Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            улсын яллагч Ч.Алтансүх,

            шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ************-т холбогдох эрүүгийн 1706 01999 0403 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ********* тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, ******* овгийн Ч-гийн О.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын гадна иргэн *******-г мөнгө өгсөнгүй гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч *********-ын өгсөн мэдүүлэг /хх-7-9/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт №11796 /хх-12/, шүүгдэгч Ч.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын гадна иргэн *******-ыг мөнгө өгсөнгүй гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч ************: "Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хорооны байрны ойролцоо байдаг дугуй засварт ажлаа хийгээд байж байхад Ч.О гэх хүн нь манай засвар дээр орж ирээд надаас архины мөнгө нэхэхээр нь байхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл миний халаасыг ухаж үзэх гээд байхаар нь би ухуулаагүй юм. Тэгтэл намайг баруун гараараа миний нүүр рүү алгадаад авсан. Тэгээд газарт байсан тоосгоор миний толгой руу 2 удаа цохиж авсан. Тэгээд мөн миний нүүр рүү өшиглөсөн.” /хх-7-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.О-ын өгсөн: Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэг найзтайгаа архи хувааж уугаад бага зэрэг согтуу байхдаа ********* нь ганцаараа байсан бөгөөд архины мөнгө өгөөч гэж хэлсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий худлаа яриад бай” гэж хэлээд халааснаас нь авах гэтэл өгөхгүй байсан. Би өмнө нь мөнгө зээлээд буцаагаад л өгдөг байсан юм. Тэгээд надад мөнгө өгөхгүй байсан учир бид 2 маргалдаж, улмаар би *****-рыг зодсон юм. Үүний дараа би гараад явсан.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт №11796 тоот дүгнэлтэнд:

1. *********-ын биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-12/ гэх дүгнэлт,


            Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-15/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.О 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

             

            Хохирогч ********-т хохирол нөхөн төлсөн, нэхэмжилсэн зүйлгүй болно.

           

Хэрэгт шүүгдэгч Ч.О нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

           

Шүүхээс шүүгдэгч Ч.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********* овгийн Ч-гийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.О-т 500 /таван зуун тавин/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.О нь шүүх оногдуулсан 500 / таван зуун тавин/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг /хоёр/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

           6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.О т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                         ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС