2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/02543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   тоот хаягт оршин суух Б овогт Г Б  /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух Ө овогт Б Ц/РД: /-д холбогдох,

 

520,950,000 төгрөг гаргуулж авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Б.Цд холбогдуулан 520,950,000 төгрөг гаргуулж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Б.Цнь надтай дараах байдлаар гэрээ байгуулж гэрээний үүргээ биелүүлээгүй тул дор дурдсан мөнгийг гаргуулж авах хуулийн болон гэрээний дагуу эрх бүхий гэж үзэн нэхэмжлэл гаргалаа. Тухайлбал: 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан нотариатын бүртгэлийн дугаар-1917 бүхий гэрээгээр 200,000,000 төгрөгийг 2021.8.20-ны өдрөөс 2024.08.30-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай cap бүрийн 1,5 хувийн хүү төлөхөөр хэрэв хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5% алдангийг хоног тутамд төлөхөөр гэрээ байгуулж мөнгө зээлдэж авсан билээ. Гэвч мөнгөө одоо болтол бүрэн төлөөгүй элдэв шалтаг хэлэн өнөөдрийг хүрсэн бөгөөд 2024 оны 1 сард орон сууц шилжүүлж өгнө гэсэн боловч тэр нь худлаа байсан. 2024 оны 7 сард тооцоондоо ланд-200 машиныг 150 сая төгрөгт тооцож өгсөн бөгөөд үүнийг би үндсэн төлбөрөөсөө хасаж тооцсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл нь 50,000,000 төгрөг дээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 75,250,000 төгрөг нэмж нийт 225,750,000 төгрөг /дэлгэрэнгүй тооцоог хавсралт №1-д 2 хуудас үзүүлэв/-ийг төлүүлэх, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нотариатын бүртгэлийн дугаар-3328 бүхий гэрээгээр 120,000,000  төгрөгийг 2021.12.03-ны өдрөөс 2022.03.07-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаатай cap бүрийн 2 хувийн хүүтэй, мөнгөө хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр зээлдэж авсан. Гэрээний хугацааг дуусах 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэхэд үндсэн зээл 120,000,000 төгрөгийг хүү 200,000 төгрөг нийт 123,200,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч 2024 оны 8 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээг дүгнэхэд гэрээний үүргээ биелүүлэх хугацааг нийт 573 хоног хэтрүүлсэн байсан болно. Гэвч энэ хугацаанд огт ямар нэг төлбөр төлөөгүй. Иймд нийт төлөх үүрэг бүхий үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 76,800,000 төгрөг дээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 98,400,000 төгрөгийг нэмж нийт 295,200,000 төгрөгийг төлүүлэх үндэслэл үүсч байна. /Дэлгэрэнгүй тооцоог хавсралт №2-д үзүүлэв./ Иймд 2 гэрээний дагуу Б.Цээс нийтдээ 520,950,000 төгрөг гаргуулж надад олгуулна уу” гэжээ.

 

2. Хариуцагч Б.Цхариу тайлбартаа: “Миний бие Г.Бийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд холбоогүй болно. Г.Т гэх Г.Бийн үеэл дүүд залилуулсан байснаа 2024.09.09-ний өдөр мэдсэн ба Г.Ттэй тухайн өдөр холбогдож очиж уулзахад надаас уучлал гуйж 2024.09.23-ны дотор асуудлаа ахтайгаа шийдэж нэхэмжлэлийг буцаана гэж надад хэлсэн боловч асуудлаа шийдээгүй шалтаг тоочиж байна. Нэхэмжлэлийн дагуух мөнгөн дүнгээс би нэг ч төгрөг аваагүйн дээр бүгд Г.Тий дансруу орсон болно. Мөн 2024.09.09-ний өдөр Г.Т өөрөө буруугаа хүлээж намайг түр байж байгаа ч гэж гуйсан баримтууд байгаа. Г.Т бид хоёр 2012 оноос 2022 он хүртэл найзалсан надаас мөнгөний асуудлаар харьцаагаа тасалсан болно.” гэж маргажээ.

 3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Итгэмжлэл, 2021.8.20-ны өдрийн Зээлийн гэрээ, Иргэний үнэмлэхийн лавлагаанууд, Зээлийн тооцоолол, 2021.12.03-ны өдрийн Зээлийн гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбарууд, Зээлийн тооцоолол, Дансны хуулга,

Хариуцагчаас Хариу тайлбар,  Г.Тий тодорхойлолт, Дансны хуулга, Итгэмжлэл, ХХБ-ны дансны хуулга, баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу хүргүүлэх тухай албан бичиг, хариуцагчийн хүсэлтээр Г.Тий гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Г.Б  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр 200,000,000 төгрөгийг 2021.8.20-ны өдрөөс 3 сарын хугацаатай cap бүрийн 1,5 хувийн хүү гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5% алдангийг хоног тутамд төлөхөөр гэрээ байгуулж мөнгө зээлдэж авсан. 2024 оны 7 сард тооцоондоо ланд-200 машиныг 150 сая төгрөгт тооцож өгсөн бөгөөд үүнийг би үндсэн төлбөрөөсөө хасаж тооцсон тул үндсэн зээлийн үлдэгдэл нь 50,000,000 төгрөг, алданги 75,250,000 төгрөг нийт 225,750,000 төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр 120,000,000  төгрөгийг 2021.12.03-ны өдрөөс 3 сарын хугацаатай capын 2 хувийн хүүтэй, мөнгөө хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр зээлдэж авсан. Гэвч энэ хугацаанд огт ямар нэг төлбөр төлөөгүй тул үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 76,800,000 төгрөг, алданги 98,400,000 төгрөг нийт 295,200,000 төгрөгийг төлүүлнэ. Иймд 2 гэрээний дагуу Б.Цээс нийт 520,950,000 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.

 3. Хариуцагч Б.Цнэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Нэхэмжлэлийн дагуух мөнгөн дүнгээс би нэг ч төгрөг аваагүйн дээр бүгд Г.Тий дансруу орсон. Мөн 2024.09.09-ний өдөр Г.Т өөрөө буруугаа хүлээж намайг түр байж байгаа ч гэж гуйсан баримтууд байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Талууд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 2021.8.20-ны өдрийн гэрээгээр зээлдүүлэгч Г.Б  нь 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлдүүлэх,

мөн 2021.12.03-ны өдрийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг 2021.12.07-ны өдрөөс 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Цгэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-6, 10/

 5. Зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Г.Б  нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээний зүйл болох 200,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 120,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Цэд дансаар шилжүүлэн гэрээний үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.  /хх-25, 11/

 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг зээлдүүлэгч зээлийг бодитоор олгосноор зээлээ буцаан шаардах эрхтэй болохыг тодорхойлсон хэм хэмжээг ойлгоно. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 6. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний үүргээс хариуцагч нь 2024 оны 7 сард ланд круйзер 200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгсөн энэ талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч Г.Б  болон түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...2024 оны 7 сард тооцоондоо ланд-200 машиныг 150,000,000 төгрөгт тооцож өгсөн бөгөөд үүнийг би үндсэн төлбөрөөсөө хасаж тооцсон...” гэх тайлбар нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл аваагүй, шилжүүлсэн мөнгө нь өөр гэрээтэй холбоотой үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй.

 

7. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс 150,000,000 төгрөг төлөгдсөн ба үлдэх үүргийг биелүүлээгүй, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелэгдээгүй  болох нь тогтоогдсон.

 

8. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 1.1-т зээлдэгч шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Б  гэрээнд заасны дагуу хариуцагч Б.Цээс үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

 

Харин талууд Зээлийн гэрээг тус бүр 3 сарын хугацаатай байгуулж, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан ба үндсэн 50,000,000 төгрөг, зээлийн хүү 9,000,000 /3,000,000*3/ төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 7,200,000 /2,400,000*3/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Б.Цээс гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй зааснаар 2024 оны 8 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй юм.

 Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон, зээлийг сунгах хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд зааснаар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн үр дагаврыг зээлдэгчид нэмж үүрүүлэх нь шударга бус үр дагавар үүсгэхээс гадна зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэхгүй.

 

9. Зохигчид анзын талаар тохирсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан. Зээлийн гэрээнүүдийн 3.7-д зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 Хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 8 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 59,000,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 29,500,000 төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 8 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 127,200,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 63,600,000 төгрөг  болсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас дээрх алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 10. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Цээс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алданги 88,500,000 /50,000,000+9,000,000+29,500,000/ төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алданги 190,800,000 /120,000,000+7,200,000+63,600,000/ төгрөг нийт 279,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 241,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,762,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,554,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Цээс 279,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 241,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,762,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,554,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ