Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00877

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/00342 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Галбад холбогдуулан гэм хорын хохиролд 831 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ч төвийн зүүн талд байрлах 5870 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

2013 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,26 км байгалийн чулуун хучилттай авто зам барихаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тухайн замын трассад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн. “Б” ХХК-ийн хувьд Нийслэлийн өмчийн харилцааны газартай уг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрээгүй.

Гэтэл Нийслэлийн өмч, харилцааны газраас 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Б плаза зочид буудлын гаднах төмөр хашаа, хашааны бетонон зам талбайн гэрэлтүүлэг, харуулын байр болон компанийн бусад эд хөрөнгийг эвдэлж, талбайг хүч түрэн чөлөөлөн замын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот шийдвэрээр Галбанаас “Б” ХХК-ийн эзэмшил газраас 102 м.кв газрыг албадан чөлөөлсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. Компанийн эзэмшлийн газрыг хүчээр чөлөөлж, тус газарт хууль бусаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүй зам тавих ажлыг хийж гүйцэтгэсэн нь Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Түүнчлэн газрыг хүчээр чөлөөлөх явцдаа компанийн эд хөрөнгийг эвдэж, сүйтгэн хохирол учруулсан. Манай компани хариуцагч байгууллагаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот шийдвэрийг биелүүлж, компанид учирсан хохирлыг холбогдох дүрэм, журамд заасны дагуу барагдуулах талаар шаардсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/4888 тоот албан бичгээр танай байгууллагын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл харьяалах шүүхэд ханд гэсэн хариуг ирүүлсэн.

Б плаза зочид буудлын гаднах 102 м.кв талбай бүхий газар эзэмших эрх болон газар чөлөөлөлтөд өртсөн хөрөнгүүдийн нийт үнэлгээг зах зээлийн үнээр тооцож гаргуулахад гадна талын тохижилтын зам 18 400 000 төгрөг, гадна явган хүний чулуун зам 13 000 000 төгрөг, харуулын байр 74 900 000 төгрөг, харуулын байран доторх эд хогшил 43 000 000 төгрөг, гэрлийн шон 38 000 000 төгрөг, бетон шал 36 400 000 төгрөг, чулуун хашлага /бордюр/ 18 300 000 төгрөг, хашааны бетон суурь 16 200 000 төгрөг, төмөр хашаа гэрэлтүүлэг 65 000 000 төгрөг, автомат хаалт 6 000 000 төгрөг, цэцгийн мандал 8 300 000 төгрөг, үндсэн тэжээлийн кабелууд 28 000 000 төгрөг, тэжээлийн блок 6 800 000 төгрөг, нийт 372 400 000 төгрөгийн бодит эд хөрөнгийн хохирол учирсан байдаг.

Газар эзэмших эрх 459 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна.

Иймд “Б” ХХК-ийн эзэмшлийн 102 м.кв талбай бүхий газрын төлбөрт 459 000 000 төгрөг, компанид учирсан хохиролд 372 000 000 төгрөг, нийт 831 000 000 төгрөгийг хариуцагч Галбанаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5870 м.кв газрыг “Б” ХХК-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Анкарагийн гудамжнаас Лааганы гудамж хүртэлх 0,26 км чулуун хучилттай авто замын трасст “Б Холдинг” ХХК-ын Б Плаза зочид буудлын эзэмшил дэх 102 м.кв газар нь орсон байна. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/814 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамж, Нийслэлийн Авто замын газраас 2013 оны 1/2264 тоот албан бичгийн дагуу газар чөлөөлөх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот албан бичиг, мөн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8/181 тоот албан бичгээр тус тус газар чөлөөлж замын ажлыг саадгүй явуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч замын трасст орсон газрыг чөлөөлөөгүй тул чиг үүргийн хүрээнд албадан чөлөөлж замыг тавьсан байна.

“Б” ХХК-ны эзэмшлийн газрын замын чөлөөлөлтөд өртсөн 102 м.кв газар дээрх хөрөнгийн үнэлгээг 2018 оны 04 дүгээр сард “Фэйр Валуэшн” ХХК 28 535 000 төгрөгөөр тогтоосон байна. “Б” ХХК эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаас нэгэнт шийдвэр гарсан учраас хохирлыг төлөх байр суурьтай байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Газрыг үнэлсэн үнэлгээнд үнийн зөрүү их гарч байгаа. Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам байдаг ба үүний 4.6-д эзэмших эрх бүхий газрын үнийг Газрын төлбөрийн тухай хуулийн 5.1-д заасан Засгийн газраас тогтоосон суурь үнээр тооцно гэж заасан. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд заасны дагуу суурь үнийг тооцож бодог бөгөөд 102 м.кв талбайг тооцож үзэхээр 13 056 000 төгрөг болж байгаа.

Иймд хариуцагчийн зүгээс 41 535 000 төгрөгийг “Б” ХХК-д нөхөх олговор гэж тооцож өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Галба гэм буруугүй. Төрийн захиргааны байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Галбанаас 28 535 000 /хорин найман сая таван зуун гучин таван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 802 465 000 /найман зуун хоёр сая дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 312 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Галбанаас 300 625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас шинжээчийн ажлын хөлс болох 350 000 төгрөгийг гаргуулж “Мөнх-Оргил трейд” ХХК-д, хариуцагч Галбанаас шинжээчийн ажлын хөлс болох 300 000 төгрөгийг гаргуулж “Ашид билгүүн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх “...хариуцагч Галбаны хууль бус үйл ажиллагааны улмаас “Б” ХХК-ийн 102 м.кв газрын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулснаас 459 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.” гэж, “Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газар эзэмших эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжтой..." гэж дүгнэж тус хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

“Б” ХХК-ийн 5870 м.кв газар эзэмших эрх хэвээрээ байгаа хэдий ч бодит байдал дээр буюу “Б” ХХК-ийн эзэмшлийн 102 м.кв газрыг Галбанаас 2013 онд албадан чөлөөлж, “Б” ХХК-ийн эд хөрөнгөнд хохирол учруулж, газар эзэмших эрхийг зөрчсөн. Уг албадан чөлөөлсөн ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль бус ажиллагаа болохыг нь 2016 онд тогтоолгосон. “Б” ХХК нь 120 м.кв газрын эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй, тус талбайд одоог хүртэл чулуун хучилттай авто зам байрлаж байгаа, улсад ашиглуулснаас үүдэж хохирол учирч, эрх ашиг нь зөрчигдөж байхад анхан шатны шүүх нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Мөн хуульд заасны дагуу гаргасан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-н шинжээчийн дүгнэлтэд “Б” ХХК-н нийт хохирлын хэмжээг 316 200 000 төгрөгөөр тогтоосон байхад тус шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүхээс үнэлэлгүй, харин Галбанаас захиалан хийлгэсэн Үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрын зориулалттай үнэлгээний тайланг үндэслэн, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Галбанд холбогдуулан хохиролд 831 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 тоот шийдвэрээр “Б” ХХК-д нэгж талбарын 154/0023 дугаар бүхий 5870 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших 000303746 тоот гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн,

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд Анкарагийн гудамжнаас Лааганы гудамж хүртэлх 0,26 км байгалийн чулуун хучилттай авто замын трасст “Б” ХХК-ийн эзэмшлийн газраас 102 м.кв талбай бүхий газар орсон,

2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Б” ХХК-ийн эзэмшлийн “Б плаза” зочид буудлын гаднах зогсоолын талбайн 102 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн эзэмшлийн газраас 102 м.кв газрыг албадан чөлөөлсөн Галбаны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /22-26/

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Галбаны буруутай үйлдлийг тогтоосон байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Галбанаас “Б” ХХК-ийн эзэмшлийн 102 м.кв талбай бүхий газарт автозам барьснаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

“Б” ХХК-ийн эзэмшлийн 102 м.кв газар чөлөөлөхөд өртсөн эд хөрөнгүүдийн хохирлыг “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар автомашины хохирол, төмөр хашаа, хашааны суурь, гаднах гэрлийн шон, гэрэлтүүлгийн тэжээлийн шугам цахилгааны засвар, автомат хаалга, харуулын байр нийт 28 535 000 төгрөгөөр үнэлсэн,

уг үнэлгээг хариуцагч Галба хүлээн зөвшөөрснийг үндэслэж анхан шатны шүүх эд хөрөнгийн хохирлыг 28 535 000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /1хх65-71, 88-89/ Энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх газар эзэмших эрх зөрчсөнөөс учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Б” ХХК-ийг газар эзэмших эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжтой, уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр авто трасс барихаар газрыг чөлөөлсөн, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эрхийн зөрчил үүссэн, уг зөрчил нь газар эзэмших, ашиглах гэрээний хугацаанд үргэлжилжээ. Автозамын трассыг буулгах замаар газрыг чөлөөлөх боломжгүй байхад эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэхгүй юм.

 

Энэ хэрэгт эд хөрөнгийн үнэлгээний 4 тайлан баримтаар авагдсан бөгөөд “Фэйр Валуэшн” ХХК нь газрын эрхийн талаар үнэлгээ хийгээгүй. /1хх65-74/

“Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тайлангаар газрын эзэмших эрхийн зах зээлийн үнийг 175 379 400 төгрөг /1хх88-89/ гэж,

“Ашид билгүүн” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн зах зээлийн үнийг 95 672 813 төгрөг, өртгийн хандлагын аргаар үнийг 14 361 000 төгрөг /1хх 150/ гэж,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2020 оны 09 дүнгээр сарын 14-ны өдөр газар эзэмших эрхийн зах зээлийн үнийг 316 200 000 төгрөг гэж, өртгийн хандлагын аргаар үнийг 13 056 000 төгрөг /2хх25-36/ гэж тус тус тодорхойлжээ.

 

Газар эзэмших эрхийг зах зээлийн үнэлгээгээр тогтоох боломжгүй. Учир нь уг газар дээр нийтийн хэрэгцээнд зориулж авто трасс барьсан, уг авто трассыг барихаас өмнө нэхэмжлэгч нь 102 м.кв талбайг эзэмших, ашиглах байдлаар орлого олж байсан нь тогтоогдохгүй байна.

 

Иймд өртгийн хандлагын аргаар тодорхойлсон үнийг хохиролд тооцож тодорхойлоход Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралт “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-г үндэслэсэн тул уг үнэлгээ болох 13 056 000 төгрөгөөр хохирлыг тооцож гаргуулах нь зүйтэй.

 

Түүнчлэн уг үнэлгээгээр тооцож нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч гаргасан байхад анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын зарчимд нийцэхгүй байна.

 

Иймд Галбанаас эд хөрөнгөнд учирсан хохиролд 28 535 000 төгрөг, газрын эрх зөрчигдснөөс учирсан хохиролд 13 056 000 төгрөг, нийт 41 591 000 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 789 409 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/00342 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “28 535 000 /хорин найман сая таван зуун гучин таван мянган/ төгрөг” гэснийг “41 591 000 төгрөг” гэж, “802 465 000 /найман зуун хоёр сая дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгийг” гэснийг “789 409 000 төгрөгт холбогдох хэсгийг” гэж өөрчилж,

2 дахь заалтын “58 дугаар зүйлийн 58.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “300 625 төгрөг” гэснийг “365 905 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 738 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА