| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0390/Э |
| Дугаар | 437 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 1806 00000 0440 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1998 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологиин их сургуулийн мэдээллийн технологийн инженерийн дугаар курст оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 51 дүгээр байрны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б /РД
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд байрлах “Арвин” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Тэмүүлэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “... Арвин дэлгүүр ороход зүс таних Билгүүн гэх залуу байсан. Тэгээд Билгүүн над руу ирээд чи чатаар яадаг яадаг гэнээ гээд миний толгойн ар хэсэг рүү 3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би Билгүүний дух нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгтэл Билгүүн намайг боогоод доошоо өвдөглөсөн. Тэгээд дэлгүүрээс гараад гадаа нь бас маргалдаж заамдалцаад намайг боосон... Билгүүн миний нүүр хэсэг рүү гараараа 8-9 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3900 дугаартай дүгнэлтэд:
“1. Б.Тэмүүлэнгийн биед тархи доргилт, зүүн доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1-р шүдний палан босоо хугарал, баруун дээд 2-р шүдний хөндлөн хугарал, зүүн дээд 1-р шүд сулрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.15/,
Мөрдөн байцаалтад Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Тэмүүлэнтэй урьд нь чатаар маргасан байсан учир Тэмүүлэнгийн толгойн ар хэсэг рүү 2 удаа алгадсан... машинаасаа Тэмүүлэн буух гэхээр хаалгаар нь саваад толгой хэсэг рүү нь хэд хэд цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх.23/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд байрлах “Арвин” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Тэмүүлэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “... Тэгээд Билгүүн над руу ирээд чи чатаар яадаг яадаг гэнээ гээд миний толгойн ар хэсэг рүү 3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би Билгүүний дух нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгтэл Билгүүн намайг боогоод доошоо өвдөглөсөн. Тэгээд дэлгүүрээс гараад гадаа нь бас маргалдаж заамдалцаад намайг боосон... Билгүүн миний нүүр хэсэг рүү гараараа 8-9 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3900 дугаартай дүгнэлт /хх.15/,
Мөрдөн байцаалтад Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Тэмүүлэнгийн толгойн ар хэсэг рүү 2 удаа алгадсан... машинаасаа Тэмүүлэн буух гэхээр хаалгаар нь саваад толгой хэсэг рүү нь хэд хэд цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх.23/,
Шүүгдэгч Б.Бий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Б.Б нь хохиролд 300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Тэмүүлэн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бий “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд сануулсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Тэмүүлэн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Бээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР