| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0277/З |
| Дугаар | 128/ШШ2025/0334 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0334
2025 05 09 128/ШШ2025/0334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.А /РД:/
Хариуцагч: Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрх зүйч, хороо хариуцсан мэргэжилтэн К.А,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ч.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үндсэн цалингийн 20 хувь болох 338,600 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулах.
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
1.1. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/03 дугаар тушаалаар “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/33 дугаар захирамжаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
1.2. Нэхэмжлэгч Ч.А-с Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан “ Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ч.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үндсэн цалингийн 20 хувь болох 338,600 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2024/1991 дугаар шүүгчийн захирамжаар 128/2025/0277/з индекстэй захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйлгүй дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.А миний бие Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны А/72 дугаар захирамжаар Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэрийлгэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдаж, 2022 оны Б/09 дүгээр захирамжаар тус албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Харин дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 15/04 дүгээр тогтоолоор Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг Хурлын Ажлын албаны бүтэц орон тоонд миний албан тушаал байдаггүй бөгөөд шууд удирдлага Хурлын даргын өмнө үйл ажиллагаагаа тайлагнан, салбар зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг ханган, ажиллаж байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар дүүргийн 1 дүгээр хорооны зарим айл өрхүүдийн зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хий, мэдрэгч төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч, хориглосон эд зүйл шатааж буй эсэхэд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийх албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталж, албан хаагчдын нэрсэнд миний нэрийг оруулсан. Эдгээр өдрүүдэд ажиллах боломжгүй талаар удаа дараа мэдэгдсэн боловч тушаалаар баталгаажуулан гаргасан ч миний бие ажиллаагүй болно.
Гэтэл Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/33 дугаар захирамжаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх сахилгын шийтгэлийг ногдуулахдаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга нь Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 32, 36 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасан процесс ажиллагааны дагуу урьдчилан танилцуулж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгч, захирамжийн төсөл боловсруулан, Хурлын даргад танилцуулан шийдвэрийг гаргуулсан.
Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрт Хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалтыг үндэслэсэн боловч үйлчлэлийн хувьд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын албан хаагчид хамаарах бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албанд хамааралгүй болно. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга тушаалаар надад үүрэг чиглэл өгөх эрх бүхий субъект биш. Мөн хяналт шалгалтаар явах үүрэг чиглэлийг Хурлын дарга надад өгөөгүй бөгөөд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зүйл байхгүй болно. Иймд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ч.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үндсэн цалингийн 20 хувь болох 338,600 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2.2. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа:
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 тоот “Б.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн хууль эрх зүйн үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана” гэж заасны дагуу энэхүү заалтыг үндэслэсэн. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “Төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу Ч.А нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны А33 дугаар захирамжийнд аргуу өгсөн дүүргийн төрийн байгууллагын албан хаагчид гэр хорооллын айл өрхүүдээр явж зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч, хориглосон эд зүйлс шатааж буй эсэхэд хяналт шалгалт хийх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэг даалгаврыг эсэргүүцэж, тасалсан болно.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах” гэж зааснаар Ч.А нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, албан үүргээ биелүүлээгүй, шалтгаанаа удирдлагуудад танилцуулалгүй оролцохгүй гэж удирдах удирдуулах зарчмыг зөрчсөн, албан бусаар оролцохгүй гэж, зориудаар тасалсан тул /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь албан хаагчийн тоо цөөтэй, дүүргийн 1 дүгээр хорооны 130 өрхөөс судалгаа авах ажилд Хурлын дарга хүртэл биечлэн оролцож, судалгаа авсан/ энэхүү сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авсан.
Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дугаар зүйлийн 7.3.4-т “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл, хариуцлагыг холбогдох үндэслэлийн дагуу хүлээлгэж, ажлыг олгогчийн эрхийг тусгасан. Энэ заалтын дагуу ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж, Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан болно.
Ч.А-д сахилгын шийтгэл ногдуулахдаа дотоод хяналт шалгалт хийгээгүй. Учир нь: 2019 оны 36/32 тоот “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1 дэх хэсэгт зааснаар Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно” гэж заасны дагуу Б.А-н гаргасан зөрчилтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүй, мэдээлэл ирээгүй тул тус хяналт шалгалтыг явуулаагүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасны дагуу уг захирамжийг гаргахаас өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга байгууллагын шуурхай хурал дээр маш олон удаа сануулж анхааруулсан. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/62 дугаар захирамж буюу Сахилга хариуцлага, төрийн үйлчилгээг сайжруулах талаар зарим арга хэмжээ авах тухай захирамжийг байгууллагын 2025 оны 3 дугаар шуурхай дээр заалт бүрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга уншиж танилцуулсан нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/33 дугаар захирамжийн дагуу дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 1,2,3,4 дүгээр гудамжны айл өрхүүдийн зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч, хориглосон эд зүйлс шатааж буй эсэхэд хяналт шалгалт хийх үүрэг даалгаврыг тушаалын хавсралтын хамт дотоод фэйсбүүк групп чатад байршуулахад Ч.А- нь “ Би явахгүй, явахгүй гэдгээ мэдэгдсэн шүү” гэх зэргээр удирдах, удирдуулах ёс, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж эсэргүүцсэн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна” гэж заасан. Ч.А нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга надад үүрэг өгөхгүй зөвхөн Хурлын дарга үүрэг өгнө гэхэд Хурлын дарга Н.М энэ байгууллагаас цалин авч байгаа төрийн захиргааны албан хаагч бүр үүрэг даалгавар биелүүлэх ёстойг анхааруулж, “Улс дотор улс байгуулна гэдэг шиг юм болох гээд байна уу? үгүй юу? гэх мэтээр удаа дараа анхааруулж байсан. Тэрчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.А-г байгууллагын шуурхай хуралд сууж Ажлын албаны даргын өгсөн үүргийг биелүүлж байгаа эсэхийг Хурлын даргад танилцуулж байхыг Ажлын албаны даргад даалгасан. Ч.А- нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар дамжуулан Хурлын даргын өгсөн үүргийг биелүүлээгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/72 дугаар захирамжаар “Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог баталжээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Зохицуулах зөвлөлийн орон тооны ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн албан хаагч байх бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж зааснаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар Ч.А-г дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж зааснаар Ч.А нь түр орлон гүйцэтгэгч байсан ч төрийн захиргааны албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр, аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна”, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 21/02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журмын 2.1-т“ Салбар зөвлөл нь дарга, гишүүд, орон тооны нарийн бичгийн даргаас бүрдэнэ. Салбар зөвлөлийн даргаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гишүүдээр дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хууль сахиулах болон төр захиргааны байгууллагуудын удирдах алба хаагчид ажиллана” гэж хууль болон журмаар зааснаар Салбар зөвлөлийн дарга нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхаар заажээ.
3. Нэхэмжлэгч Ч.А нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга учир албан тушаалын шатлал, чиг үүргийн хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас өгсөн хууль тогтоомжид нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байна.
4. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамжаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан, судалгаа гаргах, зөвлөгөө зөвлөмж хүргэх ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Шуурхай штабын дарга, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт тус тус үүрэг болгосон байна.
5. Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Агаар бохирдуулагч эс үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/10 дугаар захирамжаар Дүүргийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан, судалгаа гаргах ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахыг үүрэг болгож Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/113 дугаар албан бичгээр Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай мэдэгдэж, захирамжийг холбогдох Налах дүүргийн 33 байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн байна.
6. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах албан хаагчдыг томилох гаргах тухай” А/04 дүгээр тушаал, түүний хавсралтаар Дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 1, 2, 3, 4 дүгээр гудамжны айл өрхүүдийн зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хий, мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч, хориглосон эд зүйлс шатааж буй эсэхэд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийх албан хаагчдын нэрсийг баталсан нэрсийн жагсаалтын 1-т дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.А-н нэр байна.
7. Хавтаст хэрэгт зурган хэлбэрээр авагдсан нотлох баримтаас харахад “....” гэх хаягтай фэйсбүүк группт Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргаас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дээрх ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор шаардлагатай мэдээллийг хүргэж, үүрэг даалгавар өгөхөд “......” гэх хаягаас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Би амжихгүй ээ”, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Би явахгүй гэдгээ мэдэгдсэн шүү”, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Гэмт хэрэг дээр томилогдсон 2 хүнийг шуурхайд суух эсэхийг дараа 1 дэх хүртэл бодчихгүй юу @ чиг үүргээрээ үүрэг даалгавар авах этгээд бас биш л дээ бодох хугацаа байна бод бод”, “Хууль дүрэм журмаараа ажиллавал асуудалгүй ажиллаж болохоор л байгаа” зэрэг сэтгэгдэл үлдээсэн байх ба фэйсбүүк группт харилцсан эдгээр зурвасуудын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ч.А нь өөрийн хуваарьт 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллаагүй байна.
8. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ч.А-г Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүргээ биелүүлээгүй үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж зааснаас өөрийн сонгох эрхийг хэрэгжүүлэн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
9. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Би жирэмсэн учраас ажиллах боломжгүй, жирэмсэн гэдэг талаараа нэг өрөөнд хамт сууж ажилладаг хүндээ хэлсэн тул дарга мэдсэн байх учиртай, 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүд нь амралтын өдөр байсан...” гэж, хариуцагчаас “...Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулах үед Ч.А-г өрөөндөө дуудаж уулзсан тэр үед жирэмсэн гэдгээ хэлсэн. Жирэмсэн байх өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байх нь өөр асуудал бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллахгүй гэж татгалзахдаа жирэмсэн гэдгээ мэдэгдээгүй, өөр хүнээс дам сонсоод мэдсэн байх ёстой гэж тайлбарлаж байгаа нь утгагүй зүйл, хуанлийн хувьд амралтын өдөр байсан ч дээд шатны байгууллага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бүх албан хаагчид ажилласан бүх нийтийн ажил...” гэж тайлбарласан маргасан.
10. Нэхэмжлэгч Ч.А нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах албан хаагчдын нэрсийг батлахад болон ажиллах хуваарьтай 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрөөс өмнө жирэмсэн гэдгээ мэдэгдээгүй энэ талаар сахилгын шийтгэл ногдуулах үед хурлын даргад хэлсэн гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн бөгөөд энэ асуудлаар талууд маргаагүй. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар батлагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3-т Ажилласан цагаа бүртгүүлэх, гадуур ажиллах хуудас болон чөлөөний хуудас бөглөх, дугаар зүйлийн 6.3.1-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай албан хаагчид богино, урт хугацааны чөлөө олгож болно. Албан хаагчид чөлөө хүсэхдээ Маягт-01 чөлөөний хуудсыг бөглөж, дээд шатны удирдлагад өгнө. Ажлын нэг өдөр буюу 8 хүртэл цагийн чөлөөг Ажлын албаны дарга, ажлын 2 ба түүнээс дээш өдрийн чөлөөг ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Ажлын албаны дарга, Хурлын даргатай зөвшилцөж, Ажлын албаны даргын шийдвэрээр цалингүй болон цалинтай чөлөө олгож болно” гэж заасны дагуу ажиллаж чадахгүй шалтгаанаа мэдэгдэж чөлөө авах журамтай байна.
11. Ч.А нь ажиллах боломжгүй шалтгаанаа мэдэгдэлгүйгээр “би ажиллахгүй” гэж бичсэн байх бөгөөд удирдах албан тушаалтан нь бусдын дам яриагаар “жирэмсэн” гэдгийг нь мэдэх боломжгүй, мэдсэн байх үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно” гэж заасанд хамааруулан авч үзэхгүй.
12. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүрэгтэй гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байсан гэж шүүх дүгнэлээ. Учир нь Нийслэлийн Засаг даргын А/33 болон Налайх дүүргийн Засаг даргын А/10 дугаар захирамжууд нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд, нийтийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх шийдвэрүүд байсан.
13. Хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж зааснаас сонгож хэрэглэсэн хариуцагчийн эрхийг шүүх хөндөхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан Ч.А-с Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ч.А сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үндсэн цалингийн 20 хувь болох 338,600 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА