Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Гд холбогдох 1806 00464 0401 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 19  оны 0  дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны Од гудамжны   тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, О.Г

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баянбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баянбатын өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1691 тоотод Рагчаагийн гэрт Гантулга тэр хоёрын эхнэр бид 5 нийлж 3 шил архи хувааж уусан. Тэгээд би унтах гээд хэвтэж байснаа санаж байгаа өглөө сэрсэн чинь миний нүүр, толгой цус болчихсон байсан. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан, намайг цагдаагийн хэлтэс дээр байхад 103-н  эмч ирж миний толгойг боож өгөөд явсан. Харин намайг зодсон гэх Гантулгыг эрүүлжүүлэх байранд хийсэн... Гантулга бид хоёр танилцаад 3 жил болж байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн болон хувийн таарамжгүй харилцаа байхгүй. О.Г өөрөө болохоор намайг согтоод эхнэрийг нь оролдсон тэгэхээр нь зодсон гэж хэлсэн... Би дүгнэлттэй танилцсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй... Гантулга надад эмчилгээний зардал 200,000 мянган төгрөг өгсөн байгаа. Надад өөр нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.11-12/;

Мөрдөн байцаалтад Б.Баянбатын гэрчээр өгсөн: “... Мягмаррагчаа, Тулга бид нар архи ууж байсан гаднаас өөр хүн орж ирээгүй. Нэг мэдэхэд гэрт нь намайг зодоод байсан сүүлд гадаа бас зодуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх.14/;

Мөрдөн байцаалтад О.Г гэрчээр өгсөн: “... Шөнө унтаж байхад Баянаа миний уулздаг хүүхэн болох Дулмааг оролдоод байсан тэгэхээр нь би уурлаад маргалдаж Баянааг зодсон. Тэгээд 06 цагийн үед цагдаа нар ирж авсан... Нүүр лүү нь гараараа цохисон, мөн гутлаар нүүр лүү нь хэд хэд цохисон...” гэх мэдүүлэг /хх.15/;

Мөрдөн байцаалтад гэрч Г.Дулмаагийн өгсөн: “... Б.Баянбат миний хажуугаар хэвтээд гараараа миний хөл гарыг илээд байхаар нь би боль гэж хэлсэн чинь үгэнд орохгүй байхаар нь О.Гд найз чинь намайг оролдоод байна гэж хэлсэн чинь О.Г гэнэт л босож ирээд газар байсан гутлаа аваад Баянбатын толгой руу нь хоёр удаа цохисон тэр үед нь би хориглож болиулсан. Тэгтэл Баянбатын нүд нь хавдаад цус гараад тогтохгүй байсан чинь Баянбат гэрээс гараад цагдаа дуудаж О.Г бариулсан. Харин маргааш нь О.Г эрүүлжүүлэхээс гараад Баянбатад эмнэлэгт үзүүлээрэй гээд данс руу нь 120,000 мянган төгрөг хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.17/;

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1040 дугаартай дүгнэлтэд:

“1. Б.Баянбатын биед хамрын хянга ясны зөрөөгүй, хамрын хажуу ханын зөрөөтэй, хугарал, хамрын таславчын мурийлт, баруун хөмсөг, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20/;

Мөрдөн байцаалтад О.Г яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Мөн Би болсон асуудлын талаар өмнө нь мэдүүлэг өгсөн, түүндээ дэлгэрэнгүйгээр ярьсан болохоор надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэлэсэн үедээ өөрийн найз Б.Баянбатыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна. Миний буруу дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх.31/;

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.25/,

Хохирол нөхөн төлсөн баримт /хх.33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баянбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баянбатын өгсөн: “... Тэгээд би унтах гээд хэвтэж байснаа санаж байгаа өглөө сэрсэн чинь миний нүүр, толгой цус болчихсон байсан… О.Г өөрөө болохоор намайг согтоод эхнэрийг нь оролдсон тэгэхээр нь зодсон гэж хэлсэн... Би дүгнэлттэй танилцсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй... Гантулга надад эмчилгээний зардал 200,000 мянган төгрөг өгсөн байгаа. Надад өөр нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.11-12/;

Мөрдөн байцаалтад гэрч Г.Дулмаагийн өгсөн: “... Б.Баянбат миний хажуугаар хэвтээд гараараа миний хөл гарыг илээд байхаар нь би боль гэж хэлсэн чинь үгэнд орохгүй байхаар нь О.Гд найз чинь намайг оролдоод байна гэж хэлсэн чинь О.Г гэнэт л босож ирээд газар байсан гутлаа аваад Баянбатын толгой руу нь хоёр удаа цохисон тэр үед нь би хориглож болиулсан...” гэх мэдүүлэг /хх.17/;

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1040 дугаартай дүгнэлт /хх.20/;

Мөрдөн байцаалтад О.Г яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэлэсэн үедээ өөрийн найз Б.Баянбатыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна. Миний буруу дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх.31/;

Шүүгдэгч О.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус   оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар А.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

О.Г нь хохиролд 320,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баянбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.Г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

О.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч О.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  41 размерийн зүүн хөлний, хагас түрийтэй, хар өнгийн үдээстэй, өрөөсөн гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олговол зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Гд сануулсугай.

5. О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 320,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баянбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 41 размерийн зүүн хөлний, хагас түрийтэй, хар өнгийн үдээстэй, өрөөсөн гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Гд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР