| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00472/И |
| Дугаар | 320/ШШ2025/00486 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00486
| 2025 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2025/00486 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Д.Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 (нэг сая ) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00472/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д***би тухайн үедээ найз нөхдийн харилцаатай байсан Г.О-д 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг зээлсэн юм. Ингэхдээ өөрийн *** дугаарын данснаас Г.О***-гийн *** дугаарын данс руу шилжүүлсэн. Г.О***- нь тухайн үедээ Эрээн рүү явах болоод мөнгөний хэрэгтэй байна. Хавар амралтын мөнгө буухаар өгчихье гэхээр нь итгээд зээлсэн юм. Ямар нэг хүү тооцоогүй. Ингээд би 2024 оны 1 дүгээр сард нь Г.О***-гаас 500,000 төгрөгөнд тооцож 55 инчийн хэрэглэж байсан зурагт авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгийг нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны үед амралтын мөнгөө буухаар өгнө гэсэн боловч одоог хүртэл янз бүрийн шалтгаан тоочоод мөнгийг минь өгөхгүй байна. Иймд Г.О***-гаас 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.О***- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.О***- миний бие Д.Д***-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би авто осолд орж хүндээр өвчилж эмчлүүлэн нэн шаардлагатай байгаа тул шүүхээр явах боломжгүй болсон. Иймээс Г.О***- би Д.Д***-ээс нэхэмжилж буй 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д***нь хариуцагч Г.О***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 ( нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О***- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Д***-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгөөс 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.О***-гаас 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 ( нэг сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.О***- нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Д.Д***-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгөөс 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.О***-гаас 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА