Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/55

 

Ц.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1505 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.Ч-д холбогдох 2208 03717 1798 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Ц-ы Ч-, 1989 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Х” НҮТББ-д менежер ажилтай, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Ц.Ч- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд иргэн Б.Г-ыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 13-1 тоотод байх үед нь “Америкийн Нэгдсэн Улсаас хямд, бөөний үнээр автомашины дугуй захиалж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 28.604.997 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4444444444 тоот данс руу шилжүүлэн авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ц.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт Ц Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад дэлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Ч-гаас 28.604.997 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-д олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж,

шүүгдэгч Ц.Ч-г цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Б.Хонгорзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

  1. Шүүгдэгчийн хувийн байдал: Шүүгдэгч Ц.Ч- нь эрхэлсэн тодорхой ажилтай буюу “Х” НҮТББ-д менежер ажилтай бөгөөд 10 настай эрэгтэй, 15 настай эмэгтэй хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болно. Мөн улс төр, нийгмийн идэвх өндөр, бусдыг сайн үйлсийн аянд уриалах, нийгэмд чиглэсэн олон олон арга хэмжээ зохион байгуулдаг нийгэмд сайн үйл хэрэг бүтээхэд манлайлж оролцдог ба энэ чиглэлээрх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад удирдах түвшний албан тушаалд ажиллаж байгаа болно. Мөн хүүхдүүдийнхээ хичээл, сургалт, хүмүүжилд маш өндөр анхаарал тавьдаг ээж бөгөөд бүх төрлийн дугуйланд хамрагдуулж, хоёр хүүхдийнхээ ангийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилладаг эмэгтэй болно. Эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулан хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа хэдий ч бүхий л талаар нь хөгжүүлж, хүмүүжүүлэхийг зорьж хичээж байгаа болно.
  2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухайд: Шүүгдэгч Ч- нь өөрийн сайн найз болох Учралын хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч “Америкийн Нэгдсэн Улсаас хямд бөөний үнээр автомашины дугуй захиалан авчруулахаар” харилцан тохиролцож, хохирогч Б.Г-аас 28.604.997 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. 5000 ширхэг дугуйг 5000 ам.доллароор захиалсан боловч цар тахлын улмаас хил гааль дээр гацаж, дугуйг хугацаанд нь авч ирж өгөөгүй, одоог хүртэл захиалсан дугуйнуудыг авчирч өгөхгүйгээр 2 жилийн хугацаа өнгөрч хохирогч Б.Г-ын өмчлөх эрх болон цаг хугацаа алдагдуулж байгаадаа маш их харамсаж байгаагаа илэрхийлж, хохирлын төлбөр мөнгийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлсэн болно. Шүүгдэгч Ц.Ч-гийн хувьд байнгын ажлын байранд ажилладаг тул цалингийн зээл хөөцөлдөж, тус төлбөр мөнгөө өгч барагдуулахаар төлөвлөж тус хугацааг хэлсэн байдаг. Мөн хохирогч Б.Г- нь шүүх хуралдааны явцад гомдол саналгүй, зөвхөн хохирол мөнгөө төлүүлээд авчихвал, заавал ял өгүүлэх сонирхол алга байна гэх зэргээр илэрхийлж байсан бөгөөд шүүгдэгч Ц.Ч-г хохирлоо 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна гэхэд аливаа хэлбэрээр татгалзаагүй байдаг болно.
  3. Хөнгөн гэмт хэргийн хувьд хамгийн хүнд ялын төрлийг сонгон хэрэглэсэн: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүх тус гэмт хэрэгт оногдуулах ялын хувьд сонгох боломжтой тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг огт харгалзаж үзээгүй, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсээр байхад тухайн хөнгөн гэмт хэрэгт ногдуулах ялын хамгийн хүнд төрлийг сонгон хэрэглэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал нь ялын төрлийг сонгох, цаашлаад сонгосон ялын хэмжээнд ямар харьцаатай нөлөөлж байгаад эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй. Ц.Ч-гийн хувьд заавал эрх чөлөөг нь хязгаарлахгүйгээр нийгэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид засрал, хүмүүжлийг ажиллах орчин, гэр бүлийн орчин болон бусад сайн дурын нэгдэлд идэвхтэй байдаг хүний хувьд амархан өөртөө бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Ийнхүү Шүүгдэгч Ц.Ч-д 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, мөн эрүүгийн хариуцлага гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг зөрчсөн шийдвэр болсон. Учир нь, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад илэрхийлж хурлын тэмдэглэлд тусгуулсан төдийгүй ийнхүү илэрхийлсний дагуу хохирогч Б.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол 28.604.997 төгрөгийг 2023 оны 12-р сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирол төлбөрөө төлж барагдуулна гэсэн илэрхийлэл бодит үндэслэлтэй болохыг өнөөдрийн байдлаар харах боломжтой байна.

Хохирогч Б.Г- нь шүүгдэгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн, гомдолгүй болохыг илэрхийлж, анхан шатны ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах агуулга бүхий бичиг үйлдэж хэрэгт хавсаргасан.

Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдлээ ухамсарлаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах нөхцөл байдал үүссэн байх тул давж заалдах шатны шүүхээс тус байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн, шүүгдэгч 10 болон 15 насны 2 хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг эх, мөн нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж, нийгэмдээ болон хүүхдүүдийн анги, эцэг эхчүүдийн хооронд хүүхэд хүмүүжлийн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, бизнесийн удирдлага болон хятад хэлний орчуулагч зэрэг мэргэжлийг эзэмшиж түүний үр өгөөжийг ашиглан нийгмийн идэвхтэй амьдардаг зэрэг нөхцөл байдал, эрх зүйн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхээр байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзэж, Ц.Ч-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би дугуйны бизнес ашигтай болохоор найздаа санал тавиад дугуй Америк улсаас оруулж ирэхээр болсон. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Би хоёр хүүхдээ тэжээн тэтгэдэг. Надад ганц удаа боломж олгож, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчээс шүүгдэгч Ц.Ч-аас биеийн байцаалтын талаар асуухад Ц.Ч- нь өөрийгөө өрх толгойлсон эх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар мэдүүлсэн. Хувиараа ямар ажил эрхэлдэг талаар тодруулж асуухад “онлайн шоп ажиллуулдаг. Сарын орлого 2.5-3 сая төгрөг” гэдэг байдлаар хариулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, ийм байдлаар мэдүүлж байгаагүй. Уг хэрэг 2021 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн. 2023 оны 11 сар буюу хоёр жилийн хугацаанд хохирол төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргаагүй. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Ц.Ч- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд хохирогч Б.Г-ыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 13-1 тоотод байх үед нь “Америкийн Нэгдсэн Улсаас хямд, бөөний үнээр автомашины дугуй захиалж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 28.604.997 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4444444444 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Б.Г-ын: “...Ц.Ч- "би машин Америкаас оруулж ирж зардаг, машины дугуй нэг оруулж ирж зараад ашиг олж байсан" гэхээр нь би сонирхоод ярьж тохиролцоод Америкаас нийтдээ 5000 ширхэг дугуй захиална гэж тооцоолоод тухайн үедээ долларын ханш 2850 төгрөг байсан болохоор Ц.Ч-гийн худалдаа хөгжлийн банкны 4444444444 данс руу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрний дараа тээврийн зардал гээд мөнгө нэхэхээр нь би ажлын газрын хүний Энхмэндийн 5555555555 тоот данснаас 14.305.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн. ...Одоог хүртэл захиалсан дугуй нь орж ирсэн зүйл байхгүй. ...” /1хх 23-24, 27-28/,
  • гэрч Т.У-ын: “...Ц.Ч-тай уулзахад “Дугуй захиалбал ашигтай, ах Америкт ажиллаж, амьдардаг” гэж хэлж байсан. Ц.Ч-тай тохиролцоод Америкаас 5000 долларт 5000 ширхэг дугуй захиалахаар болсон. ...2021 оны 11 дүгээр сарын дундуур Ц.Ч- над руу холбогдоод “Яаралтай мөнгөө шилжүүлээрэй, дугуйны үнэ болон тээврийн зардал нь нэмэгдэх гээд байна шүү” гэж хэлэхээр нь би Б.Г-ад хэлээд Ц.Ч-гийн дансыг авч Б.Г-ад өгсөн. Б.Г- эхлээд өөрөөсөө 5000 доллар шилжүүлсэн. Мөн тээврийн зардал гэж 5000 доллар шилжүүлсэн. Түүнээс хойш 2021 оны 12 дугаар сард Америкаас ачаа нь гарчихлаа гэж хэлж байсан. ...” /1хх 41/,
  • шүүгдэгч Ц.Ч-гийн эзэмшлийн данс руу 14.305.000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банк дахь М.Энхмэндийн эзэмшлийн дансны хуулга /1хх 14/,
  • шүүгдэгч Ц.Ч-гийн эзэмшлийн данс руу 14.299.997 төгрөг шилжүүлсэн талаарх Голомт банк дахь хохирогч Б.Г-ын эзэмшлийн дансны хуулга /1хх 15/,
  • мөн дээрх мөнгийг шилжүүлэн авсан талаарх Ц.Ч-гийн эзэмшлийн дансны хуулга /1хх 109-142/ зэрэг хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Ч-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ц.Ч-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Ч- хохирогч Б.Г-тай АНУ-аас нийт 5000 ам:долларын үнэ бүхий дугуй захиалахаар тохиролцсон боловч бодит байдал дээр захиалаагүй, тээвэрлэн ирүүлэлгүйгээр түүнээс мөнгө шилжүүлэн авч ашиглан шамшигдуулсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хохирол нөхөн төлөөгүй байсан, мөн шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар нотлох баримтгүй зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Б.Хонгорзул “Ц.Ч-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

            Хэргийн материалыг судлахад анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байсан бөгөөд тэрээр шийтгэх тогтоол гарсны дараа бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзулаас “Ц.Ч-гийн аав Н.Цогтсайхан миний Голомт банкны 2222222222 тоот дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 18.604.997 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Иймд хохирогчийн хувьд гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн хохирогч Б.Г-ын бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гарган өгсөн.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Ч-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр урьд залилах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулахаар заасан мөнгийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солих боломжгүй, харин хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх  дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Ц.Ч-гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1505 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Ц.Ч-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Ц.Ч-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Ц.Ч- нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч Б.Г-ад бүрэн төлсөн болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 20 /хорь/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ