2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/03665

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** үүрэг, *** дугаар хороо, *** *** гудамж, *** байр, 8 тоот хаягт оршин суух, М овогт Г-ийн М /рд: *****************/,

Хариуцагч: *** дүүрэг, ** дугаар хороо, ***** төвийн бүс **** гудамж, ** байр, * тоот хаягт оршин суух, Э овогт Н-ийн А /рд:*******************/,  

Нэхэмжлэлийн шаардлага: 54,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С,

хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.А-д холбогдуулан 54,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.

Үүнд:

Г.М нь иргэн Н.А-тэй 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн 2220 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Тус зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.3-т тус тус зааснаар 40,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаагаар зээлдүүлсэн. Үндсэн зээлээс 4 сая төгрөгийн хүүг суутган авч, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 36,000,000 төгрөгийг иргэн Н.А-ийн Хаан банкны **********дугаарын дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Гэвч Н.А- нь өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх зээлийн эргэн төлөлтийг талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.6-д зааснаар төлөөгүй байдаг. Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн заалтыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 202 хоногийн алданги нэхэмжилж байна. Тодруулбал, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 36,000,000 төгрөгийг 0,5 хувиар хоногт 180,000 төгрөгийн алданги төлөх бөгөөд нийт 202 хоногт ногдох алдангийн хэмжээ 36,360,000 төгрөг байна. Тус алдангийн төлбөрийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тогтоон 18,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд иргэн Н.А-эс зээлийн гэрээний үндсэн төлбөр 36,000,000 төгрөг, алданги 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.      

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ бусдаар төлүүлсэн нөхцөл байдал байгаад байсан. Нэхэмжлэгч маань нэг ч төгрөг төлөөгүй мэт нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нь өөр бусдын дансаар 4,000,000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр Г.М руу шилжүүлж байсан үйл баримт байсан. Хэнээр, ямар дансаар төлүүлсэн нь олдохгүй байсан. Нэгэнт Г.М-гийн данс руу энэ мөнгөн дүнгүүд орсон. 36,000,000 төгрөг бодитой орсон нь тогтоогдож байна. Үүнээс 12,000,000 төгрөг нь төлөгдөж, 24,000,000 төгрөгийн төлөөгүй байна. Хуулийн үндэслэлийг дагаад үнийн дүнгийн 50 хувь буюу 12,000,000 төгрөгөөр алданги төлөх нөхцөл байдал дүгнэгдэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 4-5/, Г.М-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6/, итгэмжлэл /хх 7/, нэхэмжлэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 8-9/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: тайлбар /хх 18/, итгэмжлэл /хх 24, 217/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 58, 142/, Н.А-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 135-136/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 137-138/,

 

5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас 29/12089 тоот албан бичиг, хавсралтаар дансны хуулга /хх 118-127/, 

Шүүхийн санаачилгаар Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 6/6130 тоот албан бичиг, хавсралтаар Ө.Г-ын дансны хуулга /хх 208-216/,   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М-гийн нэхэмжлэлээс 36,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 18,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.А-д холбогдуулж 54,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Н.А-эс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 36,000,000 төгрөг, алданги төлбөрт 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг гаргуулах,

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээний дагуу 36,000,000 төгрөг авсан.

3.2. Бусдын дансаар зээлийн гэрээний үүрэгт нийт 12,000,000 төгрөг төлсөн.

3.3. Нийт 24,000,000 төгрөг төлөөгүй учир 24,000,000 төгрөгөөс алданги бодогдоно.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. Хэрэгт нэхэмжлэгч Г.М болон хариуцагч Н.А- нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 2220 дугаартай зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хариуцагч Н.А- нь нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, сарын 10 хувь хүүтэй зээлжээ. Зээлийг бэлэн бусаар, А-ийн Хаан банкны **********тоот дансанд шилжүүлэхээр, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр, мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.2. Хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2220 дугаар Зээлийн гэрээний зүйл нь 40,000,000 төгрөг биш гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк дахь ************тоот дансны хуулгаар нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээний 3.4-д заасан хариуцагчийн Хаан банк дахь **********тоот данс руу 36,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул тэдний хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.   

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл 36,000,000 төгрөгийг хариуцагч Н.А-эс шаардах эрхтэй байна.

 

4.3. Хариуцагчаас “...12,000,000 төгрөгийн төлөлтийг өөрийн болон бусад хүмүүсийн данснаас хийлгэж зээлээс хасуулсан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд хавтаст хэргийн 137-138 дугаар талд авагдсан Ө.Г-ын гэх Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга баримтыг гаргаж өгсөн.

 

Шүүхийн санаачилгаар дээрх дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр Худалдаа хөгжлийн банк ХК-иас гаргуулсан болно. Хавтаст хэргийн 207-216 дугаар талд авагдсан Ө.Г-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ************тоот дансны хуулга баримтуудыг үзвэл, 

2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөгийг “А- хүү” гэх гүйлгээний утгатайгаар, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг “А- хүү” гэх гүйлгээний утгатайгаар, нийт 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Зээлийн гэрээгээр 1 сарын хугацаатай хүү тохирсон учраас анх 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад, 4,000,000 төгрөгийг хүүд суутгасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хүү бодогдоогүй” гэх тайлбарыг гаргасан.

 

Иймд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2220 дугаар Зээлийн гэрээний үүрэг болох 36,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан төлсөн 12,000,000 төгрөгийг хасах нь зүйтэй.  

 

4.4. Талууд зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ. 

Харин гэрээний хариуцлага буюу алдангид 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцнэ.

5. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А-эс нийт 36,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, үлдэх 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

6. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 337,950 төгрөгийг нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А-эс 36,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-эс 337,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРСҮРЭН