Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч М.Цэнд-Аюуш,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Од холбогдох 1806 00109 0452 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 89 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамжны 1062 тоотод түр оршин суудаг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, О.О

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.О нь 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн үүрээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 48 дугаар гудамжны 1069 тоотод 17 настай Э.Сайнзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Сайнзаяагийн өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 05 цагийн орчим манай гал зуухны өрөөнд хүмүүс шуугилдаад би сэрсэн. Гал тогоонд ороход манай ээж Эрдэнэцэцэг, ээжийн төрсөн ах Бат-Эрдэнэ, Сүрхийсайхнаа гэдэг ах мөн Отгонжаргал ах байсан. Отгонжаргал ах ээжийн урдаас түй, май гээд маргалдаад байсан ба улмаар Сүрхийсайхан ахтай маргалдаад зодолдсон... би “агаа та одоо болиоч дээ” гэж Отгонжаргал ахад хэлсэн. Тэгсэн Отгонжаргал ах над руу “чи одоо яах юм, би чамайг боох уу” гэж хэлээд ирээд намайг боогоод авсан. Би гарнаас нь барьж байгаад тавингуут цааш нь түлхтэл Отгонжаргал ах буцаж ирээд шууд үгийн зөрүүгүй нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохьсон. Миний хамарнаас цус гараад ... “би цагдаа дуудна” гэхэд Отгонжаргал ах “дуудаач дээ би ч гэсэн цагдаа” гэж хэлсэн... Отгонжаргал ах гартаа ганжин барьчихсан орж ирээд над руу далайгаад “та нар яах юм бэ” гэсэн. Манайд байсан Сайхнаа ах ... Отгонжаргал ахаас ганжинг нь булааж авсан... Хохирол барагдсан. Хэрэг гарсанаас хойш 7 хоногийн зөрүүтэй эхлээд 200.000 төгрөг, дараа нь 50.000 төгрөг өгсөөр нийт 500.000 төгрөг надад Отгонжаргал ахын хамт ажилладаг эгч нь өгсөн. Одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх.9-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Эрдэнэцэцэгийн өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн орчим намайг гэртээ охин Сайнзаяа, ах Бат-Эрдэнэ нарын хамт унтаж байхад гаднаас утсаар яриад Отгонжаргал, Сүрхийсайхан гэдэг 2 эрэгтэй хүн 1 шил 0,75 литрийн Хараа архи бариад орж ирсэн. Тэгээд ах бид 2 босоод хамт бид 4 архиа гал тогооны өрөөнд хувааж ууцгаасан. Харин манай охин Саянзаяа өөрийн жижиг өрөөндөө унтаж байсан. Тэгээд ууж дуусаад дахин нэг шил архи шөнийн дэлгүүрээс аваад ууцгаасан бөгөөд тэр архинд Сайнзаяа, Сүрхийсайхан, Отгонжаргал бид 4 явсан бөгөөд Дарь-Эхийн нэг дэлгүүрээс архи авсан. Улмаар архи авч ирээд хувааж ууцгаасан бөгөөд манай охин архи уугаагүй. Тэгээд уугаад сууж байтал Отгонжаргал Сайнзаяагийн өрөөнд орчихсон Сайнзаяагийн ам руу бууз чихээд байсан бөгөөд тэгсэн Сайнзаяа босч ирээд зуухны хажууд зогсож байтал Отгонжаргал ирээд Сайнзаяаг түлхээд байх шиг байсан. Тэгээд нэг харахад л Сүрхийсайхан, Отгонжаргал 2 хоорондоо зодолдоод хамаг шүүгээ шкаф эвдлээд тэгээд Сайнзаяа бид 2 болиулах гээд очтол Сүрхийсайхан босоод хөргөгчний тийшээгээ холдсон бөгөөд харин манай охин Отгонжаргалд хандан “та одоо болиочээ гэрт орж ирчихээд зодоон хийгээд байх юм” гэхэд Отгонжаргал охиныг бариад авсан, тэгээд чи яах юм бэ гээд байх шиг байсан. Тэгээд нэг харахад Отгонжаргал Сайнзаяаг нэг цохих шиг болсон. Тэгсэн Сайнзаяагийн хамраас цус гараад тэгээд л цагдаа дуудсан. Тэгсэн гаднаас ээж аав нь орж ирээд бөөн маргаан болсон. Тэр хооронд Отгонжаргал гарч яваад гартаа ганжин барьж орж ирээд та нарыг бүгдийг нь ална гэж орилоод агсан тавиад байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 705 дугаартай дүгнэлтэд:

“1. Э.Сайнзаяагийн биед хамарт хаван, цус хуралтай гэмтэл тогтоогдлоо.

2. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19/

Мөрдөн байцаалтад О.Оын яллагдагчаар өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-ны орой ажил дээрээ байж байгаад найз Сүрхийсайханы хамт ажил дээрээ 1 том савтай Нийслэл нэртэй пиво уусан. Тэгсэн цаг орой болоод дэлгүүрүүд хаасан байсан. Тэгсэн Сүрхийсайхан Бамбарын ээж болох Эрдэнэцэцэг эгч рүү утсаар залгаад яриад байсан, тухайн үед Эрдэнэцэцэг эгч танихгүй юм яриад байсан. Тэгэхээр нь Сүрхийсайхан надад утсаа өгөөд танай эгч чинь намайг танихгүй байна чи яриадах даа гэсэн, тэгэхээр нь би утсыг аваад Эрдэнэцэцэг эгчтэй утсаар яриад бид нар яваад очих уу гэхэд Эрдэнэцэцэг тэг тэг гэсэн. Тэгэхээр нь Сүрхийсайхан бид 2 гарч дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи болон нэг савтай 2,5 литрийн пиво аваад Эрдэнэцэцэг эгчийн гэрт очсон. Тухайн үед тэдний тог нь тасарсан харанхуй байсан бөгөөд бид 2-г ороход гэрт нь Бат-Эрдэнэ ах болон Нямбат ах, Эрдэнэцэцэг эгч нар байсан бөгөөд бид 5 нийлээд архи уусан. Би архинаас нь нэг татаад тэгээд өлсгөлөн байсан болохоор пиво л уусан. Тэгээд би нэлээд согтоод ирсэн, тэгсэн Эрдэнэцэцэг эгч намайг “чи Бамбар дүүгийнхээ орон дээр ороод унтчих, Бамбар гадуур найз залуугийндаа байгаа" гэсэн тэгэхээр нь би орон дээр нь ороод унтсан. Тэгээд унтаж байхад намайг Бамбар ирчихсэн сэрээж байсан бөгөөд би босоод харахад нөгөө хэдийн архи нь дуусаагүй байсан, тэгээд би тэр хэд дээр очоод цааш нь сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би газар дрожин дээр дээшээгээ хараад хэвтсэн дээр Сүрхийсайхан суучихсан “чи намайг ундааны саваар толгой руу цохио биз дээ” гэсэн тэгээд бид 2 маргалдаж байтал Бат-Эрдэнэ ах “та нар манай дүүгийн гэрт ирчихээд яагаад маргалдаад байгаа юм бэ?” гэсэн. Тэгэхээр нь би “за болъё” гээд болиод Сүрхийсайхантай маргалдаад байж байтал харанхуйд нэг гар гарч ирээд намайг духан дундуур цохиод авсан. Тэгэхээр нь би урагшаа харахад урд Сүрхийсайхан зогсож байсан, тэгээд Сүрхийсайхантай нэг заамдалцаж аваад түлхээд нэг цохих гэхэд л урдуур Бамбар орж ирээд гаранд оногдсон юм. Тухайн үед Бамбар урдуур орж ирээд “Оогий ахаа та яагаад байгаа юм бэ гар гар” гэж хэлж байсан юм. Тэгээд би шартай болохоор уурлаад “хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлээд гараад урагшаагаа гэртээ ороод ах болон бэргэн эгчийгээ дагуулж очоод маргалдаж байгаад цагдаад баригдан ирсэн...” гэх мэдүүлэг /хх.54-56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.О нь 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн үүрээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 48 дугаар гудамжны 1069 тоотод 17 настай Э.Сайнзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Сайнзаяагийн өгсөн: “ би “агаа та одоо болиоч дээ” гэж Отгонжаргал ахад хэлсэн. Тэгсэн Отгонжаргал ах над руу “чи одоо яах юм, би чамайг боох уу” гэж хэлээд ирээд намайг боогоод авсан. Би гарнаас нь барьж байгаад тавингуут цааш нь түлхтэл Отгонжаргал ах буцаж ирээд шууд үгийн зөрүүгүй нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохьсон. Миний хамарнаас цус гараад ... Хохирол барагдсан. Хэрэг гарсанаас хойш 7 хоногийн зөрүүтэй эхлээд 200.000 төгрөг, дараа нь 50.000 төгрөг өгсөөр нийт 500.000 төгрөг надад Отгонжаргал ахын хамт ажилладаг эгч нь өгсөн. Одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх.9-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Эрдэнэцэцэгийн өгсөн: “... Тэгээд нэг харахад л Сүрхийсайхан, Отгонжаргал 2 хоорондоо зодолдоод хамаг шүүгээ шкаф эвдлээд тэгээд Сайнзаяа бид 2 болиулах гээд очтол Сүрхийсайхан босоод хөргөгчний тийшээгээ холдсон бөгөөд харин манай охин Отгонжаргалд хандан “та одоо болиочээ гэрт орч ирчихээд зодоон хийгээд байх юм” гэхэд Отгонжаргал охиныг бариад авсан, тэгээд чи яах юм бэ гээд байх шиг байсан. Тэгээд нэг харахад Отгонжаргал Сайнзаяаг нэг цохих шиг болсон. Тэгсэн Сайнзаяагийн хамраас цус гараад тэгээд л цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 705 дугаартай дүгнэлт /хх.19/

Мөрдөн байцаалтад О.Оын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би “за болъё” гээд болиод Сүрхийсайхантай маргалдаад байж байтал харанхуйд нэг гар гарч ирээд намайг духан дундуур цохиод авсан. Тэгэхээр нь би урагшаа харахад урд Сүрхийсайхан зогсож байсан, тэгээд Сүрхийсайхантай нэг заамдалцаж аваад түлхээд нэг цохих гэхэд л урдуур Бамбар орж ирээд гаранд оногдсон юм. Тухайн үед Бамбар урдуур орж ирээд “Оогий ахаа та яагаад байгаа юм бэ гар гар” гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.54-56/,

Шүүгдэгч О.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

О.О нь хохиролд 500,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Э.Сайнзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.Оын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

О.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч О.Од оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

О.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, О.Од оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Од сануулсугай.

5. О.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Э.Сайнзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР