Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 457

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Гд холбогдох 1806 01064 0449 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны   дүгээр сарын   -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 31 дүгээр гудамжны 489 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Г.Г

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 31 дүгээр гудамжны 489 тоотод эхнэр Т.Загдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Загдын өгсөн: “... Тэр өдөр Гантулга архи уучихсан согтуу байсан ба надад “ус хийгээд өг” гэхээр нь би “чи өөрөө хийгээд уухгүй юу” гэсэн чинь босож ирээд миний нүүр, нүд рүү гараараа 2-3 удаа цохихоор нь “явлаа” гэсэн чинь явуулахгүй гээд байсан. Би явна гээд ноцолдож байхад Гантулга миний хоолойг гараараа багалзуурдсан. Гантулга бид хоёр ноцолдож байхад миний зүүн гарын эрхий хурууны тэндээс хазаад шүдний ором гаргасан. Би ноцолдож байгаад хаалгаар гарсан, гараад үүдний модон гишгүүр шатан дээр хэрэлдэж зууралдаад зогсож байтал Гантулга намайг шатны уруу түлхэхэд би бөгсөөрөө газар сууж унасан... Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Санал хүсэлт байхгүй. Гантулгын үйлдлийн улмаас надад энэ гэмтэл учирсан... Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Эрдэнэдалайн өгсөн: “... Харин тэр өдрийн орой 20 цагийн үед би гэрт ирсэн чинь охин Загд орон дотроо хэвтэж байсан ба 2 нүд нь хөхрөөд хавдсан зүүн гарын эрхий хурууны доод хэсэгт хазсан байхаар нь би Загдаас асуусан чинь Гантулга намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.8/,

Г.Г гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Загдын биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын доод хэсэгт зулгаралт, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн бугуй, сарвуунд 1 цус хуралт, зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 1977 дугаартай дүгнэлт /хх.11/,

Мөрдөн байцаалтад Г.Г яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би архи уусан байхдаа төрсөн ээж Эрдэнэцэцэгийн Баянзүрх дүүргийн 9 хороо, 31-489 тоот гэрт очсон, яг хэдэн цагт очсоноо санахгүй байна. Гэрт эхнэр Загд ганцаараа байсан, гэртээ орсон, тэгээд л цаашаа юу болсныг санахгүй байгаа. Би Загдыг согтуудаа зодсоноо хүлээж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх.32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 31 дүгээр гудамжны 489 тоотод эхнэр Т.Загдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Загдын өгсөн: “... Тэр өдөр Гантулга архи уучихсан согтуу байсан ба надад “ус хийгээд өг” гэхээр нь би “чи өөрөө хийгээд уухгүй юу” гэсэн чинь босож ирээд миний нүүр нүд рүү гараараа 2-3 удаа цохихоор нь “явлаа” гэсэн чинь явуулахгүй гээд байсан. Би явна гээд ноцолдож байхад Гантулга миний хоолойг гараараа багалзуурдсан. Гантулга бид хоёр ноцолдож байхад миний зүүн гарын эрхий хурууны тэндээс хазаад шүдний ором гаргасан. Би ноцолдож байгаад хаалгаар гарсан, гараад үүдний модон гишгүүр шатан дээр хэрэлдэж зууралдаад зогсож байтал Гантулга намайг шатны уруу түлхэхэд би бөгсөөрөө газар сууж унасан... Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Эрдэнэдалайн өгсөн: “... Харин тэр өдрийн орой 20 цагийн үед би гэрт ирсэн чинь охин Загд орон дотроо хэвтэж байсан ба 2 нүд нь хөхрөөд хавдсан зүүн гарын эрхий хурууны доод хэсэгт хазсан байхаар нь би Загдаас асуусан чинь Гантулга намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 1977 дугаартай дүгнэлт /хх.11/,

Мөрдөн байцаалтад Г.Г яллагдагчаар өгсөн: “... Гэрт эхнэр Загд ганцаараа байсан, гэртээ орсон, тэгээд л цаашаа юу болсныг санахгүй байгаа. Би Загдыг согтуудаа зодсоноо хүлээж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх.32/,

Шүүгдэгч Г.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гантулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Т.Загд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Г.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Г “хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Гд сануулсугай.

5. Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Загд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР