Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0150

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0150

Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Б нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/463 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргадаг.

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ц нь бүрэн эрхийнхээ хугацаандаа буюу 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/04 дүгээр, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамж гарган нэхэмжлэгч Б.Б-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг.

Уг захирамжуудыг судлан үзэхэд Засаг дарга Д.Ц нь өөрт хуулиар эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан зөрчил гаргасан нь илэрхий. Тодруулбал аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн томилох асуудлыг шийдвэрлэх эрх бүхий субъект нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга юм.

Энэ талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж маш тодорхой, хоёрдмол утгагүйгээр хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн Засаг дарга нь Тамгын газрынхаа ажилтнуудыг томилж, чөлөөлөх асуудалд зөвшилцөх хэлбэрээр л оролцохоор заасан байхад Засаг дарга Д.Ц нь албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/04 дүгээр, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамжуудыг гаргажээ.

Нэгэнт хуулиар өөрт эрх олгогдоогүй, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн захирамжийг хүчингүй болгож, гаргасан алдааг зөвтгөж, хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай болсон.

Урьд Засаг даргын гаргасан алдааг дараагийн Засаг дарга засч, зөвтгөхөөр түүнийг л буруу гэж үзээд байгаа анхан шатны шүүхийн шийдэл хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б-ийн маргаж буй Ховд аймгийн Засаг даргын захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлөө.

Бодит нөхцөл байдал, нотлох баримт, хуулийн зохицуулалтыг харьцуулан авч үзье. Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч Б.Б эрхэлж буй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, цалин хөлс авахгүйгээр хохирсон асуудал огтхон ч байхгүй.

Харин ч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Б.Б нь Засаг даргын Тамгын газрын өмчийн мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэж, 09 дүгээр сарын 23 хүртэл цалин хөлсөө бүрэн авч, нийгмийн даатгалын шимтгэлээ тооцуулсан нь баримтаар нотлогддог.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулсан.

Орон нутгийн өмчийн газар нь төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчийг ашиглах, зарцуулах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, орон нутагт худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 дугаар албан бичиг ирүүлсэн.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр тогтоол гарган ажлын албаныхаа бүтцэд багтдаг орон нутгийн өмчийн албаа татан буулгаж, албан хаагчдыг нь орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Засаг даргын ажлын албаны бүтэц, орон тоог тогтооход нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан.

Учир нь нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газарт шилжсэн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь заалтаар түүнийг ажлын байраар хангуулахаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн байдаг.

Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч Б.Б-г өмчийн мэргэжилтнээр томилох, хөдөлмөрийн харилцаа үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаагүй асуудалд Ховд аймгийн Засаг даргын захирамжийг буруутгаж болохгүй.

Иймээс бодит байдалд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болно. Иймдээ ч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар дурдаагүй, үндэслээгүй байна.

Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн хууль тогтоомжоор эрх хэмжээ олгогдоогүй асуудлыг шийдвэрлэж Б.Б-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамжуудыг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосон байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоох тухай А/421 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинээр тогтоож, тус захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталсан байх ба Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоог Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/500 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлжээ.

            Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь заалтаар шинэчлэгдсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцээр албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн Б.Б-г аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.

            Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл хариуцагч аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна, 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж тус тус заасныг зөрчиж гаргасан захирамжаа хүчингүй болгосон нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Б-г өмчийн мэргэжилтнээр томилох шийдвэр гаргаагүй асуудалд Засаг даргын захирамжийг буруутгах боломжгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь, Ховд аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Б.Б-г 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажилласан гэж үзэж, өмнөх шийдвэрүүдээ илт хууль бусад тооцоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.

            Өөрөөр хэлбэл, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч Б.Б-г ажилд томилсон захирамжуудыг гарсан үеэсээ хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж үзэхгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгосон, улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан түүнийг ажлын байраар хангуулахаар Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлснээс үзэхэд хариуцагч маргаан бүхий актаар төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй шийдвэр гаргажээ.

            Иймд, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэн, уг актыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ