2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03423

 

2025 04 28   192/ШШ2025/03423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Шинэ төгөл хотхон, өөрийн байр, А ХХК /рд:2****8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** байр, ** тоотод оршин суух, Б овогт Б-ийн Э /рд:НЦ*********/-д холбогдох

 

30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор цемент худалдан авах хэрэг гараад Б.Э гэдэг хүнээс авахаар тохирсон. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр цементийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг Б.Э-ийн хаан банкны 5********80 тоот дансанд шилжүүлсэн. Мөнгө дансанд шилжин орсноос хойш Б.Э нь бараа материалаа хүлээлгэн өгөөгүй бөгөөд манай компани авах ёстой байсан цементээ авч чадаагүй байгаа болно. Цементээ аваагүй тул шилжүүлсэн мөнгөө буцаан авъя гэхэд Б.Э нь элдэв шалтаг хэлж 30,000,000 төгрөгийг өгөөгүй болно. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Э-аас цемент худалдан авахаар шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын засал чимэглэл хийдэг бөгөөд зараас холбогдоод арай хямд байхаар нь л дам захирал мэддэг болохоороо авахаар болоод мөнгө шилжүүлсэн юм билээ, нэхэмжлэлээ дэмжиж байна, шүүх дээр хуралдаа огт ирж байгаагүй, мөнгөө авмаар байна гэв.

 

2. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор цемент худалдан авах хэрэг гараад Б.Э гэдэг хүнээс авахаар тохирсон. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр цементийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг Б.Э-ийн хаан банкны 50********80 тоот дансанд шилжүүлсэн. Цементээ аваагүй тул шилжүүлсэн мөнгөө буцаан авъя гэхэд Б.Э нь элдэв шалтаг хэлж 30,000,000 төгрөгийг өгөөгүй болно. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Э-аас цемент худалдан авахаар шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 09 дүгээр сарын 13 ний өдөр Хаан банкны Б-ийн Э-гийн 50******80 дугаарын данс руу А ХХК -аас Цемент мат гэх утгатайгаар 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба 2024 оны 05 дугаар сарын 15 -ний өдөр хариуцагч Б.Э өөрөө нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч 2024-06-12 ний өдөр өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 08 дугаар сарын 07 ний өдөр хэргийг өөрийн амьдран суух хаягийн дагуу шилжүүлэх хүсэлт гаргаснаар тус хэрэг Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 20 ний өдөр хуралд биечлэн оролцуулахаар хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааг шүүх хийсэн ба 2024 оны 12 дугаар сарын 03 ний өдөр мөн л өвчтэй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

 

5. Нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийн үнэ бүхий цементийг худалдан авахаар хариуцагчтай амаар тохиролцсон боловч цемент нийлүүлээгүй тул шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардсан ба хариуцагч шүүхэд тогтоосон хугацаанд бичгээр тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд ирж оролцдоггүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэгдүгээрт: Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-05-15 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

Хоёрдугаарт:  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 т: Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-т: Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.  Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т: Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасны дагуу талууд хүсэл зоригийн илэрхийллээ тодорхой үйлдлээр хийсэн байх шаардлага хангаагүй байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг, үүрэг үүсээгүй гэж хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг тус тус ойлгох бөгөөд зохигчийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 30,000,0000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-аас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ