| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0286/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхамгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Нямхүүгийн Бд холбогдох 1708010200172 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улирлын чанартай ажил эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нямхүүгийн Б /РД: ../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч А.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...машины хаалгаар эхнэрээ гаргаж зам дээр эхнэрээ зодсон. Машины хойд талын хаалга онгойлгож үгийн зөрүүгүй намайг зодсон. Нүдний шил рүү шууд цохиж толгойн тус газар хоёр гурав удаа цохисон. ...Тухайн үед намайг ямар шалтгааны улмаас зодсоныг би сайн мэдэхгүй байна. Чи муу гичий манай эхнэрийг уруу татаж дагуулж явдаг гэж хэлээд тэр залуу зодоод байсан. Би тэр залууг танихгүй. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 х/
1.2.Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08-р сарын 20-ны оройн 23:00 цагийн үед СХД-ийн 12-р хороо Саппорогийн автобусны буудал дээрээс гэр лүүгээ харих гэж байгаад хурай ах Шинэхүүтэй тараад бид хоёр юм ярьж байгаад СХД-ийн 13-р хороо “Цэ” пабад орж 05 граммын хараа нэртэй архи хувааж уугаад сууж байхад манай эхнэр Цогтгэрэл надруу залгаад би Нтэй хамт архи уугаад согтуу явж байна, бид хоёр одоо чиний байгаа газар яваад очъё, чи бид хоёрыг караокед оруул гэж хэлэхээр нь би эхнэрт хандан надад мөнгө байхгүй байна, чи такси бариад хүрээд ир хоёулаа хамт гэр лүүгээ харьяа гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн. Тэгээд сууж байхад удалгүй манай эхнэр Цогтгэрэл Саппорогийн автобусны буудал дээр такситай ирчихлээ гэхээр нь ах Шинэхүүтэй хамт пабаас гараад Саппорогийн автобусны буудал дээр ирэхэд эхнэр Цогтгэрэл, Нтай хамт такситай ирчихсэн байхаар Цогтгэрэлд хандан чи гэр лүүгээ харих гэж байж хүн дагуулж ирлээ гээд би хоёр хоорондоо маргалдаж байгаад эвлэрээд таксинд суугаад явсан. Би Нт хандан яагаад манай эхнэрийг хонуут өнжүүтээр дагуулж архиддаг юм бэ гэж хэлэхэд Н чамд ямар хамаатай юм бэ гээд намайг хараагаад байхаар нь миний уур хүрээд Нийн зүүн талын хацар руу 2-3 удаа алгадахад Нийн нүдний шил нь хагарсан байсан. Тэгээд би таксинаас буугаад Шинэхүү ахын гэрт очиж хоносон. Өөр зүйл болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Т.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б ирээд таксинаас гараад ир гэхээр нь гарсан. ...Нандиагийн нүд рүү нь 2-3 удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 13-14, 15 х/
1.4.Гэрч П.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Их нарангийн орчмоос 2 эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад Саппоро үйлчилгээний төв рүү явсан. Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудалд иртэл нэг залуу ирээд цонхоор ард сууж явсан хоёр эмэгтэйтэй юм яриад байсан. Удалгүй ард сууж байсан нэг эмэгтэйг буулгаад автобусны буудлын хажууд зодоод байсан. Би машинтайгаа урагшлаад зогсоход араас тэр залуу нөгөө эмэгтэйг дагуулж ирээд машинд суусан. ...нөгөө Нандиа гэх эмэгтэйн нүүр рүү цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/
1.5.Шинжээчийн 458 тоот дүгнэлт
1.А.Н-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстын улайлт, дух, зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг, нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна.
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч Н.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Н.Б зан араншигийн хувьд хүнд хэлсэн ярьсандаа байдаг, сэтгэл сайтай залуу байгаа юм. Манай хамгийн бага дүү бөгөөд ах, эгч нартайгаа байнга холбоотой байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/
2.2.Гэрч Н.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хамгийн бага дүү байгаа юм. Бид нар эхээс 9-лээ, бүгд тусдаа гарсан. Манай дүү Б сэргэлэн цовоо, ажилсаг, ах, дүү нартаа маш тустай байдаг миний хайртай дүү байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/
2.3.Гэрч Н.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б миний доод талын дүүгийн дааргийн дүү байгаа юм. Миний дүү Н.Б зан араншигийн хувьд хүнд хэлсэн ярьсандаа байдаг, сэтгэл сайтай залуу байгаа юм. Манай хамгийн бага дүү бөгөөд ах, эгч нартайгаа байнга холбоотой байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/
2.4.Н.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38 х/
2.5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1. Шинжилгээний төлбөр тушаасан баримт /хх 95 х/,
3.2. Томографын зураг авхуулсан баримт /хх 26 х/,
3.3. “Дамно”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 96 х/,
3.4. Хохирогч А.Наранцэцэгийн ажилладаг “Хасцоож” ХХК-ийн тодорхойлолт /хх 79 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаар.
Н.Б нь архидан согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо “Саппоро” төвийн гадна талбайд А.Нийг “эхнэр дагуулж олон хоногоор явлаа” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстын улайлт, дух, зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Бийн “... Би Нт хандан яагаад манай эхнэрийг хонуут өнжүүтээр дагуулж архиддаг юм бэ гэж хэлэхэд Н чамд ямар хамаатай юм бэ гээд намайг хараагаад байхаар нь миний уур хүрээд Нийн зүүн талын хацар руу 2-3 удаа алгадахад Нийн нүдний шил нь хагарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч А.Нийн “... Машины хойд талын хаалга онгойлгож үгийн зөрүүгүй намайг зодсон. Нүдний шил рүү шууд цохиж толгойн тус газар хоёр гурав удаа цохисон. ...Тухайн үед намайг ямар шалтгааны улмаас зодсоныг би сайн мэдэхгүй байна. Чи муу гичий манай эхнэрийг уруу татаж дагуулж явдаг гэж хэлээд тэр залуу зодоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-12 х/,
Гэрч Т.Цогтгэрэлийн “...Б ирээд таксинаас гараад ир гэхээр нь гарсан. ...Нандиагийн нүд рүү нь 2-3 удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 13-14, 15 х/,
Гэрч П.Мягмарын “...Их нарангийн орчмоос 2 эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад Саппоро үйлчилгээний төврүү явсан. Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудалд иртэл нэг залуу ирээд цонхоор ард сууж явсан хоёр эмэгтэйтэй юм яриад байсан. Удалгүй ард сууж байсан нэг эмэгтэйг буулгаад автобусны буудлын хажууд зодоод байсан. Би машинтайгаа урагшлаад зогсоход араас тэр залуу нөгөө эмэгтэйг дагуулж ирээд машинд суусан. ...нөгөө Нандиа гэх эмэгтэйг нүүр рүү цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/
Шинжээчийн 458 тоот дүгнэлт
1.А.Н-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстын улайлт, дух, зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг, нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч А.Н хүнд зодуулж хөнгөн гэмтэл авсны улмаас ажилдаа яваагүй 20 гаруй хоносны цалин, хагарсан нүдний шилний үнэ нийт 500,000 төгрөгийг нэхэмжилсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирлын баримтуудаар тогтоогдож байгаа тул уг хохирлыг Н.Бээс гаргуулж хохирогч А.Нт олгох нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Н.Бд холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн боловч шүүгдэгч хувийн байдлын хувьд тогтмол орлогогүй, улирлын чанартай ажил эрхэлдэг, хохирогчид учруулсан 500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан тул дээрх 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлж эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Нямхүүгийн Бийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Н.Бийн урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлж эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Бд мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.Бээс 500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их-Нарангийн 14-32 тоотод оршин суух А.Н /РД:ОС81021309/-д олгосугай.
6.Н.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ