Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/53

 

А.А-, З.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Х.Отгончимэг,

шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Б.Дагважанцан,

цагаатгагдсан этгээд З.О-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Б.Дагважанцангийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.А-, З.О- нарт холбогдох 2210 01538 0038 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч Х овгийн А-ын А-, 1995 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, “Т” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... сумын ... дугаар баг, ...  дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Цагаатгагдсан этгээд Б овгийн З-ын О-, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик-инженер мэргэжилтэй, “Г” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

З.О- нь “Г” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Т” ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 16-ны “Цамхагт кран түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй “Т 2” хотхоны барилгын талбайд “QTZ-50” загварын цамхагт краныг түрээслэн ажиллуулахдаа “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.4.4, 2.4.5, 2.4.6, 8.4.3.2, 8.4 дэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “Т” ХХК-ийн цамхагт краны операторчин С.Хишигзаяа нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “QTZ-50” загварын цамхагт кранаар арматур төмөр өргөх үйлдэл хийж байхдаа доош алдаж, хохирогч Ж.Б-ыг арматур төмрөөр дарж, түүний эрүүл мэндэд судасны тасрал, шууны мэдрэлийн /n.Radialis/ гэмтэл, баруун тохой, долоовор, дунд, ядам, чигчий хурууны мэдрэлийн саажилт, баруун бугалгын доод хэсэг, шуу, сарвууны булчингийн хатангиршил , баруун атгаал яс, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

А.А- нь “Т” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй “Т 2” хотхоны барилгын талбайд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.18-д заасныг зөрчиж, өргөгч краны бүрэн ажиллагаатай эсэхийг шалгалгүй, операторчин С.Хишигзаяагаар арматур төмөр өрүүлэх явцад доош алдаж, Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн ерөнхий шаардлагын /БНбД 12-03-04/-ын 4.10, 4.11-д заасныг тус тус зөрчиж, өргөх краны ачаа шилжүүлэх бүсэд арматур төмөр буулгах, арматур бэлдцийн талбайг байршуулж, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд “Ш” ХХК-ийн арматурчин Ж.Б-аар арматур таслах ажил гүйцэтгүүлж, кранаар ачаа өргөж шилжүүлж байгаа орчны аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй эс үйлдэхүйн улмаас “Т” ХХК-ийн цамхагт краны операторчин С.Хишигзаяа нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “QTZ-50” загварын цамхагт кранаар арматур төмөр өргөх үйлдэл хийж байхдаа доош алдаж, хохирогч Ж.Б-ыг арматур төмрөөр дарж, түүний эрүүл мэндэд баруун богтосны мэдрэл, дунд мэдрэл судасны тасрал, шууны мэдрэлийн гэмтэл, баруун тохой, долоовор, дунд, ядам, чигчий хурууны мэдрэлийн саажилт, баруун бугалгын доод хэсэг, шуу, сарвууны булчингийн хатангиршил, баруун атгаал яс, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: А.А-, З.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт З-ын О-г Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Х овогт А-ын А-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг нь 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж,ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК-аас 4.028.808 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д олгохоор, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршиг, эмчилгээ үйлчилгээ, цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Б.Дагважанцан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Шүүхээс А.А-г “Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд болгоомжгүй хэлбэрээр, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно” гэж дүгнэсэн. Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж хуульчилсан. Гэтэл “Т” ХХК нь “Б” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус гэрээний 3.4 дүгээр зүйлд “...Гэрээний үнийн дүнд оосорлогч, дохиочин, ХАБЭА зэрэг шаардлагатай бүх зардлууд багтсан болно...”, мөн гэрээний 6.9-д “Ажил гүйцэтгэгч талын ажлыг гүйцэтгэх явцад хөдөлмөрийн АА-г бүрэн хариуцаж БНБД-ийн 12.03.04-ийн 4.7-д заасны дагуу ХАБЭА-ийн ажлыг зохион байгуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ХАБЭА-ийн заавар дүрмийг нэг бүрчлэн биелүүлж, ажилчдаа хөдөлмөр хамгааллын маск, малгай, нэг бүрийн хамгаалах бусад хэрэгслээр хангаж, үүнтэй холбогдох гарах хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй...” талаар гэрээнд талууд тохиролцсон байдаг. Энэ гэмт хэрэг нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг. Гэтэл А.А- хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээгээгүй буюу Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, “Т” ХХК болон “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” зэргээр дээрх үүргийг “Б” ХХК хариуцахаар байтал А.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.О-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх цагаатгагдсан этгээд З.О-д холбогдох хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлт барагцаалсан, тоймлосон хэлбэрээр гарсан тул шүүхээс “эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэж цагаатгаж шийдвэрлэсэн. Кран “Г” ХХК-ийн эзэмшилд байгаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр кран хэвийн ажиллагаатай гэж гарсан. Бидэнд маргасан зүйл байхгүй. З.О-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...”

Хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.Б- нь “Т” ХХК, “Г” ХХК, “Б” ХХК гэх 3 компаниас болж эрүүл мэндээрээ хохирсон. Өнөөдрийн байдлаар эрүүл мэнд нь хүнд байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, мөн Монгол Улсын MN49692000 гэх стандарт дүрмийг мөрдөөгүйгээс болж, компаниудын хариуцлагагүй байдлаас болж хохирогч эрүүл мэндээрээ хохирсон. Хохирогч өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Маш их гомдолтой байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэвч “Б” ХХК-ийн хаяг олдохгүй байдаг. Иргэний хариуцагч “Т” ХХК-с эмчилгээний зардал 4.028.808 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хохирогч Ж.Б- хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. “Б” ХХК нь туслан гүйцэтгэгч компани юм билээ. “Б” ХХК нь “Т” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээтэй. “Б” ХХК-с хохирлоо нэхэмжил гэдэг боловч уг компани олдоггүй. Хохирогчийн өмгөөлөгчөөр өмнө оролцож байсан өмгөөлөгчөөс “Б” ХХК-г татаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байдаг. Тэгээд уг компанийг татаагүй байдаг. ...”

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Осол бүрэн бус ажиллагаатай краны улмаас гарсан. Осол гаргасан кран нь “Г” ХХК-н өмчлөлийн кран байсан. Уг краныг “Т” ХХК нь түрээсийн гэрээний дагуу ажиллуулж байсан. “Т” ХХК-н хувьд тухайн краныг ажиллуулахдаа арматур төмрийн бэлдцийг барилгын зураглалын дагуу байршуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний улмаас тухайн арматур бэлдэц дээр ажиллаж байсан хохирогч эрүүл мэндээрээ хохирсон. Иймд “Т” ХХК-н хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан А.А-г яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй болсон. “Б” ХХК хариуцах ёстой гэж байна. Хохирогч “Б” ХХК-н ажилтан байсан. Гэхдээ хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. “Б” ХХК нь тухайн краныг түрээсэлж гэрээгээр үүрэг хүлээж ажиллаагүй, зөвхөн “Т” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Туслан гүйцэтгэгч компанийнхаа хувьд өөрийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой хөдөлмөр аюулгүй байдлын осол гарсан бол хариуцахаар гэрээндээ тусгасан байдаг. “Т” ХХК нь тухайн барилгын орчинд аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй байсан гэж үзэж “Т” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан А.А-, мөн “Г” ХХК-ийн захирал З.О- нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. “Б” ХХК-ийн өөрийнх нь барилгын үйл ажиллагаанаас шалтгаалж уг осол гараагүй. Крантай холбоотой осол гарсан тул “Б” ХХК-ийг татах шаардлагагүй гэж дүгнэсэн. А.А- тухайн барилга дээр барилгын талбайн инженер байсан. Мөн хөдөлмөр аюулгүй байдлаа давхар хариуцаж ажиллаж байсан. Талбайн инженерийн хувьд тухайн барилгын талбай дээрх ажиллагааг зураг төслийн дагуу явуулах үүрэгтэй хүн байсан. Арматур төмрийг тастах ажиллагаа явуулж байгаа ажиллагааг тэнд явуулах ёсгүй байсан. Барилгын талбайн зохион байгуулалтыг баталсан зураг гэж байдаг. Тэр зургийнхаа дагуу байршуулаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Крантай холбоотой гэрээг “Г” ХХК-тай “Т” ХХК байгуулсан байдаг. “Т” ХХК нь тухайн крантай холбоотой ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах юм бол “Г” ХХК-нд мэдэгдэнэ. Ингэж мэдэгдсэний дагуу “Г” ХХК нь засвар үйлчилгээг хийнэ гэсэн гэрээ байдаг. Гуравдагч этгээд буюу “Б” ХХК нь тухайн краныг шилжүүлсэн гэрээ хэлцэл байдаггүй. Тухайн гэрээгээр крантай холбоотой, краны бүрэн бус байдлаас болж осол гарсан гэж үзсэн учраас “Т” ХХК-ийн ХАБ-н инженер, “Г” ХХК-ийн захирал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2021 онд анх краныг байршуулсан байдаг. Краныг анх байршуулахад Мэргэжлийн хяналтын байгууллагын магадлал гаргуулсан байдаг. Кран бүтэн жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалж ажиллаагүй байдаг. Дараа нь ажиллуулахдаа өөрсдөө магадлал хийсэн байсан. Магадлал нь хэрэгт авагдсан байдаг. Өөрсдөө хэвийн ажиллагаатай гэж дүгнэсэн байдаг. Хэргийн газрын үзлэг, краныг битүүмжлэх ажиллагаа хойшлуулшгүй ажиллагаагаар хийгдээгүйгээс болоод шүүх хуралдаанд үгүйсгэх нөхцөл байдлууд гарч ирсэн. Нөхөн гүйцэтгэх боломжгүй гээд шүүх шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос цагаатгагдсан этгээд З.О-г “Г” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Т” ХХК-тай байгуулсан “Цамхагт кран түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу барилгын талбайд цамхагт краныг түрээслэн ажиллуулахдаа Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас операторчин С.Х нь цамхагт кранаар арматур төмөр өргөх үйлдэл хийж байхдаа доош алдаж, хохирогч Ж.Б-ыг арматур төмрөөр дарж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

шүүгдэгч А.А-г “Т” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа барилгын талбайд Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж, өргөгч краны бүрэн ажиллагаатай эсэхийг шалгалгүй, операторчин С.Х-аар арматур төмөр өрүүлэх явцад доош алдаж, Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн ерөнхий шаардлагад заасныг зөрчиж, өргөх краны ачаа шилжүүлэх бүсэд арматур төмөр буулгах, арматур бэлдцийн талбайг байршуулж, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд “Ш” ХХК-ийн арматурчин Ж.Б-аар арматур таслах ажил гүйцэтгүүлж, кранаар ачаа өргөж шилжүүлж байгаа орчны аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй эс үйлдэхүйн улмаас операторчин С.Х нь цамхагт кранаар арматур төмөр өргөх үйлдэл хийж байхдаа доош алдаж, хохирогч Ж.Б-ыг арматур төмрөөр дарж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус буруутган, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

“...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч Г.Э, Д.Г, Г.Х нарын гаргасан дүгнэлт, ...шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Эрдэнэхүүгийн ...хариулт, мэдүүлэг нь өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдалд хүргэж байна. ...Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд шинжилгээний объектод тавих нийтлэг шаардлага хуульчлагдсан ба 12.3.1. шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх ...хуулийн шаардлага хангагдаагүй, таамгаар, хэргийн материалд тулгуурлаж хийсэн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газрын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч Г.Э, Д.Г, Г.Х нарын гаргасан дүгнэлтийн шүүгдэгч З.О-д буюу “Г” ХХК-д холбогдолтойгоор хийсэн шинжилгээ нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хийсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй.  ...“Т” ХХК, ...“Г” ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ...цамхаг кран түрээсийн гэрээ байгуулсан ч гэрээний талаарх дээрх заалтад заасанчлан “Т” ХХК, “Г” ХХК-ийн хооронд түрээслэгчийн үүрэг, түрээслүүлэгчийн үүргийн талаарх маргаан үүссэн асуудал байхгүй байна. ...шүүгдэгч З.О-д холбогдуулах дээрх гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй...” гэж дүгнэж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас З.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

“...Хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь А.А- нь “Т” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа ...барилгын талбайд ...Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмд заасныг зөрчиж, өргөгч краны бүрэн ажиллагаатай эсэхийг шалгалгүй, операторчин С.Х-аар арматур төмөр өргүүлэх явцад доош алдаж, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн ерөнхий шаардлагын заалтуудыг зөрчиж, хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна. ...” гэж дүгнэж, шүүгдэгч А.А-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар түүнд торгох ял шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдлоо. Үүнд:

  1. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг хэний гэм буруутай үйлдлийн улмаас гарсан болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, “Т” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж байсан “Б” ХХК-ийн ажилтнууд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Т 2” хотхоны барилгын арматурын угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд хэрэг болох үед арматур төмөр тастах, цамхагт кранаар өргөж зөөвөрлөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэж байжээ.

Дээрх хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээний 3.4-д “Гэрээний үнийн дүнд оосорлогч, дохиочин, ХАБЭА зэрэг шаардлагатай бүх зардлууд багтсан болно” гэж, 6.5-д “Барьж буй барилга байгууламжаа ...гэнэтийн аюулаас хамгаалах, осолгүй ажиллах бүх талын арга хэмжээг авч, өөрийн ажилтай холбогдуулж барилгын болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг хүлээн авч биелүүлэх үүрэгтэй” гэж, 6.7-д “Ажил гүйцэтгэгч тал нь ажлаа эхлэхээс өмнө Захиалагч талын ХАБЭА-н инженерээс урьдчилан аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах үүрэгтэй ба ажил гүйцэтгэх явцдаа ажилтнуудын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж, ажил гүйцэтгэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч ажиллаж, ХАБЭА-ийн журмыг чанд мөрдөн, түүнээс үүсэн гарах хариуцлагыг 100% хариуцна.” гэж, 6.8-д “Ажил гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж БНБД-ийн 12.03.04-ийн 4.7-д заасны дагуу ХАБЭА-ийн ажлыг зохион байгуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ХАБЭА-ийн заавар дүрмийг нэг бүрчлэн биелүүлж, ...үүнтэй холбогдон гарах хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй.” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил гүйцэтгэх явцад аюул ажиллагааг хэн хариуцах, барилгын ажлын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг “Б” ХХК нь хариуцах талаар тусгасан байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд “Б” ХХК нь энэ хэрэгт хамааралтай эсэх, тус хуулийн этгээдийн ажилтан, албан тушаалтнуудын чухам ямар үүрэгтэй ажил гүйцэтгэж байсныг /арматур төмрийг тастах, багцлах, краны суманд зүүх үйлдлийг хэн хэн гүйцэтгэж байсан, хэн краны дохиочноор ажиллаж байсан, уг ажлын хөдөлмөр аюулгүй ажиллагааг хэн хариуцаж байсан зэргийг/ тогтоох, хэний үйлдэл, эс үйлдэл нь энэхүү осол гарахад нөлөөлсөн эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулжээ.

“Б” ХХК нь гэрээний дагуу ажиллах хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг зохих хэмжээнд хангасан эсэх, хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан үүргээ биелүүлж байсан эсэхийг зайлшгүй шалган тогтоох нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байна.

Гэмт хэргийг бүрэн дүүрэн, нарийн мөрдөн шалгаж, зөв зүйлчлэх нь шүүн таслах эрхийг хэрэгжүүлэхээс гадна хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгааны нэг төрөл болох тул дээр дурдсанчлан хэргийн оролцогчийг тогтоох талаар зөв дүгнэлт өгөх нь хохирогчийн “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг хангахад ач холбогдолтой болно.

  1. Зарим холбогдогчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, энэ асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай.

Хэргийн 1 дүгээр хавтасны 90-96 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр “Т” ХХК-ийн “Г” ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Цамхагт кран түрээсийн гэрээ” байгуулан барилга угсралтын ажилд ашиглаж байсан “QTZ-50” загварын цамхагт краны тоормос нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн заалтыг хангахгүй, краны оосорлолт, тоормосны найдвартай ажиллагааг шалгаагүй, краны ачаа өргөх механизмын тоормосны тохиргоо алдагдсан, аюулгүй ажиллагааг хангахгүй байсан зэргээр бүрэн бус ажиллагаатай кран байсан, мөн кранаар ачаа шилжүүлэх үед аюулгүй ажиллагаа хариуцах инженер, техникийн ажилчдыг томилох ёстой байтал томилоогүй талаар тусгагдсан байна.

Иймд, барилгын угсралтын ажил хийж байсан “Г” ХХК-ийн эрх бүхий алба тушаалтан, ажилтан нь краны аюулгүй ажиллагааг хангах, хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой байсан эсэх, мөн “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ээр кранаар ачаа шилжүүлэх үед аюулгүй ажиллагаа хариуцах инженер томилон ажиллуулах үүрэг хүлээсэн эсэхийг тодорхой болгохоор нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэв.

Дээр дурдсан асуудлыг нарийвчлан шалгалгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, энэхүү асуудлыг тодорхой болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг ...бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” зорилтод нийцэж байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Б.Дагважанцангийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч А.А-, цагаатгагдсан этгээд З.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч А.А-, цагаатгагдсан этгээд З.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ