Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0406

 

 

 

 

 

    2025         05          28                                    128/ШШ2025/0406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ч.Б /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /РД:/,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Х,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Газар зохион байгуулагч З.М.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжаар нийт 290 иргэнд 26994 м.кв газрыг 154 жилийн хугацаатай эзэмших эрх олгосны 2-т нэхэмжлэгч Ч.Б-д Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо Хөдөө аж ахуйн яамны зүүн хойно 450 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон.

1.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

1.3 Ч.Б-с 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож газрын гэрчилгээг буцаан олгох” тухай гомдол гаргахад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/1807 дугаар албан бичгээр “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандана уу” гэх хариу өгсөн байна.

1.4. Ч.Б-с 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож газрын гэрчилгээг буцаан олгох” тухай гомдол гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01-05/7821 дугаар албан бичгээр “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэх хариу өгсөн байна.

1.5. Нэхэмжлэгчээс анх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсны үндсэн дээр 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШЗ2025/2405 дугаар шүүгчийн захирамжаар 128/2025/0313/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Б*******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйлгүй дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б надад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжаар Хөдөө аж ахуйн яамны зүүн хойно орших 450 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба тус захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2 дахь заалт, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2014 оны А/30 дугаар тогтоол, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны А/35 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг.

Улмаар дээрх захирамжийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын албанаас 005******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, мөн өдрөө Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан ба 3017/5041 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэг үүсгэснээр тухайн газрын хууль ёсны эзэмшигч болсон.

Гэтэл 2016 оны 02 дугаар сард дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гэрчилгээг дахин шинэчлэн олгоно гэсэн үндэслэлээр дээрх 005******* дугаартай эрхийн гэрчилгээний эх хувийг буцаан хураан авсан ба үүнээс хойш Өмч, газрын харилцааны албанаас гэрчилгээ шинэчлэн олгох талаар нэг цэгийн үйлчилгээнд очиж удаа дараа лавлахад удахгүй буцаан өгнө гэсээр өдийг хүрсэн. Хамгийн сүүлд 2024 оны 9 дүгээр сарын эхээр очиж гэрчилгээг шинэчлэх асуудлыг тодруултал таны газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэж мэдэгдсэн ба үүнээс өмнө газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа талаар эрх бүхий албан тушаалтнаас аливаа хэлбэрээр мэдэгдэж байгаагүй.

Ийнхүү миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор 3017/5041 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэргийн материалтай танилцахад миний газар эзэмших эрх хүссэн өргөдөлд газар зохион байгуулагч Д.П нь “...барилга хоорондын орчны зай үзэгдэх орчин, орц гарц хаасан” гэж тэмдэглэсэн ба мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/152 дугаар захирамжийн хавсралтад хүчингүй болгох үндэслэлдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг буюу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үзсэн байна.

Гэтэл надад газар эзэмших эрхийг олгосон захирамж нь Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 2014 оны А/30 тоот тогтоол, “Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2015 оны А/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн ба маргаан бүхий 2016 оны А/152 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүйгээс гадна захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамж хангаж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн надад газар эзэмших эрх олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.2. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны Газар эзэмших эрх олгох тухай А/634 дүгээр захирамжаар иргэн Ч.Б, Б.Н нарт тус дүүргийн 3 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны зүүн хойно байрлалтай тус бүр 450 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдээгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн тайлбартайгаар тус иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” А/30 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/35 дугаар тогтоолд тус дүүргийн 3 дугаар /хуучнаар 1 дүгээр/ хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байх бөгөөд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны архиваас шүүж үзэхэд тус иргэдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдэл, мөн хүчингүй захирамж хүргүүлсэн тухай мэдэгдэл хүргүүлсэн баримт хадгалагдаагүй болно. Нийслэлийн өргөдөл, гомдлын системд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ч.Б-с, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Н-с Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/152 дугаар захирамжийн тус иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож газрын гэрчилгээг гаргуулах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй олгосон тул дүүргийн Засаг даргын захирамжаар Газар эзэмших эрх сэргээх боломжгүй тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх тухай бичгээр хариу хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус байршил нь бусдын эзэмшил, ашиглалтад бүртгэгдээгүй, 1990 онд баригдсан байсан гараашуудыг чөлөөлсний дараа тус байршилд тохижилт хийгдэж байгаа болно” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт олгосон 17 иргэн, аж ахуйн нэгжийн 233469 м.кв газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жилийн хугацаагаар ашиглаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцуулж эзэмшүүлсэн, газар эзэмших эрх дуусгавар болсон, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт эзэмшүүлсэн, өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхээ цуцлах хүсэлт гаргасан үндэслэлээр хавсралтад нэр дурдсан газар эзэмшигчдэд холбогдох заалт, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон.

2. Дээрх захирамжийн хавсралтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжийн Ч.Б-д холбогдох Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо Хөдөө аж ахуйн яамны зүүн хойно байрлах нэгж талбарын 3017/5041 дугаар бүхий 450 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

3. Нэхэмжлэгч Ч. Б-д анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжаар газар Ч.Б*******д газар эзэмших эрх олгосон.

4. Уг захирамж нь Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2014 оны А/30 дугаар тогтоол, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2015 оны А/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байна.

5. Дээрх тогтоолуудаар батлагдсан дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс үзэхэд шинээр газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо байгаагүй байна.

6. Хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ авагдсан боловч газар эзэмшүүлэгчийг төлөөлж Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны газрын газрын албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Д.П, газар эзэмшигчийг төлөөлж иргэн Ч.Б  нар гэрээ байгуулахаар нийтлэг үндэслэлд тусгасан ч гэрээнд талууд гарын үсэг зураагүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг хангаагүй байна.  

7. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/1752 дугаар албан бичигт “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/30 дугаар тогтоолоор баталсан 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/35 дугаар тогтоолоор баталсан 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд тус дүүргийн 3 дугаар хороонд Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох асуудал тусгагдаагүй зэргээс дүгнэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжаар газар Ч.Б- газар эзэмших эрх олгох хууль зүйн үндэслэлгүй байжээ.

8. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжаар газар Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн байна.

9. Захиргааны ерөнхий хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамж гарах үед Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээгүй байсан тул газар эзэмших эрхийг цуцлахтай холбоотойгоор сонсох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл байгаагүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

10. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07-14/950 дугаар албан бичигт “Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо /хуучнаар 1 дүгээр хороо/ Хөдөө аж ахуйн яамны зүүн хойно байршилтай 450 м.кв талбай бүхий газар нь 2015-2025 онуудад дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, одоо ч төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн байх бөгөөд шүүхээс хийсэн газрын үзлэгээр тус газарт хүүхдийн тоглоомын талбайн зориулалт бүхий байгууламж баригдсан байна.

11. Аливаа үйлдэл, үйл ажиллагааг хуулиар хориглосон байхад түүнийг захиргааны актаар шууд зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрсөн үр дагавар үүсгэсэн бол тухайн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ.

12.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж Ч.Б-д газар эзэмшүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дүгээр захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар Ч.Б-д холбогдох хэсэг нь 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж  2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 2016 оны 2 сарын 04-ний өдөр батлагдаж 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд тус тус хамаарахгүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн Ч.Б-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан иргэн Ч.Б-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА


 [u1]Устгах, найруулах

 [u2]найруулах