| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00304/И |
| Дугаар | 320/ШШ2025/00476 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00476
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00476 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Б.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэгч Б.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Бовогтой Н Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 тушаалаар аймгийн ИТХ-ын ажпын албаны хороод, төлөөлөгч хариуцсан ажилтан Т.У***ийн жирэмсний амралтын хугацаанд ажиллах болж анхны хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Үүний дараа 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн Б/05 тушаалаар 2 сарын хугацаатайгаар, 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 12-р сарын 09-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар 3 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байдаг. Энэ хугацаанд өөрийн ажпын чиг үүргийн дагуу алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Миний гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл байсан. Хөдөлмөрийн тухай хуулинд /50.3/ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжпүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Надад ямар нэг зүйл хэлээгүй, би ажиллаж байсан болохоор хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байна гэж ойлгосон. Гэтэл 2024 оны 12-р сарын 25-ны өглөө ажилдаа ирэхэд надад урьдчилж мэдэгдэлгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай шийдвэрийн СОНСОХ АЖИЛЛАГАА хийнэ гэсэн мэдэгдэх хуудас болон ажпаас чөлөөлөх тушаал гарсныг бзйгууллагын хүний нөөц Б.Б*** өрөөндөө дуудаж хэлсэн. Тэр ч бүү хэл миний оронд ажиллах хүний тушаал нь гарсан байсан. Би Би хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Яагаад урьдчилж хэлж, сануулах ёстой шүү дээ гээд тэр өдөр ажпаас чөлөөлөх тушаал болон мэдэгдэх хуудсыг хүлээн авахгүй гэдгээ хэлсэн. /Мэдэгдэх хуудсыг аваагүй, ажпаас чөлөөлөх тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 16-нд бичиг хэргийн ажилтан Э.У-аас чатаар, 22-нд хэлтсийн дарга Б.О-ээс эх хувиар нь авсан/. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийгтүр орлон гүйцэтгэгч Х.Ц нь жирэмсний амралттай байгаа хүн нь ажилдаа ороогүй байхад бусдад давуу байдал олгож өөрийн найзыг миний оронд ажилд авсан. Хэрвээ гэрээний хугацаа дуусгавар болж дахин сунгах боломжгүй талаар урьдчилж сануулсан бол би ингэж нэхэмжпэл гаргах шаардлагагүй байсан.
Иймд Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын ***дугаар тоот тушаалыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажпын албанд эрхэлж байсан хороо төлөөлөгч хариуцсан ажтлтан-ы эгүүлэн томилуулах, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,498,560 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эвлэрсэн учраас нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Сая шүүх хуралдаанаас эвлэрэх 1 цагийн хугацаа аваад аймгийн удирдлагуудтай уулзлаа. Дараа нь энэ асуудлаар би ямар нэгэн нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгосон. Тэгээд энэ талаараа хэлээд дараа нь дахин ямар нэгэн асуудал үүсгэвэл бас хэцүү юм байна гэж ярихад тийм зүйл байхгүй гэж аймгийн Засаг дарга, Тамгын дарга нар хэлсэн. Засаг дарга өмнө надад ажил санал болгож байсан. Тэр ажил хэвээрээ байгаа, өмнөх хүнийх нь ажил гүйцэд шалгагдаж дуусаагүй учраас ойрын хугацаанд шийдье гээд би нэхэмжлэлээсээ татгалзахаар боллоо. Өөрөөр хэлбэл надад ажлын санал тавьсан, мөн цалин мөнгөний асуудлыг ч хохиролгүйгээр шийдвэрлэж өгөхөөр болсон. Тийм учраас би нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Н***гийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын ***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, анх ажилд авсан хугацаагаар ажилд эргүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 3,498,560 төгрөг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Б.Н***г аймгийн ИТХ-ын ажлын албанд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хороод, төлөөлөгч хариуцсан ажилтан Т.У-ийн жирэмсэний амралтын хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулж тус ажлын байранд ажиллуулах тушаал гаргаж, 2 удаа сунгасан бөгөөд *** тушаалаар 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие Б.Н***г тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан боловсролын шаардлага /бакалавр/ хангахгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж үзэн ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан.
Шийдвэр гаргахдаа 1-рт: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно. гэсэн заалт мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх хэсэгт заасан Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна. гэсэн хуулийн заалтад нийцүүлж 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Энэ нь Аймгийн ИТХ-ын Ажлын албаны даргын *** тушаалаар тухайн албан хаагчийг 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсугай гэж гэрээг дуусгавар болох өдрийг тодорхой заагаагүй байх тул заавал 12 сарын 09-ний өдрөөр гэрээний хугацаа дуусгавар болох үндэслэлгүй юм. Тиймээс Б.Н***гийн 2024 оны жилийн эцэс буюу ажилтантай байгуулсан төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээг үнэлж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мөнгөн урамшуулал олгох тухай тушаалаар үндсэн цалингийн 30 хувиар тооцож 4 дүгээр улирлын мөнгөн урамшууллыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тооцон олгож, тухайн албан хаагчийн бүтэн жил ажилласан үр дүнг тооцож, нийгмийн баталгааг хангаж ажилласан.
Хоёрдугаарт: Б.Н***г ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. гэж заасны дагуу 2025 оны 12 сарын 25-ны өглөө 10 цагт Хүний нөөц, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Б*** өрөөндөө дуудаж, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн боловч гарын үсэг зураагүй гэхдээ хуулийн зөвлөгөө авч байж, тэмдэглэл, мэдэгдэлд гарын үсэг зурна гээд албажуулахгүй холбогдох материалыг өөрөө аваад гарсан. /Мэдэгдэл өгсөн тэмдэглэлийг хавсаргав./ Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй мөн ажил олгогчтой өөрийн биеэр уулзаж байж гарын үсэг зурна гэсэн тул 12 сарын 30-ны өдрийн 16 цаг 35 минутад миний өрөөнд Хүний нөөц, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Б***ыг байлцуулан Б.Н***г дуудаж 12 сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх болсныг дахин мэдэгдсэн. Ажилтан Б.Н*** 12 сарын 09-нөөс өмнө надад мэдэгдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурахгүй гарч явсан. Ажил олгогчийн зүгээс Б.Н***д Захиргааны ерөнхий хуулийн 43.1- дэх заалтын дагуу 2 удаа мэдэгдэж, сонсох ажиллагааг хийсэн болно. Б.Н***г дээр дурьдсан холбогдох хуулиудын заалтыг баримтлан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд тушаал гаргаж чөлөөлсөн тул Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах, анх ажилд авсан хугацаагаар ажилд эргүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 3498560 төгрөг нөхөн төлүүлэх тухай Б.Н***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн засаг дарга, Тамгын газрын дарга хоёртой сая уулзаад эрх зүйн байдлыг нь дордуулахгүй, цалинг нь бууруулахгүй гэж яриад ойрын хугацаанд ажлын байраар хангахаар болсон. Өмнө нь шүүхийн процессыг харж байсан учраас эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н*** нь хариуцагч Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3,498,560 (гурван сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.Н*** нь Хөвсгөл аймгийн Засаг дарга, засаг даргын тамгын газрын дарга нартай уулзсан ба тэд надад ажлын байрны санал тавьсан. Тийм учраас би ажилд орохоор болсон гэж ойлгоод эвлэрсэн тул энэ үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. ... гэх хүсэлтийг гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...тиймээ бид сая аймгийн удирдлагуудтай уулзаад Б.Н***д ажлын санал тавьж ойрын хугацаанд ажлын байртай болгохоор тохиролцсон ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар болсон гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н***гийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзал нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/57 дугаар албан бичгээр Х.Ц***ид тус иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн төлөөлөн оролцох итгэмжлэлийг ирүүлсэн байгааг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Б.Н***гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н***гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3,498,560 (гурван сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун жар) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Н***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА