Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч /хохирогч/ Б.А,

Шүүгдэгч /хохирогч/ М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жанлир овогт Батчулууны  А, Олхонууд овогт Мөнхийн Г нарт холбогдох 1808005500198 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жанлир овогт Батчулууны  А /РД:НЭ93061217/.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр  сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа улирлын чанартай ажил эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны 7-3 тоотод оршин суух бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Тарни” багийн Даваа гэх газарт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт Мөнхийн Г /РД:../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.1.Хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2013 оноос хойш амьдарч байсан. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод орж ирээд ах Сүхбаатарын түр оршин сууж байгаа нийтийн байранд ирсэн. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд гараад Ган-Очиртой таараад 1 шил архи хувааж уусан. Гэрт нь ирээд унтаад өгсөн. Шөнө төрсөн эгч Алтангэрэлийн хүү А нь согтуу орж ирээд “чи миний ээжийн зурагтыг эвдэлсэн байсан” гэж хашгирч дайраад миний дух руу цохьсон. ... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.2.Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сүхбаатар ахынд ороод орон дээр нь суугаад куртикээ тайлсан. ...нөгөө орон дээр Г ах унтаж байсан. Би Сүхбаатар ахад сар шинэ болж байхад Г ах ээжийнд очоод зурагтыг нь хагалсан байна... гэхэд Г ах сэрээд зурагтыг нь хагалсан байх нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд “хамтаатай байлгүй яадаг юм, сар шинэ болох гэж байхад зурагтгүй яах юм бэ” гэж маргаад..., ширээн дээр байсан хутга аваад миний гарын алгыг зүссэн. ... надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.3.Шүүгдэгч М.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод орж ирээд төрсөн ах Сүхбаатарын түр оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Зүүнбаян цагааны 9-332 тоотод байрлах нийтийн байрны 1 тоотод 11 цагийн орчимд ирсэн. Тэрнээс хойш хамт амьдарч байгаа юм. 2018 оны 1-р сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад Баянхошууны шинэ эцэс дээр зүс таних Ган-Очиртой таарч 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи гудамжинд хувааж уугаад 17 цагийн орчимд Сүхбаатар ахын гэрт ирсэн. Гэрт хүн байхгүй байхаар нь хоол унд хийж идчихээд унтаад өгсөн. 23 цагийн орчимд намайг унтаж байхад Сүхбаатар ахын хүүхэд Очирдорж Сүхбаатар ах 2 ажлаасаа ирж хоол унд идчихээд унтсан. Шөнө 00 цагийн орчимд миний төрсөн эгч Алтангэрэлийн төрсөн хүүхэд А согтуу орж ирж намайг чи миний ээжийн зурагтыг хагалсан байна гэж хашгирч над руу дайраад миний дух руу цохисон, яг юугаар цохисныг хараагүй, миний духнаас цус нилээн гараад би Аыг орон дээр дарж аваад ширээн дээр мах зүсэж байсан жижиг төмөр иштэй тонгорог хутга гартаа бариад Аын дээр би гараад байж байтал А миний барьж байсан хутга руу гараараа сарвалзаж байгаад иртэй хэсгээс барихад нь би хутгаа татчихсан чинь гар нь зүсэгдсэн. Тэгж байтал Сүхбаатар ах намайг татаж Аын дээрээс буулгаж миний гарт байсан хутгыг булааж авч А бид 2-ыг салгасан. Тухайн үед миний духнаас цус гараад Аын зүүн гарын хуруунаас цус гарч харагдсан. Тэгж байтал цагдаа гэрт орж ирээд хтуга хурааж аваад намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Аыг үлдээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 61-62 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.4.Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой ажил 20 цагаас тараад хуучин хамт ажиллаж байсан Энхбаяртай саппоро дээр таарч Баянхошууны хуучин эцэс дээр ирж гудамжинд 0,5 граммтай боргио пиво 2 шилийг ууж дуусгаад би ах Сүхбаатарын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд байдаг нийтийн байранд 23 цаг өнгөрч байхад очсон. Гэрт нь Г ах, Сүхбаатар ах болон түүний хүүхэд Очирдорж нар байсан. Би гэрт ороод Сүхбаатар ахын орон дээр куртикээ тайлаад хоол унд идсэн. Тэр үед Г ах нөгөө орон дээр унтаж байсан. Би Сүхбаатар ахтай сар шинэ болох гэж байхад Г ах ээжийн гэрт очоод зурагтыг нь хагалсан байна гэж хэлтэл Г ах сэрээд “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь хамаатай байлгүй яадаг юм бэ сар шинэ болох гэж байхад зурагтгүй яах юм гэж маргалдсан чинь Г ах орноос босоход нь би бас босож гараа зангидаж байгаад дух руу нь гараараа 1 удаа цохисон чинь Г ах ширээн дээр байсан тонгорог хутга гартаа бариад миний зүүн талын гарын алгыг зүсчихсэн. Тэгж байтал Сүхбаатар ах Г ахыг боль гэж түлхээд Г ахын гарт байсан хутгыг булааж зогсоосон чинь Г ах чамайг ална гээд хашгираад байсан. Миний гарнаас цус гараад, Г ахын духнаас цус гарч Г ах гадуур хувцсаа өмсөөд гарах гэтэл цагдаа нар гэрт орж ирсэн. Төд удалгүй эмч ирээд миний гаранд боолт хийж, Г ахын духыг нь боосон. Ийм зүйл болсон. Г ах бид 2 харилцан зодолдсон, одоо учраа олсон. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.5.Гэрч М.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А гаднаас архи хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Г А нар зурагтнаас болж хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиод эхэлсэн..., ширээн дээр байсан тонгоргийг Г аваад Аын гарын зүүн хэсгийг зүсэж гэмтээсэн. Би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

1.6.Гэрч М.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн дүү Г архи уусан согтуу орж ирэхээр нь би уурлаж яагаад байнга архи ууж байдаг юм бэ боль гэж загначихаад хажуу айл руу орсон. Хэсэг байж байгаад гэртээ орж ирэхэд Г манай зурагтын нүүрийг хагалчихсан, хажууд нь ногоон иштэй бахь газар хэвтэж байсан..., би дүүдээ зурагтыг хагалсанд ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 х/

 

1.7.Гэрч С.Очирдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А эхлээд Гын нүүр рүү нь гараараа цохисон чинь Г Аын куртикээр нь хоолойг нь боогоод доош нь дарж орон дээр 2-лаа унасан. Тэгж байтал А наад хутгыг нь аваач гэхээр нь Г ахын гарыг хартал баруун гартаа ширээн дээр байсан жижиг тонгорог хутгыг барьчихсан байхаар нь аав бид 2 тэр хоёрыг салгах гээд би Г ахыг цамцнаас нь татчихсан чинь А тэр хутганы иртэй хэсгээс нь барьчихсан байж байгаад гараа зүсчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/

 

1.8.Гэрч М.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г манай гэрт орж ирээд Алтангэрэлтэй мөнгө төгрөг хэлээд аваад өгсөнгүй гээд уурлаад гараад явсан чинь Алтангэрэлийн гэрт нь байсан зурагтыг нь хагалчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/

 

1.9.Шинжээчийн 1905 тоот дүгнэлт

1.М.Гын биед духанд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 40 х/

 

1.10.Шинжээчийн 1866 тоот дүгнэлт

1.Б.Аын биед зүүн гарын алга, 3-р хуруунд шарх  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 44 х/

 

     Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 63 х/

2.2.М.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 64 х/

2.3.Б.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй бөгөөд тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

     Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.А нь архидан согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 9-332 тоотод байрлах н.Сүхбаатарын гэрт “сар шинэ болох гэж байхад ээжийн минь зурагтыг хагаллаа” гэх шалтгаанаар М.Гын  нүүрэн тус газарт гараараа цохиж “духанд шалбаралтууд” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч М.Г нь архидан согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 9-332 тоотод байрлах н.Сүхбаатарын гэрт Б.Атай “зурагт хагаллаа гэх асуудлаас үүдэн маргалдаж” Б.Аын гарынх нь алга, хурууг хутгаар зүсч “зүүн гарын алга, 3-р хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Сүхбаатар ахад сар шинэ болж байхад Г ах ээжийнд очоод зурагтыг нь хагалсан байна... гэхэд Г ах сэрээд зурагтыг нь хагалсан байх нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд “хамтаатай байлгүй яадаг юм, сар шинэ болох гэж байхад зурагтгүй яах юм бэ” гэж маргаад..., ширээн дээр байсан хутга аваад миний гарын алгыг зүссэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Хохирогч М.Гын “... Шөнө төрсөн эгч Алтангэрэлийн хүү А нь согтуу орж ирээд “чи миний ээжийн зурагтыг эвдэлсэн байсан” гэж хашгирч дайраад миний дух руу цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч М.Гын “... Шөнө 00 цагийн орчимд миний төрсөн эгч Алтангэрэлийн төрсөн хүүхэд А согтуу орж ирж намайг чи миний ээжийн зурагтыг хагалсан байна гэж хашгирч над руу дайраад миний дух руу цохисон, яг юугаар цохисныг хараагүй, миний духнаас цус нилээн гараад би Аыг орон дээр дарж аваад ширээн дээр мах зүсэж байсан жижиг төмөр иштэй тонгорог хутга гартаа бариад Аын дээр би гараад байж байтал А миний барьж байсан хутга руу гараараа сарвалзаж байгаад иртэй хэсгээс барихад нь би хутгаа татчихсан чинь гар нь зүсэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 61-62 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Б.Аын “... Би Сүхбаатар ахтай сар шинэ болох гэж байхад Г ах ээжийн гэрт очоод зурагтыг нь хагалсан байна гэж хэлтэл Г ах сэрээд “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь хамаатай байлгүй яадаг юм бэ сар шинэ болох гэж байхад зурагтгүй яах юм гэж маргалдсан чинь Г ах орноос босоход нь би бас босож гараа зангидаж байгаад дух руу нь гараараа 1 удаа цохисон чинь Г ах ширээн дээр байсан тонгорог хутга гартаа бариад миний зүүн талын гарын алгыг зүсчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч М.Сүхбаатарын “...А гаднаас архи хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Г А нар зурагтнаас болж хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиод эхэлсэн..., ширээн дээр байсан тонгоргийг Г аваад Аын гарын зүүн хэсгийг зүсэж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 х/,

 

Гэрч С.Очирдоржийн “...А эхлээд Гын нүүр рүү нь гараараа цохисон чинь Г Аын куртикээр нь хоолойг нь боогоод доош нь дарж орон дээр 2-лаа унасан. Тэгж байтал А наад хутгыг нь аваач гэхээр нь Г ахын гарыг хартал баруун гартаа ширээн дээр байсан жижиг тонгорог хутгыг барьчихсан байхаар нь аав бид 2 тэр хоёрыг салгах гээд би Г ахыг цамцнаас нь татчихсан чинь А тэр хутганы иртэй хэсгээс нь барьчихсан байж байгаад гараа зүсчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

 

Гэрч М.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г манай гэрт орж ирээд Алтангэрэлтэй мөнгө төгрөг хэлээд аваад өгсөнгүй гээд уурлаад гараад явсан чинь Алтангэрэлийн гэрт нь байсан зурагтыг нь хагалчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,

 

Шинжээчийн 1905 тоот дүгнэлт

1.М.Гын биед духанд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 40 х/,

 

Шинжээчийн 1866 тоот дүгнэлт

1.Б.Аын биед зүүн гарын алга, 3-р хуруунд шарх  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 44 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч нарын зүгээс эмчилгээ, сувилгаанд зарцуулсан зардал гараагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар.

            Б.А, М.Г нарт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  торгуулийн ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн, шүүгдэгч нар хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийгүүлж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тус бүрт нь 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн болно.  

 

                         Бусад асуудлын талаар:

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, Б.А, М.Г нарт тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Жанлир овогт Батчулууны  А, Олхонууд овогт Мөнхийн Г нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.А, М.Г нарт үүрэг болгосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А, М.Г нарт мэдэгдсүгэй. 

 

5..Б.А, М.Г нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ