Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/118

 

 

 

 

 

 

  2024            01             18                                       2024/ДШМ/118

 

 

О.Л, Б.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч О.Л, Б.П, тэдгээрийн өмгөөлөгч Х.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1051 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Л, Б.П, тэдгээрийн өмгөөлөгч Х.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.Л, Б.П нарт холбогдох эрүүгийн 2302 00470 0244 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Л, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Медле ривер байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

Б.П, 1991 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Медле ривер байрны 100 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:000000/,

Шүүгдэгч О.Л, Б.Пн нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн ордон”-ны баруун талын хаалга орчимд “Neguun.mn” сайтаар дамжуулан “Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх С.Л сонгуулийн сурталчилгаанд ажиллуулаад цалин өгөөгүй” гэсэн агуулгатай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

мөн шүүгдэгч О.Л нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж хохирогч Б.А, С.Л нарыг “Чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү, новш минь чи хүүхэдгүй юу, тийм үү, чи харин ингэж болохгүй шүү, С.Л та хоёроос амь нэхнэ шүү” гэж тодорхой үйлдэл буюу зээл олгуулах шийдвэр гаргуулахаар шаардаж, өөрт нь ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Л, Б.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Б.П, О.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.П, О.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөрөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг хэмжээг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Л нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.П, О.Л, тэдгээрийн өмгөөлөгч Х.Чинбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Худал мэдээлэл тараасан гэмт хэргийн шинжгүй тухайд...Б.П, О.Л нарын үйлдэл нь буруутгагдаж буй гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаагүй бөгөөд “Илт худал мэдээлэл” тараагаагүй нь дараах үйл баримтаар тогтоогдсон байдаг. Хавтас хэргийн 20-25 дахь талд байгаа тус хэргийн хохирогч С.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “Мөрдөгчийн зүгээс О.Л ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр таньтай анх уулзахдаа ерөнхийлөгчийг ямар чиглэлээр дэмжиж ажиллана гэж хэлж байсан бэ гэхэд сошиалаар дэмждэг, залуучуудын групп байгаа, группээр дэмжиж ажиллана гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 43 дах талд байгаа гэрч Б.Э-ын “... 2023 оны өвөл О.Л гэх эмэгтэй манай ахлах зөвлөх С.Л-тэй уулзаад мөн л цалингаа авмаар байна гэж нэхсэн. Харин С.Л зөвлөх хариуд нь өргөдлөө бичээд ир гэж хэлсэн..., 44 дэх талд байгаа 2021 оны үеэр тухайн 2 иргэн сонгуульд ажиллая гэж өөрсдөө С.Л-тэй холбогдож ярилцаж уулзсан байдаг юм ” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 49-54 дэх талд байгаа гэрч О.Лын “2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн ажил хайж байгаад С.Лтэй уулзахад, сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуулийн сурталчилгааны ажилд олон залуусыг оролцуулж чадах уу ? Бидэнд залуусын дэмжлэг хэрэгтэй байгаа. Чи олон залуучуудыг хамруулаад У.Х-ийг дэмжүүлсэн бичлэг сурталчилгааны ажил хий гэж хэлсэн. Хэрвээ ялвал хүүхэд хүчирхийллийн төвийн чиний хийж байгаа ажлыг чинь дэмжинэ, сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа юм чинь цалингаа хүртэл авна, газрын асуудлыг чинь хүртэл шийдэж өгнө, би чинь С гуайн хүүхэд юм чинь худлаа хэлэхгүй та нар зүгээр л ажилла гэж хэлсэн. Би сонгуулийн сурталчилгааны ажлаа маргаашнаас нь эхлүүлээд төрөл садан, найз нөхдөө оролцуулж ажиллуулсан, У.Х-ийг дэмжсэн бичлэг хийсэн, 10 гаруй хоног ажилласан. Би С.Л-тэй сурталчилгаанд ажиллахдаа өдрийн 20,000-30,000 төгрөгөөр бодож ажиллана биздээ гэхэд би ойлгож байна, би тийм амьдралаас тасарсан хүн бишээ болно, та нар зүгээр ажил гэж хэлсэн, сонгуульд ялсны дараа та худлаа яриагүй биз дээ гэж асуухад би худлаа хэлэх хүн биш гэж хэлсэн, дараа нь газар шийдэж өгнө, ажилд оруулж өгнө, зээл бүтээж өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 75 дахь тал, гэрч Э-ийн тус хэрэгт гаргаж өгсөн О.Л-той харьцсан гэх 6 хуудас бүхий материалд “газрын кадастрын зураг, вайбер захиан дунд С.Л ахтай зөвлөлдөөд 1400 м.кв газар байхгүй байсан учраас 275,356,700 м.кв жижиг жижгээр нь газруудыг нийлүүлээд авчихъя гэж зөвшилцсөн юм” гэх баримт, хавтаст хэргийн 83 дахь талд байгаа О.Лыг С.Л болон түүний туслахтай бичсэн захианд “О.Л-ын зүгээс өчнөөн хүн ажиллуулж хүнээр юм хийлгэсэн бол цалингаа авъя, яахаараа ядарсан хүмүүсийг ашигладаг юм, цалингаа авъя, доромжилж дээрэлхэж байнаа,... гэж бичихэд хариуд нь “Өглөөний мэнд холбогдоорой” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 170-176 дахть талд байгаа Б.П-ийн яллагдагчаар өгсөн “2021 оны 5 дугаар сард О.Л С.Лтэй ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллаж болох эсэх талаар уулзсан, С.Л бид нарыг залуучууд руу чиглэсэн сонгуулийн сурталчилгаа хийгээрэй гэж хэлсэн, түүний дагуу У.Хийг дэмжигчид группуудыг ажилуулсан, залуучуудыг цуглуулж богино хэмжээний бичлэг хийсэн, зааланд тоглуулж сонгуулийн сурталчилгаа хийсэн, өөрсдөө брошур хийж тараасан, залуучуудыг уриалсан. Тэгээд сонгууль дуусаад У.Х ялалт байгуулж Монгол Улсын ерөнхийлөгч болсон, үүнд нь тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Сонгуулийн дараа С.Лтэй холбогдоход цалин хөлс мөнгө төгрөг худлаа шүү. Харин ажилд оруулж өгнө, газар бүтээж өгнө, зээл бүтээж өгч болно, тусална гэж хэлсэн. Гэтэл амласан амлалтандаа хүрээгүй учраас бид гомдож жагссан” гэх мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 29-42 дах талд байгаа С.Л болон О.Л нарын харилцсан фэйсбүүк чатад “Бид нарын дэмжих хүмүүс хэрэггүй юу гэж асуухад С.Л одоо сонгуулиа өгүүлнэ шүү гэж хариулдаг. О.Лын зүгээс за за та сонгуулийн дараа хэлснээ мартваа гэж асуухад С.Л “асуудалгүй ээ” гэж хариу өгдөг. Мөн С.Лийн зүгээс төрийн албан хаагчийн анкетаа бөглөөд аваад ирээрэй гэж хариу өгдөг, нөгөө зүйл маань юу болж байна гэж асуухад нөгөөдүүл маань яриагүй л байна уу гэж хариулдаг. Яриагүй 9 сард кадастар хийлгээд аваад ир гээд, аваачаад өгсөн гэж хэлэхэд цагаан сарын дараа сануулаарай, би яръя гэж хариулдаг, ахаа нөгөө хүн ярьдаггүй ээ та ярьсан юм уу гэж асуухад “аан нөгөө хүн жаахан асуудалтай байгаа тэгж байгаад ярина аа би гэж хариулдаг, заза ахаа ер нь бүтнэ биздээ” гэхэд “уул нь гайгүй л гэсэн ш дээ гэж хариулдаг”, О.Лын зүгээс “ер нь болох болов уу би таньд найдаж цагаа дэмий үрээд байгаа юм уу, та эртхэн хэлчихээ, та чинь бараг сонгоод хэлчих л шахуу юм яриад байсан, алга болоод гэхэд тийм амархан юм гэж юу байх вэ дээ” гэх хариулт, О.Лын зүгээс таныг хэлсэндээ хүрдэг хүн гэж ойлгосон юмсан, сүүлдээ утсаа ч авахгүй хэлсэндээ хүрэхгүй байна гэх, Ахаа та ингэж хүн ашиглаж муриж болохгүй ш дээ, та ядаж өчнөөн хүн ажилласан хүнээр юм хийлгэчихээд юу ч үгүй ор хоосон зугтаж болохгүй ш дээ бид нар тийм зүгээр хүнд юм хийж өгдөг баян хүмүүс биш шүү дээ хоёр жил хульхидаж явлаа, яах гэж анхнаасаа ярьж тохирсон билээ” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 51 дэх талд С.Л рүү О.Лын зүгээс “Хүүкийн төлөө залуус” гэх агуулгатай У.Хийг сонгуулийн үеэр дэмжсэн бичлэгийг 2021 оны 6 сарын 06-ны өдөр явуулсан байх бөгөөд С.Л хүлээн авч, эрхий хуруу гаргасан хариуг илгээсэн байна. Хавтаст хэргийн 114 дэх талд байгаа гэрч Б.Б-н гэрчээр өгсөн “Б.П, О.Л нар нь ерөнхийлөгчийн сонгуулиар ажилласан, би тэдэнд дэмжлэг үзүүлсэн, тэд сонгуулийн үеэр У.Хийг дэмжсэн бичлэг хийж байсан, би мөнгөөр дэмжсэн, манай хоёр хүүхэд хүртэл өөрсдөөсөө зардал гаргаж байсан, тэр хоёр У.Хийг дэмжигчид гэх групп ажиллуулж байсан 6000-7000 хүнтэй групп байсан тэдний 70-80 хувь нь У.Хэд саналаа өгсөн. Тэгтэл С.Л гэдэг хүн нь цалингаа өгөөгүй, бусад амлалтаа биелүүлээгүй. Цалин хөлсний талаар гэвэл С.Лтэй амаар тохирсон юм шиг байна лээ. С.Лийн зүгээс хамтраад ажилчих дараа нь цалинг нь тооцъё, тусалж дэмжие гэж хэлсэн юм шиг байна лээ, миний хоёр хүүхэд У.Х-ийн төлөө ажилласан нь үнэн, Х-д миний тооцоогоор бол 4000 хүний саналын хувь нэмэр оруулсан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 130 дахь талд байгаа гэрч Б.П-н гэрчээр өгсөн “О.Л, Б.П нар нь У.Х сонгуулийн ажилд ажиллаж байхдаа намайг сонгуулийн ажил хийх үү гэж асуугаад тэгээд би фэйсбүүк орчинд идэвхжүүлэлтийн ажил постер бичлэгийг шэйр хийж түгээж, спорт заалны уулзалтад 1 удаа хамрагдаж байсан, брошур иргэдэд тарааж байсан. Тэгээд сонгуулийн дараа О.Л С.Л гэх хүнээс цалингаа авч чадахгүй байна гээд дараа нь манай охины эмчилгээний төлбөрт зээл авах гэж байна гэж хэлсэн, миний зүгээс 200 орчим ширхэг брошурын эх бэлтгэлийг хийж хэвлэж тараасан, Сонгуулийн сурталчилгааны үеэр хааяа өдөртөө 40,000-50,000 төгрөг авдаг байсан. Миний сонссоноор С.Л гэдэг хүнтэй уулзаж сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар болсон, дараа нь цалингаа авч чадахгүй байна гээд тэгээд оронд нь зээл авах гэж байгаа гээд надад хэлж байсан,” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 20-25 дах талд байгаа тус хэргийн хохирогч С.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр О.Л гэх эмэгтэй миний 99100933 дугаарын утас руу холбогдоод ерөнхийлөгч У.Хийг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж ажилламаар байна гэхэд дэмжиж байгаад баярлалаа, та дэмжээрэй,.... Би тэр эмэгтэйд хандаж янз бүрийн зүйл гарвал хэлж байгаарай, миний зүгээс таныг дэмжиж ажиллах болно гэж хэлсэн, сонгуулийн дараа О.Л надтай уулзаад ажилд ормоор байна гэж хэлсэн, түүний дараа Баянзүрх дүүрэгт газар авмаар байна гэж хэлсэн, түүнд Би Баянзүрх дүүрэгт газар үзсэн мөн газар авах баримтаа бүрдүүлээд өгөөрэй гэж хэлсэн.  Тэгээд О.Лын зүгээс газар хүссэн өргөдөл, кадастрын зурагтай материалыг надад өгсөн, би тэр материалыг туслах Э-р Баянзүрх дүүргийн газрын албанд хүргүүлсэн санагдаж байна. Дараа нь О.Л зээл бүтээж өгөөч гэсэн, би өөрөөсөө зээлэх боломжгүй, зээлийн асуудлыг чинь судлаж өгье гээд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг дүү Б.Атой холбож өгсөн, гэтэл барьцаа хөрөнгөгүй гээд зээл гараагүй, тэгээд энэ оны 3 сард О.Л надтай төрийн ордонд ирж уулзсан, надаас сонгуульд ажилласан цалингаа өг гэж нэхсэн” гэх мэдүүлэг.

Дүгнэлт: Дээрх хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Б.П, О.Л нар 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, У.Хийг дэмжигчдийн групп (2ш админ Б.П), У.Хийг дэмжигчдийн хийсэн бичлэг, С.Лтэй харилцсан фэйсбүүк мессежүүдээс тодорхой харагдаж байна. Улмаар ийнхүү ажиллахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лтэй анх уулзаж сонгуульд ажиллахаар болсон байх бөгөөд С.Лийн зүгээс сонгуульд ажилласны хариуд тодорхой хэмжээний хариу төлбөр, тодруулбал О.Лыг ажилд оруулж өгөх, Б.П, О.Л нарт газар бүтээж өгөх, зээл бүтээж өгөх, цалин хөлсний оронд бусад байдлаар тодорхой үйлдэл хийж өгөхөөр үр дүн амласан үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргээр зүйлчлэхийн тулд дараах хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байх шаардлагатай. Үүнд: A. Б.П, О.Л нар нь С.Лийн нэр төр, алдар хүндэд халдсан байх, B. Тухайн мэдээлэл “илт худал” мэдээлэл байх, C. Олон нийтэд тараасан байх, Б. Тухайн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх. Гэтэл дээрх нөхцөл байдлаас харахад Б.П, О.Л нар сонгуулиар ажилласан, С.Лтэй сонгуулиар ажилласан ажлынхаа хариу төлбөрт тодорхой үүргүүдийг харилцан тохирсон, С.Лийн зүгээс үүргээ биелүүлээгүй байгаа нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү тэд мэдээлэл хийсэн нь С.Лийн нэр төр, алдар хүндэд халдаагүй, ийнхүү тараасан нь мэдээлэл нь илт худал биш бодит мэдээлэл болох нь тогтоогдож байна. Мөн тухайн Б.П, О.Л нар нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэе гэсэн гэм буруугийн шууд санаатай зүйл байхгүй. С.Лийг амласан зүйлээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийилэх эрх чөлөөгөө эдэлсэн гэж үзэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан байдаг. Хэрэв дээрх тохиолдолд Б.П, О.Л нь сонгуулиар огт ажиллаагүй ямар нэгэн ажил хийгээгүй, С.Л гэдэг хүнтэй сонгуулиар ажилласантай холбоотойгоор ямар нэгэн хэлцэл тохиролцоо хийгээгүй байсан бол тэднийг буруутгах боломжтой байсан. Гэтэл хийсэн ажил нь тодорхой, харилцсан чат, мессеж, гэрчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан байхад ийнхүү тэднийг гэм буруутай гэж үзэж байгаа нь эрх зүйт төртэй Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэхгүй үйлдэл болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг огт анхааралгүй зөвхөн хохирогчоор тогтоогдсон С.Лийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг сонгуулиар ажилласны хариу төлбөрт ямар ч хариу үүрэг тохироогүй гэж үзсэн нь ЭХХШТх-ийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн дээрх үндэслэлээр эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Б. Заналхийлэх гэмт хэргийн шинжгүй тухайд...О.Лын үйлдэл нь буруутгагдаж буй гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаагүй бөгөөд “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдээгүй нь дараах үйл баримт болон нотлох баримтаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 24 дэх талд байгаа хохирогч С.Лээс авсан мэдүүлэгт “С.Л нь "'Б.П, О.Л нарын зүгээс таныг тодорхой үйлдэл хийлгэх, хийхгүй байхыг шаардаж, заналхийлсэн зүйл байгаа юу гэж асуухад тийм зүйл огт байхгүй, Б.Птой уулзаж байгаагүй, О.Лын зүгээс хотын төвд газар бүтээж өг гэж нэхсэн зүйл байхгүй гэж хариулдаг, мөн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж хэлсэн байдаг. Хавтаст хэргийн 29 дэх талд байгаа хохирогч Б.Аоос авсан мэдүүлэгт “Би Б.Птой огт уулзаж байгаагүй, О.Л нь барьцаа байхгүй бол бүтэхгүй гээд хэлчихээ гэж байхад чи яагаад жүжиг тавьж байгаад хугацаа алдуулав аа новш минь чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү новш минь чи хүүхэдгүй юу тэ, чи харин ингэж болохгүй шүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 52 дах талд болон 243 талд байгаа О.Лын өгсөн мэдүүлэгт “2023 оны 01 сард Б.А гэх хүн яриад С.Л яриулсан зээл бүтээлгэнэ гэж хэлсэн хүн мөн үү гэж асууж байсан. Тэгтэл Б.А надад би зээлд нөлөөлж чадна гэж хэлсэн, би барьцаагүй зээл болох юмуу гэж асуухад надад хандаж болно тэгээд л бүтээх гэж байна шүү дээ гэсэн. Би энэ зээлийг хүүхдийн эмчилгээнд хэрэглэх гээд байна. Чи бүтэхгүй бол бүтэхгүй гэдгээ эртхэн хэлчих, ийм зүйл дээр арай худлаа хэлэхгүй биздээ гэхэд Б.А бүтнэ гэж хэлсэн, би чиний зээлийг төслийн зээл гээд оруулна, чиний нэр дээр хуурамч материал бүрдүүлнэ, тэгэхээр хугацаа орно гэж хэлсэн. Энэ үеэр би яг төрөх гээд байхад бүтэхгүй юман дээр төрөх дөхсөн хүнийг нааш нь цааш маш их явуулаад, бас хагалгаанд орох хүүхдийн хугацаа алдуулаад ажил удсан болохоор гомдоод бичсэн. Монгол Улсын Шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэнгийн 2023 оны 9 сарын 18-ны өдрийн 01/173 дугаартай албан бичигт “Амь нэхэх хэмээх үгийн ярианы хэлний утга, хэрэглээний байдлыг харьцуулан үзвэл хариуцагчийг тогтоох, буруутныг тогтоох, дахин хандах шаардах гэсэн шилжмэл утгыг илэрхийлж байна. Эх сэдэвтэй холбогдуулан “амь нэхэх” хэмээн үгийн утгыг авч үзвэл хэрэв хугацаа алдуулснаас болж муу юм болвол хариуцлага тооцно гэсэн утгатайгаар хэрэглэсэн гэж үзэж байна” гэж дүгнэсэн, амь нэхэх гэдэг үгийн утгыг тайлбарласан байдаг.

Дүгнэлт: Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд амласан амлалтаас буцаж, худал зүйл хэлж жирэмсэн төрөх дөхсөн хүн гомдсондоо бичсэн мессежийг ийнхүү заналхийлэх гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн.... бол” гэж урьдчилсан нөхцөлийг заасан байхад ийнхүү гэм буруутайд тооцсон нь ЭХШХШх-ийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал “барьцаа байхгүй бол бүтэхгүй гээд хэлчихээ гэж байхад чи яагаад жүжиг тавьж байгаад хугацаа алдуулаваа новш минь Чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү новш минь чи хүүхэдгүй юу тэ, чи харин ингэж болохгүй шүү” гэж бичсэн нь зээл олгох шийдвэр гаргуулахаар хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл огт биш. Харин төрөөд удаагүй эмэгтэй хүн гомдсондоо бичсэн захидал байдаг. Мөн энэ талаар эх сэдэвтэй нь холбогдуулан амь нэхэх гэдэг утгыг эрх бүхий байгууллагаас тайлбарлуулахад буруутныг тогтоох, хариуцлага нэхэх гэсэн утгыг агуулж байгааг анхан шатны шүүхээс үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй. Өөрөөр хэлбэл дээрх үндэслэлээр эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй байх; нийгэмд аюултай байх; гэм буруутай байх шинжийг хангасан байх зэрэг урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байх ёстой. Гэтэл уг хэрэгт Б.П, О.Л нар нь гэм буруутай болох нь дээр дурдсанчлан хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй, хуульд заасан гэмт хэргийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Миний 2 үйлчлүүлэгчийг худал мэдээлэл тараах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үздэг. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо төрийн ордны баруун талд С.Л гэдэг хүн сонгуулийн сурталчилгаанд ажиллуулаад цалин өгөөгүй гэдэг мэдээлэл тараасан. Энэ нь илт худал мэдээлэл байсан гэж прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс мэдээлэл тараасан нь илт худал мэдээлэл байгаагүй гэж үзэж байгаа. Учир нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны баримтуудаар тогтоогддог. О.Л Б.Пнар нь 2021 онд ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн үед нэр дэвшигч У.Хийг дэмжиж сонгуульд ажилласан. Ийнхүү ажиллахдаа түүний зөвлөх болох С.Л гэдэг хүнтэй харилцан тохиролцоод сонгуулиар юу хийх вэ, ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэх вэ гэдгийг харилцан тохиролцсон. Энэ талаар С.Лийн хавтаст хэрэгт өгсөн 20-25 дугаар талд авагдсан бусад мэдүүлгүүдээр нь  тогтоогддог. О.Л Б.Пнар нь сонгуулиар ажилласан нь үнэн гэдэг байдлаар С.Л гэдэг хүн мэдээлэл өгдөг. Харин цалин тохироогүй. Гэтэл О.Л Б.П нар нь цалин тохирсон мэтээр мэдээлэл өгчихлөө гэдэг. Хавтаст хэрэгт С.Л болон О.Л нарын хооронд харилцсан фэйсбүүк чат вайбер чат түүний туслахтай харилцсан вайбер чатууд авагдсан байдаг. Мөн талуудын мэдүүлгүүдээр тухайн харилцаа тогтоогдож байгаа. Сонгуулиар ажиллахдаа эдгээр хүмүүс анх юу гэж тохирсон бэ гэхээр сонгуулиар ажиллачих, үүний хариу төлбөрт нь би ерөнхийлөгч болох хүний ахлах зөвлөхөөр ажилладаг. Тийм учраас та хоёрт төрийн албанд ажилд оруулах тал дээр дэмжих үүрэг хүлээнэ гэдэг.  Нөгөө талаас газар бүтээж өгнө гэдэг. О.Л Б.П нарын зүгээс хүүхэд хүчирхийллийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг энэ талаар үйл ажиллагаа явуулах зорилготой хүмүүс байдаг. Энэ хүрээнд төсөл хэрэгжүүлэх зорилготой, зорилгод нь нийцүүлсэн газрын асуудлыг нь шийдэж өгье гээд С.Лтэй тохирсон байдаг. С.Л О.Л нарын хооронд явуулсан газрын кадастрын зураг газрын албаны хүнтэй очоод уулз гэх мэт чат, харилцаж байсан захидлууд нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Газрын асуудал шийдэж өгнө гэж явж байсан боловч С.Л энэ асуудлаа шийдэж өгөөгүй. Үүний дараагаар газрын асуудал бүтэхээргүй боллоо. Та хоёрын нөхцөл байдалд тааруулаад зээл олгоё гэдэг. Зээл олгохтой холбоотой Эй Кэй Файнанс гээд ББСБ-ын хохирогч Б.А гэдэг хүнтэй холбож өгөөд зээл олгох асуудлыг нь шийдвэрлэнэ гэж хэлдэг. О.Лын хувьд тухайн үед яг төрөх дөхчихсөн том гэдэстэй байсан ч материалуудаа бүрдүүлж өгөөд Б.А гэдэг хүнтэй уулзаад зээл гарах боломжтой  юу боломжгүй юу, би төрөх дөхчихсөн хүн учраас араас чинь хөөцөлдөөд байх боломж байхгүй байна.  Зээл гарах үгүйг хэлээд өгнө үү гэхэд зээл бүтнэ, удахгүй хурлаар орно гэдэг вайбер чатууд хавтас хэрэгт авагдсан.  2022 оны 12 дугаар сараас эхэлж О.Л Б.Пнар нь С.Лтэй холбогдоод ахаа таны хэлсэн амласан амлалт аль нь ч  бүтсэнгүй. Та бид нарын сонгуулиар ажилласан цалинг өгнө үү гэж шаардсан чат хэрэгт авагдсан байдаг. С.Лийн зүгээс цалин хөлс өгөөгүй. Үүнтэй холбоотой О.Л Б.Пнар нь үзэл бодлоо илэрхийлээд төрийн ордны баруун талд мэдээлэл хийсэн байдаг.  Үүнийг илт худал биш гэж яагаад хэлээд байна гэхээр Эрүүгийн хуулийн 13.14-д заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн гол үндсэн зүйл нь илт худал мэдээлэл байх ёстой. Өөрөөр хэлбэл О.Л Б.Пнар нь сонгуулиар ямар нэгэн байдлаар ажиллаагүй. Ямар нэгэн байдлаар С.Л гэдэг хүнтэй сонгуулиар ажилласны хариу төлбөрт нь амлалт үүрэг тохироогүй, цалин хөлсөө шаардаж яваагүй. Гэнэт төрийн ордны баруун талд тэдгээр хүмүүсийн нэр төр алдар хүндийг унагаах зорилготой мэдээлэл тараасан байсан энэ нь худал мэдээлэ болох байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Гэтэл эдгээр хүмүүсийн хийсэн ажил нь тодорхой, сонгуулиар 30 орчим залуучуудаар бичлэг хийлгэсэн, олон дагагчтай У.Хийг дэмжигчид гэсэн группийг ажиллуулсан. Залуучуудыг цуглуулж ухуулга сурталчилгаа хийсэн, брошюр тараасан гэх мэт олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл илт худал мэдээлэл тараасан гээд шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдсан нь үндэслэлгүй байна. Иймд холбогдох зүйлчлэл, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дараа нь заналхийлэх гэмт хэргийг О.Лыг үйлдсэн гэж үзээд байгаа. Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсанчлан барьцаа байхгүй бол бүтэхгүй гээд  хэлчих гээд байхад чи яах гэж жүжиг тавьсан новш вэ яагаад хугацаа алдуулав,  чи хүүхэдгүй юу, би хүүхдийнхээ амийг чамаас нэхнэ шүү гэдэг агуулгатай нэг мессеж бичсэн байдаг. Эрүүгийн хуулийн 13.5-д заасан тодорхой үйлдэл хийлгүүлэхээр өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл байсан гэж үзэж байгаа. Үүнийг би заналхийлэх үйлдэл биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл мессеж дээр тодорхой байдаг.  Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын дүү Б.П гэдэг хүний хүүхэд хүнд өвчтэй байсан зүрхний хагалгаанд ороод тухайн үед О.Л Б.П нар нь төслөө хэрэгжүүлэх болон тэр хүүхдийн эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байсан. Энэ нөхцөл байдлаа С.Л, Б.А нарт  танилцуулаад хүүхдийн биеийн байдал муу байгаа та бүхэн зээл бүтэхгүй гэвэл эртхэн хэлчих, би дараагийн асуудлаа хөөцөлдье гэсэн боловч чатаар  итгэл найдвар төрүүлээд байсан. О.Лын хүүхдийнх нь төрсний гэрчилгээг өгчихсөн байгаа. Тухайн үед төрөх дөхчихсөн том гэдэстэй байсан учраас  сэтгэл санаа нь хэцүү байдалтай, олон бичиг цаас хөөцөлдөөд бүтэх нь тодорхойгүй юман дээр явуулаад байсан болохоор гомдсондоо тухайн мессежийг бичсэн байна гэж харж байгаа. Хавтас хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нь энэ талаарх үйл баримтууд нь бол тогтоогддог.  Эрүүгийн хуулийн 13.5-д заасан гэмт хэргийн урьдчилсан нөхцөл нь бусдыг тодорхой үйлдэл хийлгүүлэхээр хүч хэрэглэх байдлаар заналхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл чи зээлийг өгөхгүй бол би чамайг ална шүү гэдэг байдлаар хандсан бол буруутгах үндэслэлтэй байсан. Өөр ямар нэгэн зүйлээр О.Л Б.П нарыг буруутгах зүйл байдаггүй. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсын шинжлэх ухааны академи, хэл зохиолын хүрээлэнд хүсэлт гаргаж эх сэдэвтэй нь холбогдуулан амь нэхнэ гэдэг нь хүнийг ална гэсэн утгатай үг юм уу та бүхэн хэл зохиолынх нь үүднээс эх сэдэвтэй нь холбогдуулан энэ текстийг ингээд тайлбарлаад өгнө үү, амь нэхэх гэдгийг монголчууд ямар утга агуулгаар хэрэглэдэг юм бэ гэхэд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны 173 дугаартай албан бичгээр хэл зохиолын хүрээлэнгийн доктор хэлэхдээ амь нэхэх гэдэг утгыг авч үзэх юм бол буруутныг тогтоох хариуцлага тооцох гэдэг агуулгатай байна. Эх сэдэвтэй холбогдуулж үзэх юм бол ямар нэгэн муу юм болбол хариуцлага тооцно шүү гэдэг агуулгатай текст байна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Мессежээр нь О.Л-ыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн болгож шүүхээр ял оноож байгаа нь үндэслэлгүй байна. С.Л гэдэг хүн улс төрийн өндөр албан тушаалтан Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх хийдэг хүн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу энэ худал мэдээлэл тараах гэмт хэргийг нэг талаасаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,  Монгол улсын Үндсэн хуульд заасан эрх чөлөөтэй харилцан уялдаатай явдаг. Тодорхой хэмжээний өндөр албан тушаалтан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тодорхой хэмжээний дархлаатай байх ёстой.  Аливаа шүүмжлэлийг хүлцэн тэвчих зүйл байх ёстой. Энэ асуудлыг Иргэний хуульд заасан хүний нэр төр алдар хүндэд халдсан мэдээ тараасан бол тараасан арга хэрэгслээрээ арилган шийдвэрлэх бүрэн боломж байхад О.Л Б.П нарыг шүүхээр гэмт хэрэгтэн болгоод шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлаад мөн нялх хүүхэдтэй байхад нь одоо 2 удаа 4 цагаар мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаа нь О.Л Б.П нарыг хангалттай хэмжээний хариуцлага үүрүүлсэн гэж би хувьдаа үзэж байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр сонгуулийн ажил хийснээс хойш сэтгэл зүй болоод бие махбодиороо хохирч байна. Эцэст нь яллагдагч болж байгаад харамсаж байна. Хэргийн талаар дахин ярих  шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Л гэдэг хүнтэй сонгуулийн ажил хийх гээд анх уулзсанаас хойш нийтдээ 4, 5 удаа уулзсан.  Би хүүхдийн хүчирхийллийн тал дээр эх хүн болохоор эмзэг байдаг. Сонгууль эхлээд хамгийн анхны уулзалт дээрээ энэ талаар яриад 2 дахь уулзалт дээрээ ажлынхаа талаар ярьсан байгаа. Б.П бид хоёрыг сонгуулийн ажил хийснийг эргэн тойрныхон хамаатан садан мэддэг. С.Л гэдэг хүн ямар амлалт өгснийг эргэн тойрныхон маань мэдэж байгаа. Сонгуулийн сурталчилгааны ажил, сошиалаар хийсэн ажлуудыг хараад бид нар руу хүмүүс холбогдсон талаар нотлох баримт авагдсан байгаа.  С.Л гэдэг хүнээс би гэнэт гарч ирээд худлаа зүйл нэхээгүй.  Бид хоёр 2 жил гаран харилцсан байна. Энэ хугацаанд С.Л намайг олон хүмүүстэй болгоно бүтээнэ гэж уулзуулсан. Энэ нь эргээд миний сэтгэл зүйн хувьд болон гэр бүлд маань хохиролтой болж байна. Ажил хийснийхээ төлөө яллагдагч болоод шүүхээс ял сонсож байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад би төрөөд удаагүй байсан. Хамгийн эхний мэдүүлэг дээр хүүхдээ хөхүүлэхгүй 5 цаг болсон. Намайг хүчээр авч явахдаа дээд талын хувцсыг тайлсан. Энэ нь миний сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. Үүнийг С.Л-тэй хийсэн хувь хүмүүсийн аман тохиролцоо гэж харахгүй байна. С.Л-тэй анх уулзаад ямар гэрээ хийх вэ, хаана ажиллах вэ гэж асуухад түүн дээр санаа зоволтгүй, би хэлсэндээ хүрнэ гэх мэт тодорхой зүйлүүдийг ярьсан. Энэ талаар мөн нотлох баримтаар хавтас хэрэгт авагдсан байгаа. Заналхийлсэн гэмт хэргийг би сайн ойлгохгүй байгаа. С.Л намайг Б.А-той холбож өгсөн. Би төрөх дөхсөн байхдаа Б.А-од бүх зүйлээ тайлбарласан. Тэгэхэд бүтээж өгнө гэж хэлдэг байсан. Төрийн байгууллагуудаас олон бичиг баримт авчраарай гээд би түүнийг нь бүрдүүлж Б.А-ын ажлынх нь жижүүрт оруулж өгсөн. Тэгэхэд Б.А тэдгээр бичиг баримтуудыг аваагүй гэж хэлсэн байсан. Сүүлд нь би бүтэхгүй гэдэг хариулт аваад төрөх дөхчихсөн байсан учраас тухайн үеийнхээ эмоциор ганцхан удаа мессеж бичсэн. Зээл өгөөгүй талаар сүрдүүлж бичсэн мессеж байхгүй, би тийм зүйл хэлээгүй. С.Л гэдэг хүнд та бүтэхгүй бол хэлчих гэхэд бүтнэ гээд байдаг байсан. Иргэдийг төлөөлж байгаа хүн учраас би үзэл бодлоо илэрхийлсэн байгаа. ...” гэв.  

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1051 дугаартай шүүгчийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж тухайн шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.  Шүүгдэгч нарын гаргаж байгаа тайлбар, анхан шатны шүүхэд гаргаж байгаа тайлбар нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Neguun.mn сайтаар Б.П 378 хүний цалин хөлсийг өгөх талаар дурдсан. Нэрс нь тухайн бичлэгт үлдсэн байгаа. Түүн дээр нь тэмдэглэл хийгээд хавтас хэрэгт бэхжүүлсэн. Тухайн ярьсан хэлсэн зүйлүүд нь хавтаст хэрэгт байгаа. Бодит байдал дээр шүүгдэгч нарын хүсэл зориг нь өөрсдийн ашиг сонирхлын төлөө тодорхой үйлдлийг хийж байсан.  Хоёр гэмт хэргийн хувьд хоорондоо уялдаа холбоотой. Өөрсдийн санаа зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд заналхийлэх гэмт хэргийг үйлдээд үр дүнгээ гүйцээхийн тулд тухайн талбайн хэсэгт ерөнхийлөгч болон түүний ахлах зөвлөхтэй холбоотойгоор худал мэдээллийг тараасан. Ерөнхийлөгчийн нэр төр хэргийн үйл баримтад дурдагдаад байгаа учраас Монгол улсын Үндсэн хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ерөнхийлөгчийн нэр төрөө халдашгүй байхыг хуулиар хамгаална. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт нэр хүнд, ордон өргөө, унаа халдашгүй дархан байна гээд заасан байгаа. Ард нийтээрээ сонгосон ерөнхийлөгчийг ямар нэгэн байдлаар илт үндэслэлгүй зүйлээр олон нийтэд буруугаар ойлгуулах, бусад ард иргэдийг өдөөн турхирах үйл явцыг тухайн хуулийн хэм хэмжээгээр хязгаарлагдсан тул тухайн хууль зүйн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна. О.Лын хувьд гадаад хэргийн яаманд ажилд орно, 800,000,000 төгрөгийн зээл авна, хотын төвд газар авна гэх мэт өөрийнх нь ярьсан хэлсэн болгон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан бүх зүйлүүд нь няцаагдсан. Өөрсдийн өгч байгаа мэдүүлгээр няцаасан. Б.Пийг 800,000,000 төгрөгийн зээлийг аваад аавынхаа барилгын компанид хөрөнгө оруулалт хийгээд цааш нь өсгөнө гэдэг зүйл ярьдаг. О.Лын хувьд хүүхэд хамгааллын төв барина гээд  хоорондын мэдүүлэг нь илтэд зөрүүтэй.  Бодит байдлаас өөрсдийнх нь өгч байгаа мэдүүлэг тайлбарууд нь үндэслэлгүй. Тийм учраас энэ анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдал буюу болсон үйл явдлыг сэргээн төлөх замаар нотлох баримтыг цуглуулж түүнд тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:  

1. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.    

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч О.Л, Б.П нарыг бүлэглэн “ худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Л, Б.П нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн ордон”-ны баруун талын хаалга орчимд “Neguun.mn” сайтаар дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний зөвлөх С.Л сонгуулийн сурталчилгаанд ажиллуулаад цалин өгөөгүй” гэсэн агуулгатай илт худал мэдээллийг тараасан болох нь : 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан “Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний зөвлөхийн нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах зэргээр Төрийн ордны гадна талбайд нэр бүхий иргэд удаа дараа мэдээлэл түгээж байгаа тухай мэдээлэл хүргүүлсэн баримт /1хх-5/,  

- О.Л нар төрийн ордны баруун хойд хаалга орчим Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Л-с ”цалингаа авах” гэх өгүүлэлтэй нийт 7 удаа эсэргүүцлийн суулт зохион байгуулсан гэх баримт /1хх-15-16/, 

- шүүгдэгч нарын хийсэн “У.Х, С.Л цалингаа өг” гэсэн бичвэр, мэдээлэл бүхий самбарыг олон нийтэд ил байршуулсан баримт /1хх-4, 6, 16, 69-70/,      

- хохирогч С.Лийн“...Тухайн үед иргэн О.Лын зүгээс ерөнхийлөгч У.Х рүү таныг дэмжиж ажилламаар байна гэж 00000000 гэсэн дугаар луу нь мессеж бичсэн байдаг юм байна лээ. Тэрнийх нь дагуу У.Х даргын зүгээс миний нэр утсыг өгөөд энэ хүнтэй холбогдоорой гэж хэлээд мессеж бичсэн байдаг юм байна. Тэгээд О.Л надтай холбогдсон, ганцаараа ирж надтай уулзсан бөгөөд надад хандаж “би У.Хийг ерөнхийлөгч болоход дэмжиж байгаа юм, ерөнхийлөгчийн сонгуульд нь сошиалаар дэмжиж ажилламаар байна, надтай сошиалаар хамт ажилладаг залуучууд, найзууд байдаг юмаа, бид нар сошиалаар дэмжиж ажилламаар байна гэдэг зүйлийг” анх надад хэлж байсан. Тэгэхээр нь би “дэмжиж байгаад баярлалаа, та дэмжиж ажиллаарай, гэхдээ цалин хөлс бол өгөхгүй, ямарч цалин хөлс байхгүй шүү” гэдэг зүйлийг хэлсэн, харин “янз бүрийн зүйл гарвал хэлж байгаарай, миний зүгээс таныг дэмжиж ажиллах болно” гэж хэлсэн.  

Тэгтэл сонгууль дууссаны дараа 2021 онд О.Л миний утас руу ярьж надтай уулзая гэхээр би зөвшөөрөөд хэд хэдэн удаа уулзсан. Анх “ажилд ормоор байна” гэж хэлсэн боловч дээд боловсролгүй байсан тул боломжгүй гэж хэлсэн. Мөн нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах байр барих газар бүтээж өгөөч” гэж 2 хүсэлт, бас төрөл садангийн  хүүхэд төрөлхийн өвчтэй төрөөд хүнд байгаа, Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна, Ерөнхийлөгч болон та нарын зүгээс надад мөнгө зээлээч, 350 сая орчим төгрөг хэлсэн ба би холбогдох хүмүүсээс асууж, уулзуулж бас холбож өгч байсан...Тэгтэл О.Лын зүгээс “худлаа яриад байна гэж” над руу уурласан. Тэгэхээр нь би О.Л-т хандаж та уурлах шаардлага байхгүй ээ, би танд туслах гэж хичээж байгаа болохоос биш миний зүгээс ямар нэгэн зүйлийг бүтээх албагүй гэж хэлж байсан.  

Тэгээд надаас шууд сонгуулиар ажилласан цалингаа өг гэж нэхэж эхэлсэн. Өмнө нь бол цалин нэхэж байсан асуудал огт байхгүй. Тэгээд би О.Л-т хандаж анхнаасаа цалин өгнө гэж би чамд огт яриагүй, чи сонгуулиар ямар ажил хийснийг чинь ч мэдэхгүй байна. Би тэгж чамайг ажил, цалин өгнө гэж нэг ч чиглэл, амлалт өгч, гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байхгүй. Харин би чамд хүнийхээ хувьд тус болох гээд яваад байхад чиний зүгээс над руу уурлах ямар ч шалтгаан байхгүй гэж түүнд хандаж хэлсэн. Тэгтэл О.Л-ын зүгээс талбай дээр гарч зогсоно, жагсана гэж тухайн үед хэлж байсан. Тэгхээр нь би та өөрөө мэддээ гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 6 дугаар сар гараад О.Л хүүхдээ тэвэрчихсэн У.Х, С.Л нар цалингаа өг гэж кардон цаасан дээр биччихсэн Төрийн ордны гадаа ирж зогссон. Тэгхээр нь би гарч уулзаж та яагаад цалин нэхээд байгаа юм бэ, би таньд цалин өгнө, таныг ажиллуулна гэж огт хэлээгүй гэж хэлэхэд О.Л-ын зүгээс миний ард ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилласан 400 хүн байгаа, тэр хүмүүсийн цалинг өг гэж хэлсэн юм. 400 хүн гэдэг тоо анх удаа тэгэхэд л ярьж байгаа юм. Мөн та 400 хүн ажилласан гэдэг баримт нотолгоо байна уу, танд гаргаж өгөх зүйл байна уу гэж асуухад байгаа гэж хэлээд гэхдээ гаргаж үзүүлсэн зүйл байхгүй. Тэгээд тухайн өдрөөс хойш О.Л нэлээн олон удаа ирж байгаа бөгөөд манай тамгын газраас удаа дараа хүмүүс гарч уулзсан. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр ярьсан...Би О.Л гэх иргэнтэй л уулзаж байсан болохоос биш П-той огт уулзаж байгаагүй. Би тэр О.Л гэх иргэнийг ажиллавал цалин хөлс өгнө гэж огт хэлээгүй. Тэр хүн өөрөө сайн дураараа дэмжиж ажиллана гэж хэлж байсан. Би тэр хүнийг хаана ямар үүрэгтэй ажилласан талаар бол огт мэдэхгүй байна. тэр хүний зүгээс надад ийм ажил хийсэн гэж ямар нэгэн танилцуулсан тайлан байхгүй. Сошиалаар дэмждэг залуучуудын групп байгаа, уг группээр дэмжиж ажиллана гэж л хэлж байсан. Би О.Л гэх иргэнд цалин өгнө гэж огт хэлээгүй. Би тэр хүнд газар өгнө гэж тохирсон, амлалт өгсөн зүйл огт байхгүй. Харин миний зүгээс тэр хүнд туслах зорилгоор өдийг хүртэл холбоотой байж холбогдох байгууллагатай нь холбож өгсөн юм. Тухайн Б.П болон О.Л гэх иргэд ямар цалин хөлс өгнө гэж хэлээд ажиллуулсан зүйл байхгүй байхад цалингаа өг гэж миний болон ерөнхийлөгч У.Х-ийн талаар яриад байгаа юм. Тэгээд л худлаа ярьж нэр төрд халдаж байна.  О.Л-ын зүгээс Баянзүрх дүүрэгт газар бүтээж өг гэж нэхсэн зүйл байгаа,  харин 2023 оны 6 дугаар сар гараад Төрийн ордны баруун талд жагсахдаа манай хуулийнхан гарч уулзахад бичгээр 850 сая нэхсэн бичгийг хавсаргаж өгсөн байсан. Надаас зээл гаргаж өг гэж 350 сая төгрөг нэхсэн...Би ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүсийг ажилуулж цалин өгдөг ажил хийдэг хүн биш, миний ажил үүргийн хувиарт ч байхгүй...гэх мэдүүлэг /1хх- 20-25/,

- гэрч Б.Э-ын /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн бодлогын газрын ахлах референт/ “...Лайв дээр ярилцлага өгч байгаа хүүхэд тэвэрсэн эмэгтэй буюу иргэн О.Л нь 2023 оны 6 дугаар сар гарснаас хойш удаа дараа Төрийн ордны баруун хаалган дээр ирж жагсаал хийж байгаа ба П-той тогтмол цуг ирдэг байсан. Уг эмэгтэйтэй уулзаад “та ямар учраас ерөнхийлөгч У.Х болон С.Л нараас цалин өг гэж нэхэж энд ирж байгаа юм бэ” гэж тодруулахад тэр эмэгтэй надад хандаж “би нөхөртэйгээ сонгуулийн үеэр ажилласан хүмүүсийн цалинг авах гэж ирж байна” гэж надад тайлбарладаг. Би тэгээд О.Лоос “хэн, хэн гэдэг хүний цалинг авах гэж байгаа юм бэ” гэж асуухаар надад тодорхой нэр хэлдэггүй, зүгээр л 400 хүн гэж яриад байдаг юм. Би тэгээд “400 хүн чинь ямар учиртай юм бэ” гэж асуухаар фэйсбүүк группийн дагагч бололтой юм надад ярьдаг. Тэгээд би О.Лоос “хэзээ, хаана ямар гэрээгээр хэдий хугацаанд ямар ажлын шугамаар хэн, хэнийг ажиллуулах талаар хийсэн гэрээ байна уу” гэж асуухаар надад гэрээ байгаа эсэх талаар тодорхой зүйл ярьдаггүй, мөн гэрээгээ гаргаж ирж үзүүлдэггүй юм. Би тэр хүнээс “таныг наад 400 хүн чинь төлөөлж Ерөнхийлөгчтэй очиж уулзаж, бид нарын өмнөөс цалин хөлс нэхэмжилж авчраарай гэх ямар нэгэн итгэмжилсэн, гаргаж ирж үзүүлэх зүйл байна уу” гэхээр надад ямар ч баримт гаргаж ирж үзүүлдэггүй юм... Дараа нь 6 дугаар сарын 10-нд гараад 2 дахь удаагаа төрийн ордны баруун хаалган дээр ирж жагсахад нь би гарч уулзсан бөгөөд тухайн үед надад хандаж “850 сая төгрөг Ерөнхийлөгчөөс авмаар байна, үгүй бол 160 сая төгрөг өг” гэж хэлж байсан. Энэ 2 хүн ерөнхийлөгчийн сонгуулиар ажилласан гэх С.Л зөвлөхтэй байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл огт байдаггүй...Дээрх 2 иргэн нэр бүхий сайтад ярилцлага өгч олон нийтэд мэдээлсэн...” гэх мэдүүлэг /1хх-42-45/,

- “Neguun.mn” фэйсбүүк хуудсанд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт : “...О.Л-ын яриа: Ерөнхийлөгчийн зөвлөх С.Л олон залуусыг ажиллуулсан, цалинг нь өгөхгүй 2 жил явж байна. С.Л ард иргэдийнхээ цалинг ч хүртэл өгөхгүй ингэж луйвардаж байна. ...”, Б.П-ийн яриа: 2021 оны 5 сард Ерөнхийлөгчийн зөвлөх С.Л гэдэг хүнтэй бид 2 уулзаад сонгуулийнх нь ажилд ажилласан юм. Ажилласан 378 хүний нэрс нь байна. Тэгээд бичлэг хийсэн ажил, бүх юм нь баримттайгаа байж байхад өнөөдрийг хүртэл 2, 3 жилийн хугацаанд нэг ч төгрөг олж аваагүй, цалин аваагүй, өгөхгүй гэж байгаа, ...Х-ийг өөрсдөө дэмжээд ажилласан л залуучууд шүү дээ...Сэтгүүлчийн яриа: Х-ийн сонгуулийн ажилд нь яваад тараах материалуудыг нь өгөөд явсан. Тэгээд өнөөдөр нөгөө ажилласан залуус цалингаа авъя гээд шаардсан чинь эргүүлээд нөгөө залуусыгаа цагдаад өгчихдөг...Одоо 300, 400 залуус байна. Эдгээр залуучууд нь бас яг ямар үзэл бодолтой байх юм, яг юу гэж харж байх юм, ихэнх залуучууд нь одоо шантраад цалингаа авч чадахгүй юм байна л гэсэн бодолтой болсон...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 55-70/,

- гэрч Г.Т-ын “...Би 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил хийж оролцсон зүйл бол байхгүй. Харин манай үеэл болох Б.П надад хандаж Х-ийг дэмжиж байгаа сурталчилгааны бичлэгт тоглоод өгөөч гэж хэлснийх нь дагуу нэг видео бичлэгт нь оролцож, Х-ийг дэмжиж байна гэж хэлсэн юм... Би цалин мөнгө авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх 103-105/,

- гэрч Д.О-ийн "... О.Л нь манай дүү О-ийн охин нь байгаа юм... Та дэмжээрэй гэж надад хэлж байсан. Тэрнийх нь дагуу би Х-д саналаа өгч, мөн хүн амьтантай уулзахдаа Х-ийг дэмжээрэй гэж хэлж байсан... Би цалин авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх 109-110/,

- гэрч У.Б-ийн “...намайг нэг бичлэгт оруулсан юм... Би ямар нэгэн цалин авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх 120-122/,

- гэрч Б.Б-гийн “...Би сонгуулийн ажилд бол ажилласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх 225-227/,

- гэрч Б.П-ын “...Тухайн үед сонгуулийн ажилд сошиал хариуцсан сурталчилгааны ажил хийнэ гэж хэлж байсан юм. Тэгээд би фэйсбүүк орчинд ах болох П-ийн хийсэн ерөнхийлөгч Х-ийн сурталчилгааны пост, бичлэгийг шейр хийж түгээж идэвхижүүлж оролцсон юм... хааяа өдөртөө 40,000- 50,000 төгрөгийг бэлнээр, хааяа дансаар авч байсан...О.Л, Б.П нар нь манай хүүхдийн эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал орох эсэх талаар асууж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх 129-133/,

- 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Пийн Хаан банкны 0000000000000тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн хооронд цалин гэх утгатай мөнгөн дүн гарсан эсэхийг тогтоох зорилгоор... үзлэг хийхэд цалин гэх утгатай мөнгөн дүн гараагүй болох нь тогтоогдож үзлэгийг дуусгав” гэх тэмдэглэл /2хх 138-141/,

- шүүгдэгч Б.П...анх манай эхнэртэй С.Л цалин хөлс, мөнгө төгрөг өгнө гэж худлаа шүү, харин ажилд оруулах, бусад зүйлээр тусалж, дэмжинэ гэж тохирсон байдаг, эхнэрийг бас яг юу гэж тохирсныг одоо санахгүй байна...Тэдэн төгрөгний цалин авна гэж тохироогүй.../1хх-171/...Талбай дээр байхдаа бид С.Л гэх хүнээс тохирсон зүйлээ хийж өгнө үү гэх утгаар хийсэн...850 сая төгрөгийн зээл хүсэж байгаа, цалин нь 160.000 сая төгрөг болж байгаа гэх утгаар манай эхнэр бичиж өгсөн.../3хх-109/,

- шүүгдэгч О.Л-ийн”...С.Л бид 2 сонгуулийн ажилд цалин гэж тохиролцоогүй, ажилд оруулна гэж тохиролцсон, газар өгөх, зээл олгох талаар тэр хүн амлалтдаа хүрээгүй.../1хх-248, 3хх-112, 114, 115/ тухай мэдүүлэг,   

- О.Лоос Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан П.Э руу бичсэн мэдээлэл “...Zurag horgiig ni loozon tavina… muu hulgaichuudtai vhtelee temtsene”...aimr luivarchin hudlach...гэх зурвас /1хх-35-39, 74, 79, 81-83/,

- шүүгдэгч нараас бичсэн”...850 сая төгрөгийн зээл олгохгүй гэвэл сонгуульд ажилласан хүмүүсийн цалин зардал болох 180.000 сая төгрөгийг олгоно уу гэх бичвэр /1хх-07-09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч нарыг “худал мэдээлэл тараах гэмт хэрэг” үйлдсэн болохыг нотолж буй эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Тодотговол: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хийг дэмжихээ О.Л өөрөө сайн дурын үндсэн дээр илэрхийлж, улмаар тухайн Ерөнхий сайдын зөвлөх байсан гэх С.Лтэй уулзсан, С.Лийн хувьд түүнд “У.Хийг дэмжиж буйд талархал илэрхийлж, дэмжиж ажиллаарай, гэхдээ цалин хөлс бол өгөхгүй буюу цалин хөлс байхгүй, харин янз бүрийн зүйл гарвал хэлж байгаарай, миний зүгээс таныг дэмжиж ажиллах болно” гэдгээ хэлсэн буюу тэд “цалин хөлс”-ний асуудлаар огт ярилцаагүй, гэрээ, хэлцэл хийгээгүй байхаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хийн хувьд О.Лтой огт уулзаагүй, түүнд цалин хөлс амласан асуудал байгаагүй байна.    

Гэтэл шүүгдэгч О.Л, Б.П нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Х сонгогдсоноос хойш тодорхой хугацааны дараа Ерөнхийлөгчийн зөвлөх С.Л болон ерөнхийлөгчийн тамгын газрын холбогдох албан хаагчидтай уулзсан, улмаар төрийн ордны гадна удаа дараа мэдээлэл хийсэн байх боловч энэ хүрээнд “У.Х, С.Л цалингаа өг” гэсэн бичвэр мэдээлэл бүхий самбарыг олон нийтийн газарт ил байршуулж, улмаар “Neguun.mn” фэйсбүүк хуудсаар шууд нэвтрүүлэн үзүүлж, мөн Ерөнхийлөгчийн зөвлөх С.Л олон залуусыг ажиллуулсан, 378 хүний нэрс байна, 300-400 залуусийн цалинг өгөхгүй луйвардаж байна, бүх юм нь баримттай байхад 2-3 жилийн хугацаанд нэг ч төгрөг олж өгөхгүй гэж байгаа” тухай мэдээллийг олон нийтэд тараасан байх ба тухайн мэдээлэл нь үнэн бодит байдалд нийцээгүй буюу илт худал болох нь;   

түүнчлэн О.Л, Б.П нар төрийн ордны гадна өмнө хийсэн жагсаалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн бодлогын газрын ажилтан Б.Э-г уулзахад “Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 400 хүн ажиллуулсан тул Ерөнхийлөгч болон түүний зөвлөх С.Л нараас цалинд 850 сая төгрөг, 160 сая төгрөг авна” гэх агуулга бүхий мэдээлэл хийж, энэ талаарх бичвэр бүхий баримтыг өгсөн боловч мөн тухайн мэдээлэл нь үнэн бодит байдалд нийцээгүй буюу илт худал болох нь тус тус тогтоогдсон байх ба тухайн илтэд худал мэдээллийг олон нийтэд тараасныг нотолж буй үйл баримтыг үгүйсгэж няцаасан ямар нэгэн нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт байхгүй байна.

Тийм учраас шүүгдэгч О.Л, Б.П нарыг бүлэглэн үйлдсэн дээрх үйлдлүүд нь “хүний нэр төр, алдар хүндэд...халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.  

“Илт худал мэдээлэл” гэж бодит эх сурвалжгүй, нотолгоогүй буюу бодит байдалтай  нийцээгүй мэдээлэл, баримт сэлтийг;     

“Илт худал мэдээллийг олон нийтэд тараах” гэдэг нь тухайн илт худал мэдээллийг  амаар, бичгээр, эсхүл хэвлэл мэдээлэл, цахим зэрэг хэрэгслээр бусдад дамжуулах, олон нийтэд илэрхий буюу тэдний анхаарлыг татахад чиглэсэн арга хэрэгслээр мэдээлж,  түгээхийг;                     

“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг;    

“Хүний алдар хүнд” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус хамааруулж ойлгоно.   

“Олон нийт” гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн шинжийг бий болгох нөхцлийн хувьд хоёр буюу түүнээс олон хүний байхыг шаардахгүй, нэг хүнд ч илт худал мэдээллийг тараасан байж болно гэж үздэг.    

Шүүгдэгч О.Л, Б.П нар гэмт санаагаар нэгдэж буюу бүлэглэн дээр дурдсанаар “Монгол Улсын ерөнхийлөгч У.Х, түүний зөвлөх С.Л” нарын эсрэг илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нь тогтоогдсон байх тул тухайн хувь хүн буюу төрийн алба хашиж буй албан тушаалтны нэр төр, алдар хүндэд халдсан гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тодорхой байдлаар нэгэн зэрэг тогтоогдсон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах буюу шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, бусад бүхий л нотлох баримтыг /2хх-103-105, 109-110, 120-122, 129-133, 138-141, 225-227/ харьцуулан шалгахад шүүгдэгч О.Л, Б.П нарын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хийг дэмжихээ өөрсдийн сайн дураар илэрхийлж, улмаар “У.Х дэмжигчид” гэх фэйсбүүк групп нээж, сурталчилгааны гэх нэг бичлэг хийж, С.Л-т үзүүлсэн байх” боловч эдгээр ажлаа үнэ төлбөргүй, сайн дураар хийсэн байхаас гадна сонгуулийн сурталчилгаа хийлгэхээр 400 орчим хүнийг цалинжуулсан, өөрсдийн зүгээс олон сая төгрөгийн зардал гаргасан гэх үйл баримт огт тогтоогдоогүй байх тул шүүгдэгч нарын хийсэн “У.Х, С.Л нар цалингаа өг, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Л олон залуусыг ажиллуулсан, 378 хүний нэрс байна, 300-400 залуусийн цалинг өгөхгүй луйвардаж байна, бүх юм нь баримттай байхад 2-3 жилийн хугацаанд нэг ч төгрөг олж өгөхгүй гэж байгаа” тухай мэдээллийн болон тэдний өгсөн мэдүүлгийн эх сурвалж тус тус нотолгоогүй буюу няцаагдсан байна. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Х сонгогдсоноос хойш тодорхой хугацааны дараа О.Л нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Л-тэй уулзах хүсэлт гаргаснаар тэд удаа дараа уулзсан байх ба С.Л-ийн хувьд эдгээр уулзалтын хүрээнд О.Лын шат дараалан гаргасан гэх “ажилд оруулах, мөн нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах байр барих газар бүтээж өгөх, төрөл садангийн  хүүхэд төрөлхийн өвчтэй төрсөн тул гадаадад эмчлүүлэхийн тулд мөнгөн тусламж, 350 сая орчим төгрөг зээлэх” зэрэг олон тооны хүсэлтийг сонсож, шууд татгалзахгүйгээр өөрөөс шалтгаалах бүхий л арга замаар дэмжихээ илэрхийлж, холбогдох хүмүүст уламжлах, уулзуулах, зөвлөгөө авч дамжуулах зэргээр түүнд туслахыг эрмэлзсэн байна. Гэвч О.Л-ын тухайн хүсэлтүүд нь С.Л-ээс хамаарахгүй, харин О.Л-оос өөрөөс нь хамаарах болон бусад шалтгааны улмаас биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч, холбогдох зарим гэрч нарын мэдүүлэг, баримтаар тогтоогдсон байх тул энэ нөхцөл байдал нь шүүгдэгч О.Л, Б.П нарын үйлдсэн “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг давхар баталж буй эх сурвалжид хамаарна.    

С.Л-ийн зүгээс О.Л-ын гаргасан хүсэлт бүрийг харгалзан өөрөөс шалтгаалах бүхий л арга замаар түүнийг сайн дурын үндсэн дээр дэмжихээ илэрхийлж байсан нь С.Л-ийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 400 орчим хүмүүс ажиллуулж, цалинжуулахыг О.Л-т зөвшөөрсөн, цалингийн 160 сая төгрөгийг өгөхгүй луйвардсан” гэх утга агуулгыг илэрхийлэхгүй болохыг тэмдэглэж байна.  

Хуулийн дагуу бусад хүний эрх, эрх чөлөө, нэр төр, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун зэргийг хамгаалах шаардлага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны үндэслэлд хамаардаг бөгөөд энэ хүрээнд Улсын Их хурлаас “худал мэдээлэл” тараах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд хуульчилсан, хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.Л, Б.П нар “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх тул тэднийг үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.   

2.  Харин шүүгдэгч О.Л-ыг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж хохирогч Б.А, С.Л нарыг “чамаас би хүүхдийнхээ амийг нэхнэ шүү, новш минь чи хүүхэдгүй юу, тийм үү, чи харин ингэж болохгүй шүү, С.Л та хоёроос амь нэхнэ шүү” гэж тодорхой үйлдэл буюу зээл олгуулах шийдвэр гаргуулахаар шаардаж, өөрт нь ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан : - хохирогч С.Лийн...тухайн үед О.Л уулзахдаа “төрөл садангийнх нь хүүхэд төрөлхийн өвчтэй төрөөд, маш хүнд байгаа, Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна”, 350 сая орчим төгрөг зээлээч гэж хэлсэн. Би түүнд хандаж миний зүгээс бол таньд гаргаж өгөх мөнгө байхгүй, зээлийн асуудлыг чинь харин асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би таньдаг дүү болох хувийн банк бус санхүүгийн байгууллагатай Б.А-той холбогдож О.Л гэх иргэн зээл хүсэж байгаа юмаа, зээл гарах боломжтой юу гэж асууж, О.Лыг холбож өгсөн. Би бол яг он сарыг сайн санахгүй байна, тэгээд Б.А над руу холбогдож зээлийг нь гаргах боломжтой юм байна, гол нь энэ хүнд чинь барьцаа хөрөнгөнийхөө материалыг өг гэхээр намайг загнаад уурлаад байх юм гэж хэлсэн. Би Б.Аод барьцаа хөрөнгөгүй зээл гэж юу байхав гэж хоорондоо тухайн үед яриад өнгөрсөн. Тэгээд О.Л-той утсаар холбогдоод барьцаа хөрөнгөгүй зээл гэж тийм юм байхгүй ээ гэсэн чинь О.Л-ын зүгээс надад хандаж наад Б.А чинь худлаа яриад байна, та нар угаасаа надад худлаа яриад байна гээд над руу бас уурлаад утсаа тасалсан...Сүрдүүлсэн зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг /1хх-20-25/, 

- хохирогч Б.Аоос...“ 2023 оны 02 сард С.Л ах над руу залгаад “нэг таньдаг хүн зээл авах гээд байгаа юм, тэр хүнтэй уулзаад боломжтой бол туслаад өгөөч, барьцаа нь хангалттай гэсэн, чиний дугаарыг өгчий, уулзаадах” гэсэн. Анх уулзахад 500-550 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй гэхлээр нь үзүүлэх материал байна уу гэхэд байхгүй гээд гар утаснаасаа дансны хуулга харуулсан ба түүнийг хараад шууд боломжгүй юм байна гэсэн. Гэтэл манай нөхөр машин зардаг, нөхрийнхөө нэр дээр баримт бүрдүүлээд ирий гэсэн ба дахиж ирэхдээ анкет бөглөөд, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургаа наагаад ирээрэй гэсэн. Дахин уулзахдаа өөрийн болон нөхрийнхөө дансны хуулга, оршин суух газрын тодорхойлолтоо авчирсан, анкет бөглөөгүй байсан.   Түүнд манай зүгээс зээл авах тохиолдолд яг банкнаас тавьдаг шаардлагыг тавьж зээл гаргаж өгдөг, танд барьцаа байхгүй бол зээл олгох боломжгүй гэж хэлсэн. О.Л заавал зээл авмаар байна гэхэд нь дансны хуулгыг чинь нягталж үзээд хурлаар орох эсэхийг шийдье гэсэн тайлбарыг өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй уурлаад хараагаад л шууд гараад явсан. Дахин О.Л над руу залгахаар нь та барьцаагаа авчирмаар байна гэхэд манай хадам аавын байр байгаа гэхлээр нь наад нэг байр чинь 500 сая төгрөгний зээлийн барьцаанд хүрэхгүй ээ, зах зээлийн үнэлгээний 60 хувиар нь манайхаас зээл гаргадаг юмаа гэж хэлсэн...Дараа нь дахиж уулзсан бөгөөд зээлийнхээ хүүний талаар ярьсан. Тэгтэл О.Л 5 хувиас дээш хүүтэй зээл бол авч чадахгүй гэж хэлсэн. Би тухайн хүнд таны хүсээд байгаа 500 саяын эргэн төлөлт нь ийм байна гэж тооцооллыг хэлэхэд О.Л сар болгон мөнгө төлж чадахгүй, 6 сардаа нэг удаа төлөх боломж байгаа гэж хэлсэн. Би тэр хүнд хүү бол 5 хувиас дээшээ нэмэгдэнэ гэж хэлэхэд О.Л наад мөнгийг чинь авч чадахгүй бол хүүхдээ эмчлүүлж чадахгүй гэсэн...Барьцаа байхгүй бол бүтэхгүй гээд хэлчихээ гэж байхад чи яагаад жүжиг тавьж байгаад хугацаа алдуулав аа, чамаас хүүхдийнхээ амийг нэхнэ шүү новш минь чи хүүхэдгүй юу тэ, чи харин ингэж болохгүй шүү” гэж хэлсэн бас мессэж бичсэн тухай мэдүүлэг /1хх-218-222, 28-32/,    

- шүүгдэгч О.Л-ын...2023 оны 01 сард байх Б.А гэх хүнтэй яриахад Б.А надад зээлд нөлөөлж чадна гэж хэлсэн, би барьцаагүй зээл болох юмуу гэж асуухад надад хандаж болно гэсэн. Би энэ зээлийг хүүхдийн эмчилгээнд хэрэглэх гээд байна, бүтэхгүй гэдгээ эртхэн хэлчих, ийм зүйл дээр арай худлаа хэлэхгүй биз дээ гэхэд Б.А бүтнэ гэж хэлсэн, би чиний зээлийг төслийн зээл гээд оруулна, чиний нэр дээр хуурамч материал бүрдүүлнэ, тэгэхээр хугацаа орно, чи надад энэ материалуудыг бүрдүүлж ир гээд гэхэд бүрдүүлж өгч байсан...Тэгээд тухайн үеэс хойш Б.А руу залгаж холбогдсоор байсан. Тэгтэл Б.А нэг өдөр надад чиний барьцаа хөрөнгө чинь хүрэхгүй гэхлээр нь чи төрөх гэж байгаа хүнийг зөндөө ингэж материал бүрдүүлүүлж ажил болгож явуулчихаад худлаа хэлээд байгаа юм уу, үнэн хэлээд байгаа юм уу, гэж хэлсэн ба материалаа дуусгаад банкаар хуралд оруулна гэж хэлээд тэр хүн таг чиг алга болсон...Тэгээд би С.Л рүү давчидсандаа залгаж энэ 1 жилийн хугацаанд та надад баахан худлаа амлалт өгч, зөндөө явууллаа, үнэхээр нээрээ уур хүрч байна, үнэхээр давчдаад хэлэх ч үг алга, та нар чинь ямар аймар хүмүүс вэ, яагаад хэлсэндээ хүрэхгүй байгаа юм бэ гэж хэлсэн...Би жирэмсэн, чамд нөхцөл байдлаа хэлсэн, болохгүй бол одоо ч гэсэн хэлчихээч дээ гэж хэлэхэд Б.А цагаан сарын дараа эхний ажлын 10 хоногтоо бараг болчихно гэж хэлсэн...Тэгээд зээл бүтээгүй, би тэр үедээ бухимдсан, заналхийлсэн зүйл хийгээгүй, үнэхээр тэр хүн надад худлаа яриад би тэр хүнд гомдсон, аймар олон удаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, би чамд зээл гаргаж өгөх гэж бай гэж худлаа ярьсан, тэгээд над руу утсаар ярихдаа уурлаж муухай харьцсан, би хариуд нь реакцилсан байж магадгүй, гэхдээ занахийлээгүй...Би үнэхээр гомдож, дөнгөж төрсөн байсан учраас үнэхээр надад хэцүү байсан болохоор бухимдаж Б.А-од маш их гомдсон. Тэр хүнийг уурласаных нь талаар би гомдсон, харин өвчтэй хүүхдэд ямар нэгэн юм тохиолдчих юм бол хэцүү байна, хэлдэг газар нь хэлнэ шүү гэж тэр үедээ дотроо бодож байсан юм...гэх мэдүүлэг /1хх-52, 245-246, 2хх-01/,

- О.Лоос Б.А руу бичсэн гэх мессеж : Анхнаасаа барьцаа байхгүй, бүтэхгүй бол хэлчих гэхэд чи яах гэж жүжиг тавьж баахан хугацаа алдваа...Новш минь чи хүүхэдгүй юу тэ. Чи харин ингэж болохгүй шүү....С.Л та 2-с амь нэхнэ шүү.../1хх-85-86/ зэрэг эх сурвалжаас үзэхэд заналхийлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт санаатай үйлдэл хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, анхнаасаа шүүгдэгч О.Л-ын шууд заналхийллийн улмаас Б.А, С.Л нар түүний дарамт, албадлагад автсанаас  О.Лхагавдолгорт зээл олж өгөх, туслахад чиглэсэн үйлдэл хийгээгүй, харин О.Л-ын зээл авах тухай санал, хүсэлтийг дэмжих санаагаар анх С.Л хүлээн авч, улмаар найз Б.А-од хүсэлтийг уламжлан хууль журмынх нь дагуу боломжит хэлбэрээр түүнд зээл авахад нь туслахыг хэлж, тэднийг холбож уулзуулсан байна.

Энэ дагуу Б.А, О.Л хэд хэдэн удаа уулзсан, их хэмжээний зээл олгоход тавигдах хууль тогтоомжид заасан шаардлага болох барьцаа хөрөнгө, бусад баримтыг О.Лхагавдолгорын зүгээс хангах болон бусад шалтгаанаар зээлийн асуудал удааширч, хугацаа алдсан улмаар Б.А, О.Л-ын хооронд үл ойлголцол үүсч, зээл гарах боломжгүйд хүрсэний дараа буюу зээл бүтэхгүйгээр бага бус хугацаа алдсаны дараа “зээл бүтэхгүйг анхнаасаа хэлчихгүй хугацаа алдууллаа” хэмээн О.Л уурлаж, гомдсон сэтгэгдлээ илэрхийлж Б.А руу зөвхөн мессэж бичсэнийг заналхийлэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Энэ нь “анхнаасаа барьцаа байхгүй,  бүтэхгүй бол хэлчихээ гэхэд чи яах гэж жүжиг тавьж баахан хугацаа алдуулваа. Новш минь чи хүүхэдгүй юу тэ, чи харин ингэж болохгүй шүү, айн, С.Л та 2-с амь нэхнэ шүү” гэх мессэжний утга агуулгаар хэнд ч ойлгомжтой илэрхийлэгдсэн буюу мессэжийн утга агуулга нь заналхийлэх гэмт хэргийн шинжийг огт агуулаагүй, заналхийлэл хэрэгжих гэмт зорилго бүхий үйлдэл нотлогдоогүй байтал  О.Лыг “заналхийлэх гэмт хэрэг” үйлдсэн гэж яллаж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болно.  

Иймд шүүгдэгч О.Л, Б.П, тэдний өмгөөлөгч Х.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “шүүгдэгч О.Л-т холбогдох заналхийлэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлыг хүлээн авч, харин хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай бусад гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1051 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Л, Б.Пнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих  шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул тэдэнд  оногдуулсан торгох ял, түүний хэмжээ тухайн шүүгдэгч нарын үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1051 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

1. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.Л-т холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :   

1 дэх заалтаас “...,шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэснийг,  

2 дахь заалтаас “...,шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар” гэснийг,

3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Л, Б.П, тэдний өмгөөлөгч Х.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “шүүгдэгч О.Л-т холбогдох заналхийлэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлыг хүлээн авч, харин хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай бусад гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР