Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/81

 

2024           01            11                                         2024/ДШМ/81

 

Х.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч Э.Билгүүн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор Х.С-д холбогдох 2307 00170 0227 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овогт Х-н С, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ...........аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төрч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ................, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ЖЭ75102909/;  

Шүүгдэгч Х.С нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн “””” УНУ улсын дугаартай “Тоёота Лексус” 570 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин Налайх дүүргийн 5 дугаар хороо, Тоньюкукийн хөшөөний орчимд ... УАВ улсын дугаартай “Тоёотой Харрер” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй эсрэг урсгал руу орон .... УАР улсын дугаартай “Хьюнда Инсайт” загварын тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн зорчигч С.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Х.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.С-г “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г Чингэлтэй дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ........ оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.У, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С, Ө.Б нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч Э.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Х.С-г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн зүйлчлэл, шүүх хэргийг шийдвэрлэсэн байдал: ... Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж улмаар “... согтуурсан, мансуурсан үедээ...” тээврийн хэрэгсэл жолоодсон гээд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэх хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан бүхий л хохирлыг бүрэн төлж барагдуулсан, баримтуудаа өгсөн, зөвхөн оногдуулсан ялын бодлого нь өөрөө шүүгдэгчийн ажил мэргэжил, хөдөө орон нутагт зорчиж ажил гүйцэтгэх үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхэд нь халдаж байгаа учраас хэргийг хялбаршуулснаар шийдвэрлээгүй, ялын бодлоготой холбогдуулж энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч, хангаж өгнө үү.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэж, процесс зөрчиж хэргийг шийдвэрлэсэн талаар.

1.1. Х.С нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн .... УНУ улсын дугаартай, “Тоёота лексус 570” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а; 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчин Налайх дүүргийн 5-р хороо, Тоньюкукийн хөшөөний орчимд .... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй эсрэг урсгал руу орон ... УАР улсын дугаартай “Хьюнда Инсайт” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч С.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Х.С нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчийн нэхэмжилсэн бүхий л хохирол, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Улмаар хийсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт гуйж, учирсан хохирлыг барагдуулахаа илэрхийлж хэргийг хялбаршуулах хүсэлтийг прокурорт гаргасан. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 146 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тэнсэж, дээрх хугацаагаар мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчиж явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, улмаар шүүхэд шилжүүлсэн. Үндсэндээ бол энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн байдлаар шийдвэрлээгүй нь түүний эрх зүйн байдал, эрүүл мэндийн байдал, ажлын онцлогоос шалтгаалсан зорчих эрхийг хязгаарласан нь хууль хэрэглээний хувьд сонгох боломжийг эрэлхийлэлгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” гээд мөн зүйлийн 1-д “... Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно...” гэж заасны дагуу хүсэлт гаргасан. Гэтэл шүүгдэгч Х.С нь хохирогч С.У-н бие махбодод хүндэвтэр, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч Г.С-д 21.100.000 төгрөг, хохирогч С.У-т 10.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Г-д эрүүл мэндийн даатгалтай холбоотой 1.039.062 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тодорхойлсон. ... Х.С ч дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоос бусад бүхий л хохирлыг төлж барагдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр хэрэглэх нь хуульд нийцэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана...” гэж заасны дагуу хавсаргасан. Түүнчлэн мөн зүйлийн 4-т “... Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно...” гэснийг зөрчөөгүй. Ямар нэгэн тулган шаардсан, албадсан зүйлгүйгээр Х.С нь сум орон нутагт зорчих, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж зорчих эрхээ хязгаарлуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй...” гэх заалтад хамаарахгүй. Мөн 7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй...” гэхэд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хамаарахгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна. Гэтэл шүүх шүүгдэгч Х.С-н хүсэл зоригоос гадуур, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д заасан “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно...” гэх заалтад нийцүүлэн, хүсэлт зоригоос гадуур хэргийг ердийн журмаар шийдвэрлээд байгаа нь хуульд үл нийцэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хууль хэрэглээний тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.”, 2-т “... Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно...” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу эрүүгийн 2307001700227 дугаартай шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянасан. Энэ тохиолдолд шүүх дараах нөхцөл байдлыг хянана. Үүнд: 4.1. шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; 4.2. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.3. прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.5. гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; 4.6. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх...”-ийг хянахаар заасан. Дээрх хуульд заасан бүхий л нөхцөл бүрдэж байсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байсаар байтал энэ журмыг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 5-д “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан. Шүүгдэгч Х.С нь хорих ялыг оногдуулж, түүнийг тэнсэн харгалзах ялыг оногдуулснаараа түүний эрх зүйн байдал дээрдэхгүй бөгөөд тэрээр хамгийн гол нь цаашид ажил үүргээ гүйцэтгэх, сум хөдөө орон нутагт зорчих эрх нь хязгаарлагдаж, харин ч эрх зүйн байдал шууд дордож байгаа. Тиймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т зааснаар Чингэлтэй дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байх нь өөрөө амьдралын эх үүсвэр болсон ажил мэргэжлийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх, цаашлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж мөнгө олох боломж бололцоо бүрэн хязгаарлалтад орж байна. Мөн түүний эрүүл мэндийн тухайд 3 төрлийн хорт хавдрын эх үүсвэрийн аль нь болохыг Монгол улсад оношлох боломжгүй гэснээр тус хавдрын аль нь болохыг оношлуулахаар БНСУ-д шинжилгээ өгч одоогоор зөвлөгөө, шинжилгээ өгч байгаа боловч цаашид явж эмчлүүлэх өөрийн эрүүл мэндийг хамгаалахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, сэтгэл зүйн хувьд ч хүнд байдалд орохоор байна. Түүнчлэн 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл барихгүй болох нь нэгэнт тодорхой болж эрх хасах ял авсан Х.С нь дахиж тээврийн хэрэгслийг 2 жилийн хугацаанд барихгүй тул түүнийг хулгайн бусад гэмт хэрэгтэй адилтгаж зорчих эрхийг нь хязгаарлаж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулаад байна. Дашрамд дурдахад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тэнсэн харгалзан ял нь ч мөн адил Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчиж явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авдаг. Тиймээс энэхүү зүйл, заалтыг хэрэглэвэл мөн л адил зорчих эрхийг хязгаарласантай адил, энэ хүн ямар нэгэн байдлаар оргон зайлах боломжгүй, ямар нэгэн өөрчлөлт хийсэн тохиолдолд харьяа цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, прокурорын хяналтад байнга байх мэдэгдэх үүрэгтэй байна.

Иймд шүүгдэгч Х.С-н өөрийнх нь хүсэл зориг, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т заасан хэсгийн “...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх...” гэснийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналын дагуу шийдвэрлүүлэх давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлын үндэслэлээ одоо өөрчилж байна. Учир нь шүүгдэгч Х.С нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг. Энэ нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон И-Монголиагаас авсан лавлаагаар тодорхойлогдоно. Иймд Х.С-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг амьдарч байгаа Хан-Уул дүүрэг, мөн ажиллаж байгаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ердийн журмаар шийдвэрлэсэн. Үндэслэл нь: Шүүгдэгч Х.С бол хэрэг шүүхэд шилжсэний дараа гадаад улсад зорчсон. Энэ талаарх хүсэлтээ явахын өмнөх өдөр мэдэгдээд шүүх уг асуудлыг шийдвэрлээгүй байхад гадаад улс руу зорчсон. ... Иргэний нэхэмжлэгчээр тогтоох, мөн хэргийн газрын үзлэгийг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэдэг байдлаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр болж, нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-н үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Зорчих эрх хязгаарласан ялын нутаг дэвсгэрийн бүсчлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж өөрчлөн тогтоолгох боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.С нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн … УНУ улсын дугаартай “Тоёота Лексус 570” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин Налайх дүүргийн 5 дугаар хороо, Тоньюкукийн хөшөөний орчимд … УАВ улсын дугаартай “Тоёота Харрер” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй эсрэг урсгал руу орон … УАР улсын дугаартай “Хьюнда Инсайт” загварын тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн зорчигч С.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.У-н “... 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргээс нөхрийнхөө эгчийг хүргэж өгөх гээд Багануур дүүрэг рүү явж байсан юм. Тоньюкукийн хөшөөний салдаг уулзвараас зүүн тийш замд явж байхад өөдөөс ирж байсан машин урсгал сөрөөд орж ирээд манай урд явж байсан машиныг мөргөөд миний урдаас ороод ирсэн. Би баруун гар тал руугаа бултуулж дараад миний машины зүүн урд талаас ирж мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгслийг миний урд яваа машиныг мөргөөд гарч ирэхэд нь харсан. Тухайн үед манай машинд 3 том хүн, 3 хүүхэд явж байсан. Миний хүзүү хугарсан, 1 хавирга хугарсан. Манай нөхрийн бие цээж нь хөндүүр байна гэсэн. Эгч болон хүүхдүүд ямар нэгэн гэмтэл байхгүй. ...” /1 хх 16-17/,

иргэний нэхэмжлэгч Г.С-н “... Налайх дүүргийн Городок өнгөрөөд явж байтал урдаас хар өнгийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд ороод ирэхээр нь би баруун гар тал руугаа дараад тоормос гишгэхэд Лексус маркийн тээврийн хэрэгсэл шууд л ирээд намайг мөргөөд хойноос ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөөд замын хажуу руу гараад зогссон. ... 570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч шал согтуу, хэл ам нь ээдэрсэн байсан. ...” /1 хх 20-21/,

гэрч Н.Ч-н “... Тухайн үед процесс хурдан болж өнгөрсөн болохоор ямар машин ирж мөргөснийг нь хараагүй. Ямар ч байсан том оврын жийп байсан. Хальт гүйлгээд харахад жолооч нь эмэгтэй согтуу хүн байсан. Г.С замаасаа гарч өгсөн боловч зорчигч талын хойд хэсгээр орж ирж мөргөсөн. Шоконд ороод харахад эсрэг урсгал руу хараад зогсчихсон байсан. Дахин харахад ард байсан Хьюнда Инсайт машиныг мөргөсөн байсан. Харсан чинь тэр хүн хөдөлгүүрээ хөдөлгөж байсан. Тэр хооронд Г.С очиж түлхүүрийг нь булааж авсан. ...” /1 хх 33/,

иргэний нэхэмжлэгч Ж.Г-н “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.649.062 төгрөгийн зардал гарсан тул дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” /1 хх 25, 176/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Б-н “...Тоньюкукийн хөшөө өнгөрөөд явж байтал урд явж байсан “Тоёота Харрер” загварын тээврийн хэрэгслийг 570 маркийн машин мөргөөд тэр чигтээ манай машиныг бас мөргөсөн. Манай эхнэр С.У жолоо бариад хажуу суудалд миний төрсөн эгч Ө.Э арын суудалд би 2 охин, хүүгийн хамт байсан. ... Цаашид ослын улмаас янз бүрийн хүндрэл гардаг, гэнэтийн байдлаар сүүлд мэдэгддэг, наана нь нарийн шинжилгээ оношилгоо хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа тул үүнд шаардагдах зардлыг нэхэмжилнэ. ...” /1 хх 28, 31, 3 хх 1/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний шинжээчийн: “....С.У-н биед хүзүүний зургаа дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, хоёр хавирганы цууралт, баруун, зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун өвдөг, шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 299 дугаартай дүгнэлт /1 хх 41-42/,

Шүүхийн шинжилгээний шинжээчийн: “...Ө.Б-н биед цээж, хэвлийд цус хуралт, баруун сарвууд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 298 дугаартай дүгнэлт /1 хх 68-69/,

Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн “... “Тоёота Лексус” загварын ... УНУ улсын дугаартай автомашины жолооч Х.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Тоёота Лексус” загварын .... УНУ улсын дугаартай автомашины жолооч Х.С нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй хөдөлгөөний чиг өөрчлөн эсрэг урсгалд орсны улмаас уг осол гарсан гэж үзэж байна.” гэх 23/112 дугаартай дүгнэлт /1 хх 110-112/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаартай “... УАВ улсын дугаартай “Тоёота Харрер” загварын тээврийн хэрэгсэлд 16.430.000 төгрөгийн эвдрэл учирсан” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 93-99/, 297 дугаартай “... УАР улсын дугаартай “Хьюнда Инсайт” загварын тээврийн хэрэгсэлд 5.895.000 төгрөгийн эвдрэл учирсан” талаарх үнэлгээний тайлан /1 хх 101-107/,

С.У, Ө.Б нарын компьютер томографын оношилгоо, шинжилгээ, /1хх 45, 70/, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-9/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн нь гомдлын үндэслэлээ бүхэлд нь өөрчилж “...Х.С-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг одоо амьдарч байгаа Хан-Уул дүүрэг, мөн ажиллаж байгаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн боломжтой гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар Х.С нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг болох нь улсын бүртгэлийн лавлагаа /2 хх 53/, тэрээр “Хаан жимс эс би ти” ХХК-д менежерээр ажилладаг, уг ажлын байр нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг /2 хх 49/ болох нь тогтоогдсон тул энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлийг оруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.С-г Нийслэлийн Хан-Уул, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... шүүгдэгч Х.С-г Чингэлтэй дүүргийн хилийн цэсээс ...” гэснийг “... шүүгдэгч Х.С-г Хан-Уул, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс ...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР