| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04263/И |
| Дугаар | 192/ШШ2025/03090 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/03090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Б.Б, А.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** дүүрэг, *** дүгээр хороо, **** дугаар хороолол, ***** бюлдинг С блокын 3 давхарт байрлах, М ХХК /РД: ********/,
Хариуцагч: **** дүүрэг, ****** дүгээр хороо, ***** 7 давхарт байрлах, К ХХК /РД: ***********/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 151,492,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Ж.М,
Иргэдийн төлөөлөгч Н.Ж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч К ХХК-иас гэм хорын хохиролд 151,492,148 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай М ХХК нь иргэн П.Г-атай Түрээсийн гэрээ байгуулж гэрээний дагуу П.Г--эзэмшлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр шилжүүлэн хамтарч ажиллаж байсан. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э ХК-ийн уурхайн ачилтын талбай дотор ЭТТ-***/*** дугаартай гэрээний нүүрс ачуулаад дуусч байхад **** маркийн *********** парк дугаартай, **** УБЭ улсын дугаартай авто ачигчийн шанага гацсаны улмаас манай тээврийн хэрэгслийг татан унагааж Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасан зөрчлийг үйлдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу ******* аймаг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шалгаж К ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх хууль, дүрэм журмыг зөрчсөн үндэслэлээр гэм буруутай болох нь ******* аймаг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 326 дугаар албан тоотоор тогтоогдсон. Дээрх осол буюу зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 31,408,000 төгрөгийн хохирол учирсан болохыг 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Х Э Ү ” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон, мөн үнэлгээ хийлгэсэн зардал 1,655,000 төгрөг, тээврийн хэрэгслийг авахаар Улаанбаатар хотоос Тавантолгойн уурхай руу хувийн суудлын машинаар 2 удаа ирж очсон зардал 300 л бензиний үнэ 717,000 төгрөг, осолд орсон тээврийн хэрэгслийг үнэлгээ оношилгоо хийлгэх зорилгоор Улаанбаатар хотод авч ирсэн зардалд шатахуун 350 л дизель түлш 1,505,000 төгрөг, осолд орсон тээврийн хэрэгслийг үнэлгээ оношилгоо хийлгэсэн төлбөр 250,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг болтол хугацаанд тухайн **** УБЭ улсын дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслээр энэ хугацаанд олох байсан орлогод дунджаар 1 сарын орлого 28,989,287 төгрөгөөр тооцож нийт 4 сарын хугацааны төлбөрт 115,957,148 төгрөг, нийт өнөөдрийн байдлаар 151,492,148 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу К ХХК-ийн өмчлөлийн **** ***улсын дугаартай авто ачигчийн гаргасан ослын улмаас учирсан хохиролд нийт 151,492,148 төгрөгийг К ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагч Б.Д-ийн №****** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй” гэх зөрчлийн дагуу 3,000,000 төгрөгийн торгуулийг манай компанид тавьсан. Тус шийтгэлийн хуудсыг манай компанийн зүгээс хүчингүй болгуулахаар ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2024.10.21-ний өдрийн 120/ШШ2024/0022 дугаар шийдвэрээр ******* аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагч Б.Д-ийн №****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэр хүчин төлгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгчийн манай компанийг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх хууль, дүрэм зөрчсөний улмаас хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлгүй. Үнэлгээ, оношилгоо хийлгэх зорилгоор зайлшгүй Улаанбаатар хотод авч ирэх шаардлага байсан эсэх, тухайн түлшний зардал нь бодитоор гарсан эсэх, тухайн зорилгоор гарсан эсэх нь тодорхойгүй байна. Тухайн техник дээр Х Э Ү ХХК-иар үнэлгээ гаргуулсан гэх хэрнээ дахин үзлэг оношилгоо хийлгэсэн гээд 250,000 төгрөг гэж оруулсан нь үндэслэлгүй зардал бөгөөд баримт нь бодит биш. Мөн хувийн суудлын ямар тээврийн хэрэгслээр, ямар зорилгоор уурхай явсан эсэх нь тодорхойгүй, уг явсан гэх ажил нь нэхэмжлэгчтэй холбоотой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлохгүй байгаа тул тус хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч ямар гэрээний дагуу, ямар ажил үүргийг гүйцэтгэж тус техникээр сард хэр хэмжээний орлого олдог байсан эсэх тодорхойгүй байгаа тул 115,957,148 төгрөгийн хохирол үүссэн гэж үзэх үндэслэлгүй, нотлогдохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн тухайн осолд өртсөн **** УБЭ улсын дугаартай машин нь осол болсноос хойш 4 сарын хугацаанд эвдрэл гэмтэлтэй сул зогссон хэмээн олох байсан орлогоо нэхэмжилсэн ч автотээврийн үндэсний төвийн албан ёсны сайт болох https://www.autobox.mn/vehicleSearch сайтаас тухайн **** УБЭ улсын дугаартай машины Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харахад 2024.03.22-ны өдөр оношилгоонд орж, тэнцсэн гэх мэдээлэл харагдаж байна. Иймд 4 сарын хугацаанд эвдрэл гэмтэлтэй, сул зогссон гэх тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл нь бодитоор тогтоогдохгүй байна. Мөн тус техник нь 2024.03.22-ны өдөр оношилгоонд орж тэнцсэнээс үзэхэд эвдрэл гэмтлийг нэхэмжлэгч бүрэн засварласан болох нь харагдаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шинээр солих эд ангиудыг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн зардлаар худалдан авсан зардлын баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан тогтоогдоогүй. Мөн ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний өдрийн 120/ШШ2024/0022 дугаар шийдвэрээр манай компанийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн хуулийг зөрчөөгүй болохыг тогтоосон болно. Хариуцагч К ХХК-ийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй буюу түүний буруутай гэдэг нь ямар нэг эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу хохирлыг хариуцах үүрэг К ХХК-д байхгүй. 2023 оны 12 сарын 28-ны өдөр манай компанийн С****маркийн Л****парк дугаартай **** УБ улсын дугаартай техник дээр үүрэг гүйцэтгэж байсан Э.Б нь манай компанитай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, Х “А И”ХХК-тай байгуулсан ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажилладаг ажилтан юм. Манай К ХХК нь Э.Б гэх хүний ажил олгогч биш, тухайн хүнтэй хөдөлмөр эрхлэлтийн болон иргэний эрх зүйн харилцаанд орж ямар нэг гэрээ байгуулаагүй тул хариуцагч болох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Машинаа эвдүүлсэн талын зөв гэж бодож байна. Нөгөө тал арай хэлсэн үгийг үгүйсгээд байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, итгэмжлэл /хх 6, 165/, П.Г--иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7/, Howo маркийн автомашины гэрчилгээний хуулбар /хх 8/, М ХХК-ийн 24/2004 тоот тодорхойлолт /хх 9/, Кассын орлогын ордер /хх 10/, Х Э Ү ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /хх 11-14/, Түрээсийн гэрээ дугаар 22/178 /хх 15-17/, **** УБЭ тээврийн хэрэгслийн тооцооны задаргаа хүснэгт /хх 18/, Мастер плаза төлбөрийн баримт /хх 19/, Мастер сүлжээ үзлэг оношилгооны хуудас /хх 20-21/, М ХХК хүснэгт /хх 22/, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /хх 23-37/, Тээвэрлэлт мэдээлэл хүснэгт /хх 192/, **** УБЭ автомашины тээврийн тооцоо 2023 он /хх 193/, Түрээсийн гэрээ /Шинэчилсэн/ дугаар 22/178 /хх 194-196/, Нүүрс тээвэрлэлтийн гэрээ /хх 197-203/.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 41/, итгэмжлэл /хх 42, 204/, хариу тайлбар хүргүүлэх тухай /хх 47/, ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 120/ШШ2024/0022 дугаар шийдвэр /хх 178-184/, нэмэлт тайлбар гаргах тухай /хх 205-207/, Хөдөлмөрийн гэрээ /хх 208-212/, Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх 213-219/.
6. Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 478 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх 56-164/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлээс 33,283,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 118,209,148 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч К ХХК-ийн С****маркийн Л****парк дугаартай, **** УБЭ улсын дугаартай авто ачигчийн шанага гацсаны улмаас манай тээврийн хэрэгслийг татан унагааж осол гаргасан. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд “Х Э Ү ” ХХК-ийн үнэлгээгээр 31,408,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 1,655,000 төгрөг, тээврийн хэрэгслийг авахаар Улаанбаатар хотоос Тавантолгойн уурхай руу ирж очсон хувийн машины зардалд 717,000 төгрөг, үнэлгээ оношилгоо хийлгэх зорилгоор Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг авчирсан зардалд 1,505,000 төгрөг, үнэлгээ оношилгоо хийлгэсэн төлбөрт 250,000 төгрөг, Howo маркийн тээврийн хэрэгслээр олох байсан орлогод 115,957,148 төгрөг, нийт 151,492,148 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 120/ШШ2024/0022 дугаар шийдвэрээр ******* аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагч Б.Д-ийн №****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон тул зөвшөөрөхгүй.
3.2. Хувийн суудлын ямар тээврийн хэрэгслээр, ямар зорилгоор уурхай явсан эсэх нь тодорхойгүй, уг зардал нь нэхэмжлэлтэй холбоотой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул зөвшөөрөхгүй. Үнэлгээ, оношилгоо хийлгэх зорилгоор зайлшгүй Улаанбаатар хотод авч ирэх шаардлага байсан эсэх, тухайн түлшний зардал нь бодитоор гарсан эсэх, тухайн зорилгоор гарсан эсэх нь тодорхойгүй, дахин үзлэг оношилгоо 250,000 төгрөгөөр оруулсан нь үндэслэлгүй зардал.
3.3. Нэхэмжлэгч ямар гэрээний дагуу, ямар ажил үүргийг гүйцэтгэж тус техникээр сард хэр хэмжээний орлого олдог байсан эсэх тодорхойгүй байгаа тул 115,957,148 төгрөгийн хохирол үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
3.4. Манай компанийн С****маркийн Л****парк дугаартай **** УБ улсын дугаартай техникээр үүрэг гүйцэтгэж байсан Э.Б нь манай компанитай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, Хишиг “А И”ХХК-тай байгуулсан ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажилладаг ажилтан гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч К ХХК-ийн ажилтан Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн **** сум *** овоо *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Э ХК-ийн уурхайн нүүрс ачилтын талбайд С****маркийн, **** УБ улсын дугаартай ковшоор нүүрс ачилтын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин, М ХХК-ийн эзэмшлийн **** /Хово/ маркийн, **** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ковшийн шанагаараа татан унагааж, улмаар 31,408,000 төгрөгийн эвдрэл учруулсан нь ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол, ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар “Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоол, ******* аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, “Х Э Ү ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор тухайн осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж зөрчлийн хэрэг нээж, түүнчлэн зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд харин хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг хуулиар тогтоосон. Аж ахуйн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байгаа боловч тухайн үйл ажиллагааны явц нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Энэ нь эд хөрөнгө, амьтан өмчлөгч, эзэмшигч нь гэм буруугүй байсан ч тухайн эд хөрөнгийн аюултай шинжээс бий болсон гэм хорын эрсдэлийг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй нь холбоотой.
Хариуцагч нь С****маркийн, **** УБ улсын дугаартай ковшийг жолоодож байсан Э.Б-ыг К ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, Хишиг “А И”ХХК-тай байгуулсан ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллаж байсан гэх тайлбарыг гаргасан боловч зөрчлийн хэргийг шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны тогтоолоор К ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Ц-ыг тогтоосон бөгөөд хууль ёсны төлөөлөгчөөс өгсөн мэдүүлэгт Э.Б-ыг тус компанийн ажилтан биш талаар дурдаагүй байхаас гадна холбогдогчоос мэдүүлэг авсан тухай Э.Б-ын “К ХХК-ийн Лодр оператор” гэх мэдүүлгээр хариуцагчийн эзэмшлийн С****маркийн, **** УБ улсын дугаартай ковшийг Э.Б жолоодож байсан болох нь тогтоогдсон.
Хэрэгт авагдсан “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол болон “Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоол, талуудын тайлбараар хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Э.Б жолоодох явцдаа осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч М ХХК Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар учирсан хохирлоо тээврийн хэрэгсэл эзэмшигч К ХХК-иар арилгуулахаар шаардах эрхтэй.
4.2. Хавтаст хэрэгт “Х Э Ү ” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №16882/ДД№28762709 тоот “Автомашин техникийн үнэлгээний тайлан” авагдсан бөгөөд үнэлгээний тайлангаар **** /Хово/ маркийн, **** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 31,408,000 төгрөгөөр тогтоожээ. Мөн уг үнэлгээг 1,625,000 төгрөгөөр хийлгэсэн тухай “Х Э Ү ” ХХК-ийн кассын орлогын ордер баримт, тээврийн хэрэгсэлд 250,000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн тухай “Нимонс” ХХК-ийн оношилгооны хуудас, Мастер плаза төлбөрийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан.
4.3. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг авахаар Улаанбаатар хотоос Тавантолгойн уурхай руу хувийн суудлын машинаар 2 удаа ирж очсон зардалд 717,000 төгрөг, осолд орсон тээврийн хэрэгслийг үнэлгээ оношилгоо хийлгэх зорилгоор Улаанбаатар хотод авчирсан зардалд 1,505,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд М ХХК гэх хүснэгтийг баримтаар гаргаж өгчээ. Энэхүү зардал нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс бодитоор гарсан болохыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ. Иймд тээврийн хэрэгслийг авахаар Улаанбаатар хотоос Тавантолгойн уурхай руу ирж очсон хувийн машины зардалд 717,000 төгрөг, үнэлгээ оношилгоо хийлгэх зорилгоор Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг авчирсан зардалд 1,505,000 төгрөг төлсөн гэх 2,222,000 төгрөгийн зардлыг К ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
4.4. Түүнчлэн Түрээсийн гэрээ дугаар 22/178, **** УБЭ тээврийн хэрэгслийн тооцооны задаргаа хүснэгт, М ХХК хүснэгт, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, Тээвэрлэлт мэдээлэл хүснэгт, **** УБЭ автомашины тээврийн тооцоо 2023 он, Түрээсийн гэрээ /Шинэчилсэн/ дугаар 22/178, Нүүрс тээвэрлэлтийн гэрээ баримтуудыг үндэслэн олох байсан орлогод 115,957,148 төгрөг нэхэмжилсэн. Эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг олох ёстой байсан орлогод 115,957,148 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 115,957,148 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлт хийсэн.
6. Иймд үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирол гэж тогтоогдсон 31,408,000 төгрөг, уг үнэлгээний ажлын хөлс 1,625,000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр 250,000 төгрөг, нийт 33,283,000 төгрөгийг хариуцагч К ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас 33,283,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдэх 118,209,148 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 915,411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 324,365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.