| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0015/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 37
Шийтгэх цагаатгах тогтоол
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Б.Э,
хохирогч Т.Намуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн 1706 0274 30412 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шуугдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 084 дүгээр ангийн мэргэн буудагч ажилтай, гавъяа, шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б Э.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн амралтын өрөөнд хохирогч Т.Намууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Намуун мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр намайг ажлаа хийгээд байж байхад Б.Э надтай маргалдаад захирагчийн өрөөнд намайг зодсон. Тэр өдөр бид хоёр муудалцсан байсан. Одоогоор би сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Цаашид хохирол төлбөр гарвал нэхэмжилнэ. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд надад 3 сая төгрөгийн зардал гарсан.
Одоогоор биеийн байдал зүгээр байгаа. Одоо би ажлаасаа гарах өргөдлөө өгчихөөд хүлээж байгаа.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Намууны өгсөн мэдүүлэг /хх-5-12/, Б.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-13-14/, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №13252 дугаартай дүгнэлт /хх-16/, шүүгдэгч Б.Эгийн ял шалгах хуудас /хх-18/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Зэвсэгт хүчний 084 дүгээр цэргийн ангийн захирагчийн амралтын өрөөнд хохирогч Т.Намууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Намууны өгсөн: “…Б.Э бид 2 ер нь хэд хоногийн өмнөөс маргалдсан байсан. Захирагчийн өрөөнд ороход захирагч байхгүй байсан. Тэгээд гараад ирсэн чинь над руу юм яриад байхаар нь би “зайлаачээ” гээд цааш түлхсэн чинь намайг цаашаагаа чирж ороод захирагчийн өрөөний цаана нь байдаг амралтын өрөөнд оруулаад миний нүүр, хүзүү хэсэг рүү гараараа цохиод байсан. Мөн намайг яргалаад чимхээд, татаад, үснээс зулгаагаад байсан. Тэгээд бас манай захирагчийн аранзанд байсан хутга гаргаж ирээд намайг бас ална гээд сүрдүүлээд байсан" /хх-ийн 5-10-р хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Эгийн өгсөн: “Т.Намууныг захирагчийн өрөөний цаад талд нь байдаг амралтын өрөөнд 10 цагаас 11 цагийн үед дагуулж ороод Т.Намууныг үсдээд амралтын өрөөний буйдантай хавсарч зодсон. Тэгээд даргын амралтын өрөөнд нь байсан даргын хэрэглэдэг аранзанд байсан ногоон өнгийн цэргийн хутга байхаар нь аваад Т.Намуун руу далайж “ална шүү” гэж айлгасан." /хх-ийн 39-40/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №10345 тоот дүгнэлтэд:
1. Т.Намуун-н биед тархи доргилт, зүүн чихний хэнхэргэн хальсны цоорол, баруун хацар, завьж, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 16/ гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Т.Намуун хохирол нэхэмжилсэн зүйлгүй болно.
Хэрэгт шүүгдэгч Б.Э нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсоныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Э нь шүүх оногдуулсан 450 / дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС