Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 127/ШШ/2025/0009

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2025/0006/3

 

    Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “МИ” ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.

 

2.    Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч “МИ” ХХК нь Хэний аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож ялагч болж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах 04 тоот гэрээг тус сумын Газрын даамалтай байгуулж[1], Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/21 дугаар захирамжаар Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Баргилтад” байршилтай, 2318001634 нэгж талбарын дугаартай Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалттай 4.868 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшсэн[2] байна.

2.2 Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжаар “газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “МИ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[3].

2.3 Нэхэмжлэгч “МИ” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гомдлыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасныг мөн оны 02 дугаар сарын 12-ны өдөр бүртгэн авсан байна.[4]

2.4. Нэхэмжлэгч “МИ” ХХК Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд анх нэхэмжлэлээ ирүүлсэн.

2.5 Тус шүүх нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 127/ШЗ2025/0026 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр “МИ” ХХК-ийн анх гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[5].

2.6 Нэхэмжлэгч “МИ” ХХК нь дээрх шүүгчийн захирамжид дурдсан нэхэмжлэл гаргахад саад болж байгаа зүйлийг арилгаж, нэхэмжлэлээ дахин 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 127/ШЗ2025/0033 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 

            3. Нэхэмжлэгч  “МИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...МИ” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших төмрийн хүдэр хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр байгуулахаар Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/21 дугаар захирамжаар уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 4.9 га /48680 м2/ газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг.

Тус газрыг 2022 онд Дархан сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож ялагч болж, дуудлага худалдааны ялагчтай байгуулах 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот гэрээг Газрын даамалтай байгуулж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдааны үнэ 29,039,680.00 төгрөгийг төлж, газар эзэмшсэн. /Дэнчингээс гадна төлсөн мөнгөн дүн/

Уг газрыг эзэмшиж эхэлснээс хойш газрын төлбөрийг хууль журмын дагуу жил бүр төлж ирсэн, тухайн газарт зориулалтын дагуу уул уурхайн барилга байгууламж барихаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын орлогчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/19 тоот албан бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахим и-мэйл хаягаар хүлээн авсан. Тус албан бичигт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл үүссэн тухай мэдэгдсэн.

“МИ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/02 тоот албан бичгээр хариу үндэслэл бүхий үйл ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарыг цахим и-мэйл хаягаар хүргүүлж, холбогдох сонсох ажиллагаанд цахимаар оролцох боломжтой тухайгаа мэдэгдсэн. Мөн шуудангаар дээрх албан бичгийг хавсралтын хамт 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн.

Гэтэл сонсох ажиллагаанд цахимаар оролцуулах боломжийг хангахгүйгээр, тайлбар холбогдох нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжаар “МИ” ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус захирамжаа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэж, цахим и-мэйл хаягаар ирүүлсэн.

Тус компанийн зүгээс Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025.01.20-ны А/07 тоот захирамжийг дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

1.     Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй талаар:

Манай газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

Тус газрын зориулалт төмрийн хүдэр хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр байгуулах юм. Барилгын тухай хуульд заасны дагуу бүх баримт бичгийн бүрдэл хангаж зөвшөөрлөө авсны үндсэн дээр үйлдвэрлэлийн барилгаа барина.

Барилгын тухай хуульд заасны дагуу дээр дурдсанчлан баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулан, техникийн нөхцөлийн дагуу үйлдвэрийн цахилгааны эх үүсвэрийн гаргалгааг шийдвэрлүүлэх зэргээр үйлдвэр байгуулах баримт бичгийг батлуулах шатанд явж байгаа тул газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзнэ.

Харин эсрэгээрээ зөвшөөрөлгүйгээр газар дээр үйлдвэрийн барилга байгууламжийг барьж байгуулбал хууль зөрчсөн үйлдэл болно.

Мөн манай компани зориулалтын дагуу барилга, байгууламж барих, үйлдвэрлэл явуулах техник эдийн засгийн үндэслэлийг зардал гарган батлуулж, үйл ажиллагаа явуулж байгаа баримт бичгийн бүрдэл хангах ажиллагаа явагдаж байгаа эцсийн барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахад урьдчилан цахилгааны гаргалгааг шийдвэрлэсэн байх бөгөөд тус зөвшөөрөл Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, М  ТӨҮГ-ийн шийдвэртэй хариу өгөхгүй байгаа үйлдлээс шалтгаалан удааширсан болохыг тайлбарласан байхад ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж цуцалсан асуудал нь тухайн нөхцөл байдалд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2.     Захиргааны ерөнхий хуулийн 49.3.1-д заасан үндэслэл үүсээгүй тухайд:

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025.01.20-ны өдрийн А/07 тоот тушаалаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа атлаа Захиргааны ерөнхий хуулийн 49.3.1-д заасныг дурджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл нь захиргааны актыг цуцлах зохицуулалт бөгөөд анх газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай зохицуулалт юм. Манай компанийн хувьд Газрын тухай хуулийн 33.1.2-д заасны дагуу дуудлага худалдааны журмаар явагдсан ажиллагаанд оролцож ялагч болон дуудлага худалдааны төлбөрийг төлж эрхийг баталгаажуулсан.

Иймд анх газар эзэмшихдээ Газрын болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй. Харин хариуцагч байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4.5, 27.5 дахь хэсгүүдэд заасан ... сонсох ажиллагаа хийх, тайлбар санал, санал гаргах боломж олгох ... зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, цахим хэлбэрээр сонсох ажиллагаанд оролцох боломжийг хязгаарласан. Манай компани сонсох ажиллагаанд цахимаар оролцох хүсэлт гаргасан байхад энэ тухай утсаар огт мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн бид тайлбараа гаргасаар атал түүнийг харгалзан үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж заасныг зөрчсөн байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа талаар:

Манай компани Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэнэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Т/22- 09-13 дугаар дүгнэлтээр Хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр техник эдийн засгийн үндэслэлийг батлуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1/177 дугаар тушаалаар техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу 800 ква нийт эрчим хүч хэрэглэхээр тооцоолсон. Тус үйлдвэрийн цахилгаан эрчим хүчийг Бор-Өндөрөөс татсан Адагийн 35 кВ-ын шугамаас 7 км зайд 6 кВ-ын агаарын шугам татаж эрчим хүчээр хангагдах боломжтой юм. Цахилгаан эрчим хүчний нөхцөл байдлаас шалтгаалан үйлдвэр баригдах хугацаа хойшилж байна.

Тус компаниас Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б/0401 тоот албан бичгээр хандаж эрчим хүчээр хангагдах зөвшөөрөл хүссэн боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай гэж утсаар мэдэгдсэн, мөн М  ТӨҮГ-т 2024 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 1/18 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1/23 тоот албан бичгүүдээр хандаж Адаг хэсгийн шугамаас цахилгаан эрчим хүчнээр хангагдах зөвшөөрөл хүссэн, М  ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2390 тоот хариу албан бичгээр ... Адаг хэсгийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 35 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлж Баргилт дэд станцыг тэжээх 49/2024 техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамнаас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр авсан бөгөөд техникийн нөхцөлийн дагуу шугамын ачаалал нь 1.6 МВт байхаар өгөгдсөн ..., ... ЭХЯ-аас дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамын техникийн нөхцөлийг хүчин чадлын хувьд нэмэгдүүлэн олгох тохиолдолд уг шугамд танай 800 ква ачааллыг нэмэгдүүлэн холбох боломжтой... гэж холбогдох цахилгаан эрчим хүчээр хангагдах зөвшөөрөл өгсөн. Үүний дараа Эрчим хүчний яаманд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/01 тоот албан бичгээр Адаг хэсгийн цахилгаан дамжуулах агаарын шугамын техникийн нөхцөлд тусгагдсан 1,6 МВт ачааллыг 2.4 МВт болгон нэмэгдүүлэх боломжтой талаар хандаж холбогдох хариуг цахилгаан эрчим хүчээр хангагдах хүсэлтээ цахимаар хандаарай гэж утсаар хариу мэдэгдсэн. Тус компаниас эрчим хүчээр хангагдах талаар холбогдох материалыг дахин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Бид цахилгаан эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдсэний үндсэн дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан зориулалтын хүрээнд барилга байгууламж барихаар идэвхтэй ажиллаж байгаа юм.

... Иймд Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“МИ” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тухайн 4.9 га газрыг Дархан суманд эзэмших эрхийн гэрээ байгуулж авсан байдаг. Дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрүүдийг бүрэн төлсөн.

... Газрын төлбөрөө бүрэн төлсөн. Дархан сумаас анх  2024 оны 01 дүгээр сарын 10-ны газар эзэмших гэрээг  цуцлах тухай утсаар мэдэгдээд, уг мэдэгдлээ цахим хаягаар ирүүлсэн. Сонсох ажиллагаанд биеэр оролцож чадахгүйгээ утсаар мэдэгдэж, цахимаар оролцож болно гэж хэлсэн. Засаг даргын тамгын газраас нь эргээд хариу хэлье гэсэн хэлээгүй. Манай компани үйл ажиллагааныхаа талаарх албан бичгийг холбогдох нотлох баримтууд, ТЭЗҮ, эрчим хүчээр холбогдох тухай ирсэн явсан бичгүүд, зөвшөөрөл авсан бичиг бүгдийг хавсарган 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шуудан болон цахим хаягаар хүргүүлсэн.

2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр над руу viber-аар залгаж шийдвэр гарсан тухай хэлсэн. Тухайн үед би Хятадад байсан. Та энэ захирамжаа цахим хаягаар явуулаад өгөө гэж хэлсэн. Би надад утсаар газар эзэмшлийг цуцалсан гэдгээ хэлж болоод байгаа хирнээ сонсох ажиллагаанд цахимаар оролцъё гээд байхад яагаад оролцох боломжийг олгодоггүй юм бэ гэж хэлж байсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-6-д заасан үндэслэл үүсээгүй гэж үзэж байгаа. Учир нь бид газраа 2 жил ашиглаагүй гэдэгт “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй...” гэдэгт манайх энэ хугацаанд ТЭЗҮ-гээ хийлгэсэн, батлуулсан. ТЭЗҮ хийлгэнэ гэдэг нь өөрөө ямар их зардал, ямар их цаг хугацаа ордог ажил билээ. Мөн тухайн газар орчимд  эрчим хүч  дутагдалтай байдаг. Бидний зүгээс Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний газартай очиж уулзахад “эрчим хүчээр хангах боломжгүй” гэдэг байдлаар тайлбарласаар ирсэн. Бид бүхэн  албан бичгээр  хандахад “Ш Ц” гэдэг компаниас эрчим хүчээ авч болно шүү дээ гэдгийг хэлж байсан. Манайх ч гэсэн өөрсдөө “Ш Ц”-аас авах боломжтойгоо мэдэж байсан. Мөн М  компанийн шугамаар буюу энэ 2 шугамаар өндөр хүчдэл авах боломжтой учраас энэ хоёр байгууллагад эрчим хүчээр хангагдах талаар хүсэлтээ тавьж ирсэн. “Ш Ц” ХХК нь манайхыг эрчим хүчээр хангая гэдэг байдлаар эхлээд утсаар ярьж, уулзалт дээр ярьж байсан боловч хамгийн сүүлийн уулзалт дээр манай өөрсдөө дутагдалтай байгаа, бид нар өөр айлд танайхаас урьдчилаад татагдсан учраас танайхыг эрчим хүчээр хангах боломжгүй гэж тус  компанийн захирал мэдэгдсэн. Бид 2 дахь гарц буюу М эд бичгээр 2 удаа хандахад манайд тог өгөх боломжтой та бүхэн манай эрчим хүчний зөвшөөрлийг  нэмэгдүүлсэн тохиолдолд танайхыг эрчим хүчээр хангах боломжтой гэдэг байдлаар хариу өгсөн. Үүний дагуу бид Эрчим хүчний яаманд 3 удаа хандсан. Эрчим хүчний яам ямар нэгэн байдлаар хариу албан бичиг өгдөггүй.

Эрчим хүчний яам журмаараа эрчим хүчний асуудлыг цаасаар авахаа больсон зөвхөн цахимаар авдаг болсон учраас та бүхэн  энэ талаараа цахимаар хүсэлтээ гаргаарай гэдэг. Хамгийн сүүлд Эрчим хүчний яамны мэргэжилтэнтэй очиж уулзахад “Эрчим хүчний яам 1мбт-с дээш  хэрэглээн дээр зөвшөөрөл өгдөг. Тийм учраас танай хэрэглээ 1мбт  хүрэхгүй 805 учир Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээний газартаа ханд, манайхаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Бид бүхэн цаасаар хариу өгөх боломжгүй. Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээтэй холбогд” гэсэн.

Түүнээс өмнө биеэр хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. Багануур зүүн бүсээс манайд дахин эрчим хүчээр хангагдах талаар өмнө бид “Ш Ц” гэдэг компаниас эрчим хүч авъя гэдэг хүсэлт тавьж байсан бол одоо бид адгийн шугам дээр зөвшөөрөл өгөөч  гэдэг байдлаар хандаж байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудал үүссэн. Энэ талаар бид нэхэмжлэл дээрээ тодорхой дурдсан. Мөн гадаадад албан ажилтай байсан талаар утас болон мэйлээр мэдэгдсэн. Мөн албан бичигтээ гадаад ажилтай байгаа учраас сонсох ажиллагаанд цахимаар оролцуулж өгнө үү гэдгээ хэлсэн ч цахимаар оролцуулаагүй. Хэрэгт тухайн үед гадаадад ажилтай байсан талаараа гадаад паспортыг хавсаргаж өгсөн байгаа. Иймд Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны А/07 дугаартай  өдрийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч тухайн газрыг огт ашиглаагүй гэдгийг газар дээр нь очиж үзсэн гэж байна. Газар ашиглах гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар түүний ашигт шинж чанарыг ямар нэгэн байдлаар ашиглахыг хэлж байгаа юм. Тухайн газрыг дуудлага худалдаагаар уул уурхайн барилга байгууламжийн зориулалтаар авсан. “МИ” ХХК-ийн хувьд тухайн газар дээр төмрийн хүдэр хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар 2022 оны 09 сарын 15-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн  дүгнэлт гаргуулсан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмал газрын тосны газраар ... техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсан. Барилгын үйл ажиллагаа гэдэг нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар  “барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг” ойлгохоор тодорхойлсон байна. Тухайн газар дээр “МИ” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь барилгын үйл ажиллагааны эхний үе шат болох зураг төслийг боловсруулж байсан. Зураг төсөл хийх үе шатан дээр газрыг ашиглаагүй гэж үзэх үндэслэл байхгүй.

 “МИ” ХХК-ийн зүгээс 2025 оны үйл 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр ийм ийм ажил хийсэн, сая дурдагдаж байгаа мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болоод техник хэрэгслийн үндэслэлийг хүлээн авсан Ашигт малтмал газрын тосны газрын тушаалын хуулбар  ТЭЗҮ зэргийг тус тус явуулсан. Уг газар нь очоод үзэхэд нь хоосон байж болно гэхдээ баримтыг аваад үзэхээр энэ компани чинь газраа ашиглаад баримтаа хавсаргасан байгаа юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар “МИ” ХХК нь одоо барилгын үйл ажиллагаагаа газар дээрээ бодитой явуулахад эрчим хүчний асуудал үүсээд байна гээд Эрчим хүчний яам руу хандахаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ рүү ТӨХК руу ханд гэдэг. Мөн М  ТӨҮГазар зэрэг нь шийдвэртэй хариу өгдөггүй. Ийм үйл явдлууд болсон. Гэтэл энэ тайлбаруудаа өгсөөр байтал Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр  “МИ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор тайлбарласан.

Нэгдүгээрт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэгт газар эзэмшигчээс хамаарахгүй нөхцөл шалтгаан үүссэн байх.

Хоёрдугаарт тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг дээр газар эзэмших гэрээ авснаас хойш хуанлийн 2 жилийн хугацаанд газар эзэмшигч нь тухай газар дээрээ тодорхой үйлчилгээ эрхлэх, барилга байгууламж барих, зам талбай барьж эхлээгүй гэсэн байдаг.

 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д үйл ажиллагаа явуулсан уу явуулаагүй юу гэдэг дээр урьдчилсан нөхцөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж байгаа юм. Хүндэтгэн үзэх шалтгааны хувьд Эрчим хүчний яам руу, Багануур зүүн өмнөд бүсийн сүлжээ ТХӨК рүү, М  ТӨҮГазар хандаж байсан бөгөөд 2023, 2024 онд эрчим хүчний асуудлаа шийдэх гээд явж ирсэн. Компанийн хувьд газар дээрээ барилга байгууламж хашаа барих гэхээр цахилгаан эрчим хүчний асуудал гардаг. Эдгээр нөхцөл байдлуудаас болоод үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсан.

 Үүнээс дүгнэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бий болоогүй. Нөгөө талаар энд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг 2 үндэслэл байгаа юм.

 Маргаан бүхий захиргааны акт дээр Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг үндэслэсэн байна. Харин Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж байгаа юм. Энэ хоёр ойлголт нь зарчмын хувьд өөр асуудал.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар сонсох ажиллагааг хийх ёстой. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Хэнтий аймгийн Дархан суманд очих боломжгүй байгаа учраас цахимаар оролцохыг хүссэн боловч төлөөлөгчийг сонсох ажиллагаанд оролцуулаагүй учраас нөхцөл байдлыг үнэн зөв бодитой тогтоож чадаагүй. “МИ” ХХК-ийн  хувьд  газрын төлбөрөө төлөөд, ТЭЗҮ батлагдсаны дараа барилгын үйл ажиллагаагаа эхлэх учиртай байсан. Засаг даргын захирамжаар “МИ” ХХК-г  Барилгын тухай хуулийг зөрчих шийдвэрээрээ шаардсан агуулгатай байна.

Иймд Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 тоот шийдвэр нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6. Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Г.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа[6]“...”МИ” ХХК-ийн эзэмшлийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 2318001634 нэгж талбарын дугаартай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10:00 цагт Дархан сумын ЗДТГ-ын 205 тоотод сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлсэн.

Уг мэдэгдэлд сонсох ажиллагаанд биечлэн ирж оролцоогүй бөгөөд тухайн Захиргааны хяналтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт саналыг бичгээр авах гэж заасны дагуу бичгээр тайлбар ирүүлсэн байдаг.

Тухайн тайлбар нь Газар эзэмшүүлэх гэрээ, Газрын тухай хуулийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх мэт заалтуудад тусгагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Тус газарт Засаг дарга Г.Б , Газрын даамал Г.Г , Байгаль орчны асуудал хариуцсан Ц.Г , Иргэний төлөөлөл Ж.О  нар ажиллаж үзлэг хийсэн бөгөөд үйл ажиллагаа огт явуулаагүй болно” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчаас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. “МИ” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/21 дугаар захирамжаар уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 48680 м2 газрыг эзэмшиж эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээг хүлээн авсан.

2. Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжаар “газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “МИ” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

3. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл үүсээгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй мэт харагдавч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулах, Ашигт малтмал газрын тосны газрын даргын тушаалаар үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах, эрчим хүчний зөвшөөрөл авахаар холбогдох газруудад хандсан талаарх баримтаа хүргүүлсээр байхад сонсох ажиллагаанд цахимаар оролцуулах боломжийг хангахгүйгээр, бодит байдлыг тогтоолгүй шийдвэр гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргадаг.

Хариуцагч нь “2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10:00 цагт Дархан сумын ЗДТГ-ын 205 тоотод сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлсэн, биечлэн оролцоогүй ч саналыг бичгээр авсан. Тухайн газарт үзлэг хийхэд үйл ажиллагаа огт явуулаагүй байсан учир Газрын тухай хуулийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтад тусгагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж тайлбарладаг

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 ”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

Захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн  шийдвэр гаргахдаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй”, мөн “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” байх гэсэн нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

5. Нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулсан эсэх, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн эсэх, тухайн газартаа бодитоор уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж бариагүй байгаа гэдэг дээр маргаагүй.

6. Харин 2 жилийн хугацаанд тухайн газартаа уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж бариагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй байна. 

7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэнэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Т/22-09-13 дугаартай дүгнэлтээр Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Баргилт-овоогийн төмрийн хүдрийн ордыг түшиглэн байгуулах хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн хүлээн авахаар шийдвэрлэжээ.[7]

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т/177 дугаартай тушаалын 1 дүгээр заалтад “Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Баргилт-овоогийн төмрийн хүдрийн ордыг түшиглэн байгуулах хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн хүлээн авсанд тооцож”, 2 дугаар заалтад “баяжуулах үйлдвэрийн ажиллагааг техник эдийн засгийн үндэслэлийн дагуу явуулах зөвшөөрөл олгох”-ыг даалгажээ.[8]

8. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараах байдлаар ангилна”, 10.1.1 “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж”, 10.1.2 “бага төвөгшилтэй барилга байгууламж”,  10.1.3 “дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж, 10.1.4 “өндөр төвөгшилтэй барилга байгууламж”, 10.1.5 “онцгой төвөгшилтэй барилга байгууламж” гэж, 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал”-ын ангиллын үйлдвэрийн барилга байгууламжийн бусад хэсгийн 5.6-д “Уул уурхайн ашиглах болон боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж” нь Онцгой төвөгшилтэй барилга байгууламжид хамаарахаар заасан байна.

 Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт баригдах  Баргилт-овоогийн төмрийн хүдрийн ордыг түшиглэн байгуулах хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн барилга нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-т зааснаар  Онцгой төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна.

9. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн ... 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-т “барилга байгууламжийг шинээр барих” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана”, 28.2.1 “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, 28.2.2 “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”, 28.2.3 “зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 28.2.4 байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан”, 28.2.5 “гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах”,  28.5-т “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно” гэж тус тус заажээ.

Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “"барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 4.1.8-д "барилга байгууламжийн техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг” ойлгохоор тодорхойлсон.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг шинээр барих бол барилгын ажлын зөвшөөрөл авахаар, ийнхүү зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах зүйлд барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөл, иж бүрэн зураг төслийг баталгаажуулсан шийдвэр, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргахаар байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “манай компани зориулалтын дагуу барилга, байгууламж барих, үйлдвэрлэл явуулах техник эдийн засгийн үндэслэлийг батлуулж, баримт бичгийн бүрдэл хангах ажиллагаа явагдаж байгаа эцсийн барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахад урьдчилан цахилгааны гаргалгааг шийдвэрлэсэн байх бөгөөд тус зөвшөөрөл Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, М  ТӨҮГ-ийн шийдвэртэй хариу өгөхгүй байгаа үйлдлээс шалтгаалан удааширсан” гэдэг.

10. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ээр цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөлийг олгох, бүрдүүлэх баримт бичиг зэргийг нарийвчлан зохицуулсан байна.

Уг дүрмийн  1.3-т “Цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дамжуулах, түгээх сүлжээнд шинээр холболт хийх, цахилгаан ачааллыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох бүрд иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл авна”, 1.4-т “Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд 1 мегавольт-ампер (цаашид “МВА” гэх) болон түүнээс дээш цахилгаан ачаалалтай эсхүл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн хүсэлтийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 1 МВА-аас бага цахилгаан ачаалалтай тохиолдолд техникийн нөхцөлийн хүсэлтийг түгээгч, хангагч эсхүл дамжуулагч тус тус шийдвэрлэнэ”, 2.1. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараах баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд: 2.1.1  хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2.1.2 газрын эрхийн гэрчилгээний болон кадастрын зургийн хуулбар, 2.1.3 техникийн нөхцөл олгох барилга байгууламжийн архитектурын төлөвлөлтийн даалгавар, загвар зураг;  2.1.4. шаардлагатай ачааллын тооцоо (хүчин чадлыг МВА-аар илэрхийлэх) 2.1.5 хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл” гэж заасан.

11. Нэхэмжлэгч “МИ” ХХК нь “Ш Ц” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Б/09 дугаартай албан бичээр цахилгаан эрчим хүчээр хангахад татгалзах зүйлгүй гэх зөвшөөрөл өгөхийг хүссэн хүсэлтийг[9],  2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/0401 дугаартай албан бичгээр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д цахилгаан эрчим хүчээр хангуулах техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг[10] хүргүүлж, “М” ТӨҮГ-т 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/25[11], мөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/23 дугаартай тус тус албан бичгээр[12] 800 кВА хүчин чадалтай трансформаторын дэд станц барьж байгуулах боломжтой гэсэн зөвшөөрөл өгөхийг тус тус хүсжээ. Мөн Эрчим хүчний яаманд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/26 дугаартай албан бичгээр[13] “М” ТӨҮГ-ийн эзэмшлийн Адаг хэсгийн цахилгаан дамжуулах агаарын шугамын техникийн нөхцөлийг 2.4 МВт болгон цахилгаан эрчим хүчний ачааллыг нэмэгдүүлж өгөхийг хүсжээ.

 12. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гарах хүртэлх хугацаанд Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт гаргуулан, үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлээ батлуулж, уг газар дээр үйлдвэрийн барилгын ажлын зөвшөөрлөө авахын тулд цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөлөө авахаар шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигч болох “Ш Ц” ХХК, “М” ТӨҮГ, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргасан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 2 жилийн хугацаанд эзэмшил газартаа зориулалтын дагуу барилга байгууламж барьж ашиглаагүй нь газар эзэмшигчээс хамаарахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ гэж үзэхээр байна.

 Өөрөөр хэлбэл дээр дурдсан хууль, дүрмийн зохицуулалтаас үзэхэд уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барихын тулд барилгын ажлын зөвшөөрлийг авах, ингэхдээ үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлд заасан эрчим хүчний техникийн нөхцөлийг авах хүсэлтээ гаргах, уг хүсэлтэд шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлийг авч хавсаргахаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч “МИ”ХХК нь “Ш Ц” ХХК, “М” ТӨҮГ, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг хуулийн этгээдэд хандан эрчим хүчний техникийн нөхцөлийн баримт бичгээ бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх тул бодит нөхцөл байдлыг тогтоолгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзлээ.

Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

13. “МИ ХХК-ийг сонсох ажиллагаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй гэх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т сонсох ажиллагаа явуулах хэлбэрүүдийг заасан ба хариуцагч нь мөн хуулийн 27.4.2-т заасан саналыг бичгээр авсан нь “МИ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/02 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай”[14] албан бичгээр тогтоогдож байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нь сонсох ажиллагаанд оролцогч “МИ” ХХК-ийг тайлбар, санал гаргах боломжоор хангасан  байна.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн шүүхэд  гаргасан Хэнтий аймгийн “Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч “МИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “МИ” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАЯРМАА             

 

 

[1] Хавтаст хэргийн 73 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 78 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 50-54 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 68 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас,

[8] Хавтаст хэргийн 19-32 дугаар хуудас,

[9] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас,

[10] Хавтаст хэргийн 110-111 дугаар хуудас,

[11] Хавтаст хэргийн 116 дугаар хуудас,

[12] Хавтаст хэргийн 115дугаар хуудас,

[13] Хавтаст хэргийн 118 дугаар хуудас,

[14] Хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас,