| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2024/0168/З |
| Дугаар | 126/ШШ2025/0009 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 126/ШШ2025/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шар барууд Д.Ч*********************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, нэхэмжлэгч Д.Ч*********************, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О********************* , Ө.Б********************* , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ш******************* ” ХХК-ийн өмгөөлөгч О.Чулуунбаатар, “А******************* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******************* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэлийн шаардлага
1.“Ш******************* ” ХХК, “А******************* ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдлын талаар товч
2.1.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрийн эзэмшлийн газар дээр “Ш******************* ” ХХК-аар ажилчдын орон сууц бариулахаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2018/02 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Д.Ч******************* 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Ш******************* ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
2.2.“Ш******************* ” ХХК Мөрөн сумын ****************** багийн нутаг дэвсгэрт байрлах 35 айлын ****************** байрны өмчлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлжээ. “Ш******************* ” ХХК 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “А******************* ” ХХК-тай 385 000 000 төгрөгийн №ЗГ****************** дугаартай зээлийн гэрээ, №БГ****************** дугаартай барьцааны гэрээ байгуулжээ.
2.3.Барьцааны гэрээгээр Хөвсгөл аймгийн ****************** багт байрлах 2121,12 м.кв талбай бүхий ****************** байрыг бүхэлд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалуулж, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч Д.Ч******************* энэхүү барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан.
3.Нэхэмжлэгч Д.Ч******************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** баг ****************** байрны оршин суугч Д.Ч******************* миний бие 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Ш******************* ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны барилгыг дуусгаж, хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулан, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл улсын комисст хүлээлгэн өгөөгүй.
3.2.Захиалагч иргэдийн зөвшөөрөлгүй барьцаалах, бусдад давхардуулан худалдан борлуулах зэрэг хууль бус үйлдлийг гүйцэтгэгч байгууллагын зүгээс удаа дараалан гарган улмаар “А ***************** ” ХХК-аас зээл гаргуулан, зээлийн барьцаанд тухайн орон сууцыг бүртгүүлсэн нь захиалагч иргэн миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
3.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар баригдаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** багт байрлах ****************** байрыг барьцаанд бүртгүүлэхдээ хууль болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоход хүргүүлсэн гэрээний заалтыг тус тус зөрчин “Ш******************* ” ХХК, “А ***************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр №БГ****************** дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн нь захиалагч иргэдээс зөвшөөрөл авах, захиалагч иргэдийн оролцоотойгоор банкнаас зээл авах эрхтэй байтал банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд хөрөнгийг бүртгэн, захиалагч иргэд бидний зөвшөөрлийг заавал авах ёстой байтал зөвшөөрөл аваагүй байна.
3.4.Уг асуудлаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргахад Улсын бүртгэлээс өөрийн үйлдлээ зөвтгөн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор мэдэгдэж, тус газрын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/1103 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн бүртгэсэн гэж өргөдлийн хариуг өгсөн.
3.5.Тухайн хөрөнгийг барьцаалах, 35 айл өрхийн зөвшөөрлийг ганц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын гарын үсэгтэй албан бичиг төлөөлөхгүй, уг 35 айлын орон сууцны 19 нь тухайн байгууллагын албан хаагчид тус бүр гэрээ хийсэн бөгөөд бусад байр захиалагч 16 иргэн нийт 35 айл өрхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга төлөөлж, зөвшөөрөл өгөх, төлөөлөх эрх олгоогүй.
3.6.Тухайн байрны орон сууцны захиалгын гэрээ тус бүрээр гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон бүрэн төлсөн иргэдийн хөрөнгөд дур мэдэн зөвшөөрөл олгох эрхгүй. Нийт албан хаагч, захиалагч иргэдийн зөвшөөрлийг авсан тухай хурлын тэмдэглэлийг хүргүүлж байгаа талаар байгууллагын албан бичиг байж болох боловч бүхэл бүтэн 35 айл, өрхийг төлөөлж бусдын хөрөнгөд халдах зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй.
3.7.Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрээний үндсэн дээр тодорхой нөхцөлтэй олгосон гэдгийг Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоход бүрдүүлэн өгсөн гэрээ, баримтуудад тодорхой заасаар байтал Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаа гэж үзнэ.
3.8.“Ш******************* ” ХХК нь 2019-2020 он хүртэл зээл авах талаар хөөцөлдөж, захиалсан иргэд, албан хаагчдаас заавал зөвшөөрөл шаардлагатай байна, ганц байгууллагын даргын албан бичгээр зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж захиалсан иргэд, албан хаагчдыг цуглуулж хуралдуулан, зөвшөөрсөн хурлын тэмдэглэл хэрэгтэй гэж, хуралдуулахад бид Банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүний зээлийн барьцаанд бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно.
3.9.Гэтэл захиалга өгсөн алба хаагч, иргэдийн зөвшөөрсөн хурлын тэмдэглэлгүй, байр захиалсан иргэдэд мэдэгдэлгүй 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, түүний барьцаанд бидний захиалж, худалдан авсан байрыг бүртгүүлжээ.
3.10.Үл хөдлөх эд хөрөнгийн Ү- ***************** дугаар авахад Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар гэрээнд заасан холбогдох заалтын шаардлага хангаагүй, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө зөвхөн банкнаас зээл авах, мөн гэрээний 3.17, 3.18-д заасан заалтуудын шаардлагыг хангах үүднээс Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь гэрээний хавсралт болгон хүргүүлсэн захиалагч албан хаагч, иргэдээс барьцаанд бүртгүүлэхийг зөвшөөрсөн талаарх нийт захиалагчдын хурлын тэмдэглэл, түүнийг хүргүүлж байгаа талаар байгууллагын албан бичгийг аваагүй, барьцаалбарыг бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан” гэх заалтыг зөрчсөн.
3.11.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байгаа эсэх тухай заалт, 15.1.11-д заасан барьцаалбарыг түүний хууль ёсны эзэмшигч бусдад шилжүүлэхийг барьцаалуулагч зөвшөөрсөн тухай заалт зэргийг тус тус зөрчиж бүртгэсэн тул уг бүртгэл нь мөн хуулийн 15.1-д зааснаар барьцаалбарын агуулгад тавигдах шаардлагыг хангаагүй тул “Ш******************* ” ХХК, “А ***************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэл (үйлдэл)-ийг болгож өгнө үү. Уг бүртгэлийн улмаас тухайн байрны өмчлөгч миний эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж байна.
3.12.Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа ерөнхий болон тусгай хугацаа байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Үргэлжилсэн шинжтэй үйлдлээр Чингэлтэй дүүргийн шүүх дээр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2025 онд маргаад явж байгаа.
3.13.Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаарт заасан улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Манай маргаан 6, 7, 8 дугаарт зааснаар шууд шүүхэд хандах маргаан.
3.14.Биднийг 2019 оны 10 сард хуралдуулаад банкнаас 350 000 000 төгрөгийн зээл авахад зөвшөөрөл хэрэгтэй байна гээд хурлын тэмдэглэл авч байсан. Энэ баримт улсын бүртгэлийн хэлтэст байх ёстой байхад “Ш******************* ” ХХК аваачиж өгөөгүй. Хавсаргаад өгсөн бол банк бусын барьцаанд тавих боломжгүй.
3.15.Мөн манай газрыг 15 жилийн хугацаатай “Ш******************* ” ХХК хууль бусаар өөрийн нэр дээр болгуулж, аймгийн Засаг даргын захирамж гаргуулсан байсан. Түүнийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүчингүй болгуулсан.
3.16.Гэтэл газар нь ийм эрхийн зөрчилтэй гэдгийг мэдсээр байж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байсан. Улсын бүртгэгчийг би энд холбоотой гэж бодож байгаа.
3.17.Газар дээр л зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргын зөвшөөрлийг авах ёстой. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар гэрээнд бүр тодорхой байгаа.
3.18.Хариу тайлбартаа өөр хөрөнгө оруулагч иргэн хуулийн этгээд байхгүй гэсэн байна. Гэтэл 35 айлын захиалсан хүмүүсийн нэрс оччихоод байхад юу яриад байгаа юм бэ? Захиалгаар баригдаж байгаа байр гэдгийг улсын бүртгэлийн хэлтэс мэдэж байсан шүү дээ.
3.19.2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хуралдах боломжгүй, алба хаагч нар ихэнх нь амарчихсан байсан. Яагаад амарчихсан байхад зээл хөөцөлдөөд ганцхан албаны даргын тоотоор бүртгэсэн бэ гэдгийг гайхаад байгаа юм. Биднийг дарга хэзээ ч төлөөлөхгүй.
3.20.Чингэлтэй дүүргийн шүүх дээр барьцаанд тавьсан 350 000 000 төгрөг нь банкаар дамжаагүй. Авсан, үгүй нь тодорхойгүй. 385 000 000 төгрөгийг аваагүй ч байх магадлалтай болчихсон. Тэгээд бид нарыг залилж, байрыг маань үнэ төлбөргүйгээр авах магадлалтай зүйл яриад байгаа юм.
3.21.Банк бус санхүүгийн байгууллага нь ч гэсэн та нараас зөвшөөрөл авахгүй байж болно. Өмчлөгч нь ганц хүн байна гээд байгаа юм. Яагаад шаардлагагүй байдаг юм. Өмчлөх эрхийг нь олохын тулд бид гэрээ байгуулсан шүү дээ. Хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал зөрчөөд байна.
3.22.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргын албан тоот банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавь гэсэн зөвшөөрөл биш. Албан тоотод банк бусын барьцаанд тавьж болно гэж дурдаагүй байсан. Зээлийн барьцаанд тавь гэсэн зүйл харагдаж байсан. Голомт банк, Төрийн банкнаас зээл авахад албаны даргын албан тооттой байр захиалагч нарын хурлын тэмдэглэл байх ёстой гээд шаардаж байсан.
3.23.Би хорь гаруй сая төгрөгөөр хашаа байшингаа зарсан. Гэтэл одоо жараас далан сая төгрөг хүрчихсэн. Хашаа байшинг зараад байрны урьдчилгаа хийж байсан. 2017 оны хашаа байшин хэдэн төгрөг болох вэ та нар бодоод үзээрэй. Өөрсдөө барилгын материал үнэ орсон үнээ нэмнэ гэж яриад байх юм. Миний зарсан газар, хашаа, байшин үнэгүй болох юм уу?
3.24.Би уурлаж, загнах битгий хэл уйлах багадах гээд байна. Одоо тэтгэвэрт гарах гэж байхад 20 жил ажиллаж олсон эд хөрөнгөө алдах гээд байхад хохироогүй гээд байгааг ойлгохгүй байна. Би та нарыг хуйвалдаж авсан гэж бодож байна.
3.25.Ү-дугаар авахад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээр 35 айлын захиалга өгсөн иргэдийг тоотой нь бүх зүйл хавсралтаар хүргүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчаас гадна бүр “Ш******************* ” ХХК-ийн хүмүүсийг хүртэл жагсаалтаар баталгаажуулаад гэрээний хавсралт болгоод өгсөн.
3.26.Гэрээг баталгаажуулсан хүн бол Ж.Б**************** дарга. Харин гэрээ байгуулсан хүмүүс нь захиалагчийг төлөөлж гээд өөр хүмүүс байгаа шүү дээ. Ядаж энэ хүмүүсээс зөвшөөрөл авах ёстой байсан.
3.27.Улсын бүртгэлийн буруутай үйл ажиллагааны улмаас барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл нь энэ гэрээг хүчин төгөлдөр болгоод байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг миний байраар хангуулах гээд байгаа нь миний эрх ашгийг зөрчөөд байгаа юм.
3.28.Урьдчилсан тэмдэглэл хийхэд “Ш******************* ” ХХК-ийн зөвшөөрөлтэй байх ёстой гэж тухайн үед яригдаж байсан. Тэгтэл улсын бүртгэлийн хуулиар шууд гэрээгээ өгөөд бүртгүүлж болох байсан юм билээ. Сүүлд барьцааны гэрээтэй холбоотой маргаан гараад бид нарын эрх хөндөгдөөд эхлэхээр улсын бүртгэлийн тэмдэглэгээ хийлгэх хэрэгтэй юм байна гээд хийлгэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О********************* , Ө.Б********************* нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
4.1.Эрхийн улсын бүртгэлийн Ү- ***************** дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын ****************** баг, ****************** байр хаягт байрлах “Ш******************* ” ХХК /4133749/-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь “А******************* ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ****************** , №БГЗГ****************** дугаартай, 385 000 000 /гурван зуун наян таван сая/ төгрөгийн үнийн дүнтэй 12 сарын хугацаатай үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэгдсэн бүртгэлтэй байна.
4.2.Уг барьцаалбартай барьцааны гэрээг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгэх журмын 11 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн дутуу гүйцэтгэлтэй барилгын ажил гүйцэтгүүлж буй захиалагч тал болох Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/1103 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн бүртгэсэн бөгөөд тухайн үед барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэл хийж бүртгүүлсэн өөр хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээд байхгүй байсан ба уг бүртгэл нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй болно.
4.3.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/1103 дугаартай албан бичгийг хавсралтаар хүргүүлэв гэжээ.
4.4. Ж.Б**************** дарга зөвшөөрөл өгөхөөр манайх яагаад бүртгэсэн бэ гэвэл барилгын ажил гүйцэтгэх гэрээнд Ж.Б****************, З.Г**************** хоёр төлөөлөөд гарын үсгээ зурсан байсан. Энэ албан тоотыг өгөхдөө хурлын тэмдэглэл хийсэн эсэх, захиалагч нараасаа хуралдаж зөвшөөрөл авсан эсэх асуудал нь тухайн шийдвэр гүйцэтгэх газрын дотоод асуудал.
4.5.Хэрвээ энэ албан тоотыг хууль бус гэж үзэж байгаа бол энэ захиргааны хэргийн маргаан биш иргэний хэргийн маргаан байх аа гэж үзэж байна.
4.6.Манай байгууллагын бүртгэгч нар “Ш******************* ” ХХК-тай хуйвалдаад, “ А**************** ” ХХК-тай хуйвилдаад бүртгэсэн юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Одоогийн байдлаар манайх цагдаагийн байгууллага дээр шалгагдаад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна эсвэл нотлох баримт алга болсон байна гэдэг маргаан байхгүй.
4.7.Мөн 2019 онд “Ш******************* ” ХХК-ийн газрын гэрээ гэрчилгээ хүчин төгөлдөр байхад нь манайх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон. Сүүлд мэдсэнээр 2020 онд газрын маргаан гараад газар нь хүчин төгөлдөр бус болсон байсан. Газар нь хүчин төгөлдөр бус боллоо гээд дээрх эд хөрөнгө нь хүчин төгөлдөр бус гэсэн юм байхгүй шүү дээ.
4.8.Үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлэхэд захиалагч иргэдийн жагсаалт, барилга угсралтын гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд байсан.
4.9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын барилга угсралтын гэрээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрсдөө хийсэн. Тэгэхлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зөвшөөрөл авах нь зүйтэй гэдэг байдлаар зөвшөөрлийг авсан.
4.10.Хувь иргэдтэй хийсэн бол захиалгын гэрээ шаардлага байхгүй. Барилга нь дутуу гүйцэтгэлтэй байсан. Зөвхөн иргэдийн хөрөнгө оруулсан барилга дээр иргэдийн зөвшөөрлийг авдаг.
4.11.Иргэдийн орон сууц захиалгын гэрээ манай байгууллагад байхгүй. Манайд сүүлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхэд хүн тус бүрээр орон сууц захиалгын гэрээг авсан.
4.12.Ер нь захиалгын гэрээ бол дутуу гүйцэтгэлтэй барилгын хувьд тухайн иргэн байгууллагын хооронд хэдэн ч удаа хийгдэж, хэдэн ч удаа захиалагч солигдож, ашиглалтанд орж, улсын комисс хүлээж авах хүртэл өөрчлөгдөх боломжтой тул тэр бүрчлэн бүртгэл дээр авахыг шаардахгүй.
4.13.Анх удаа бүртгүүлэхдээ хөрөнгө оруулсан иргэн байгаа бол дутуу гүйцэтгэлтэй барилгыг бүртгэхдээ тухайн иргэний зөвшөөрлийг л авдаг. Тэгэхлээр энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ****************** байрны хувьд зөвхөн барилга угсралтын гэрээний үндсэн дээр баригдаж байгаа учраас тухайн байгууллагын зөвшөөрлийг авсан.
4.14.Энэ ****************** байрны хувьд хөрөнгө оруулагч нь барилга угсралтын гэрээгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд анхны бүртгэл дээр бүртгэгдчихсэн учир тухайн байгууллагыг гуравдагч этгээд гэж үзэж байгаа.
4.15.Урьдчилсан тэмдэглэгээг байгууллага дээр хийдэггүй. Иргэн тус бүр дээр хийгдэх ёстой. Тэгэхлээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэн байгаагүй учраас иргэнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Зөвхөн барилга угсралтын гэрээгээр барилга бариулж байгаа тухайн байгууллагын ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй учраас зөвшөөрлийн албан тоот авсан гэв.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А******************* ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******************* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
5.1.“Ш******************* ” ХХК нь манай байгууллагаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ****************** тоот зээлийн гэрээ, БГ****************** тоот барьцааны гэрээ, 67-42883 тоот барьцаалбар байгуулан өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** баг, ****************** байр хаягт орших 75 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгаа бүхэлд нь барьцаалж эрх бүхий байгууллагуудаар батлуулан зээл авсан.
5.2.Өмчлөлийн гэрчилгээ дээр “Ш******************* ” ХХК-аас өөр этгээд бүртгэгдээгүй байсныг дурдья.
5.3.Д.Ч******************* нь нэхэмжлэлдээ ****************** байрны захиалагч иргэдээс зөвшөөрөл аваагүй ... БГ****************** тоот барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл/-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.4.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.8-д “эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан шалгах”, 10.7-д “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.
5.5.Мөн БГ****************** тоот барьцааны гэрээний 2.1-т “Барьцааны зүйлийн талаарх гуравдагч этгээдийн эрх гэсэн асуултад “Ш******************* ” ХХК-ийн төлөөлөгч захирал З.Г**************** нь “байхгүй” хэмээн хариулж байсан нь барьцааны гэрээнд тусгагдсан байгаа.
5.6.Улмаар манай хоёр байгууллагын зээлийн гэрээ болон барьцааны гэрээг анх Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд ямар нэгэн гуравдагч этгээдтэй холбоотой үүрэг ногдуулсан хэлцэл болон тусгай урьдчилсан тэмдэглэгээ хуульд заасны дагуу бүртгэгдээгүй байснаар БГ****************** тоот барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газар бүртгэж, манай байгууллага улсын бүртгэлийн үнэнд итгэн зээл олгосон.
5.7.“Ш******************* ” ХХК болон иргэн Д.Ч******************* нарын хоорондын тохиролцоо ямар байлаа ч Д.Ч******************* нь өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлж Улсын эрх бүхий байгууллагад үүрэг ногдуулсан хэлцэл болон тусгай, урьдчилсан тэмдэглэгээ хуульд заасны дагуу бүртгүүлээгүй.
5.8.Мөн “Ш******************* ” ХХК-тай ямар нэгэн байдлаар тохиролцсон хүмүүс төлбөрөө төлөөгүйн улмаас “Ш******************* ” ХХК нь зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн гэж манайх ойлгож байна.
5.9.Улмаар “Ш******************* ” ХХК нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаан дахь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх бүрэн боломжтой тул Д.Ч******************* нь “Ш******************* ” ХХК-тай хоорондын учраа олох нь зүйтэй хэмээн манай байгууллага үзэж байна.
5.10.Иймд Д.Ч******************* нэхэмжлэлийн шаардлагад дурдсан БГ****************** тоот барьцааны гэрээг хүчингүй болгох ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.11.Манайх хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газрыг дэмжиж оролцож байна. Ингэж дэмжиж оролцсоноороо Д.Ч***************-ын ярьж байгаагаар бид нар нэг тал хуйвалдаад бүлэг хүмүүс болоод байгаа юм биш.
5.12.Улсын бүртгэлийн газар нь барьцааны гэрээг бүртгээд зээл олгосны дараа “Ш******************* ” ХХК зээлээ төлөхгүй байсан учир бид иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүхэд хандсан чинь Улсын бүртгэлийн байгууллага манай зээлийн гэрээ, барьцааны гэрээг бүртгэхдээ Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас бичиг авсныг бид нар тэр үед мэдэж авсан.
5.13.Өмнө нь бол бид “Ш******************* ” ХХК нь ямар захиалагч нартай гэрээтэй гэдэг талаар мэдээгүй, барьцааны гэрээний 2.1 дээрх асуултад тийм юм байхгүй гэж хариулсан учраас бид тэрнийх нь дагуу улсын бүртгэлд өгсөн.
5.14.Улсын бүртгэл дээр хэрвээ манайхыг бүртгэхээс өмнө захиалагч нар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол энэ барьцааны гэрээ бүртгэгдэхгүй байх ёстой. Ингээд асуудал үүссэн тул бид лавлагаа авч үзэхэд барьцааны гэрээгээ бүртгүүлэхээс өмнө ямар нэг тэмдэглэгээ байхгүй байсан. Одоо ч гэсэн шүүхэд ирсэн материалуудад тэмдэглэгээ байхгүй л байгаа.
5.15.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Д.Ч******************* тодорхой хэмжээний албан тушаалтай юм билээ. Тэгэхээр албан тушаалтны хувьд үүнийг мэдэж байгаа. Тэгвэл тэр үед асуудлаа үүсгэхгүй яасан юм бэ? Яагаад бид нарын зөвшөөрөлгүйгээр барьцааны гэрээ бүртгэгдсэн байна гээд тэр үед асуудлаа үүсгэхгүй яасан юм?
5.16.Одоо бас газрын маргаан гээд яриад байна. Газрын маргаанаар улсын бүртгэлийн байгууллагад “Ш******************* ” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гарчихаад байхад тэр маргаанаа үүсгэхгүй яасан юм бэ?
5.17.Ямар ч маргаан үүсгэхгүй явж явж одоо бид нарын мөнгөөр байр нь ашиглалтад ороод тэр байранд тухтай сайхан амьдарч байж одоо ийм асуудал үүсгээд байгаа нь бид нарын ойлгосноор мөн шүүхэд өгсөн иргэний болон захиргааны хэргийн шүүхэд өгсөн материалаас харахад бол наад хүмүүс чинь зөвхөн анх захиалгын гэрээ хийсэн бага хэмжээний мөнгөн дүнгээрээ энэ байрыг худалдаж авах ашиг сонирхол л харагдаж байна.
5.18.Тэрнээс хойш барилгын материалын үнэ нэмэгдсэн. Тодорхой хэмжээгээр манай байгууллагад зээл төлж байгаа. Ганцхан манайх зээлийн хүү аваад байгаа юм биш шүү дээ. Банк ч гэсэн адилхан авна шүү дээ.
5.19.Тэгэхээр энэ дээр адилхан энэ байгууллагын чинь зардал тодорхой хэмжээгээр өсөөд байгаа учир захиалгын гэрээндээ бүх л байгууллагуудад өөрчлөлт оруулаад яваад байгаа шүү дээ.
5.20.Яагаад заавал тэрийг авсан үед хийсэн гэрээн дээрээ үндэслээд тэр мөнгөөрөө байрыг авч бусад хүмүүсийг хохироох гээд дээрэнгүй, луйварчин шинжтэй, бусад хүмүүсийн хийсэн юмыг үгүйсгээд дайраад байгаа юм бэ? Та нарт одоо ямар ч алдагдал байхгүй. Сайхан байранд амьдраад байж л байна. Та нар тэр байранд амьдрахгүй гэвэл гар л даа.
5.21.Хэрвээ бид зээл олгоогүй бол наад барилга чинь өдийд балгас хэвээрээ л байж байгаа шүү дээ. Ямар ч газар зээл өгөөгүй бол наад газар чинь балгас хэвээрээ л байж байгаа.
5.22.Бид нар Хөвсгөл аймагт “Ш******************* ” ХХК нь ямар байгууллагатай захиалгын гэрээ хийсэн, ямар байгууллагатай барилгатай холбоотой харьцаа тогтоосныг мэдэх ямар ч боломж байхгүй.
5.23.Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн газар бүртгэчихсэн. Дараа нь лавлагаанаас харахад өмнө нь ямар нэг тэмдэглэгээ байгаагүй. Тийм учраас бид “Ш******************* ” ХХК-тай захиалгын гэрээ хийсэн үү гээд Хөвсгөл аймаг даяар асуугаад яваад байх юм байхгүй.
5.24.Тэгэхээр улсын бүртгэлийн газар бүртгэчихсэн л бол бид зээлээ өгөх үүрэгтэй. Зээлийн гэрээ яаж явагдсан, яаж өгөгдсөн нь бол Д.Ч****************-д хамаагүй. Бид нар хоорондоо мөнгөө яаж өгөлцөж, авалцсан, хууль ёсны, хууль ёсны бишийг тогтоодог хүн нь бол Д.Ч******************* биш.
5.25.Шүүхийн шийдвэр болон газрын маргаан тухайн үедээ гаргаагүй. Мэдэх бүрэн боломжтой байсан. Жишээлбэл Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дэд дарга нь барьцаанд бүртгэхийг улсын бүртгэлд зөвшөөрсөн бичиг өгсөн байна билээ. Тэр үедээ гомдлоо гаргахгүй яасан юм.
5.26.Манай байгууллагын зүгээс хууль ёсны барьцааны гэрээ хуулийн дагуу бүртгэгдсэн байна. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна.
5.27.Мөн Д.Ч******************* нь хуульд заасны дагуу дээд шатны байгууллага буюу улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаагүй учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.
5.28.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Ш******************* ” ХХК-ийн хооронд захиалгын гэрээ, маргаантай зүйлс байгаа юм байна. Энэ маргаантай зүйлийг гэрээнд заасны дагуу иргэний шүүхэд хандах ёстой. Газрын маргаан, захиалгын гэрээ хоорондын маргааныг иргэний шүүхдээ хандах ёстой.
5.29.“Ш******************* ” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Хууль ёсны өмчлөгчтэй бид барьцааны гэрээ болон зээлийн гэрээ хийсэн. Барьцааны гэрээг бүртгүүлэхэд урьдчилсан тэмдэглэгээ буюу ямар нэг юм хийгдээгүй мөн давхар өмчлөгч байхгүй учраас улсын бүртгэгч бүртгэсэн нь зөв.
5.30.Харин улсын бүртгэлийн газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрт хамааралгүй зөвшөөрлийн бичиг авч асуудлаа хүндрүүлсэн байна гэж харж байна.
5.31.“Ш******************* ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргая гэж өөрсдөө зөвшөөрөөд гэрчилгээ гаргуулсан. Тэгээд бид хоорондоо захиалгын гэрээтэй шүү. Бид нарын хооронд ийм асуудал байгаа шүү гэдгээ хэлээд улсын бүртгэлийн газар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх ёстой. Үүнийгээ хийлгээгүй.
5.32.Нэхэмжлэлээ тодорхой болгооч гэхэд хариуцагч нар барьцааны гэрээг хүчингүй болгохгүй ээ. Бүртгэгч нарын буруутай үйлдлийг тогтоолгох гээд байгаа юм гэж хэлсэн. Захиргааны хэргийн шүүх буруутай үйлдлийг тогтоохгүй гэж үзэж байна.
5.33.Хэрэв буруутай үйлдэл нь тогтоогдоод энэ үйлдэл нь буруу байна гэвэл барьцааны гэрээ чинь хүчинтэй, хүчингүй байх уу гэдэг асуудал үүснэ. Бараг хүчингүй талдаа болно. Тэгэхээр энэ хүний гаргаж байгаа нэхэмжлэл нь өөрөө захиргааны хэргийн шүүхтэй ямар ч холбоогүй байгаа юм.
5.34.Иймд нэхэмжлэлийг буцаах үндэслэл байна. Мөн улсын бүртгэлийн ерөнхий газарт давхар хандаагүй байгаа учраас энэ хэргийг буцааж өгнө үү гэв.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ш******************* ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч О.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:
6.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** багт баригдсан 7 давхар орон сууцны барилгыг бүхэлд нь “ А**************** ” ББСБ-д барьцааны болон зээлийн гэрээг байгуулан зээл авч холбогдох хууль, журмын дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст барьцаалбарыг бүрдүүлсэн болно.
6.2.Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.
6.3.Учир нь нэхэмжлэгч Д.Ч******************* Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч бөгөөд маргаан бүхий барьцааны гэрээг 2021.07.27-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг тус шүүхэд хянан шийдвэрлэгдсэн “А******************* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ш******************* ” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байхдаа мэдсэн байдаг.
6.4.Энэ нь тус иргэний хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.28-ны өдрийн 155/ШЗ2023/0276****************** захирамж /1ХХ-62-65/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.07.28-ны өдрийн 02/908, 02/912, 2023.08.18-ны өдрийн 01/990, 2023.12.12-ны өдрийн 01/1657 дугаартай итгэмжлэлүүд /1ХХ-66, 72, 103, 217 хуудас/, 2023.07.28-ны өдрийн Д.Ч***************-ын шүүхэд гаргасан хүсэлт /1ХХ-68/, нэхэмжлэл гардуулсан баримт /1ХХ-73/, 2023.08.11-нд Д.Ч***************-ын шүүхэд гаргасан хариу тайлбар /1ХХ-80, 81/, 2023.08.08, 2023.11.24, 2023.12.01, 2024.02.08-ны өдрүүдийн хэрэг танилцуулсан баримтууд /1ХХ-102, 211, 213, 2ХХ-257, 474, 3ХХ-510/, Д.Ч***************-ын 2023.08.15-ны өдрийн бие даасан шаардлага /1ХХ-104, 105/, мөн шүүхийн шүүгчийн 2023.08.23-ны өдрийн 155/ШЗ2023/0366****************** захирамжууд /1ХХ-112-116, 159-162, 182-185/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1ХХ-166-168/ зэрэг баримтуудаар эргэлзээгүй шууд тогтоогдоно.
6.5.Иймд нэхэмжлэгч Д.Ч***************-ын нэхэмжлэлийн “Ш******************* ” ХХК, “А******************* ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6.6.Мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээд шатны захиргааны байгууллага буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газар юм.
6.7.Гэтэл нэхэмжлэгч нь барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаагүй.
6.8.Харин Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлттэй нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс танилцаад 2024.11.12-ны өдрийн 30/1345 дугаар албан бичгээр “... уг бүртгэл нь ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй тул хүсэлтийн дагуу хүчингүй болгох боломжгүй ...” гэсэн хариу өгчээ.
6.9.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмын дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа мөн алдсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий бүртгэлийг хэзээ мэдсэн талаар огт дурдаагүй.
6.10.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
6.11.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримттай тайлбар хиймээр байна. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэж ярьж байна. Үүнийг гэм буруутай эсэхийг эрүүгийн хэргийн шүүх тогтоодог. Ийм бичиг баримт байхгүй байхад хуурамч бичиг баримт үйлдсэн гэж гүтгэж байна.
6.12.Чингэлтэй дүүрэгт иргэний хэрэг хянагдаж байгаа гэж яриад байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.
6.13.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор иргэний болон захиргааны хэргийн харъяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоол гарсан.
6.14.Энэ тогтоолд захиргаа болон иргэний хэргийн маргааныг зааж өгсөн байгаа. Учир нь ийм төрлийн маргаан байнга гардаг. Ялангуяа улсын бүртгэлтэй холбоотой маргааныг тайлбар хэсэгт тодорхой заасан байдаг.
6.15.Үүнээс үзэхэд энэхүү маргаан нь иргэний эрх зүйн харилцаанд үүсэх маргаан байх бөгөөд захиргааны хэргийн шүүх “Ш******************* ” ХХК болон “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохгүй.
6.16.Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх тогтоох боломжгүй юм.
6.17.Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаад байгаа барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гарган шийдвэрлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
6.18.Ийм учраас Улсын дээд шүүхийн 24 дүгээр тогтоолын дагуу энэ маргаан нь гэрээнээс үүдэлтэй маргаан учир иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан юм.
6.19.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх харъяаллын хэрэг маргаан биш учир бас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна.
6.20.“Ш******************* ” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйл болон Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 11.1-д тус тус зааснаар эд хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлээс баталсан загварын дагуу холбогдох хууль журмуудын дагуу баримтыг хавсаргаж байгууллагад бүртгүүлсэн.
6.21.Хууль болон холбогдох журмаар заавал бичгээр зөвшөөрөл авна гэсэн заалт би олж харахгүй байна.
6.22.Тус ****************** байр болох маргаан бүхий орон сууц нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ажилчдын орон сууц бөгөөд захиалагч нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар юм.
6.23.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь тухайн байгууллагыг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд учраас 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/1103 дугаартай албан бичгээр барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Энэ зөвшөөрлийн дагуу тухайн бүртгэлийг хийсэн байдаг.
6.24.Нэхэмжлэгч тухайн бүртгэлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн нь эс үйлдэхүйгээр нотлогдож байна. Заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгийг нотлоод байгаа юм. Энэ байгууллагаас зөвшөөрлийг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албан хаагчдын хурлыг удаа дараа хийхэд холбогдох тайлбарыг хийгээд зөвшөөрлийг аваад энэ албан бичиг гарсан.
6.25.Өмнө барьцааны гэрээг бүртгэх үед Д.Ч******************* нь урьдчилсан тэмдэглэгээг огт хийлгээгүй байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болох “Ш******************* ” ХХК-ийн хуульд заасан урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй байхад урьдчилсан тэмдэглэлтэй холбоотой бүртгэлийг хийлгэсэн байдаг.
6.26.Тухайн барьцааны гэрээ бүртгэсэн бүртгэлээс хойш 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэгч Д.Ч******************* нь 20 тоот орон сууц болон 03 тоот авто зогсоолд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн.
6.27.Үүнтэй холбоотой маргаан захиргааны хэргийн шүүх дээр явж байгаад 03 тоот авто зогсоолдоо урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр “Ш******************* ” ХХК-аас зөвшөөрөл авсан байдаг. 03 тоот авто зогсоолын зөвшөөрөл авсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
6.28.“Ш******************* ” ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй нь Монгол Улсын Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4 дэх хэсэгт урьдчилсан тэмдэглэгээг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэсэн заалт, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамтран мэдүүлэг гаргана гэсэн заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 22.1. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана гэж заасныг зөрчсөн.
6.29.Иймээс хариуцагч буюу Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн байгууллага нь Д.Ч***************-тай гэрээ байгуулсан гэдгийг мэдэх боломжгүй, хууль зөрчөөгүй, зохих журмын дагуу бүртгэлийг хийсэн.
6.30.Нэхэмжлэгч өөрийнхөө яг ямар эрх ашиг сонирхол нь тухайн бүртгэлийн маргаантай холбоотойгоор зөрчигдөөд байгаагаа тодорхой тайлбарлахгүй байна. Улсын бүртгэлийн бүртгэлийг хүчингүй болгуулснаар яг ямар эрх ашиг нь сэргэх тухай огт дурдаагүй.
6.31.Барьцааны гэрээг бүртгэсэн Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа гуравдагч этгээд “ А**************** ” ХХК-д эрх зүйн хамгаалалт бий болгосон бүртгэл юм. Нэхэмжлэгчийн орон сууц захиалгын өмчлөх эрхийг зөрчөөгүй.
6.32.Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд улсын бүртгэлийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх тогтоох боломжгүй.
6.33.Яагаад гэвэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад бүртгэлийг давхар хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.
6.34.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт урьдчилан шийдвэрлэх журмаар улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэг буюу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх 3 үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
7.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ч***************-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны актын талаар
8.“Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээгээр[1] Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- ***************** дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** багт байрлах, 2121.12 м.кв талбайтай ****************** байрыг 385 000 000 төгрөгийн зээлийн гэрээний[2] үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.
9.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ”, 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасан.
10.Үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах боломж нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж байгаа тул “Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэх захиргааны актын бүх шинжийг агуулж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар
11.Нэхэмжлэгч Д.Ч******************* нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2017/02 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-гээр Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ****************** баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдын орон сууцны 5 дугаар давхарт 3 өрөө, 72.35 м.кв талбайтай 24 тоот хаалганд байрлах орон сууцыг захиалсан, урьдчилгаа төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээ[3], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
12.“Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээгээр[4] Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- ***************** дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** багт байрлах, 2121.12 м.кв талбайтай ****************** байрыг 385 000 000 төгрөгийн зээлийн гэрээний[5] үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан бөгөөд энэхүү 2121.12 м.кв талбайтай орон сууцны 72.35 м.кв талбайтай 3 өрөөг нэхэмжлэгч Д.Ч******************* захиалсан байна.
13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
14.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ”, 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасан.
15.Иймд нэхэмжлэгч Д.Ч******************* Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** баг, 2121.12 м.кв талбайтай ****************** байрнаас 72.35 м.кв талбайтай 3 өрөөг захиалагч болохын хувьд түүний захиалсан байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийн талаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.
Хөөн хэлэлцэх хугацааны талаар
16.“Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийн талаар нэхэмжлэгч Д.Ч******************* Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо 2023 онд мэджээ.
17.Гэвч нэхэмжлэгч Д.Ч******************* захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх үзлээ.
18.Захиргааны ерөнхий хуулийн 4****************** зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан тул Д.Ч******************* “Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандаж өргөдөл гаргах боломжтой.
19. Д.Ч****************-д Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 30/1345 тоот албан бичгээр “Таны ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. “Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг хүчингүй болгох боломжгүй. Бүртгэл хүчингүй болгохтой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана уу” гэсэн агуулгатай хариу өгсөн байгааг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзлээ.
20.Иймд нэхэмжлэгч Д.Ч******************* Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ****************** зүйлийн 8.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: ... 8.1.4.ипотек /барьцаа/-ийн”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, ****************** зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасантай нийцэж байна.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар
21.Хэргийн оролцогчид нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй гэж маргаж байх боловч шүүх энэхүү маргаан нь урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй, шүүхэд шууд хандахаар хуульд заасан байна гэж үзэв.
22.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ****************** зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: ... 8.1.4.ипотек /барьцаа/-ийн”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно”, 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, ****************** зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой маргааны хувьд шүүхэд шууд хандах боломжтой байна.
Хэргийн харьяаллын талаар
23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.”,
24.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."захиргааны байгууллага" гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг”, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж заасан.
25.Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг орон нутгийн байгууллага буюу захиргааны байгууллага бөгөөд түүний үйл ажиллагаа болох улсын бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүнээс гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэнэ.
26.Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмаар хязгаарлагддаг.
27.Нэхэмжлэгч Д.Ч******************* “Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлтэй маргаж байгаа тул захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэж үзлээ.
Маргааны үйл баримт, хууль зүйн үндэслэл
28.Нэг талаас барилгын ажлын үндсэн хөрөнгө оруулагч, ерөнхий гүйцэтгэгч “Ш******************* ” ХХК, барилга угсралтын ажлыг туслан гүйцэтгэгч “Сант-Өндөр” ХХК, нөгөө талаас захиалагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих анги 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/02 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г[6] байгуулжээ.
29.Энэхүү гэрээгээр Мөрөн сумын ****************** багт орших Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн эзэмшлийн газар дээр алба хаагчдын 35 айлын орон сууцны барилгыг бариулах, захиалагчийн орон сууцанд орохоор нэрсээ өгсөн албан хаагчид байрны урьдчилгаа төлбөрийг төлөх болон гэрээний бусад үндсэн нөхцлүүдийг тохирчээ.
30.Тухайлбал тус гэрээний 1.4-т “Захиалагчийн орон сууцанд орохоор нэрсээ өгсөн алба хаагчид нь байрны урьдчилгаа төлбөрийг дараах хоёр нөхцлийн аль нэгийг сонгон төлөх боломжтой ...”, 2.7-д “Захиалагч тал нь аль нэг байр захиалсан алба хаагчийн өмнөөс санхүүгийн хариуцлага хүлээхгүй болно” гэж заасан байна.
31.Дараа нь “Ш******************* ” ХХК болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар баталж гарын үсэг зурсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г[7] байгуулж, энэхүү гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талуудын байгуулсан 02 тоот гэрээний[8] салшгүй хэсэг бөгөөд тус гэрээнд заасан заалтууд хүчин төгөлдөр болно гэжээ.
32.Энэхүү 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.13-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон “Ш******************* ” ХХК-ийн хамтран тулгаж гаргасан 35 иргэний нэрс нь энэхүү гэрээний нэг хэсэг бөгөөд хавсралтад заагдсан иргэдээс өөр иргэнд орон сууц борлуулахгүй, ямар нэгэн маргаан гаргахгүй байхыг гүйцэтгэгч тал захиалагч талын өмнө бүрэн хариуцна” гэж заасан байна.
33.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон “Ш******************* ” ХХК-ийн орон сууц захиалгын мэдээлэл гэх баримтын[9] 24 дүгээрт Д.Ч******************* давхарын тоо 5, өрөөний дугаар 24, өрөөний тоо 3, орон сууцны талбайн хэмжээ 72,35 м.кв гэжээ.
34.Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “Ш******************* ” ХХК-ийн 2019 оны 11 дугаар сарын 01-ний гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт[10] 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” болон тус гэрээний нэг хэсэг болох Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон “Ш******************* ” ХХК-ийн орон сууц захиалгын мэдээлэл[11] гэх баримтыг хавсаргасан байжээ.
35.Иймд “Ш******************* ” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: ...10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” заасны дагуу захиалагчийн нэрсийн жагсаалтыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн нь тогтоогдож байна.
36.Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/02 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний[12] 1.4-т “Захиалагчийн орон сууцанд орохоор нэрсээ өгсөн алба хаагчид нь байрны урьдчилгаа төлбөрийг дараах хоёр нөхцлийн аль нэгийг сонгон төлөх боломжтой ...”, 2.7-д “Захиалагч тал нь аль нэг байр захиалсан алба хаагчийн өмнөөс санхүүгийн хариуцлага хүлээхгүй болно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: ...10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж заасан.
37.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгохоор заасан.
38.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** багийн нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эзэмшлийн газар дээр баригдсан 35 айлын ****************** байр нь тус байгууллагын төрийн үйл ажиллагаа явуулах албаны барилга биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид буюу хувь хүмүүсийн суурьшин амьдрах зориулалттай барилга болох нь хэрэгт авагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүд, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
39.Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** багийн нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эзэмшлийн газар дээр баригдсан 35 айлын ****************** байрны захиалагч нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бус, харин тухайн байгууллагын албан хаагчид орон сууцны хөрөнгө оруулагч, захиалагч байна гэж шүүх үзлээ.
40.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална”, 4.5-д “Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг Засгийн газар батална” гэж заасан.
41.Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын Арван нэг дэх хэсгийн 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус баримтална”, 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэрээг мөн хуулийн 12.2-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасан.
42.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: ... 11.1.9.барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэжээ.
43.“Ш******************* ” ХХК, “ А**************** ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээнд[13] барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг тусгаагүй.
44.Гэсэн хэдий ч урьд “Ш******************* ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт[14] хавсаргаж өгсөн баримтад захиалагч иргэдийн нэрсийн жагсаалт[15] байсан тул хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж зааснаар барьцааны гэрээг бүртгэхгүй байх үүрэгтэй.
45.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/1103 тоот албан бичгээр[16] ирүүлсэн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн гэх боловч байгууллагын дарга хувь хүмүүсийг төлөөлөхгүй.
46.Учир нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/02 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.4-т “Захиалагчийн орон сууцанд орохоор нэрсээ өгсөн алба хаагчид нь байрны урьдчилгаа төлбөрийг дараах хоёр нөхцлийн аль нэгийг сонгон төлөх боломжтой ...”, 2.7-д “Захиалагч тал нь аль нэг байр захиалсан алба хаагчийн өмнөөс санхүүгийн хариуцлага хүлээхгүй болно” гэж заасан тул тус байгууллагын алба хаагчид бие даан иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй.
47.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Ч******************* Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ж.Батмөнхөд хэлцэлд төлөөлөх итгэмжлэл олгоогүй болох нь түүний тайлбараар нотлогдож байна.
48.Гуравдагч этгээд “А******************* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.Ч******************* “Ш******************* ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэнийг мэдэж байсан. Барьцааны гэрээ бүртгэгдэхээс өмнө урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн агуулгаар маргасан.
49.“Ш******************* ” ХХК, “А******************* ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө Д.Ч******************* улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа[17], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
50.Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасан.
51.Тодруулбал хууль тогтоогч урьдчилсан тэмдэглэл хийлгэхийг захиалагчид үүрэг болгоогүй, харин түүний эрх байхаар хуульчилжээ.
52.“Ш******************* ” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ[18] Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д заасны дагуу захиалагчийн нэрсийн жагсаалтыг[19] Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгчихсөн байсан тул захиалагч урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн эсэхээс үл хамаарч улсын бүртгэлийн байгууллага Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэрээг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах учиртай.
53.Нэхэмжлэгч Д.Ч******************* Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй гэдэг нь хариуцагчийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг зөрчсөн үйлдлийг зөвтгөхгүй.
54.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү ***************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас”[20] үзэхэд бүртгэлийн гуравдугаарт 2121.12 м.кв талбайтай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** баг, ****************** байрыг бүхэлд нь барьцаалсан 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн нэг бүртгэлтэй, Д.Ч***************-ын захиалсан 72.35 м.кв талбайтай байрыг барьцаалсан бүртгэлийг салгаж бүртгээгүй тул тус барьцааны бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч***************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ш******************* ” ХХК, “А******************* ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Ш******************* ” ХХК, “А******************* ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ****************** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** баг, ****************** байрны Ү ***************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гуравдугаарт бичигдсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч****************-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 79-81 дүгээр хуудас
[2] Хэргийн 77-7****************** хуудас
[3] Хэргийн 10 дугаар хуудас
[4] Хэргийн 79-81 дүгээр хуудас
[5] Хэргийн 77-7****************** хуудас
[6] Хэргийн 70-71 дүгээр хуудас
[7] Хэргийн 53 дугаар хуудас
[8] Хэргийн 70-71 дүгээр хуудас
[9] Хэргийн 54 дүгээр хуудас
[11] Хэргийн 54 дүгээр хуудас
[12] Хэргийн 70-71 дүгээр хуудас
[13] Хэргийн 79-80 дугаар хуудас
[14] Хэргийн ****************** хуудас
[15] Хэргийн 54 дүгээр хуудас
[16] Хэргийн 25 дугаар хуудас
[17] Хэргийн 84 дүгээр хуудас
[18] Хэргийн 50 дугаар хуудас
[19] Хэргийн 54 дүгээр хуудас
[20] Хэргийн 84 дүгээр хуудас