2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/02896

 

 

 

 

 

2025 04 14 192/ШШ2025/02896

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 22,390,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *** ХХК нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр 46040142 тоот зээлийн гэрээгээр хариуцагч *** 20,800,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, сарын 48 сарын хугацаатай, сар бүрийн 21-ний өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар хэрэглээний зориулалтаар автомашины зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй 230 хоног болсон байна. Түрээслэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт хийгдээгүй байна. Тиймээс зээлийн үлдэгдэл 20,398,695.4 төгрөг, үндсэн хүү 1,976,325.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,390.4 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг нийт 22,390,412 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн эргэн төлөлтөө сар бүрийн 5 болон 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж хэвийн болгон цаашид цаг тухайд нь саадгүй төлж байх-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,390,412 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн эргэн төлөлтөө сар бүрийн 5 болон 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж хэвийн болгон цаг тухайд нь саадгүй төлж байх-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,390,412 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн эргэн төлөлтөө сар бүрийн 5 болон 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж хэвийн болгон цаг тухайд нь саадгүй төлж байх-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,903 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 134,951.5 төгрөгийг хариуцагчаас, 134,951.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ