| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2019/04031/И |
| Дугаар | 210/МА2021/01039 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2021/01039
| 2021 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2021/01039 |
А.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/00980 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХХ ХХК, БЗ ХХК-д тус тус холбогдох
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 56 600 000 төгрөгийг хариуцагч БЗ ХХК-иас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.А- 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БЗ ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч БЗ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах залуус хороолол хотхоны 6 дугаар орц 15 давхрын 1136 тоот 39.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Орон сууцны үнэ 1 м.кв талбайг нэхэмжлэгч 1 421 000 төгрөгөөр тооцож, нийт 56 600 000 төгрөгийг хариуцагч БЗ ХХК-ийн кассанд тушааж, байрны үнийг бүрэн төлсөн. Тухайн гэрээг байгуулах үед орон сууц нь ХХХ ХХК-ийн нэр дээр байсан нь тогтоогдсон. БЗ ХХК нь ХХХ ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсний үндсэн дээр байрны өмчлөлийг аваад нэхэмжлэгчид шилжүүлэх ёстой байсан ч уг үүргээ биелүүлээгүйгээс болж байр ХХХ ХХК-д хэвээр үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, БЗ ХХК нь нэхэмжлэгч А.А-ын өмчлөлд орон сууцыг шилжүүлэх боломжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болоод байгаа учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн 56 600 000 төгрөгийг буцаан шаардаад байгаа. Нэхэмжлэгч нь анх орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай шаардлага гаргаж үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар ХХХ ХХК-ийг татан оролцуулсан. Гэвч нэхэмжлэгч орон сууцны гэрчилгээ гаргуулах шаардлагаа өөрчилж мөнгө гаргуулах шаардлага болгосон учир хариуцагч ХХХ ХХК-аас татгалзаж байна. Хариуцагч талаас мөнгө хүлээж аваагүй гэж маргаж байгаа. Гэтэл хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт авагдсан. Уг баримтад БЗ ХХК-ийн тамга дарагдаж, нягтлан бодогч нь гарын үсгээ зурсан. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу талуудын хооронд №7/25 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Г.А- нь БЗ ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан. Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М.Г- нь БЗ ХХК-д ажиллаж, тус компанийг төлөөлөн үйл ажиллагаа эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байгаа. Нэгэнт нэхэмжлэгч А.А-аас 56 600 000 төгрөгийг БЗ ХХК хүлээн авсан болох нь хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч БЗ ХХК-аас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: БЗ ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж, гадаад, дотоод худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Э.Ганбаатар миний хувьд тус компанийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Л.Нарангэрэлээс шилжүүлэн авсан бөгөөд түүнээс хойш компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. 2017 онд А.А- нь надад маргаан бүхий гэрээг үзүүлж, байрны гэрчилгээг гаргуулахыг шаардах болсон. Ингээд бид компанийн холбогдох бичиг баримт, санхүүгийн баримтуудад шүүлт хийж үзэхэд Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Залуус хороолол 48 байр 1136 тоот 39.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны баримтууд байгаагүй. Энэ тухай А.А-, Э.Баярхишиг нарт хэлснээр тэд маргаан бүхий гэрээг байгуулсан М.Г-т холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байсан. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэгт БЗ ХХК-ийн зүгээс шаардлагатай бүх бичиг баримтыг гаргаж, холбогдох тайлбар, мэдүүлгийг өгч, Тэд аудит ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/18/73 тоот аудитын дүгнэлт гаргуулан өгсөн. Мөн компанийн баримт бичигт М.Г- нь ямар нэг албан тушаал эрхэлж байсан мэдээлэл байхгүй, компанийн тамга тэмдгийг хууль бусаар ашиглан эсхүл хуурамчаар үйлдэж, А.А-ыг хууран мэхэлж, хуурамч гэрээ байгуулан мөнгийг авсан байна. Тухайн орон сууцны өмчлөлийн асуудлаар өнөөдрийг хүртэл маргаантай байгаа бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан мөнгө компанийн тайлан, баланс, дансанд бүртгэгдээгүй, баримт бичгийн архивд хадгалагдан үйлдсэн зүйлгүй. Тухайн үед компанийн Хас банкны дансанд мөнгө орж байсантай хэн ч маргаагүй. Харин А.А-аас шилжиж ирсэн гэх нотлох баримт байхгүй. Маргаан бүхий гэрээнд БЗ ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал М.Г- гэж хүн гарын үсэг зурсан. Компанийн тухай хуулийн 83.8-д заасан байгаа. Улсын бүртгэлийн баримтаас үзэхэд тус өдрийн компанийн гүйцэтгэх захирлаар н.Нарангэрэл ажиллаж байсан, харин 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдрөөс Э.Ганбаатар гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн. Иргэний хуулийн 183.1-т заасны дагуу маргаан бүхий гэрээг байгуулсан М.Г- нь БЗ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх ямар нэгэн эрх бүхий субъект биш байсан. Талуудын байгуулсан гэх гэрээний 4, 5 дахь заалтууд, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд гэрээ хийх өдөр тухайн орон сууц нь бүрэн ашиглалтад орсон байсан. Харин 2018 онд ХХХ ХХК нь 2018 онд уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхтэй этгээд нь М.Г- огт биш. Хариуцагчийн зүгээс уг гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Гэрээг нотариатаар батлуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Цаашлаад компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд БЗ ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Миний мэдэхээр н.Нарангэрэл захирал БЗ ХХК-ийг 4, 5 сард худалдаж авсан гэдэг. Маргаан бүхий гэрээг зөвшөөрлийн үндсэн дээр хийж 56 600 000 төгрөгийг нэхэмжлэгч А.А-аас хүлээн авсан. Мөнгийг авсан тухайн өдрөө л Хас банкны дансанд хийсэн. Гэхдээ яг 56 600 000 төгрөг биш бага зэргийн зөрүүтэй 55 000 000 орчим төгрөг БЗ ХХК-ийн дансанд орсон. Тид аудит-ын дүгнэлтэд энэ мөнгө компанийн дансанд орсон болно гэж байгаа. Намайг ажиллаж байхад БЗ ХХК нь үндэсний хөрөнгө оруулалтын банкинд гэхэд 900 000 000 гаруй төгрөгийн өртэй, помпоо ломбардад тавьсан, нэлээд өртэй компани байсан. Дээрээс нь 2014 онд ямар ч нийгмийн даатгал төлөгдөөгүй. Би сүүлд нь очиж хэл ам хийж байж 2015 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгч А.А- болон хариуцагч БЗ ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Хэрвээ уг гэрээ хариуцагчийн хэлээд байгаа шиг үнэхээр хүчин төгөлдөр бус юм бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих асуудал яригдах ёстой. Хас банкны дансанд тухайн өдөр орсон баримтуудыг аудит судлаад 55 700 000 төгрөгийн орлого орсон гэж байгаа. А.А-аас гэх гүйлгээний утгыг бичээгүйн улмаас М.Г-, Г.А- нарыг залилан хийсэн гэх мэт зүйлийг ярих нь үндэслэлгүй байна. Компанийн тухай хуульд зааснаар тухайн үед БЗ ХХК-ийн захирал н.Нарангэрэлээс одоогийн захирал н.Ганбаатар худалдах, худалдан авах гэрээ байгуулан компанийг авсан. Компанийг шилжүүлэн авснаар тэрээр эдийн бус хөрөнгө, өр авлага бүгдийг 100 хувь шилжүүлж авсан гэсэн үг. Тийм байж ...тухайн үед хийсэн хэлцэл одоо надад хамаагүй, би хариуцахгүй гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тухайн үед гэрээнд компанийг төлөөлж зурсан, гэхдээ захирал н.Нарангэрэлийн зөвшөөрлөөр гэрээ байгуулж, мөнгийг БЗ ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тус БЗ ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хэргийн материалаас харахад тухайн мөнгө хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурсан байна. Энэ миний гарын үсэг мөн. Тэгэхдээ ажил үүргийн хуваарийн дагуу, захирлын зөвшөөрлөөр, БЗ ХХК-тай гэрээ хийсэн нөхцөлд гарын үсэг зурдаг байсан. Түүнээс би мөнгийг би хүлээж аваагүй, мөнгийг М.Г- захирал авсан. Ийм учир надад энэ 56 600 000 төгрөг хамаагүй, надад өөр мэдэх зүйл байхгүй. Аудитын дүгнэлтээс харахад мөнгө БЗ ХХК-ийн данс руу орсон гэдэг нь батлагдаж байна. Хариуцагчийн гаргаад буй тайлбар нь үнэнтэй нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А- нь хариуцагч ХХХ ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Батзуурмаг ХХК-иас 56 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батзуурмаг ХХК-аас 440 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйллийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон. Уг 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 7/25 тоот Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Залуус хороолол 48 байр 1136 тоот 39.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь дараах байдлаар хүчин төгөлдөр бус байна. Гэрээнд "Батзуурмаг" ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Г- гэж гарын үсэг зурсан. Хавтаст хэрэгт авагдсан "Батзуурмаг" ХХК-ийн улсын бүртгэлийн баримтаас үзэхэд 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлээр компанийн гүйцэтгэх захирлаар Л.Нарангэрэл бүртгэгдэн, үүний дараа 2015 оны 4 сарын 29-ний өдрийн бүртгэлээр Э.Ганбаатар гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэгдсэн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар М.Г- нь ямар нэг байдлаар "Батзуурмаг" ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байсан баримт байхгүй. Нөгөө талаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11, 11.3 дах хэсэгт тус тус зааснаар М.Г-ийг гүйцэтгэх захирлаар томилсон баримтыг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй учир түүнийг гүйцэтгэх захирал гэж тооцохгүй. 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 7/25 тоот гэрээ гэгчийг нэг талаас "Батзуурмаг" ХХК, түүнийг төлөөлж М.Г-, нөгөө талаас А.А- нар байгуулсан гэж байна. Маргаан бүхий гэрээний 4 дэх хэсэг, 5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримтад байгаа 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 520/2013 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт зэргээс харахад барилга нь бүрэн ашиглалтад орсон хөрөнгө байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргээс үзэхэд байрыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу гэрээг байгуулахаас өмнө "Ханхур холдинг" ХХК ашиглалтад оруулсан байна. Шалтгаан нь тодорхойгүй ч улсын бүртгэлийн Ү-2201053276 дугаарт бүртгэгдэж, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр "Ханхур холдинг" ХХК анхны өмчлөгчөөр бүртгүүлжээ. Үүнээс үзэхэд орон сууц худалдах, худалдан авах гэрээний хувьд маргаан бүхий хөрөнгө нь "Батзуурмаг" ХХК, М.Г- нарын хэн хэнийх нь хөрөнгө биш учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон хэлцэл нь нотариатаар батлуулаагүй буюу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл учир хүчин төгөлдөр бус юм. Гуравдагч этгээд М.Г-, Г.А- нарыг компанид ажиллаж байсан эсэх талаар маргаагүй бөгөөд харин хуульд заасны дагуу компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийж, мөнгө авах эрх бүхий этгээд биш гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг гаргасан. Тэдний шүүхэд гаргаж өгсөн "Хөдөлмөрийн гэрээ" гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатаар батлуулаагүй, өнгөт хувиар канондсон байсныг шүүгч мэдсэн атлаа уг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хууль бус юм. Үүнээс үзэхэд гуравдагч этгээдүүд нь компанийн үйл ажиллагааг мэддэг байсныхаа хувьд нэхэмжлэгчийг төөрөгдөлж оруулж, эсхүл хууран мэхэлж мөнгийг авсан байх боломжтой байхад шүүхээс уг асуудлыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс шүүх хуралдааныг явцад баримтлах дэгийг тогтоогоогүй. Хурлыг нээснээс хойш талууд өөрсдийн тайлбарын үндэслэлээ дахин тайлбарлаж, чөлөөтэй мэтгэлцэх боломжийг олгоогүй. Нотлох баримт шинжлэн судлахдаа шүүгч өөрөө хавтаст хэргийн хуудсыг эргүүлж, ямар нотлох баримтыг шинжлэн судалж байгаагаа оролцогчдод танилцуулаагүй. Үүнээс шалтгаалж талууд өөрсдийн тайлбарыг нотолсон баримтыг зааж, шинжлэн судлах боломж олгоогүй. Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдаж журмаар хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч БЗ ХХК, ХХХ ХХК-иудад холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хорооллын 6 дугаар орц, 15 давхар, 1136 тоот хаягт байршилтай, 39,83 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ханхур холдинг ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд шилжүүлсэн 56 600 000 төгрөгийг хариуцагч Батзуурмаг ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч БЗ ХХК эс зөвшөөрч маргажээ. /2хх-ийн 229/
Нэхэмжлэгч А.А- болон хариуцагч Батзуурмаг ХХК нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр №7/25 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Батзуурмаг ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хорооллын 6 дугаар орц, 15 давхар, 1136 тоот хаягт байршилтай, 39,83 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А.А-т шилжүүлэх, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх, нэхэмжлэгч А.А- орон сууцны үнэ 56 600 000 төгрөгийг Батзуурмаг ХХК-д төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 6/
Дээрх гэрээнд Батзуурмаг ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан М.Г- нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй байх боловч гэрээнд тус хуулийн этгээдийн тамга нь дарагдсан, түүнийг хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй байсныг мэдэх боломжтой байсан гэж гэрээний нөгөө талыг буюу нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Гуравдагч этгээд М.Г-ийн нийгмийн даатгалын дэвтэрт Батзуурмаг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар тэмдэглэгээ хийгдсэн, Батзуурмаг ХХК-ийн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил, албан тушаалыг гүйцэтгэх захирлаар, ажлаас чөлөөлсөн тушаалд гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн тухай баримтууд хэрэгт авагдсан байна. /хх-ийн 239-242/
Хэрэгт авагдсан 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Батзуурмаг ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий бэлэн мөнгөний орлогын баримтад ...Байгууллагын нэр: БЗ ХХК. Мөнгө тушаагч: А.А-. Гүйлгээний утга: Залуус хороолол, 1136 тоот байр худалдан авсан төлбөр төлөв. Тушаасан мөнгөний дүн: 56,600,000 төгрөг гэж тусгагдсан, /хх-ийн 9/ БЗ ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан гуравдагч этгээд Г.А- ...тухайн мөнгө хүлээн авсан баримт дээрх миний гарын үсэг мөн. Тэгэхдээ ажил үүргийн хуваарийн дагуу, захирлын зөвшөөрлөөр, БЗ ХХК-тай гэрээ хийсэн нөхцөлд гарын үсэг зурдаг байсан. Түүнээс би мөнгийг аваагүй, мөнгийг М.Г- захирал авсан... гэсэн тайлбар, / 3хх-ийн 6 / тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гуравдагч этгээд М.Г-ийн ...Маргаан бүхий гэрээг зөвшөөрлийн үндсэн дээр хийж 56 600 000 төгрөгийг нэхэмжлэгч А.А-аас хүлээн авсан. Мөнгийг авсан тухайн өдрөө л Хас банкны дансанд хийсэн, БЗ ХХК-ийн дансанд орсон...гэсэн тайлбар, тэдгээрийн цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг бүхий тэмдэглэлүүд, Тэд Аудит ХХК-ийн 2018 оны А/18/73 тоот аудитын дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Батзуурмаг ХХК нь нэхэмжлэгч А.А-аас 56 600 000 төгрөгийг хүлээн авсан нь нотлогдсон байна. /хх-ийн 45, 2хх-ийн 164-167, 175-176, 3хх-ийн 31-34//
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үзэж, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч А.А-аас 56,600,000 төгрөгийг БЗ ХХК хүлээн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 520/2013 тоот актаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Залуус хорооллын барилгыг ашиглалтад хүлээн авсан ба Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хорооллын 48а байрны 1136 тоот хаягт байршилтай, 39.83м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ХХХ ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгогдсон байх тул хариуцагч БЗ ХХК нь дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.А- нь хариуцагч БЗ ХХК-аас 56 600 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй болохыг зөв дүгнэсэн байна.
Гэрээнд БЗ ХХК-ийг төлөөлөх эрхгүй М.Г- гарын үсэг зурсан байдал нь тухайн гэрээг БЗ ХХК болон А.А- нарын хооронд байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж зааснаас үзвэл М.Г-тай уг компанийн гүйцэтгэх захирлын хувьд харьцаж, гэрээний харилцаанд орсон А.А-ын өмнө хариуцлага хүлээх этгээд нь БЗ ХХК байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохоор заасан байх ба уг гэрээнд хуулийн этгээдийн тамга дарагдсан байдлыг гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар М.Г- нь БЗ ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн А.А-тай хэлцэл хийсэн гэрээнд гарын үсэг зурсан энэ тохиолдолд өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээдийн хувьд хариуцагч нь төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй байхаас гадна гуравдагч этгээд М.Г- нэхэмжлэгчээс авсан мөнгийг компанид тушаагаагүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.
Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ...гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгчийг хууран мэхэлж мөнгийг авсан..., хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байх боловч шүүх хуралдаан явуулах дарааллыг шүүгч тогтоосон, шүүх хуралдааны дэгийн талаар талуудад танилцуулсан, асуулт асуусан, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан, тодруулан асуусан, талуудаас асуулт асууж, хариулт авсан талаар тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүх хуралдааны дэг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Н.БАТЗОРИГ