2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/03335

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ********** дүүрэг, **** дүгээр хороо, ***** *** гудамж, *** тоот хаягт оршин суух, Б овогт Д-ийн Ц- /РД:********/,

Хариуцагч: ********** дүүрэг, 20 дугаар хороо, ***** гудамж, **** зам ***** хаягт оршин байрлах, БШӨ ОНӨААТҮ- /РД:5675162/, 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, тушаал хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Х /цахимаар/,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Э хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц- нь БШӨ ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:

Миний бие 2013 оноос хойш БШӨ ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байна. Анх ажилд орохдоо ачигчийн албан тушаалд ажилд орсон. 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш жолоочоор ажиллах болсон. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын захирал В/420 дугаар тушаалаар надтай байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэр гаргасан. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн намайг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй. Харин ажлын байранд хэрэглэж байгаа техник болох автомашин маань акталсан машин байсан ба кроп нь гэмтэлтэй учраас байнга засвар үйлчилгээ шаарддаг байсан. Механик засварын ажилчид засаж өгдөг байсан. Уг машиныг засахад зарцуулсан мөнгийг би компанид хохирол учруулсан мэт тайлбарлаж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны талууд эвлэрээгүй шийдвэр гарсан. Миний бие 3 сараас 17 насны зургаан хүүхэдтэй, эхнэр хүүхдээ харж хөдөлмөр эрхлэхгүй гэртээ суудаг, мөн нэг хүүхэд минь зүрхний хүнд өвчтэй байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халж ам бүлээ тэжээх чадваргүй болгож буйд гомдолтой байна. Иймд БШӨ ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт, мөн тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: БШӨ ОНӨААТҮГ нь төсвөөс санхүүждэг ажил олгогч бөгөөд батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор эд хөрөнгө захиран зарцуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хог тээврийн жолооч Д.Ц- нь тус байгууллагад 2014 оны 5 дугаар сарын 02-гы өдрийн Б/65 тоот тушаалаар хог тээврийн ачигч албан тушаалд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилласан. Д.Ц- нь 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр жолооны мэргэжлийн С ангилал авсан. 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн өөрийнх нь хүсэлтийн дагуу 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/035 тоот тушаалаар хог тээврийн жолооч албан тушаалд ажиллаж байсан. Жолооч Д.Ц- нь 2012 онд үйлдвэрлэсэн 54-79 УНО улсын дугаартай ************ HD120 маркийн хог шахагч төхөөрөмжтэй тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Д.Ц- нь 2024 оноос жолоочоор ажиллаж байх хугацаанд нийт 8,378,410 төгрөгийн сэлбэгийг 54-79 УНО тээврийн хэрэгсэлд зарцуулсан байна. Уг дүн нь санхүүгийн баримтаар нотлогдоно. Мөн дээрх дүн нь 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны сэлбэг хэрэгсэл олгосон дүн юм. Үүнээс үзвэл Д.Ц- нь улсын өмчийн техник хэрэгсэлтэй ажиллах ур чадвар муу байгаа нь ялангуяа 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ган диск шинээр сольсон. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин ган диск шинээр сольж, ган диск эвдэрч байгаа нь жолоочийн ур чадвараас ихээхэн шалтгаалдаг *******хүнд гэмтэлд тооцдог. Тодруулбал, нэг гэмтлээр удаа дараа засварт орж ирдэг. Манай байгууллага нь автобаазтай бөгөөд 54-79 УНО тээврийн хэрэгслийн эвдрэлийг шалгуулах шалгах механик жолоочийн ур чадвараас шалтгаалж үүссэн эвдрэл гэж оношилдог. Манай байгууллагын хувьд нэг тээврийн хэрэгсэлд жил хүрэхгүй хугацаанд 8,378,410 төгрөгийн сэлбэг хэрэгсэл тавьж сольж засварлаж байгаа нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй болно. Учир нь манай байгууллагын сэлбэг, түлш, тос тосолгооны материалыг батлагдсан төсврийн хүрээнд тендерээр сонгон шалгаруулж авдаг, төсвийг хий үрэлгэн байдлаар зарцуулахгүй байх үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн ажил олгогчийн хувьд жолооч Д.Ц-ыг шууд ажлаас чөлөөлөөгүй бөгөөд хуучин ажиллаж байсан ачигч албан тушаалд ажиллах саналыг тавьсан. Д.Ц- нь ачигч болохоос татгалзсан тул Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийн дагуу буюу Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад 1 сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 3-5/, Баянгол дүүргийн БШӨ ОНӨААТҮГ захирлын В/420 дугаар Д.Ц-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх 6/, Хөдөлмөрийн гэрээ /хх 7-11/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны худалдааны тэмдэглэл/ шийдвэр /хх 12-15/, итгэмжлэл /хх 123-124/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 17, 119-120/, хариу тайлбар /хх 23-24/, БГШӨ ОНӨААТҮГ-ын захиргаанд Өргөдөл гаргах нь /хх 25/, БШӨ ОНӨААТҮГ захирлын В/65 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх 26/, Нийслэлийн Баянгол дүүргийн БШӨ ОНӨААТҮГ захирлын В/035 дугаар Д.Ц-ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх 27/, Баянгол дүүргийн БШӨ ОНӨААТҮГ захирлын В/420 дугаар Д.Ц-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх 28/, Сэлбэг хэрэгслийн тайлан /хх 29, 111/, зураг /30-56/, БШӨ ОНӨААТҮГ-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотариатаар баталгаажсан 54-79 УНО тээврийн хэрэгсэлд 2024 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл тавьсан сэлбэгийн жагсаалт /хх 57-58/, Зарлагын баримт, Сэлбэгийн захиалгын хуудас, Шаардах хуудас, *******комиссын акт, БШӨ ОНӨААТҮГ-ын *******комиссын хурлын протокол, зураг /хх 59-63, 64-68, 69-73, 74-79, 80-84, 85-91, 92-98, 99-103, 104-110/, БШӨ ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-118/, Баянгол дүүргийн БШӨ ОНӨААТҮГ захирлын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, журам /хх 134-159/, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт /хх 160-164, 165-166/, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар БШӨ орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үүсгэн байгуулж, дүрмийг батлах тухай тогтоол, хавсралт /хх 167-173/, *******хяналтын үзлэгийн мэдээлэл /хх 174/.

 

5. Шүүхээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Д.Ц-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 180/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажлын байранд хэрэглэж байсан автомашиныг акталсан учраас байнга засвар үйлчилгээ шаарддаг байсан. Уг машиныг засахад зарцуулсан мөнгийг би компанид хохирол учруулсан гэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Д.Ц- нь жолоочоор ажиллаж байх хугацаанд нийт 8,378,410 төгрөгийн сэлбэгийг 54-79 УНО тээврийн хэрэгсэлд зарцуулсан. Д.Ц- нь техник хэрэгсэлтэй ажиллах ур чадвар муу, ган диск олон эвдэрч байгаа нь жолоочийн ур чадвараас шалтгаалдаг *******хүнд гэмтэлд тооцдог. Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийн дагуу буюу Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад 1 сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

5. Нэхэмжлэгч нь хариуцагч БШӨ ОНӨААТҮГ-ын хог тээврийн жолоочийн албан тушаалд ажиллахаар талуудын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

6. Ажил олгогч буюу хариуцагч БШӨ ОНӨААТҮГ-ын захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн В/420 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.2.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.3.5-т заасныг үндэслэн ажилтан Д.Ц-ыг ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад 1 сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо сум, дүүргийн Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн  2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн В/420 дугаар тушаалын талаарх гомдлоо 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

8. Талууд БШӨ ОНӨААТҮГ-ын захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/420 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхэд маргасан.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ дээрх зүйлд заасан “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэснийг үндэслэжээ.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд зөрчил мөн тогтоогдсон байхыг шаардахаас гадна талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно.

11. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 5.3.5-д “Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад 1 /нэг/ сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан” гэсэн нь ноцтой зөрчилд тооцогдохоор заажээ.

12. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хог тээврийн жолоочийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа нийт 8,378,410 төгрөгийн сэлбэгийг 54-79 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зарцуулсан гэх үйл баримтыг “...байгууллагад 1 /нэг/ сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан” гэж үзэн, нэхэмжлэгчийн уг үйлдлийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэрээний 5.3.5-д заасан зөрчилд тооцон, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

13. Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийн хог тээврийн жолоочийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа нийт 8,378,410 төгрөгийн сэлбэгийг 54-79 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зарцуулсан гэх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5-д заасан ноцтой зөрчилд хамааруулсан нь үндэслэлгүй байна. Учир нь, Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. 

14. Хавтаст хэргийн 59-63, 64-68, 69-73, 74-79, 80-84, 85-91, 92-98, 99-103, 104-110 дугаар талуудад авагдсан ******* комиссын акт, БШӨ ОНӨААТҮГ-ын *******комиссын хурлын протокол гэх нотлох баримтуудаар нэхэмжлэгч ямар ажил үүргээ биелүүлээгүй, яаж ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн дотоод журмын 14.2 дугаар зүйлийн 14.2.1.5-д заасан 1 /нэг/ сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5-д хамруулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

15. Иймд хариуцагч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

17. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журамд заасан аргачлалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцож олгоно.

18. Нэхэмжлэгч Д.Ц-ын сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцохдоо 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлвол /нэг ажлын өдрийн цалин 132,164.2 x 137 ажилгүй байсан хугацаа/=18,216,107 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 137 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,216,107 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

19. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцнэ. 

20. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,216,107 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ыг БШӨ Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хог тээврийн жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч БШӨ Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 18,216,107 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч БШӨ ОНӨААТҮ-т даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,031 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН