Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 727

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Г*******гийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Багануур дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох 

“Багануур дүүргийн Сонгуулийн хорооны /цаашид Сонгуулийн хороо гэх/ 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г*******, хариуцагч Д.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амарбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн М.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Багануур дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолоор миний бие М.Г******* 2016 оны орон нутгийн сонгуульд А******* намаас нэр дэвшигчээр бүртгэгдсэн юм. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолоор нэг дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан тухай шийдвэр гарсан байна. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6 дахь заалтыг зөрчсөн хэмээн үндэслэл болгожээ. Би 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн мэдээллийнхээ хариуцлагыг хүлээн 2016 оны 6 дугаар сарын 27-нд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаар шийтгэврээр 192.000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээсэн болно. Гэтэл одоо нэр дэвшигчийн жагсаалтаас хасч байгаа нь 1 зөрчилд 2 шийтгэл давхардуулан ногдуулж байгаа, мөн Сонгуулийн тухай хуульд Захиргааны зөрчилтэй этгээдийг нэр дэвшүүлэхгүй нэр дэвшигчийн жагсаалтаас хасна гэсэн үндэслэл байхгүй байна. Эрүүгийн шүүхээс гарсан шийтгэврийг хуулийн мэдлэг дутмагаас давж заалдаагүй, сонгууль явагдаад өнгөрсөн байсан. Иргэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, торгуулиа төлсөн. 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 2 дугаар сард энэ нийтлэл бичигдэж байхад надад арга хэмжээ аваагүй. Надад сонгуулиар далимдуулж, олон нийтэд танигдах хүсэл зорилго байгаагүй, сэтгүүлчийн зүгээс өдөр тутам хийдэг ажлаа хийж бичсэн. Би сонин дээр нийтлэгдсэн зүйлийг өөрийн фэйсбүүк хуудсанд тавьсан. 

Иймд Багануур дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Багануур дүүргийн сонгуулийн хорооны дарга Д.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, өмгөөлөгч Д.О******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Г*******гийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуульд заасан хугацааны дотор бүртгэсний дараа иргэн Ц.Н*******гээс нэр дэвшигчээр бүртгүүлсэн М.Г******* нь сонгуулийн тухай хууль зөрчиж, шүүхийн шийтгэврээр торгуулсан тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч өгнө үү гэх гомдлыг дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн. Өргөдлийг хянан үзэхэд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай шийтгэврээр иргэн М.Г*******г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, мөн хуулийн 70.15.1 дэх хэсэгт зааснаар 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. М.Г******* өөрийн гаргасан хууль бус үйлдлийг зөвшөөрч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 192.000 төгрөг “Голомт банк” ХХК-д тушааж шүүхийн шийтгэврийг сайн дураараа биелүүлсэн байна. Дүүргийн Сонгуулийн хороо гомдлыг хуралдаанаар хэлэлцээд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл”, 159.2 дахь хэсэгт “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 70.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу сонгуулийн хороо шийдвэрлэсэн. Сонгуулийн хорооны шийдвэр нь давхардуулсан шийтгэл биш гэж үзэж байна” гэжээ. 

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“сонгуулийн жил” гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг; 70 дугаар зүйлийн 70.1 “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гэж зааснаас үзвэл сонгуулийн жил гэж 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс сонгуулийн жил эхэлж, саналт хураалт дуусах хүртэл буюу 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацааг хэлнэ. Мөн хуулийн 70.1.6-д  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно гэж заасан бөгөөд хуулиар хориглосон үйлдлийг хийсэн нь тогтоогдсон тул нэрсийн жагсаалтаас хассан. Хууль бусаар нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэврээр арга хэмжээ авсан тул Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар нэр дэвшигчээс хассан. 

Онолын хувьд хэлэхэд нэг захиргааны шийтгэлд давхардуулан арга хэмжээ авах гэдэг нь Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан арга хэмжээг дахин авахыг ойлгоно. Илүү нарийвчилсан зохицуулалттай хууль буюу Сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Сонгуулийн суурь  харилцааг Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйл хүртэл заасан бөгөөд 70 дугаар зүйл нь Улсын Их хурлын, Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, Ерөнхийлөгчийн сонгуульд аль алинд нь хамааралтай. Сонгуулийн хуулийн энэ заалт нь өмнөх сонгуулиар хууль бус сурталчилгаа хийгээд олонд танигдсан хүн дараагийн сонгуулиар өрсөлдөхгүй байх зохицуултыг хийж өгсөн. 70.1 дэх хэсэгт заасан аливаа этгээд гэдэгт ямарч мэргэжилтэй хүн хамрагдах бөгөөд сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн дам сурталчилгаа хийж болохгүй гэсэн хуулийн үзэл баримтлал бий. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г******* Багануур дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Багануур дүүргийн Сонгуулийн хорооны /цаашид Сонгуулийн хороо гэх/ 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Багануур дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолоор  Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт А******* намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн М*******ын Г******* нь сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан байна. 

Иргэн М.Г*******г Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор  Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Багануур дүүргийн сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэжээ. 

Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ц.Нямсүрэнгээс нэр дэвшигчтэй холбоотой гомдол ирүүлсэний дагуу Багануур дүүргийн Сонгуулийн хороо хуралдаж, М.Г*******г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, мөн хуулийн 70.1.6-д заасан “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан ... бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” гэсэн хориглосон үйлдэл хийсэн нь шүүхээр тогтоогдсон гэж нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар нийт гишүүдийн 77,7 хувийн саналаар шийдвэрлэжээ . 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэвэрээр иргэн М.Г*******г 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “G*******” гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан цахим орон зайгаар бусдыг гүтгэн хуурамч мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15 дахь хэсэгт зааснаар 192000 нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгожээ. Нэхэмжлэгч М.Г******* шийтгэвэрээр ногдуулсан торгуулийг төлсөн байна . 

Иймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, Сонгуулийн хороо 3 дугаар тогтоолоо гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заасан хуулийн дагуу гаргасан шийдвэр байна. 

Нэхэмжлэгч М.Г******* нь цахим орон зайгаар бусдыг гүтгэн хуурамч мэдээлэл тараасан гэсэн үйлдэл нь миний сэтгүүлчийн ажил үүрэгтэй холбоотой, 2015 онд энэ мэдээллийг гаргаж байсан, 2016 оны Улсын Их хурал аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үеэр гаргасан мэдээлэл учир одоогийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд хамааралгүй, би тухайн үед нэр дэвшээгүй, одоо нэр дэвшихэд дээрх үндэслэлээр татгалзаж байгаа нь нэг үйлдэлд 2 арга хэмжээ авч байна, Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. 

Сонгуулийн тухай хууль нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдаж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.1.6 “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;” гэж заасан байна. 

 Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сонгуулийн жил” гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар дугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна.” гэж зааснаас үзэхэд М.Г*******гийн  2016 оны Улсын Их хурал аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үеэр гаргасан хууль бус үйлдэл нь ээлжит сонгуулийн жилд хамаарч байна. 

Мөн нэхэмжлэгч сэтгүүлчийн зүгээс бичсэн, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан гэж тайлбарлаж байгаа боловч Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан “аливаа этгээд” гэдэгт тухайн сонгуульд нэр дэвшиж байгаа иргэнд хамааралтай заалт байна. Өөрөөр хэлбэл сонгуульд нэр дэвшиж байгаа иргэн ямар ажил хийдгээс үл хамааран тухайн сонгуулийн жилд Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдлийг хийхгүй байхыг хууль тогтоогч хуульчилж өгчээ.  

Нэхэмжлэгч 2016 оны Улсын Их хурал, аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшээгүй учир дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд хамааралгүй гэж тайлбарлажээ.

Өмнө дурдсанчлан тухайн сонгуулийн жилд өмнөх сонгуульд нэр дэвшсэн эсэхээс үл хамааран нэр дэвшигч нь тухайн жилд сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулсан бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааж өгчээ.

Өөрөөр хэлбэл Улсын Их хурал, аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн өмнө гаргасан зөрчил тухайн сонгуульдаа хамааралтай биш тухайн сонгуулийн жилд явагдаж байгаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ч мөн хамааралтай байна. 

Нэг зөрчилд 2 арга хэмжээ авсан шийдвэр боллоо гэсэн нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй байна. Учир нь Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэвэрээр зөрчил тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт болохоос “шийтгэвэр” биш байна. 

Иргэн хүн Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн тулд Сонгуулийн тухай хуульд заасан хориглосон аливаа үйлдлийг сонгууль явагдах жилд гаргаж болохгүй гэж хуульд тодорхой заажээ. Иймд иргэн М.Г*******гийн сонгогдох эрхэд Сонгуулийн хороо халдаагүй, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй байна. 

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.6, 114 дүгээр зүйлийн 114.1, 159 дүгээр зүйлийн 159.2, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г*******гийн  Багануур дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн сонгуулийн хорооны  2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ