2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/02824

 

 

 

 

 

 

2025 оны дөр

04 сар 10 р 192/ШШ2025/02824

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: **

 

Хариуцагч: **

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** миний бие бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй, маркетингийн чиглэлээр 13 жил ажилласан ажлын туршлагатай. Сүүлийн 7 жил маркетингийн албаны захирал буюу удирдах албан тушаал хашсан. 2023 оны 7 дугаар сараас *** ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулж маркетингийн албаны даргаар ажиллаж эхэлсэн. 2023 оны 7 дугаар сараас хойш 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж, 2023 оны 10 дугаар сард үндсэн ажилтнаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар сануулга, сахилгын шийтгэл авч байсан удаа байхгүй. Ажилдаа хариуцлагатай хандаж байсан. Гэтэл 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/046 дугаар тушаалаар намайг ажил мэргэжил нь энэ албан тушаалтай тэнцэхгүй гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би энэ тушаалыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлд тулгуурлан байгууллагын удирдлагын зүгээс нэг ч удаа аман болон бичгээр намайг ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа гэсэн анхааруулга, ажлаа засан сайжруулах боломжит хугацааг олгоогүй, надад танилцуулж мэдэгдсэн зүйл байхгүй. Надаас ажил мэргэжилтэй тэнцэх эсэх талаар мэргэжлийн ур чадварын шалгалт аваагүй. Иймд намайг ажил мэргэжилтэй тэнцэхгүй гэж тогтоогоод байгаа нь тодорхойгүй. Хоёрдугаарт ажил мэргэжилдээ тэнцэхгүй байсан юм бол энэ талаар өмнө нь анхааруулж, сануулга өгөөгүй мөн сайжруулах боломж олгоогүй. Манай ажлаас гаргах үндэслэл болсон гэх ажилчдын гомдол хүсэлт нь мэргэжлийн байгууллагын эрх бүхий байгууллагын комиссын дүгнэлт биш, нотлох баримтаар хэмжигдээгүй, өргөдөл байсан.

Миний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Би зөвхөн ажлын байраа алдаад зогсохгүй цаашдын мэргэжлийн нэр хүнд, хөдөлмөр эрхлэлтэд маань сөргөөр нөлөөлж байгаа. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т удирдах ажилтны ажил үүргийг тодорхойлсон болохоос биш ажилтныг шууд ажлаас хална гэх агуулга байхгүй. Ажилтныг ажлаас халах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой гэж үзэж байна. Эдгээр шалтгаанууд нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болохгүй учраас шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсанд гомдолтой байгаа учир ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч ***с ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай **с ХХК-д 2023 оны 7 дугаар сард 3 сарын туршилтаар ажилд орж, 2023 оны 10 дугаар сард үндсэн ажилтнаар томилогдсон. Ажил олгогчийн зүгээс ажилтныг аль болох тогтвортой байлгахыг хичээдэг. Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин олно гэдэг тийм ч амар зүйл биш. Тухайн хүний ажлын байр нь ажиллах хүчний хомсдолтой байдаг. Тийм учраас манай компанийн зүгээс ажилчдаа тогтвортой ажиллуулчих юмсан гэх ашиг сонирхолтой байдаг. Ажилтныг үндэслэлгүй халаад байх нь манай компанийн зарчим биш. *** манай компанид ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сард ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан. Тухайн үед ***а нь маркетингийн албаны дарга бөгөөд удирдлага дор нь байх ажилтнууд болох **** гэх мэт ажилтнуудаас албаны дарга ажлаа хийж чадахгүй байна, зан харилцааны доголдол гаргаж байна гэх мэтээр удаа дараа гомдол гаргасан учраас манай компанийн гүйцэтгэх захирал *** нь зан харилцаа доголдол гаргаж байсан тул компанийн зүгээс 2024 оны 02 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23/101 дугаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/204 дугаар тушаалын хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/046 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23/101 дугаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нэхэмжлэгчийн цалингийн дэлгэрэнгүй тайлан, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/046 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/204 дугаар тушаал, албан тушаалын тодорхойлолтуудын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичиг

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж, хариуцагч татгалзлаа ажилтан хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, зан харилцаа, ёс зүйн доголдол гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч ***тус компанийн Маркетингийн албаны даргаар, 3 хүртэл сарын хугацаатайгаар туршилтаар ажилд авч, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/319 тоот тушаалаар үндсэн ажилтнаар авч ажиллуулжээ. /хх-ийн 77, 101/

Талууд хөдөлмөр эрхлэх нөхцөлүүдийг харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна./хх-ийн 78, 105/

А*** ХХК-н гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн Б/046 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1 дахь заалтыг үндэслэн *** байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэхүү тушаалд ажлаас чөлөөлж буй үндэслэлээ хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажилтны үүргээ биелүүлээгүй гэж дурдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч *** хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, зан харилцааны хувьд доголдолтой, ажилчидтай зүй бусаар харьцдаг, захирлын зүгээс урьдчилан сануулсан гэж тайлбарласан.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлохоор нэр бүхий 7 хүний гарын үсэг бүхий ЗХНА-д өргөдөл гаргах нь гэж хандсан 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн өргөдлийг гарган өгсөн, өргөдлийн дагуу ямар нэг шалгах, шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэх баримтгүй бөгөөд гэрчээр асуугдсан маркетингийн албаны дизайнер ажилтай ***.манай албаныхан ярилцаад ёс суртахууны хувьд доголдолтой байсан учраас өргөдөл гаргасан гэж мэдүүлжээ. /хх-ийн 37/

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч*** уг өргөдлийг албан ёсоор танилцуулж, хуульд заасан боломжит хугацаа олгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан урьдчилан сануулсан, хугацаа өгсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хариуцагч***ХХК-ийн захирлын Б/046 тоот тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заажээ.

Мөн дээрх тушаалд заасан хөдөлмөрийн дотоод журмын 5.2, хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д зааснаар бол Ажилтан нь гэрээний заалт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, аливаа хэлбэрээр өгсөн анхааруулга сануулгыг үл тоомсорлож, 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй зэрэг үйлдлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар байна. /53, 103 /

С***байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан үндэслэлүүд болох хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг ажилтан зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн түүнийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон, энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон гэх татгалзлаа нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй болно..

Дээр дурдсан баримт, талуудын тайлбраас дүгнэхэд хариуцагч байгууллага нь ***хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон Маркетингийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 23.5 -т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин, хөлсөөр тооцохоор зохицуулжээ.

 Нэхэмжлэгч *** сүүлийн гурван сарын цалин хөлсийг тооцоход 2024 оны 2 дугаар сарын цалин дээрээ ээлжийн амралтын олговор, өмнөх саруудын нэмэгдлийг нэгтгэн олгосон байх тул дээр дурдсан аргачлалаар бус хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 3,000,000 төгрөгийн хэмжээнд тооцох нь зохимжтой гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч *** ажилгүй байсан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны 13 сар, 25 хоног /ажлын хоног нь 16/ олговорт нийт 41.144.860 /39,000,000+2,144,860/ төгрөгийг хариуцагч ***ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч ***д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.

Нэхэмжлэгч *** нь ажлаас 2024 оны 2 дугаар сарын 15-нд чөлөөлөгдсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон тухай гомдлоо 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн хөдөлөмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан, талууд маргаанд харилцан тохиролцоогүй тул маргаан зохицуулах ажиллагааг дуусгавар болгож тэмдэглэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр шүүхэд хандсан болох нь хүсэлийг хүлээн авсан бүртгэл хяналтын карт, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 7 дугаартай тэмдэглэл, шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан тухай баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаж шаардах эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 9, 165/

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийн маркетингийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 41,144,860 төгрөгийг хариуцагч ***ХК-иас гаргуулан, нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ***ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **** ХХК-ийн маркетингийн албаны дарга ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 41,144,860 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 363,675 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.БАТСҮХ