Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

       

 

 

 

 

 2023            12              28                                       2024/ДШМ/26

                       

                                                                                         

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

хохирогч Э.Ды өмгөөлөгч А.Сэлэнгэ,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг,

нарийн бичгийн дарга  Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бд холбогдох 2210002820300 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Галба овгийн Ц.Б, 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Бридж” рестораны захирал албан тушаалтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бридж” нэртэй ресторанд иргэн Э.Дг үймээн самуун үүсгэхгүй шүү гэх шаардлага тавих нэрийдлээр түүнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж “уруулын салстад шарх, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн” гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Галба овогт Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Ц.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн үнэлж хохирогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй тухайд: 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Э.Дгийн бие эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй түүнийг зодож цохиогүй, хохирогч гээд байгаа залуу өөрөө нилээн согтуу байсан, хүн андуураад байгаа юм болов уу ..и Дд огт гар хүрээгүй, гомдолтой байна намайг гүтгэж байна. ...Цэнд-Аюуш нь манай найзын ресторанд үймээн хийхгүй шүү гэж Дтай маргалдсан... Тэр үед Д, Цэнд-Аюуш 2 зууралдсан байдалтай байсан ба Цэнд-Аюушийг цохичихлоо гээд Д нь Цэнд-Аюушийг ямар хүүхэн шиг цохидог юм бэ гэж хэлж байсан. Тэрийг сонсоод Цэнд-Аюуш тэгвэл намайг гүйцээчихье гээд босож очоод хохирогчийг хамраас нь цус гартал цохисон, 2-3 удаа цохихоор нь би очоод дахин тэр хоёрыг салгасан хэмээн мэдүүлж, хэргийн үйл баримт гэм бурууд маргаж мэтгэлцсэн хэдий ч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч А.Энэрэл, хохирогч Э.Д нарын удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт таньж олуулах ажиллагааны тэмдэглэл баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, түүнчлэн тэдгээр нь өр авлага, өс хонзон, өөр бусад хувийн сэдэлттэй таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх сэжиг бүхий үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /Шийтгэх тогтоолын 19 дүгээр тал/

Хэрэгт гэрчээр асуугдсан тухайн өдөр дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Ц.Чулуун-Эрдэнийн мэдүүлэгт ...Би тухайн өдөр дуудлага хүлээн авч дэслэгч Энх-Хүслэнгийн хамтаар Бридж ресторанд очиход нэг эмэгтэй уйлчихсан орилоод, эд нар манай нөхрийг зодчихлоо гээд орилоод, харин нөхөр гэх залуу нэлээн согтуу хамраас нь цус гарчихсан, Цэнд-Аюуш гэх пизда намайг цохисон шүү гээд орилоод байсан. Тэгээд тухайн ресторанд байсан залуусыг гаргаж гадаа зогсоож байтал Энх-Хүслэн дотогшоо орж хяналтын камерыг нь тухайн хамраас нь цус гарсан залуугийн эхнэрийн хамт шүүх гэтэл камер нь болохгүй байна гэж хэлээд гарч ирсэн гэж хэргийн газар дуудлагаар очсон үеийн нөхцөл байдлыг гэрчлэн мэдүүлсэн шууд бус гэрч байна. Нөгөөтээгүүр хэрэг учрал болсон газарт, тухайн цаг хугацаанд хэрэгт гэрчээр асуугдаж мэдүүлэг өгсөн Б.Анхбаяр, А.Соёмбо, А.Ган-Эрдэнэ, Л.Алтанцэцэг нарын хувьд найз нөхөд, хамт ажилладаг, хадам дүү гэх зэргээр шүүгдэгчтэй хувийн харилцаа холбоотой, сонирхлын зөрчил бүхий байх тул шүүх дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож үнэлж дүгнээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэжээ...

2. Хохирогч Дэлгэрсайхан, гэрч Энэрэл нарын мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй, мэдүүлгээ гэнэт өөрчилсөн байхад шүүхээс тогтвортой мэдүүлэг өгсөн гэж үзсэн нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэх үндэслэлтэй тухайд:

Хохирогч Д нь нийт 3-н удаа мэдүүлэг өгсөн байдаг ба эхний 2 удаагийн мэдүүлэг яг адилхан дараах байдлаар мэдүүлгээ өгдөг. /1хх 30-32, 70/ Тухайн үед би бага зэрэг согтуу байсан намайг Ариунбат руу дайрлаа гээд тухайн рестораны хаалга талд сууж байсан залуус нийлж байгаад зодсон тухайн үед хар бараан хувцастай залуу нь нэлээд цохиод байсан нөгөө 2 залуу нь 2 талаас гар бариад хөдөлгөхгүй байсан энэ хооронд Ариунбатын эхнэр намайг 2 удаа өшиглөсөн. Би сайн танихгүй урьд нь харж байгаагүй 2 залуу л намайг нийлж байгаад зодоод байсан 2 талаас барьчихсан хориод тавихгүй зодуулаад байсан би тухайн үед сайн анзаарч хараагүй бараан хувцастай залуу намайг зохиод байсан хажуугаас нь ганц нэг цохиод байсан би сайн хараагүй намайг зодоход Ариунбат нь ч оролцоотой байсан. Ингэж цохиж байхад манай эхнэр байсан мөн тухайн залуутай хоёр залуу байсан. Тэнд байсан хүмүүс ерөнхийдөө харсан байх гэж бодож байн гэж эхний 2 мэдүүлгээ яг адилхан өгсөн байдаг. Гэтэл энэ хэрэг гарснаас хойш 11-н сарын дараа хохирогч мэдүүлгээ гэнэт өөрчилж худал мэдүүлэг өгч эхэлсэн. /1хх 234/ 

Мэдүүлэгтээ: Миний хариуцан ажиллуулдаг газарт үймээн самуун гаргахгүй шүү бацаан минь гэж хэлээд миний нүүрэн тус газар луу гараараа хэд хэдэн удаа цохисон. Цэнд-Аюуш гэх залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг гараас бариад ахын дүү хэрэггүй тайван бай гээд надтай зууралдаад байсан. Зөвхөн миний биед гэмтэл учруулсан хүн бол тухайн ресторан эзэн гэх залуу байсан гэх зэргээр мэдүүлгээ өөрчилж өөрийг нь цохисон хүнээ ялгахгүй, хэн цохисныг сайн мэдэхгүй гэж байснаа гэнэт өөртөө итгэлтэйгээр рестораны эзэн мөн, би сайн мэдэж байна гэх зэргээр мэдүүлгээ өөрчилсөн байхад шүүхээс уг мэдүүлгийг тогтвортой өгсөн гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсэгдэж байна. Мөн Хохирогч Дгийн эхнэр Энэрэл нь бас нийт Зн удаа мэдүүлэг өгсөн ба /1хх 33/

Уг мэдүүлэгтээ: Тусдаа сууж байсан 3 ах ирээд нэг намхан ах найзын газар үймээн үүсгэхгүй гэж хэлсэн тэгснээ хамт байсан 2 залуу нь манай нөхрийг нааш ир дүү гээд зуураад аваад цаашаа явахаар нь би араас нь очиход манай нөхрийг өндөр ах зуурч байгаад нэг намхан бор ах нүүр нүдгүй манай нөхрийг зодож Ариунбат нь гадуур хувцсаа өмсчихсөн гарах гэж явснаа манай нөхрийн толгойд гараараа цохисон тухайн үед манай нөхрийн хамар амнаас нь зэрэг цус гараад байхаар нь би айгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн Манай нөхрийн биед халдсан залуу нүдний шилтэй саарал куртиктэй өндөр эрэгтэй, бор царайтай ...нүдтэй жижигхэн биетэй залуугийн хувцсыг нь сайн санахгүй байна энэ 3- уулаа нийлж байгаад цохиод байсан. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа нар зодсон хүмүүсийг авч явах гэсэн боловч саарал өнгийн куртиктэй ах ганцаараа үлдсэн байсан тухайн үед очсон цагдаа нарт энэ ах манай нөхрийг 2 найзтайгаа нийлж зодсон гэж хэлсэн боловч үнэмлэхийг нь хурааж аваад тэр ахыг авч яваагүй. /энэ хүн Цэнд-Аюуш юм./ гэх зэргээр нөхрийг нь цохисон хүний талаар дүрсэлж өмсөж байсан хувцас болон гадна төрх, куртик зэргийг дүрслэн хэлсэн байдаг. Гэтэл гэнэт Энэрэл нь нөхөр Дгийн адил мэдүүлгээсээ буцаж эхэлсэн байдаг бөгөөд Цэнд-Аюуш гэх хүн цохиогүй би яг харж байсан рестораны эзэн цохисон гэх зэргээр мэдүүлгээ өөрчилж эхэлсэн байхад шүүхээс Энэрэлийн мэдүүлгийг тогтвортой мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. /1хх 232/

3. Анхан шатны шүүхээс дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Ц.Чулуун-Эрдэний мэдүүлгийг шууд бус гэрч гэж үзэж мэдүүлгийг үнэлээгүй, бусад гэрч болох Б.Анхбаяр, А.Соёмбо, А.Ган-Эрдэнэ, Л.Алтанцэцэг нарын мэдүүлгийг найз нөхөд, хамт ажилладаг, хадам дүү гэх зэргээр шүүгдэгчтэй хувийн харилцаатай гэж үзэн мэдүүлгүүдийг шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тухайд:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж тодорхойлсон. Гэтэл энэ хэрэгт нийт 10 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Шүүхээс Б.Анхбаяр, А.Соёмбо, А.Ган-Эрдэнэ, Л.Алтанцэцэг нарыг хувийн хамааралтай хүмүүс гэж үзэж байгаа бол хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ариунбат, Булганаа, Чингис, Цэнд-Аюуш нарын мэдүүлгийг яагаад үнэлээгүй талаарх тогтоолд дурдаагүй эдгээр хүмүүсийн мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл зодоон болсон өдөр эдгээр хүмүүс бүгд хамт байсан бөгөөд тухайн зодооны талаар тодорхой мэдүүлгүүдийг өгсөн байдаг.

Булганаа: Сүүлд намайг Цэндээ гэдэг пиздаа цохичихлоо гээд орилоод байсан Цэндээ гээд байгаа нь уг рестораны эзнийх нь найз гээд өндөр нүдний шилтэй залуу байсан. Тэгээд цагдаа дуудчихсан байсан удалгүй цагдаа ч ирж таараад зодоон хийсэн хүмүүсийг авч явах үед тэр Цэндээ гэх өндөр залуу машинд суух гээд загнах үед уг Энэрэлийн нөхөр болох залуу би энэ ахад бол гомдолгүй харин энэ пиздаад гомдолтой гээд манай нөхөрлүү заагаад энэ манай эхнэрийг зодсон гээд байсан. /1хх 68/

Чулуун-Эрдэнэ: Би тухайн өдөр дуудлага хүлээн авч дэслэгч Энххүслэнгийн хамтаар Бридж ресторанд очиход нэг эмэгтэй уйлчихсан орилоод эд нар манай нөхрийг зодчихлоо гээд орилоод харин нөхөр гэх залуу нэлээн согтуу хамраас нь цус гарчихсан Цэнд- Аюуш гэдэг пиздаа намайг цохисон шүү гээд орилоод байсан. Нөхөр нь гэх залуу хамраас нь цус гарчихсан нэлээн согтуу байсан харин эхнэр нь арай гайгүй гэхдээ согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэр залуугаас бусад хүмүүс зүв зүгээр байсан харин Цэнд-Аюуш гэх залуугийн сорочикны товч тасарчихсан гадуурх жилетек нь урагдчихсан байсан Цэнд-Аюуш гэх залуу нөгөө хамраас нь цус гарсан гэх залууд хандаж чи өөрөө эхэлж цохисон биздээ гэж хэлээд байсан. Цэнд-Аюуш гэж Өндөр цайвар царайтай нүдний шилтэй залуу байсан.  /1хх 82/

Цэнд-Аюуш: 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр би найзынхаа ресторан дээр очсон намайг очиход манай найз Анхбаяр оччихсон байсан. ...Цагдаа ирэх хооронд тэр хэд маргалдаад салж өгөхгүй нөгөө орилоод байсан эмэгтэйн нөхөр нь эхнэрийгээ өмөөрөөд орилоод салж өгөхгүй байхаар нь би очиж салгасан тэр үед уг орилоод байсан эмэгтэйн нөхөр намайг чи юу юм намайг мэдэх үү гэж хэлээд намайг заамдаж аваад миний өмсөж байсан цамцыг товчийг нь бүгдийг нь тасдаад хаячихсан мөн гадуур нь байсан жилетекыг урчихсан тэгээд дайраад байхаар нь би уг залууг биеэ хамгаалж түлхсэн тэр үед Батдаваа Анхбаяр хоёр салгасан тэгээд байж байтал гаднаас цагдаа орж ирээд салгасан, тэгээд уг залууг цагдаа аваад явсан. Би зодсон зүйл огт болоогүй уг залуу над руу өөрөө дайрч миний цамцны товчийг тасдаж жилетек урсан тэр үед өөрийгөө хамгаалан түлхсэн Батдаваа огт цохиогүй гэж мэдүүлдэг. /1хх 42/

Эдгээр бүх гэрчүүд Батдавааг хохирогчийг цохиогүй харин Цэнд- Аюуш хохирогчийг цохисон гэж гэрчлээд байгаа болон хохирогч Дгийн эхнэр Энэрэлийн мэдүүлгээр нөхрийг нь цохисон хүний гаднах байдлыг тодорхойлохдоо өндөр саарал куртик, жилетиктэй нүдний шилтэй залуу байсан, гэрч Чулуун-Эрдэнэ буюу цагдаагийн албан хаагч тухайн үед зодоон хийсэн байсан хүмүүсийн талаар болон өмсөж байгаа хувцас гадна төрхийг тодорхойлохдоо Цэнд-Аюуш гэх залуугийн сорочикны товч тасарчихсан гадуурх жилетек нь урагдчихсан байсан Цэнд- Аюуш гэх залуу нөгөө хамраас нь цус гарсан гэх залууд хандаж чи өөрөө эхэлж цохисон биздээ гэж хэлсэн, Цэнд-Аюуш гэж Өндөр цайвар царайтай нүдний шилтэй залуу байсан, Гэрч Булганаа намайг Цэндээ гэдэг пиздаа цохичихлоо гээд орилоод байсан Цэндээ гээд байгаа нь уг рестораны эзнийх нь найз гээд өндөр нүдний шилтэй залуу байсан гэх мэт гадаад төрх болон өмсөж байсан хувцас, нүдний шил, Цэнд-Аюуш гэх нэрийн талаар тодорхой хэлдэг, мөн хар цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, хар сорочкон Цэнд-Аюушийн цамцыг нотлох баримтаар авахад дээд талын товчнууд тасарсан байгаа, мөн бүх гэрчүүд найзын ресторанд үймээн гаргахгүй шүү  гэж хэлсэн зэргээр мэдүүлэг өгөөд гэрчлээд байхад шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлаагүй мөн хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ач холбогдол өгөөгүй, тус тэмдэглэлд Цэндээ гэдэг пиздаа намайг шаачихлаа .... гэх мэтээр орилж бичигдсэн баримтууд хэрэгт авагдсан байна. /1хх 17/

Мөн Цэнд-Аюушийн өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Д гэх залуу намайг заамдаж боосон тэр үед миний сорочикны 3-н товч тасарчихсан, жилетик урагдсан би тухайн жилетикээ тэгээд хаячихсан, тэгээд надаас салахгүй зууралдаад миний зүүн шанаанд тус нэг удаа цохисон тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад буцааж заамдаж түлхсэн гэж мэдүүлдэг. /1хх 118/

Анх энэ хэрэгт Цэнд-Аюушийг яллагдагчаар татаж урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болсон. Тус хурал дээр Цэнд-Аюуш нь хохирогч Дэлгэрсайханыг цохисноо хүлээн /1хх 210/ би өөрийгөө хамгаалж нэг удаа хохирогчийг цохисон, нүүрээр нь мангасдаж түлхсэн энэ үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байгаа гэж хэлж хэргээ хүлээсэн байдаг. Гэтэл шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаахад гэнэт яллагдагчийг өөрчлөн Батдавааг яллагдагчаар татаж, Цэнд-Аюушт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалд ганц ч удаа Батдавааг хохирогч Дг цохисон гэж мэдүүлэг байдаггүй. Мөн эд мөрийн баримтаар Цэнд-Аюушийн хар цамц авагдсан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр Цэнд-Аюуш хохирогч нар хэрэлдэж Цэнд-Аюуш пизда намайг цохисон гэж орилж байгаа, миний найзын ресторанд үймээн гаргахгүй шүү гэж хэлж байгаа гэрч нарын үг, Тухайн өдөр Батдаваа ногоон өнгийн цамцтай байсан, Цэнд- Аюуш нүдний шилтэй, саарал куртиктэй байсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Мөн хэрэгт Цэнд-Аюуш Ариунбат нар нь хохирогч Дг цохисон талаараа мэдүүлгээ өгсөн, 10 гэрч бүгд энэ 2 хүнийг хохирогчийг цохисон талаар мэдүүлэг өгсөөр байхад огт гар хүрээгүй, Ц.Б цохиогүй ээ гээд бүх гэрч мэдүүлэг өгсөөр байхад Ц.Бг цохисон гэж үндэслэлгүй буруутгаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсэгдэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ц.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасныг зөрчсөн. Учир нь, шүүх хохирогч Э.Д болон түүний эхнэр А.Эмэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг ялласан. Хохирогч Э.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 4 удаа мэдүүлэг өгсөн. Уг 4 удаагийн мэдүүлгийн эхний 2 удаагийн мэдүүлэгт “намайг Цэнд-Аюуш гэдэг хүн зодсон” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж хэргийг шүүхэд шилжүүлээд хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шат руу буцаахад хохирогч Э.Д нь “уучлаарай Цэнд-Аюуш биш юм байна. Ц.Б намайг зодсон” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогчийн тогтворгүй өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Хэрэгт гэрчээр асуугдсан тухайн өдөр дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Ц.Чулуун-Эрдэнийн мэдүүлэгт “Би тухайн өдөр дуудлага хүлээн авч дэслэгч Энх-Хүслэнгийн хамтаар “Бридж” ресторанд очиход нэг эмэгтэй уйлчихсан орилоод эд нар манай нөхрийг зодчихлоо гэж байсан. Харин нөхөр гэх залуу нэлээн согтуу хамраас нь цус гарчихсан Цэнд-Аюуш гэх пизда намайг цохисон шүү гээд орилоод байсан” гэж мэдүүлдэг. Мөн хохирогч Э.Дгийн эхнэр А.Эөгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 10 гэрч мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хохирогч болон түүний эхнэрийн тогтворгүй, зөрүүтэй мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны баримтаар миний үйлчлүүлэгчийг ялласан. Таньж олуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцсэн. Мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Бтай ямар нэгэн хувийн хамааралгүй, ойр дотны харилцаагүй хүмүүс болох Ган-Эрдэнэ, Ариунбат, Булганаа нарын мэдүүлэгт “Э.Дыг Цэнд-Аюуш цохисон” гэж мэдүүлдэг. Харин гэрч Б.Анхбаяр, А.Соёмбо, А.Ган-Эрдэнэ, Л.Алтанцэцэг нарын мэдүүлэгт “Э.Дыг Батдаваа цохиогүй” гэж мэдүүлсэн. Эдгээр гэрчүүдийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаар дуудахад 5 гэрч ирсэн бөгөөд бүгд “Батдаваа хохирогчийг цохиогүй” гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд нь илтэд “хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд ирсэн гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн атлаа хохирогч болон түүний эхнэрийн тогтворгүй өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн газрын үзлэгээр цус болчихсон хар цамцыг эд мөрийн баримтаар тооцож энэхүү хар цамцтай хүн хохирогчийг зодсон гэж цагдаагийн байгууллагын эд мөрийн баримтаар тооцсон баримтуудаар тогтоогдсон. Гэтэл тухайн үед миний үйлчлүүлэгч Ц.Б нь ногоон өнгийн цамц өмссөн байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Ц.Б нь тухайн өдөр өмсөж байсан ногоон цамцаа өмсөөд ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл, эд мөрийн баримтаар хураагдсан хар цамц нь Цэнд-Аюушийнх эсэхэд маргадаггүй. Энэ үйл баримт тогтоогдсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Цэнд-Аюуш нь хохирогч Э.Дыг цохисон болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох үүрэгтэй. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой хөндлөнгийн гэрчүүдийн буюу яллагдагч, шүүгдэгч, хохирогч нарт хамаарал бус бүхий этгээдүүдийн мэдүүлгүүдийг үнэлээгүй. Энэ талаар дүгнэлт өгөөгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас дээрх үйл баримтуудад дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Ариунбат хохирогчийг зодсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Цэнд-Аюуш, Ариунбат нарын хэн нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Ариунбат удаа дараа хохирогчийн дагз руу цохиж, нүүр лүү нь алгадсан байдаг. Энэ үйл баримтуудын талаар хохирогч Э.Дгийн эхнэр А.Энэрэл удаа дараа мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Ц.Б гэмт хэрэг үйлдээгүй юм байна. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв байна” гэж хэлсэн. Эдгээр үйл баримтуудад анхан шатны шүүх дүгнэлт өгөхгүйгээр хэтэрхий нэг талыг барьж, хууль ёсны зарчмыг алдагдуулж хэргийг шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 16.4 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Ц.Бг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэрч, хохирогч, яллагдагч нь түүнд харуулсан хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрнаас аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана.” гэж заасан. Гэтэл уг хэрэгт таньж олуулах ажиллагааг гэмт хэрэг гарснаас хойш буюу 11 сарын дараа хийсэн нь хуульд нийцээгүй. Энэ хугацаанд Ц.Б, Цэнд-Аюуш болон уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүд хоорондоо маш олон удаа таарсан. Ингээд гэрчүүд “тухайн үед хохирогчийг Цэнд-Аюуш цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл үүний дараа таньж олуулах ажиллагааг хийсэн нь үндэслэлгүй юм. 1 дүгээр хавтаст хэрэгт таньж олуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар баримтууд авагдсан. Уг баримтаас үзэхэд мөрдөгч таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг гараар бичсэн байдаг. Техник технологи хөгжсөн өнөө цагт хохирогч болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг гараар бичих үндэслэлгүй. Харин таньж олуулах ажиллагаанд хохирогчийг хамт байлцуулж мэдүүлэг болон бусад зүйлсийг асуулт, хариулт маягаар баримт бичгийн стандартад нийцүүлж тэмдэглэх боломжтой байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 226, 240 дүгээр хуудсуудад хохирогч Э.Д гарын үсэг зурсан байдаг. Гэтэл сүүлд хохирогч Э.Д мэдүүлгээ өөрчилж “намайг Ц.Б цохисон” гэж мэдүүлж баримтад гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Дгийн өгсөн дээрх 2 мэдүүлгүүдийн баримтаас үзэхэд түүний гарын үсэг зөрүүтэй байдаг. Хохирогч Э.Д болон түүний эхнэр А.Эанхны өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр талд  авагдсан байдаг. Энэ баримтад зурсан хохирогч Э.Дгийн гарын үсэг нь сүүлд өгсөн мэдүүлэг өгсөн баримтад зурсан гарын үсгийг хооронд нь харьцуулж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах ёстой. Сүүлд хохирогчийн өгсөн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны баримтад зурагдсан гарын үсэг нь хохирогчийн гарын үсэг бус мөрдөгчийн гарын үсэг байдаг. Иймд таньж олуулах ажиллагааны дуу-дүрсний бичлэгийг үзэх шаардлагатай гэж үзэж байна. Анх хохирогч Э.Д болон гэрч А.Энэрэл нар тухайн үед Э.Дыг зодсон гэх хүнийг дүрслэхдээ “Саарал куртиктэй, хар цамцтай, жилетектэй хүн байсан. Тэр хүнийг цагдаа авч явах гэтэл нөгөө хүн нь маргааш ажилтай гэж хэлээд үлдсэн” гэж мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Цэнд-Аюуш “би желеткаа урагдчихаар нь хаясан. Намайг заамдсан учраас хар цамцны 3 товч тасарсан байсан” гэж мэдүүлдэг. Дээрх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй. Мөн гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй. Хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Тухайн өдрийн үйл явдлыг нотлуулахын тулд тухайн үед хэргийн газар байсан гэрчүүдээс л мэдүүлэг авна. Өөр гадны ямар нэгэн хүнээс мэдүүлэг авах үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг хуульд заасан журмын дагуу авагдсан. Иймд миний үйлчлүүлэгч Ц.Бг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчоор тогтоогдсон Э.Д гэх хүнийг огт цохиогүй. Харин би цохиулж, зодуулсан. Тухайн үед 2 хүний хоорондын зодооныг салгах гэж очсон. Мөн би Цэнд-Аюуштай танилцаад 10 гаруй жил болж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй учраас өдийг хүртэл гомдол гаргаж явж байна. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт “нүдний шилтэй хүн байсан” гэж байдаг. Гэтэл би амьдралдаа нүдний шил зүүж байгаагүй. Цэнд-Аюуш миний найз учраас надаас “би өмнө нь асуудалд орж байсан” гэж хүртэл гуйсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Ды өмгөөлөгч А.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өөр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг өгсөн гэрч нар нь шүүгдэгч Ц.Бтай ямар харилцаатай болох нь тодорхой болсон. Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчүүдээс шүүгдэгч Ц.Бгийн царай, дүр төрх ямар талаар асууж тодруулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчүүд Ц.Бтай ямар нэгэн хамааралгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрч Ган-Эрдэнэ нь анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн ресторанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо ямар нэгэн зөрөөгүй. Мөн хохирогч Э.Д болон түүний эхнэр А.Энэрэл нь шүүгдэгч Ц.Бг шууд нэрлэн заасан. Уг гэмт хэргийг Цэнд-Аюуш үйлдээгүй болох нь нотлогдсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бридж” нэртэй ресторанд иргэн Э.Дг үймээн самуун үүсгэхгүй шүү гэх шаардлага тавих нэрийдлээр түүнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж “уруулын салстад шарх, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн” гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Э.Дгийн “...Тэгээд бид нар ойр зуурын юм яриад пиво уугаад сууж байтал Ариунбат гэх залуу миний ярьсан юм болгоныг эсэргүүцээд мушгиад, намайг олон хүмүүсийн дунд илтэд өдөж хоргоогоод байсан. Тэр үед манай эхнэр Ариунбатын эхнэрийн хажууд сууж байсан ба "найзуудаа маргалдаад яах юм бэ” гэж гуйсан. Тэгтэл чимээгүй байхгүй, мөн л намайг үгээр идээд байхаар нь би уг Ариунбат гэх залууд хандаж “хоёулаа гаръя, гараад хэл амаараа учраа олъё, чи намайг яах гээд ингээд зүгээр байлгахгүй өдөөд байгаа юм бэ” гэж хэлтэл надтай хамт гараагүй. ....би эхнэрийнхээ хувцсыг өмсүүлэх гээд байж байтал Ариунбат гэх залуу намайг араас мөн доромжлоод байсан. Би “босоод ирээч” гэж хэлтэл эхнэрийнхээ ардуур орчоод босож ирэхгүй байсан. Тэгээд би гарч тамхи татах гээд гадаа гарч тамхи татаад байж байтал манай эхнэр дотор орилох шиг болохоор нь яваад ортол эхнэр Ариунбат гэх залууг миний хамар руу цохичихлоо гээд уйлж байсан. Би эхнэрээ өмөөрч уг Ариунбат гэх залууг барьж авах гээд ухасхийтэл мөн эхнэрийнхээ ардуур орчихсон. Гэтэл араас үл таних 3 залуу бариад авсан. Би уг 3 залууд намайг тавьчих, би энэ залуутай учраа олох гэж байна, та нарт ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгтэл Ариунбатын эхнэр намайг өшиглөөд Ариунбат мөн намайг араас дагз руу цохисон. Нөгөө үл таних 3 залуугийн нэг жижигхэн хар залуу намайг нүүр нүд, хамар руу цохисон, нөгөө хоёр залуу нь гар хөдөлгөхгүй гараас барьчхаад тавихгүй байсан, тэгэхэд нөгөө жижигхэн хар залуу намайг цохиод байсан. Уг ресторанд үймээн гаргахгүй гэж намайг зодсон. Намайг цохисон гэх жижиг залуугийн ресторан байсан юм байна лээ. Цэнд-Аюуш гэх залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй Харин намайг хориод гарнаас бариад зууралдаад байсан. Уг жижигхэн хар залуу намайг цохиж байх үед миний хажууд манай эхнэр хажууд байсан, мөн тухайн залуутай байсан хоёр залуу байсан. ...” /1хх 30-32, 227-229/,

гэрч А.Э“...нөхөр бид нэг амралтын газар нээж байгаа ирээрэй, найз нарыгаа урьж байна” гэж хэлтэл Ариунбат нь би очихгүй. шашин шүтдэггүй” гэж хэлэхэд нь манай нөхөр уг залууд хандаж чамайг угаасаа уриагүй байна л даа гэсэн. ...Манай нөхөр нэг өндөр залуугийн хамт тамхи татахаар гараад явсан ба тэр хооронд Ариунбат нь ширээ цохиж босож ирээд манай нөхрийг “энэ юун хошин банди ирчихсэн юм” гэж шүдээ зуугаад, үргэлжлүүлээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад стакантай ус Ариунбат руу цацчихсан юм. Тэгээд би буцаад суудалдаа суутал араас хөөе гээд намайг дуудахаар нь эргээд хартал Ариунбат намайг гараараа нүүр лүү цохисон. Тэгтэл би дагз хэсгээрээ хана мөргөөд уначихсан юм. Тэр үед манай найз Дүүсэн Ариунбатад хандаж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж орилтол гаднаас манай нөхөр орж ирэхэд нь би нөхөртөө энэ залуу намайг цохиод унагаачихлаа гэж хэлтэл манай нөхөр Ариунбатыг барьж авах гээд очтол найзууд нь хамгаалаад, манай нөхрийг бариад авсан. Тэгтэл цаад цаа ширээн дээр сууж байсан үл таних 3 залуу хүрээд ирсэн, сүүлд сонсох нь ээ нэг нь уг рестораныг ажиллуулдаг болж таарсан. Тэгээд ирээд найзын ресторанд яагаад чимээ шуугиан үүсгээд байна аа дүү нар гэж хэлээд манай нөхрийг нөгөө 3 залуугийн хоёр нь сугадаад цааш аваад явсан. Тэгээд би манай хүнийг тайвшруулж байгаа юм байх гэж бодтол нэг жижигхэн залуу буюу сүүлд нэрийг нь мэдсэн Батдаваа гэх залуу манай нөхрийг нүүр лүү нь цохиж байсан. Мөн хоёр талаас нь барьчихсан байсан хоёр ахын нэг жижиг нь мөн цохиж байсан. ...Манай нөхөртэй маргалдаад байсан Ариунбат гэх залуу бол Батдаваа гэх залуугийн дүүгийнх нь найз юм билээ. Харин Цэнд-Аюуш гэдэг хүн гэмтэл учруулаагүй, гарнаас нь бариад байсан. Харин тухайн рестораны эзэн Батдаваа гэдэг залуу зодож биед нь гэмтэл учруулсан байгаа /1хх 38-39, 233-234/,

шинжээч эмч Ц.Ганболдын “...“... Уг гэмтлүүдээс уруулын салстад шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн бусад гэмтэл нь бөөндөө нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ..."/1хх 98-99/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20- ны өдрийн 1436 дугаар “...Э.Дд доод уруулын салстад шарх, зүүн өвдөг, зүүн зовхи, хуйханд цус хуралт, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтлүүд нь нэг хоногийн дотор үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги, алдагдуулахгүй. .../1хх 93-94/ гэсэн дүгнэлт,

  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх 235-238, 239-240/, зэрэг зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

Шүүгдэгч Ц.Бгийн үйлдлээс хохирогч Э.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Ц.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал байдлыг зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимыг зөрчөөгүй гэж үзлээ.

шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нар “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах гомдлыг хянавал;

хохирогч Э.Дгийн “...үл таних 3 залуугийн нэг жижигхэн хар залуу намайг нүүр нүд, хамар руу цохисон, нөгөө хоёр залуу нь гар хөдөлгөхгүй гараас барьчихаад тавихгүй байсан, тэгэхэд нөгөө жижигхэн хар залуу намайг цохиод байсан. Уг ресторанд үймээн гаргахгүй гэж намайг зодсон. Намайг цохисон гэх жижиг залуугийн ресторан байсан юм байна лээ. Цэнд-Аюуш гэх залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй, харин намайг хориод гарнаас бариад зууралдаад байсан. Уг жижигхэн хар залуу намайг цохиж байх үед миний хажууд манай эхнэр хажууд байсан, мөн тухайн залуутай байсан хоёр залуу байсан. ...” /1хх 30-32, 227-229/, 

гэрч А.Э“...Ц.Б гэх залуу манай нөхрийг нүүр лүү нь цохиж байсан. Мөн хоёр талаас нь барьчихсан байсан хоёр ахын нэг жижиг нь мөн цохиж байсан. ...Манай нөхөртэй маргалдаад байсан Ариунбат гэх залуу бол Батдаваа гэх залуугийн дүүгийнх нь найз юм билээ. Харин Цэнд-Аюуш гэдэг хүн гэмтэл учруулаагүй, гарнаас нь бариад байсан. Харин тухайн рестораны эзэн Батдаваа гэдэг залуу зодож биед нь гэмтэл учруулсан байгаа. ...” /1хх 38-39, 233-234/ гэсэн мэдүүгүүдээс үзэхэд шүүгдэгч нь үймээн самуун үүсгэхгүй шүү гэсэн шаардлага тавих явцдаа хүч хэрэглэн халдаж нүүрэн тус газарт цохисон үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт гэрч А.Энэрэл, хохирогч Э.Д нар анхнаасаа удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтууд байх бөгөөд түүнийг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй бөгөөд нөгөөтэйгүүр хэрэг учрал болсон газарт, тухайн цаг хугацаанд байсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Анхбаяр, Б.Соёмбо, А.Ган-Эрдэнэ, Л.Алтанцэцэг нарын хувьд найз нөхөд, хамт ажилладаг, хадам дүү гэх зэргээр шүүгдэгчтэй хувийн харилцаа холбоотой, ашиг сонирхлын холбоотой байж болох гэрчүүд   байх тул шүүх дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож үнэлж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

 

                ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ