| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0177/З |
| Дугаар | 128/ШШ2025/0363 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0363
2025 05 15 128/ШШ2025/0363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б. /РД:/
Хариуцагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г., Б.
Маргааны төрөл: Төрийн албаны маргаан
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн маргаан бүхий
дүгээр Ажлаас чөлөөлж, нөөцөд бүртгэх тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай;
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч Б.ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар Газрын тосны бодлогын газрын даргын албан тушаалд томилжээ.
2.2. Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дүгээр тушаалаар тус яамны нэр, бүтэц болон орон тоонд өөрчлөлт орж уг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
2.3. Дээрх тушаал нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.
2.4. Маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
2.5. Уг гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албан нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүй, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Тодруулбал, Б.ыг яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын *******Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-ын дагуу маргаан үүсгэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд та тухайн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өгчээ.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон хуулийн заалт нь тодорхойгүй, мөн Б.ын эрхэлж байсан Газрын тосны бодлогын газрын нэр ижил, хэрэгжүүлэх чиг үүрэг, газрын даргын орон тоо хэвээр байхад түүнийг бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийн тушаал нь хэрхэн өөрчлөгдсөн, бүтцийн өөрчлөлтөөр тухайн ажлын байрны орон тоо хасагдсан эсэх, эсхүл цөөрүүлсэн эсэх нь тодорхойгүй зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс ... Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрчлөлт орж, батлагдан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгон өөрчилсөн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 30 дугаар тогтоол батлагдаж тус яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийг шинэчлэн баталсан.
Дээрх Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ******* дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт, чиг үүргийг, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг тус тус баталсан.
Ингэхдээ Газрын тосны бодлогын газар нь дээрх тогтоолын 3.3.2-т заасны дагуу Эрдэс баялгийн бодлогын газарт чиг үүрэг, асуудал нь шилжсэн.
Тус газрын даргаар Ч., Б. нарын мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, мэргэжил, боловсролын байдал, төрийн албанд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэж томилгоо хийсэн агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. гэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр тушаал гаргаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болж бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэх хууль бус үндэслэл зааж нэхэмжлэгч Б.аас тус яамны Газрын тосны бодлогын газрын даргын албан тушаалаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, нөөцөд бүртгэхээр шийдвэрлэж түүний ажил үүргийг уг тушаалын дагуу хүлээн авч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Уг тушаалыг гарсан даруйд нь Б.т хамт олны дунд танилцуулж эрхэлж байсан ажлыг нь хүлээн авсан ба тэрээр уг тушаалыг хууль зүйн хувьд үндэслэлгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх эрхэнд халдсан хэмээн үзэж хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хариуг өгсөн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан боловч үр дүн гараагүй учраас шүүхэд хандан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлийг, 46.2 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нэрлэн заасан ба Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга маргаан бүхий дугаартай ажлаас чөлөөлж нөөцөд бүртгэх тухай тушаал гаргахдаа дээрх хуульд заасан яг аль үндэслэлээр нь төрийн албанаас чөлөөлж байгаа тухай тушаал гаргахдаа дээрх хуульд заасан яг аль үндэслэлээр нь төрийн албанаас чөлөөлж байгаа талаар тушаалдаа заагаагүй нь Б.ын хөдөлмөрлөх эрхэнд шууд халдсан гэж үзэх төдийгүй хууль бусаар, хууль зүйн үндэслэл тушаалд заалгүйгээр түүнийг төрийн албанаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Б. нь 2009 онд ******* ******* ******* олон улсын их сургуулийг хими, биологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөөд 2009 онд ******* ******* ХХК-нд нүүрсний химич, баяжуулах үйлдвэрийн нүүрсний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан ажлын туршлагатай нэгэн болно.
Тэрээр 2016 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Хүнд үйлдвэрийн хэлтсийн даргаар төрийн албанд ажиллаж байгаад, 2018 оноос Хүнд үйлдвэрийн газрын тосны бодлогын газрын даргаар ажилласан. 2020 оноос Газрын тосны бодлогын газрын даргаар томилогдон ажиллаж ирсэн.
Б. нь төрийн жинхэнэ албан хаагчийн өрсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүй, үүрэг хариуцлагыг дээд зэргээр баримтлан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үр дүн жил бүр ... хувь буюу түүнээс дээш үнэлэгдэж, ямар нэгэн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргалгүй шударгаар ажиллаж ирсэн. Уг албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон ажлын байрны тодорхойлолтод заасан мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагын шаардлагыг бүрэн хангасан төрийн жинхэнэ албан хаагч болно.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тус яамны нэр 2020 онд өөрчлөгдөж бүтцээр Газрын тосны бодлогын газар болсон хэдий ч 2024 онд тухайн яамны болон Б.ын хариуцан ажил үүргээ гүйцэтгэж байсан Газрын тосны бодлогын газрын нэр ижил хэрэгжүүлэх чиг үүрэг, газрын даргын орон тоо хэвээр байхад түүнийг бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэх хууль бус үндэслэл зааж төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 2 дугаар зүйлийн 2.5-д ... Газрын тосны бодлогын газар /Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэстэй/... гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 4 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бүтцэд өөрчлөлт орж байсан бөгөөд гэнэт өнөөдөр бүтцийн өөрчлөлт орсон мэтээр дур мэдэн Б.ыг ажлаас чөлөөлж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул маш их гомдолтой.
Улсын *******Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд дураараа авирлан багаа бүрдүүлэх нэрийдлээр жирийн ажилтан, албан хаагчдын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хажил хөдөлмөрлөх эрхлэх, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхэнд шууд халдсан аливаа хууль бус шийдвэр гаргах нь төрийн байгууллагуудын хүнд суртлын нэг хэлбэр гэж бид ойлгож байна. Харин ч Улсын *******Хурлын намрын чуулганы хуралдаанаар нэр, чиг үүрэг өөрчлөгдөөгүй /солигдоогүй/ төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөхгүй байх талаар Засгийн газраас яамд руу чиглэл, Төрийн албаны зөвлөл рүү Зөвлөмж хүргүүлж байсан байдаг.
Улсын дээд шүүхийн тайлбарт: ... орон тоо хасагдсан... гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална ... гэж, ... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгоно... гэж маш тодорхой тайлбарласан.
Маргаан бүхий дүгээр тушаалаас үзэхэд нэхэмжлэгч Б.ын эрхэлж байсан ажил, албан тушаал нь хэрхэн өөрчлөгдсөн бүтцийн өөрчлөлтөөр тухайн ажлын байрны орон тоо хасагдсан эсэх, эсхүл орон тоог цөөрүүлсэн эсэх нь ч туйлын тодорхойгүй байгааг шүүгч та онцгой анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С. нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй буюу захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг хүртэл ноцтой зөрчсөн ба Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С. нь хууль, дүрмээ ч мэдэхгүй хууль бусаар бусдын хөдөлмөрлөх эрхэнд халдаж буй хууль бус үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч надаар дамжуулан Б. нь шүүхэд илэрхийлж байна.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ... Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. гэгч этгээд ноцтой зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэнд шууд халдсан нь түүнийг шударгаар хөдөлмөрлөх эрхэнд халдах замаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэхээр байна.
Нөгөө талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. нь маргаан бүхий дүгээр тушаалыг гаргахдаа уг тушаалын хууль зүйн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг үндэслэн тушаал гаргасан нь ойлгомжгүй байгаа бөгөөд яамны төрийн нарийн бичгийн даргын ажил, үүргийг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэх, тус яамны өдөр тутмын үйл ажиллагааг болон төрийн албан хаагчийг ажилд томилох, чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргах эрх зүйн чадамжгүй этгээд гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байгааг хэлье. Өөрөөр хэлбэл, Төрийн ямар ажил, албан тушаал хашиж байгаа гэдгээ ухамсарлан ойлгоогүй гэж үзэхээр байгаа юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилох, чөлөөлөх хууль зүйн зохицуулалтгүй мэтээр төрийн дур зоргоор авирлаж төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нийтлэг болон нэмэгдэл баталгааг зөрчиж, ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйлдэлд нь бид маш их гомдолтой байгаа уг тушаалыг төрийн албаны зөвлөл эсхүл шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу төрд учруулсан хохирлыг хууль бус шийдвэр гаргасан буруутай этгээдээр заавал нөхөн төлүүлэхийг хүсье.
Б.т түүнийг ажлаас чөлөөлж, нөөцөд бүртгэх тухай дугаар тушаалыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсаны дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан үндэслэл журмын дагуу Төрийн албаны зөвлөлд хандаж бичгээр гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй ба түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо.
Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснээр төрийн жинхэнэ албан хаагч Б.ын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж үзсэн болно. Мөн энэхүү нэхэмжлэлд хавсаргаж байгаа зарим нэхэмжлэгч талд эх хувиар байхгүй учраас хуулбар хувийг хавсаргасан ба эх хувийг шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хариуцагч талаас гаргуулан хэрэгт хавсаргаж өгнө үү.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн маргаан бүхий А/44 дүгээр ажлаас чөлөөлж, нөөцөд бүртгэх тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож, Б.ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, түүний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрчлөлт орж батлагдан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгон өөрчилсөн.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 30 дугаар тогтоол батлагдсанаар тус яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийг шинэчлэн баталсан.
Дээрх хууль, Засгийн газрын 2024 оны 30 дугаар тогтоолд заасны дагуу Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт, чиг үүргийг, мөн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Албан тушаалын тодорхойлолт батлах тухай дугаар тушаалаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг тус тус баталсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр буюу өмнөх бүтцээр/ Газрын тосны бодлогын газрын даргаар Б., тус газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар Ч. нар тус тус ажиллаж байсан.
Засгийн газрын 2024 оны Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 30 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн өөрчлөлтөөр Б.ын ажиллаж байсан Газрын тосны бодлогын газар нь дээрх тогтоолын хавсралтын 3.3.2-д заасны дагуу Эрдэс баялгийн бодлогын газарт газрын тосны бодлогын асуудал, чиг үүрэг нь шилжсэн, харин Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс нь Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон батлагдсан.
Ингэснээр Газрын тосны салбарын бодлого болон хэрэгжилтийн асуудлыг хариуцаг чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан тушаал /ажлын байр/-ын орон тоо нэгээр цөөрсөн болно.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; гэж хуульчилсан.
Б. нь /төрийн албан хаагчийн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анкет дээр хими технологи ******* гэх, Б.ын хувийн хэрэгт дипломын хуулбар байхгүй/ төрийн албан хаагчийн хүний нөөцийн хур систем-ээс боловсролын мэдээллийг харуулдаг бөгөөд системийн бүртгэлээс харахад биологи биоэкологи мэргэжилтэй /бакалавр/ байх бөгөөд төрийн албанд 8 жил ажилласан туршлагатай, харин Ч.гийн хувьд нефть хийн хадгалалт тээвэрлэлтийн инженер, эрх зүйч мэргэжилтэй /бакалавр, магистр/ бөгөөд Төрийн удирдлагын менежер, техникийн ухааны доктор, төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай байна.
Дээр дурдсан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн тул, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу Б., Ч. нарын мэдлэг уг чадвар, ажлын дадлага, мэргэжил, боловсролын байдал болон төрийн албанд ажилласан туршлага зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг илүү хангасан Ч.г тус яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.3. биечлэн уулзах гэж заасны дагуу сонсох ажиллагааг биечлэн уулзаж хийсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 10 минутад Б.т сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр зохион байгуулж, холбогдох тэмдэглэлийг үйлдсэн байх бөгөөд тус яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын Хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээчээр ажиллах саналыг тавьж Б. өөрөө танилцсан байдаг. Гэвч нэхэмжлэгч Б. тухайн саналыг зөвшөөрөөгүй тухай сонсох ажиллагааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох; гэж заасны дагуу тус яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын Хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээчийн ажлын байранд ажиллах саналыг тавьж мөн эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон.
Иймд Төрийн албаны тухай болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуульд заасан яг аль үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж байгаа талаар тушаалдаа заагаагүй, газрын нэр, хэрэгжүүлэх чиг үүрэг, даргын орон тоо хэвээр байхад бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэх хууль бус үндэслэл зааж төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус байна , ...сонсох ажиллагаа хийгээгүй буюу захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл, байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг ноцтой зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.
3.Хариуцагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс Засгийн газрын 2024 оны Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 30 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Газрын тосны бодлогын газар нь Эрдэс баялгийн бодлогын газарт газрын тосны бодлогын асуудал, чиг үүрэг нь шилжсэн, харин Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс нь Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон батлагдсантай холбогдуулан Газрын тосны салбарын бодлого болон хэрэгжилтийн асуудлыг хариуцан чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн, албан тушаалын тодорхойлолтыг шинээр баталсан, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын мэргэжлийн шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй болсон, нэхэмжлэгчийн мэргэжлийн индексд таарах албан тушаал нь Аж үйлдвэрийн бодлогын газрын Хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд ажиллах саналыг тавьж, эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон гэж тайлбарлан маргаж байна.
4.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгон өөрчилж, мөн Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 30 дугаар тогтоолоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийг шинэчлэн баталжээ.
5. Дээрх хууль, тогтоолд үндэслэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүгээр тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт, чиг үүргийг, мөн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Албан тушаалын тодорхойлолт батлах тухай дугаартай тушаалаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг тус тус баталсан байна.
6.Ийнхүү Засгийн газрын 2024 оны Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хэлбэр батлах тухай 30 дугаар тогтоолын хавсралтын 3.3.2-т заасан бүтцийн өөрчлөлтөөр Газрын тосны бодлогын газрын тосны бодлогын асуудал, чиг үүрэг нь тус яамны Эрдэс баялгийн бодлогын газарт шилжиж, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс нь Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Газрын тосны бодлогын газрын даргын албан тушаал (ажлын байр)-ын орон тоо байхгүй болжээ.
7.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 424, 425, 426, 427, 428 дугаар тогтоолоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг томилох эрх бүхий албан тушаалтанд олгосны дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байна.
8.Дээрх албан тушаалын тодорхойлолтод албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг Газрын тосны инженер (072405-072408), химийн инженерчлэл ба боловсруулалт (0711), дэлхий судлал (053204-053209) гэж заасан ба нэхэмжлэгч Б.ын эзэмшсэн Биотехнологи-н мэргэжлийг тусгагдаагүй, мөн Боловсролын зэргийг Магистр ба түүнээс дээш гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг шаардлагыг хангахгүй буюу бакалавр, туршлагын хувьд төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигджээ.
9.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, тус яамны бүтэц өөрчлөгдөхөөс өмнө Газрын тосны бодлогын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д. нь ******* ******* Ю дээд сургуулийг Биотехнологи мэргэжлээр 2009 онд төгссөн, бакалавр, төрийн албанд 8 жил ажилласан туршлагатай, харин тус газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч. нь ШУТИС-ыг Нефть хийн хадгалалт, тээвэрлэлтийн инженер мэргэжлээр 2004 онд бакалавр, 2007 онд магистраар, Удирдлагын академийг 2005 онд Төрийн удирдлагын менежер, ************** олон улсын их сургуулийг 2022 онд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцан төгссөн, төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай байна.
10.Хариуцагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар Ажлаас чөлөөлж, нөөцөд бүртгэх тухай тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Газрын тосны бодлогын газрын дарга (хуучнаар) Б.ыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, удирдах ажилтны нөөцөд бүртгэж, Б.т эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож, ажил, амралтын тооцоог бодож дуусгаж, ажлыг хүлээлцүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.
11.Хариуцагчаас шийдвэрийн үндэслэлээ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн тул, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу Б., Ч. нарын мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, мэргэжил, боловсролын байдал болон төрийн албанд ажилласан жилийн туршлага зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг илүү хангасан Ч.г тус яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон гэж тайлбарладаг.
12.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасан.
13.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Газрын тосны бодлогын зохицуулалтын газрын даргын албан тушаал (ажлын байр) нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж, улмаар Засгийн газрын тогтоол тус яамны үйл ажиллагааны стратеги, шинэчлэн баталсан бүтцийн дагуу байхгүй болж цөөрсөнтэй холбоотойгоор хариуцагчаас Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг илүү сайн хангасан Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан албан хаагчийг тус газрын даргаар томилсон нь үндэслэлтэй байна.
14.Хариуцагчаас Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс нэхэмжлэгчид шаардлага хангаж буй албан тушаал буюу тус яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын Хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээчээр ажиллах саналыг тавьсан боловч нэхэмжлэгчийн зүгээс тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй болох нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
15. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасны журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заасны дагуу нэхэмжлэгчид тус яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын Хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээчийн ажлын байранд ажиллах саналыг тавьж, улмаар эрхэлж байсан албан тушаалын 3 сарын тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, удирдах ажилтны нөөцөд бүртгэж шийдвэрлэсэн маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
16.Өөрөөр хэлбэл, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс тус байгууллагын шаардлага хангаж буй өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг санал болгосныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй энэ тохиолдолд маргаан бүхий хариуцагчийн дээрх шийдвэр нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцсэн байна.
17.Тиймээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны албан хаагчдын албан тушаалын шаардлага, ажлын байр, нэхэмжлэгч Б.ын мэргэжил, боловсрол, ажилласан жилийн туршлага зэргийг харгалзан нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлснийг хариуцагчид олгосон эрх хэмжээний хүрээнд, сонгох боломжийг хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн хэрэглэсэн шийдвэр байна гэж шүүх үзлээ.
18.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын даргын орон тоо байхгүй болж, цөөрсөн нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн яамны бүтэц өөрчлөгдсөн ч газрын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэх тайлбарыг хүлээн авч, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй нэхэмжлэгчийг шинэчлэн байгуулагдсан Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилох хууль зүйн үндэслэлгүй.
19.Хэргийн оролцогч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сонсох ажиллагааны мэдэгдэлд нэхэмжлэгчээс тайлбар бичиж, гарын үсэг зурсан нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа хийх захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
20.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.ын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР