийн үлдэгдэл дээр хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус нэмж тооцсон агуулгатай байгаа боловч энэ нь гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, гэрээг байгуулагдаагүй гэж тус тус үзэх үндэслэлгүй болно.

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 24 767 439 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн хүү 3 068 067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55 334 төгрөг байсан талаар зээл, хүүгийн тооцоолол хийсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 56/

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №В14020041502 дугаартай гэрээгээр зээлийн хүүг 3.5 хувиар тогтоосон, харин уг гэрээнд заасан 28 700 000 төгрөгийг зээлдэгчид олгоогүй тул өмнөх зээлийн үлдэгдэл 24 767 439 төгрөгт сарын хүүг 3,5 хувиар тооцож, 6 сар, 20 хоногийн зээлийн хүү 5 779 060 /866860*6+28895*20=/ төгрөг болох бөгөөд өмнөх хуримтлагдсан хүү 3 068 067 төгрөгийн хамт нийт зээлийн хүү 8 847 127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98 488 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Д.Ц-ээс үндсэн зээл 24 767 439 төгрөг, зээлийн хүү 8 847 127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98 488 төгрөг, нийт 33 713 054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 779 047 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг өөрчлөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00553 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 27 890 841,42 гэснийг 33 713 054 гэж, 7 601 259,58 гэснийг 1 779 047 гэж , 3 дахь заалтын 297 404 гэснийг 326 515 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 136 571 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ