| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00371/И |
| Дугаар | 320/ШШ2025/00479 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00479
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00479 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.У-гийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/00371/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Д.У***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.У*** нь 1976 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт 4 дүгээр багийн Д-ын III охин болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажилласан. Энд ажиллаж байх нэг жилийн хугацаанд миний цалин хөлсийг бодохдоо 1 болон 2 дугаар сарын цалинг 3 дугаар сард нийлүүлэн бичсэн бөгөөд бусад саруудын цалин хөлс хэвийн бодогдсон байна.
Иймд Д.У*** миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх 1 жилийн хугацаа тогтоогдохгүй байгаа. Иймд ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 3 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.О**ээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.У***гийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн цалин хөлсний болон бусад холбогдох баримтад үзлэгийн хийн, үзлэгийн ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулсан тэмдэглэл, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, түүвэр зэргийг тус тус бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.
3.Хэрэгт
Д.У-н Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992 оны 3 дугаар сараас 12 дугаар саруудад ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 3 хуудас (хх-ийн 3-5 дугаар хуудас),
Б овогт Д.У***гийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Цагаан-Уул сумын 10 жилийн сургууль, ажилд орсон он:1983, эрхэлдэг ажил: сурагч, эрхэлж эхлэсэн он: 1983 ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн малчдын цалин хөлсний 1992 оны баримтанд үзлэгийг явуулав. Үзлэгээр Тус сумын архивд хадгалагдаж байгаа 1992 оны цалин хөлсний баримт нь бор өнгийн цаасан хавтас бүхий нуруулдаж үдсэн баримт байх бөгөөд нүүрэн хэсэгт Оголого хэсэг, Өвгөд хэсэг 1992 он гэж цэнхэр өнгийн харандаагаар хаягласан байлаа. Уг баримтын дунд хэсэгт Хужирт 1992 он гэж хаяг тавьсан бор өнгийн цаасан нүүр бүхий хэсгээр тусгаарлагдсанаас хойш үдэгдсэн баримтууд байх бөгөөд 22 гэж булангийн хэсэгт дугаарласан хуудасны урд нүүр хэсэгт 90 гэж харандаагаар дугаарлагдсан баримтанд хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн баримт байв. Баримтын дунд хэсэгт Ж.Д гэж голлуулан бичиж доош Ж.Д, А.Х, Д.У*** гэсэн нэр бичигдэж хойш тухайн оны саруудад авч байсан цалин хөлсийг бичсэн байлаа. Чернилэн өнгийн балаар ( ягаан өнгийн бэхтэй үзгээр) бичигдсэн ба Д.У*** гэх нэрний дунд хэсгийн Н үсгийг засварласан буюу доод хэсэгт байгаа үсгийг өөрчилсөн байх боловч энэ нь бэхний өнгө (үзэгний бэх) өөрчлөгдөөгүй тухайн үеийнхтэйгээ тохирч байлаа. гэсэн үзлэгийн тэмдэглэл 4 хуудас, (хх-ийн 26-29 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн архивт хадгалагдаж байгаа 1989-1990, 1990-1991, 1991-1992 онуудын ангийн журналд үзлэгийг явуулав. Үзлэгээр Тус сумын архивд хадгалагдаж байгаа журналууд дотор нүүрэн хэсэгтээ 7в гэж товойлгон бичсэн хар ногоон өнгийн даавуун хатуу артай журнал байв. Журналны Математикийн хичээлийн хэсэгт нийт 29 сурагчийн нэр бичигдсэн 20-рт У*** гэсэн нэр байх ба нэрний ард дүн бичигдэж ирц бүртгэгдсэн байна. Мөн тус журналын 1989-1990 он Сурагчдын тасалсан цагийн бүртгэл хэсэгт бичигдсэн 29 сурагчдийн 20-рт Д.У, Биологи, Газар зүй ( түмэн бодис), Түүх гэсэн хичээлүүдийн улирлын нэгдсэн дүнгийн хэсэгт бичигдсэн 29 сурагчдын 21-рт У, Сурагчдын тухай дэлгэрэнгүй хэсэгт бичигдсэн 29 сурагчдын 20-рт. Д.У***, нас 14, хүйс эм, эцэг, эх нь хаана, ямар ажил хийдэг- Хужирт малчин гэж тус тус бичигдсэн байсныг хуулбарлан үзлэгийн тэмдэглэлд хавсаргав. гэсэн үзлэгийн тэмдэглэл 9 хуудас, (хх-ийн 30-38 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11/269 дугаартай Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1992 оны тушаал шүүж үзэхэд Д.У***г малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй, тус нэгдлийн цалингийн цэс манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх албан бичиг 1 хуудас (хх-ийн 18 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.О**ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Д.У*** 8 дугаар ангиа 1991 оны зуг төгсөөд миний ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Хужирт бригадад малчин, саальчнаар анх ажилд орж байсан. Түүний аавыг Д-ийн Д, ээжийг А-ийн Х гэдэг Хужирт бригадад малчнаар ажилладаг хүмүүс байсан. У нь эхээс 3-уулаа бөгөөд дээрээ хоёр ахтай юм. У-г тус нэгдэлд нэг жил шахуу болж байхад манай нэгдэл хувьчлагдан тарсан. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Хужирт бригадад 1985-1992 онуудад үнээний фермд саальчнаар тасралтгүй ажилласан. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.У*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Д.У***гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчид 1992 оны 3 дугаар сараас цалин хөлс бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 1,2 дугаар сарын цалин хөлсийг нийлүүлэн 3 дугаар сард олгосон байсан. Би 1991 онд 8 дугаар анги төгсөөд шууд аав ээжийн хамт мал малласан бөгөөд надад саалийн үнээ хүлээлгэн өгч байсан боловч 1991 оны 7 дугаар сараас цалин хөлс бичигдээгүй учир би 1992 оны 01 дүгээр сараас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан цалин хөлсний баримтаас үзвэл тухайн үед ажиллаж байсан малчид нь сард дунджаар 200-300 төгрөгийн цалинтай байсан байх ба нэхэмжлэгчил 1992 оны 3 дугаар сард 1000 төгрөгийн цалин олгосноор бичигдсэн нь түүний 01,02 дугаар сарын цалинг нэгтгэн бичиж олгосон байх үндэслэлтэй гэж үзэн шүүх шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нь хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*** овогт Д.У*** -ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА