Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0393

 

 

 

 

 

    2025         05          21                                    128/ШШ2025/0393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.Н /РД:/,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г /ШТЭҮД:/,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар,

            Хариуцагч:Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн мэргэжилтэн Т.Т,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Д.Г.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай.

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Иргэн Ж.Н нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандахад тракторчнаар ажиллаагүй тул ажилласан жил хүрэхгүй гэх үндэслэлээр тэтгэвэр тогтоохоос татгалзсан тул тус газрын дэргэхэд Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ж.Н-н хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын тушаал бусад холбогдох бичиг баримтуудыг үзэхэд ажиллаж байсан ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 15-т  “Хөдөө аж ахуйн малын их, бага эмч, санитарч, тракторчин, комбайнч албан тушаалд хамааруулах боломжгүй” гэжээ.

1.2. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргахад 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32/26 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Дөрөвдүгээр бүлэг хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 15-т “Хөдөө, аж ахуйн хэсгийн 8341-17 код бүхий “Тракторчин...” ажил мэргэжилд хамаарахгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хэвээр үлдээжээ.

1.3. Нэхэмжлэгчийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан гомдол гаргахад 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01/208 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн шийдвэр хууль, эрх зүйн үндэслэлтэй байна. Иймд та дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах эрхтэй болно гэжээ.

1.4 Нэхэмжлэгчээс шүүхэд анх 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр  “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2024/9281 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын салбар зөвлөлд тус тус холбогдуулан 128/2024/0897/з индекстэй захиргааны хэрэг үүсгэсэн. 

1.5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар /2023/ Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар гэж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл гэж тус тус өөрчлөгдсөн тул 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2024/10137 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх залгамжлагчаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрыг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын салбар зөвлөлийн эрх залгамжлагчаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийг тогтоосон.

1.6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын  2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 760 дугаар албан бичгээр тус газрын хуулийн мэргэжилтэн Т.Т төлөөлөгчөөр томилсон. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 362 дугаар тогтоолоор батлагдсан Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Салбар зөвлөлийн дарга нь аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга байна” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 430 дугаар албан бичгээр тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн мэргэжилтэн Т.Т, тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Д.Г нарыг төлөөлөгчөөр томилсон байна.

1.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйлгүй “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Н миний бие 1986 онд Өвөрхангай аймаг дахь .... сургуульд тракторчин, операторчин мэргэжлээр суралцаж төгсөөд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчин, усалгааны операторчноор ажиллаж байгаад 1987-1989 онд цэргийн алба хаасан. Миний үндсэн мэргэжил тракторчин. Цэргийн 611249 дугаартай батлахад цэргийн мэргэжлийн дугаарын нэр, мэргэжлийн зэрэгт тракторчин гэж бичигдсэн. 1989 онд хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд трактор, комбайнчин, усалгааны операторчноор ажилд орж 2012 оны 7 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан. 1992 онд Сангийн аж ахуй дотроо хуваагдаж “....” ХК болон бөгөөд 1995 оноос нэр давхардсан гэдэг үндэслэлээр “......” ХК болсон.

Ж.Н би өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэртээ гаргах болоход Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жил хүрэхгүй, тракторчин мэргэжлээр ажиллаагүй гэх үндэслэлээр тэтгэврийг тогтоож өгөөгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилласан жил болон ..... ХК-д операторчноор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/1102 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Миний бие Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй, “... ” ХК, “......” ХК-д тракторчин, операторчноор ажилласан хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн боловч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй гэх үндэслэлээр тэтгэвэр тогтоох боломжгүй гэдэг хариу өгсөн. Уг тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд дахин хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 32/26 дугаар албан бичгээр хариу өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргахад 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01/208 дугаар албан бичгээр Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн шийдвэр хууль, эрх зүйн үндэслэлтэй гэх хариу өгсөн.

Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй, “....” ХК, “.....” ХК-иудад тракторчин, операторчноор ажилласан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 15-т “Хөдөө аж ахуйн малын их, бага эмч, санитарч, тракторчин, комбайнч” хамаарч байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөл. 15-т “Хөдөө, аж ахуй Жолооч, мод зөөгч, чирэгч, комбайн, тракторын” гэж зааснаар  хамаарч байна.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор миний ажил мэргэжил хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж хариу өгснөөр миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарлаж байна. Ж.Н би улсад 30 гаруй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 11 сар ажилласан, 55 насанд хүрсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01102 дугаар шийдвэрээр тракторчин мэргэжлээр 12 жил 11 сар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болохыг тогтоосон. Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү...” гэжээ.

2.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: “...Иргэн Ж.Н-н хүсэлтийг Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл авч хэлэлцэхдээ тухайн иргэнийг хуралд орохоос өмнө үндсэн материалтай танилцсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар тракторчин гэсэн мэргэжлээр 12 жил 6 сар ажиллаагүй, гүйцэлдэхгүй байсан. Механикч, усжуулалтын механикч, усжуулалтын комбайн тракторчин зэрэг ажил мэргэжлийг хосолсон, хавсарсан байдлаар тушаал шийдвэр нь гарсан байсан тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн ажил мэргэжил гэдэг дээр трактор комбайнч гэж заасанд хамаарахгүй. Ж.Н гэх хүний ажил мэргэжил тодорхой биш байна. Иймд тухайн үеийн Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар орж ажил мэргэжил тохирохгүй байгаа тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн. Ажилласан жилийн хувьд 29 жил үүнээс 12 жил 6 сар нь тракторчин гэх мэргэжлээр ажилласан гэх баримт бичиг байхгүй учир хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэдэг хариу өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 15-т “Хөдөө, аж ахуй Жолооч, мод зөөгч, чирэгч, комбайн, тракторын” гэж заасан байдаг иргэн Ж.Н*******д холбогдох тушаалаар хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй, тракторч, комбайнч, операторчин гэдэг  нь хоёр тусдаа ажил мэргэжил, тракторчин, опеораторчин, галч зэрэг ажил эрхлэхэд давхар ажиллаж байсан бөгөөд дан тракторчноор ажиллаж байсан нь нотлогдохгүй. Сайдаас батлагдсан хүнд нөхцөлд тооцох ажил мэргэжлийн жагсаалтад хавсарсан байдлаар бичигдээгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Ж.Н нь Өвөрхангай аймаг дахь Ус аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн бороожуулагч, машинч мэргэжлийн ангид 2 жил суралцан сайн дүнтэй төгсөж 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №86/00294 дугаар үнэмлэхээр  бороожуулагч машинч мэргэжлийн зэрэг авсан байна.

2. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлсон Ж.Н*******гийн ажилласан жилийн тодорхойлолтод нийт 29 жил 11 сар 29 өдөр цэргийн 2 жилтэй гэж тооцсон нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т “Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа”, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Улсын  нийгмийн даатгалын  шимтгэл төлж хөдөлмөр эрхэлсэн болон энэ журамд заасан бусад  хугацааг ажилласан хугацаанд тооцно”, 2-т “ажилласанд хугацаанд тооцох хугацаа”, 2.а-д “улс, олон нийт, хоршоолол, хувийн  үйлдвэрийн газар, байгууллагад  хөдөлмөр  эрхэлсэн  хугацаа”, 2.л-д “БНМАУ-ын зэвсэгт хүчний эгнээнд цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа” гэж тус тус заасантай нийцэж байх бөгөөд нийт ажилласан жилийн тухайд талууд маргаагүй болно.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0112 дугаар шийдвэрээр Ж.Н-г

-Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл усжуулалтын системд бороожуулагч- операторчноор, мөн тус сангийн аж ахуйд 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл усалгааны системд операторчинаар,

-Увс аймгийн Баруунтуруун сумын ...... ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчин- операторчноор,

-Увс аймгийн .... ХК-д 1998 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторчин- операторчноор тус тус ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаа нь нийт 11 жил 6 сар 26 өдөр байна.

4. Ажилласан жил гэдэг нь ажилласан хугацааг, ажилласан байдал гэдэг нь ямар ажил эрхэлж байсныг ойлгох бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0112 дугаар шийдвэрээр нийт 11 жил 6 сар 26 өдөр усалгааны системд операторчноор тракторчин-операторчноор тус тус ажилласан байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн.

5.  Иргэн Ж.Н Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй...” өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж зааснаар Ж.Н нь хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар, тус газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад усалгааны системд операторчноор, тракторчин- операторчноор ажилласан нь “Тракторчин...” ажил мэргэжилд хамаарахгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж татгалзжээ.

6. Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн их сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/111 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд:

-ДДН-70 маркийн алсын цацалттай бороожуулагч машин, Д-дождевальный /бороожуулагч/, Д-дальнеструйнный /алсын/, Н-навесной /дүүжин/ гэсэн орос үгний товчлолтой, 30КН /килоньютон/ ангиллын гинжит трактор /ДТ-75/-т дүүжин /ард нь талт өргөгдөж/ байдлаар угсрагдаж тракторын хүч салаалах голоос эргэлт авч тариалангийн талбайг нэг байрлалаас нөгөө байрлалд шилжиж усалгаа хийдэг. Тойргоор услах үед 110 м.кв, сектороор услах үед 55 метрийн радиусаар усалгаа хийх зориулалттай хөдөө аж ахуйн машин юм. Уг хөдөө аж ахуйн машин нь дангаараа ажиллах боломжгүй. Энэ нь Ж.Н******* трактораа барьж, усалгааны машиныхаа тохируулга засвар үйлчилгээг хийдэг хос мэргэжлээр давхар ажиллаж байсныг,

-Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 322 тоот тушаалд Ж.Н******* “Уурын зуухны машинист”-аар ажиллаж байсан нь өвлийн улиралд тракторч-комбайнчдыг ажлын нөхцөлийг өөрчлөхгүйгээр хүнд нөхцөл буюу сумын төвийг дулаанаар хангах уурын зууханд машинист /качегар-галч/-аар бодлогоор ажиллуулж байсан нь үндэслэлтэй байна.

-Селкчин гэдэг нь хаврын тариалалтад оролцож / тоос шороо, химийн эрдэс бордоотой харьцдаг, чичиргээ доргиотой хүнд нөхцөл/-үр тарианы үрлэгч машиныг үрээр болон бордоогоор цэнэглэдэг ажлыг хийж гүйцэтгэж байсан байна.

-К-Комбайн барьж тариа хураадаг байсан гэсэн нь С-самоходный /өөрөө явагч/,

К-комбайн үр тариа хураадаг машин барьж шууд хураалтад оролцдог байсан гэжээ.

6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хөдөлмөрийн нөхцөл" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг” гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар тус тус Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг баталжээ.

7. Нэхэмжлэгч шүүхэд хандахад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн жагсалтын 15-т “Хөдөө аж ахуйн малын их, бага эмч, санитарч, тракторчин, комбайнч” гэж заасан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн жагсаалтын 4.15-т “Хөдөө, аж ахуй Жолооч, мод зөөгч, чирэгч, комбайн, тракторын” гэж өөрчлөгдсөн. Ж.Н нь усалгааны системд операторчноор, тракторчин-операторчноор тус тус ажиллаж байсан нь аль ч утгаараа хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байна.

8.  Хариуцагч талаас “...тракторч, комбайнч, операторчин гэдэг нь хоёр тусдаа ажил мэргэжил, тракторчин, опеораторчин, галч зэрэг ажил эрхлэхэд давхар ажиллаж байсан бөгөөд дан тракторчноор ажиллаж байсан нь нотлогдохгүй. Сайдаас тушаалаар батлагдсан хүнд нөхцөлд тооцох ажил мэргэжлийн жагсаалтад хавсарсан байдлаар бичигдээгүй...” гэж татгалзаж байгаа  нь хууль зүйн үндэслэлгүй.

9. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажлыг дангаар эрхэлсэн байх ёстой гэх шаардлага тавигдаагүй байх тул нэхэмжлэгч Ж.Н нь хөдөлмөрийн хүнд нөхцөл болон энгийн нөхцөлд хамаарах ажлыг давхар хийж гүйцэтгэсэн байхад хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажлыг хийгээгүй, хүнд нөхцөлд тооцохгүй гэх үндэслэл болохгүй тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй “гэж зааснаар  хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1- т заасныг баримтлан хариуцагч нараас тус бүр 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА