| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0464/Э |
| Дугаар | 292 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /ҮД:2142/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн дархад овогт Хатантөмөрийн О-д холбогдох 1708000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Кино драмын жүжигчин мэргэжилтэй, “ББС” гутлын цехэд дамжлагын ажилтан ажилтай, ам бүл 2, эцэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол ..дугаар байр 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Түмэн дархад овогт Хатантөмөрийн О, /РД:ШГ84040710/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Яллах талын нотлох баримтууд:
Шүүгдэгч Х.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд гэрээсээ ганцаараа гараад Драгон руу тамхи авахаар явж байхад манай байрны дүү Анар хоёр ахтайгаа хамт явж байсан. Тэр гурав нэг шил архи авсан байна, хамт уух уу гэхээр нь тэгье гээд хамт байрны гадаа уусан. Архиа ууж дуусаад бөөнөөрөө босоод урагш алхаад явж байхдаа Анараас тамхи байна уу гэж асуухад надад тамхи байхгүй гэсэн. Тэгээд би гэр рүүгээ алхаад явж байхад Москва центрийн урд өндөр нуруутай ах зүүн гартаа тамхи барьсан байхаар нь араас нь ахаа гэж хоёр удаа дуудахад эргэж харахгүй байхаар нь дөхөж очиж өмсөж байсан захтай фудболкных нь зүүн талынх нь мөр орчмоос таттал би баруун хөлөөрөө халтирч унахдаа хохирогчийн баруун хөл рүү нь өшиглөсөн, нөгөө хүн газарт унахаар нь дээрээс нь хартал гадаадын иргэн байсан, тэр үед Анар араас ирээд өнөөх хохирогчийн хоёр суганаас нь татаж босгоход нь би байрныхаа зүг явсан. Анар өнөөх хохирогчийг түшээд дотогш оруулж байсан. Би байрны үүдэнд Анарыг хүлээгээд санаа алдаад сууж байхад “Москва” центрээс махлаг хүн гарч ирээд над руу заагаад байхаар нь би өөдөөс нь очоод намайг уучлаарай ахаа би саяны хүнээс уучлалт гуймаар байна гэхэд тэг, тэг орж уучлалт гуй гэж хэлэхээр нь би “Москва” центэр рүү хамт ороход яаралтай түргэн тусламжийн эмч ирсэн өнөөх хохирогчийн хөлийг үзэж байснаа авч явна гэхэд нь өнөөх хохирогчоос уучлаарай гэж хэлэхэд хажуугаар байсан монгол хүмүүс чи яаж байгаа юм бэ? гээд байсан. Тэгтэл гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ким Ёнг Сук /Kim Young Suk/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 09:30-аас 09:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” төвийн 2 давхрын оффисын өрөөнд Монголын төлөөлөгчидтэй бизнесийн уулзалт хийгээд гадагш агаарт гарсан юм. Гадаа гараад тамхи татаад ганцаараа зогсож байхад миний баруун гар талаас үл таних эрэгтэй хүн ирээд баруун мөр талд зогсоод миний мэдэхгүй монгол үгийг хэлээд баруун гараараа заамдан авч, зүүн гараараа шууд миний толгойны ар хэсэг рүү хэд, хэдэн удаа цохиод, өнөөх залуу дахин гуталтай баруун хөлөөрөө миний баруун хөлний шагайны гадна хэсэг рүү нэг удаа өшиглөн хавсарч унагаасан. Намайг газарт унасан байхад миний ар талд зогсож баруун талын бөөр орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд ойр орчимд гудамжаар явсан хүн өнөөх залууг салгаж, намайг дотогш оффис руу оруулж өгөхөд оффисынхон юу болсон талаар сонсоод, надтай зөрөөд гадагш гараад өнөөх залууг барьж аваад цагдаа дуудсан гэсэн.Намайг зодсон гэх хүнийг оффисын ажилтан манай өрөөнд оруулж ирсэн үед нөгөө залуу ярихдаа намайг Хятад улсын иргэн байна гэж бодоод зодсон гэж ярьсан байна лээ. ...Миний баруун хөлийн шагай орчимд 3 хэсгийн яс цууралт болон хугаралттай байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/
Гэрч Г.Анарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр 09 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дархан төвийн ойролцоо явж байхад Москва центрийн урд талд нэг хөгшин настай хүн газар эвхрэлдээд унасан байдалтай, хажууд нь манай байрны зүс таних О гэх нөхөр өшиглөх гээд зогсож байхаар нь би очоод Оийг болиоч гэж хэлээд түлхээд, нөгөө хөгшин хүнийг босгоход гадаадын иргэн байсан ба босож зогсож чадахгүй доголоод байхаар нь хажуунаас нь сугадахад ийшээ орьё гээд дохио зангаагаар заагаад байхаар нь “Москва” төв рүү сугадан дотогш оруулахад хоёрдугаар давхар луу гарсан ба нэг монгол залуу ирээд юу болсон талаар асуухад нь гадаа манай байрны нэг залуу зодсон байдалтай байхаар нь би салгаад дотогш оруулж ирж байнаа гэхэд өнөөх монгол залуу надад хандан нөгөө хүнийг нь заагаад өгчих гээд намайг дагуулаад гарахад О гэх залуу “Москва” хорооллын байрны дунд явж байхаар нь тэр байна гэж зааж өгөөд би гэр рүүгээ харьсан. Хохирогч баруун талын хэвлий хэсгээ гараараа дарсан байдалтай, баруун хөл нь доголоод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 21 х/
Гэрч Т.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 08 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд ажил дээрээ ирэхэд хамтран ажилладаг Ким захирал ажил дээрээ ирсэн сууж байсан. Бид хоёр өглөөний цай уугаад ярилцаж сууж байхдаа Ким захирал гарч тамхиллаа гээд ганцаараа гарсан. Удалгүй 15-20 орчим минутын дараа гаднаас нэг өндөр нуруутай залуугаар түшүүлэн орж ирэхээр нь нь би Ким захиралаас Солонгос хэлээр яасан бэ? гэж асуухад хүнд зодуулчихлаа гэсэн. Би Ким захирлыг сандал дээр суулгаад болсон зүйлийн талаар тодруулан асуухад “гадаа тамхи татаад зогсож байхад нэг залуу намайг цохиж, өшиглөж, газарт унагаад дээрээс өшиглөсөн, гэтэл ойр явж байсан нэг залуу ирээд намайг салгаад, намайг түшээд оруулж ирж байнаа” гэж хэлэхээр нь шууд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Ингээд би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “би уг хүнийг хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х/
Гэрч Ш.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн орчимд ажилдаа явахаар гэрээс гараад Москва хороололд ирэхэд өмнөх өдөр нь архи уусан байсан учир ажил руу оруулахгүй байх гэж бодоод шараа тайлахаар Насанбат дүүг дуудаад дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад уухаар байрны саад руу явж байхад Москва хороолын байрны зүс таних Анар дүүтэй тааралдан бид гурав архиа хувааж уух гэхэд Анарын зүс таних О гэх залуу сааданд ирэхээр нь тухайн өдрөө Отэй танилцаад бид 4 өнөөх архиа хувааж уусан. Архиа ууж дуусахаар нь би гэр рүүгээ харихаар Насанбатыг дагуулаад явсан, Анар өнөөх байрны ах гэх Отэй үлдсэн. Би юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/
Шинжээчийн 10568 тоот дүгнэлт:
1.Kim Young Suk-н биед баруун шилбэ ясны гадар, дотор хашлага яс, шаант ясны доод булууны ар хэсэгт зөрүүгүй хугарал үүсчээ.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 х /,
Хувийн байдлын талаарх баримтууд:
Гэрч Х.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Х.О нь 1984 оны 04 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд Хатантөмөрийн 4 дэх хүүхэд нь болж мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж, цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1991-2001 онд Ирээдүй цогцолборын 81 дүгээр сургуульд суралцан 10 дугаар ангийг төгссөн. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд кино урлагийн “Харцага” дээд сургуульд 5 жил суралцаад жүжигчин, операторчин мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ 2 жил ажиллаад, цэргийн албыг 1 жил Орхон аймагт хаасан, цэргээс халагдан ирээд Турк улс руу суралцахаар яваад 1 жил орчим болоод буцаж ирсэн. Туркээс ирээд “Талх чихэр”, “Говь” ХХК-дад үйлдвэрийн ажитнаар ажиллаж байсан. 2017 оны 1 дүгээр сард ачааны автомашинд мөргүүлж, гэмтэж, харвалт өгөөд тархины хагалгаанд ороод одоо 69 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, групп тогтоолгосон, одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 141-2-8 тоотод 74 настай аавыгаа харж хамт амьдарч байгаа. Эхнэр хүүхэд гэр бүл байхгүй. Зан байдлын хувьд хүүхэд шиг гэнэн итгэмтгий, хүний үгээр, хамт олныхоо дунд нэр хүндтэй хөгжилтэй хүүхэд юм. Гаж муу зуршил байхгүй. Хааяа найз нөхөд нь уруу татаад архи уугаад байдаг, тамхи татдаггүй, миний дүү урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний дүү гэмт хэрэгт холбогдсонд гэр бүлээрээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг чадах чинээгээрээ төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 х/
Гэрч Ж.Хатантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Х.О нь 1984 оны 04 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд миний 4 дэх хүүхэд нь болж мэндэлсэн. ...2017 оны 1 дүгээр сард ачааны автомашинд мөргүүлж, гэмтэж, харвалт өгөөд тархины хагалгаанд ороод одоо 69 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, групп тогтоолгосон, одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 141-2-8 тоотод хүүгийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд өндөр настай намайг харж хандаж байгаа. Надтай байхдаа сүүлийн саруудад толгой нь ихээр өвдөж ой тогтоолт нь муудаж, юм мартдаг болоод байна лээ. Зан байдлын хувьд томоотой, хүний үгээр, өглөгч, муу санаа байхгүй, хүүхдээрээ хүүхэд юм. Эхнэр хүүхэд, гэр бүл байхгүй. Миний хажууд архи дарс уудаггүй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Дуу дуулах бүжиглэх хоббитой...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 х/
Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт 797 /хх-ийн 86-92 х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 х/
Х.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 66 х/
СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 74, ... х/
Хохирлын талаарх баримтууд:
Хохирлын баримтууд /хх-ийн 38-46 х/
Өмгөөлөгчид хөлс төлсөн баримт /хх-ийн 97 х/
Орчуулагчид хөлс төлсөн баримт /хх-ийн 98 х/
Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 110, 119, 149 х/
Бусад:
Хохирогч, түүний өмгөөлөгчийн “...шүүх хуралдаанд оролцохгүй...” тухай хүсэлт /хх-ийн 124-125 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” төвийн гадна зогсож байсан Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ёнг Сук /Kim Young Suk/ -ыг “Хятад хүн хэмээн” толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унагаан түүний эрүүл мэндэд “баруун шилбэ ясны гадар, дотор хашлага яс, шаант ясны доод булууны ар хэсэгт зөрүүгүй хугарал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, хүнийг үндэс, угсаагаар нь үзэн ядаж үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Х.Оийн “... би гэр рүүгээ алхаад явж байхад Москва центрийн урд өндөр нуруутай ах зүүн гартаа тамхи барьсан байхаар араас нь ахаа гэж хоёр удаа дуудахад эргэж харахгүй байхаар нь дөхөж очиж өмсөж байсан захтай фудболкных нь зүүн талынх нь мөр орчмоос таттал би баруун хөлөөрөө халтирч унахдаа хохирогчийн баруун хөл рүү нь өшиглөсөн, нөгөө хүн газарт унахаар нь дээрээс нь хартал гадаадын иргэн байсан, тэр хүнийг би хятад хүн гэж бодсон ...” /хх-ийн 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Ким Ёнг Сук /Kim Young Suk/-ын “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 09:30-аас 09:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” төвийн 2 давхрын оффисын өрөөнд Монголын төлөөлөгчидтэй бизнесийн уулзалт хийгээд гадагш агаарт гарсан юм. Гадаа гараад тамхи татаад ганцаараа зогсож байхад миний баруун гар талаас үл таних эрэгтэй хүн ирээд баруун мөр талд зогсоод миний мэдэхгүй монгол үгийг хэлээд баруун гараараа заамдан авч, зүүн гараараа шууд миний толгойны ар хэсэг рүү хэд, хэдэн удаа цохиод, өнөөх залуу дахин гуталтай баруун хөлөөрөө миний баруун хөлний шагайны гадна хэсэг рүү нэг удаа өшиглөн хавсарч унагаасан. ...Миний баруун хөлийн шагай орчимд 3 хэсгийн яс цууралт болон хугаралттай байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/
Гэрч Г.Анарын “... “Москва” төвийн урд талд нэг хөгшин настай хүн газар эвхрэлдээд унасан байдалтай, хажууд нь манай байрны зүс таних О гэх нөхөр өшиглөх гээд зогсож байхаар нь би очоод Оийг болиоч гэж хэлээд түлхээд, нөгөө хөгшин хүнийг босгоход гадаадын иргэн байсан ба босож зогсож чадахгүй доголоод байхаар нь хажуунаас нь сугадахад ийшээ орьё гээд дохио зангаагаар заагаад байхаар нь “Москва” төв рүү сугадан дотогш оруулсан …” /хх-ийн 21 х/
Гэрч Т.Болдбаатарын “... Би Ким захирлыг сандал дээр суулгаад болсон зүйлийн талаар тодруулан асуухад “гадаа тамхи татаад зогсож байхад нэг залуу намайг цохиж, өшиглөж, газарт унагаад дээрээс өшиглөсөн, гэтэл ойр явж байсан нэг залуу ирээд намайг салгаад, намайг түшээд оруулж ирж байнаа” гэж хэлэхээр нь шууд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. ... Ингээд би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “би уг хүнийг хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан …” /хх-ийн 23 х/
Шинжээчийн 10568 тоот дүгнэлт:
1.Kim Young Suk-н биед баруун шилбэ ясны гадар, дотор хашлага яс, шаант ясны доод булууны ар хэсэгт зөрүүгүй хугарал үүсчээ.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 х / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хохирлын талаар:
Хохирлын баримтууд /хх-ийн 38-46 х/
Өмгөөлөгчид хөлс төлсөн баримт /хх-ийн 97 х/
Орчуулагчид хөлс төлсөн баримт /хх-ийн 98 х/ зэргээр хохирогч Kim Young Suk-д нийт 1,538,040 төгрөгийн зардал гарсныг бүрэн төлсөн болох нь Хаан банкны орлогын баримтууд /хх-ийн 110, 119, 149 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг баримтаар нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлсөн, харин хохирогч Kim Young Suk нь онгоцны тийзийн зардлын зөрүү болон эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Х.Оийн үйлдсэн гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд баримтаар нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлсөн, эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа, хувийн байдлын хувьд Х.О нь архи хэтрүүлэн хэрэглэдэг, гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтуурсан байсан “Архины хараат байдлын хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэг DS: F 10.2 /хх-ийн 86-92 х/ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан /Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хх-ийн 74, ... х/, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, группт байдаг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэмт хэргийг хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Түмэн дархад овогт Хатантөмөрийн Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үндэс угсаагаар нь үзэн ядаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.Оийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Х.О-д мэдэгдсүгэй.
4.Х.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, баримтаар нэхэмжилсэн хохирол 1,538,040 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогч онгоцны тийзийн зардлын зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Х.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ