Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 124/ШШ2025/0028

 

                                                 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа

татгалзсан татгалзал, нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х Т” ХК , ................................................ багт байрших,

Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Т.А болон Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан

“Увс аймгийн Тариалан сумын газрын даамлын 2022-2023 онуудад нийт “Х Т” ХК-д 266,128,780 төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э/цахим/, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х Т” ХК-аас Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Т.А болон Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Увс аймгийн Тариалан сумын газрын даамлын 2022-2023 онуудад Х Т ХК-д нийт 266,128,780 төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч “Х Т” ХК-ийн захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би дараах хүсэлтийг гаргаж байна.

Хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Увс аймгийн Тариалан сумын газрын даамлын 2022-2023 онуудад нийт 266,128,780 төгрөгийн ногдуулалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагч Т.А-тэй 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээг батлуулах саналтай байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э болон Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Т.А нарын 2025 оны 5 дугаар сарын 30-нд байгуулсан эвлэрлийн гэрээнд:  “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч "Х Т" ХК-ийн захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Т.А бид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр дараах нөхцөлтэйгөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Нэг: "Х Т" ХК-нийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би Увс аймгийн Тариалан сум, Тарвагатай багт "Х Т" ХК /2001454/-ийн эзэмшиж, ашиглаж байгаа талбайн хэмжээ /1608.2/, /10230.1/, /2843.5/, /50845 3/ /29 3/ /4484 8/ /12786.6/ /8659.9/, /18349.4/, /159955.2/, /28631.7/, /14852.6/, /52847.9/, /192.2/, /4123.2/, /128.3/! /1608.2/ квадрат метр газар, Увс аймгийн Тариалан сум, Толь баг мээрэнд "Х Т" ХК /2001454/-ийн эзэмшиж, ашиглаж байгаа талбайн хэмжээ /3187.9/, /2060.6/ квадрат метр газрын 2022 он, 2023 он, 2024 оныг дуусталх хугацааны нийт 3 жилийн газрын төлбөрийг Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 дугаар тогтоолын 3-аас 9 дүгээр хавсралтын ХАА-аас бусад үйлдвэрлэлийн газрын төлбөрийг 8 төгрөг гэж тогтоосны дагуу тооцон нийт 104.461.837 төгрөгийг газрын төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрлөө.

Хоёр: Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Т.А би "Х Т" ХК-д газрын төлбөрийн ногдуулалт хийсэн 266.128.780 төгрөгөөс "Х Т" ХК нь газрын төлбөрт 104.461.837 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул үлдэгдэл 161.666.43 төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалтыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрлөө.

Гурав: нэхэмжлэгч "Х Т" ХК-нийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Т.А бид "Х Т" ХК-нийн эзэмшиж байгаа лицензийн талбайгаас ашиглаж байгаа хэмжээгээр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 18/12 дугаартай "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 7/07 тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 дугаар тогтоолын 3-аас 9 дүгээр хавсралтын ХАА-аас бусад үйлдвэрлэлийн газрын төлбөрийн итгэлцүүрт өөрчлөлт оруулан хавсралтаар баталсан тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 4 дүгээр сараас эхлэн "Х Т" ХК-нийн Увс аймгийн Тариалан суманд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг Аймгийн ИТХ-ын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 18/12-р тогтоолын 7-р хавсралтын "Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Завхан, Зүүнговь, Малчин, Хяргас сумдаас бусад сумдын газрын суурь үнэ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон хүснэгтийн 4.ХАА-аас бусад үйлдвэрлэл 1га газрын суурь үнэлгээ /сая.төг/, Итгэлцүүр 0.125, 1м газрын төлбөр 2 /төгрөг/ гэж тогтоосны дагуу цаашид газрын төлбөрийг 2 төгрөгөөр бодож төлөхийг харилцан зөвшөөрлөө.

Дөрөв: Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.

Хариуцагч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэгч талтай газрын төлбөрийн ногдуулалтын талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанд хариуцагч тал болох Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, талууд хариуцагчийг шүүх хуралдаанд байлцуулах талаар тусгайлан санал гаргаагүй, нэхэмжлэгч талаас Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, талууд эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн зэргийг үндэслэн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч талаас Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Увс аймгийн Тариалан сумын газрын даамал нарыг хамтран хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-аас Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Увс аймгийн Тариалан сумын газрын даамлын 2022-2023 онуудад нийт 266,128,780 төгрөгийн ногдуулалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзаж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбар гарган бичгээр хэрэгт хавсаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч Тариалан сумын Газрын даамал Т.А нар нь Увс аймгийн Тариалан сумын газрын даамлын 2022-2023 онуудад нийт 266,128,780 төгрөгийн ногдуулалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байх ба мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно “гэж, мөн зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “Х Т” ХК нь Тариалан сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглалтын зургаан тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явагдаж байгаа буюу уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг тооцохоор эвлэрсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” , 4.1.19-д ."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсгийг гэж,  Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтуудад эвлэрлийн гэрээ нийцсэн, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар талуудын эвлэрлийг батлах үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х Т” ХК-ийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Х Т” ХК-аас 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр  Ж.Э-д олгосон итгэмжлэлээр хэргийн оролцогчтой эвлэрэх эрхийг олгосон байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Т.А нарын хооронд байгуулсан “Х Т” ХК-ийн 2022 он, 2023 он, 2024 оныг дуусталх хугацааны 3 жилийн газрын төлбөрт нийт 104.461.837 төгрөг төлөх, ногдуулалт хийсэн төлбөрөөс үлдэгдэл 161.666.43 төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалтыг хүчингүй болгох тухай эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Т” ХК-аас  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Увс аймгийн Тариалан сумын газрын даамлын 2022-2023 онуудад нийт 266,128,780 төгрөгийн ногдуулалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АЛТАНЦЭЦЭГ