Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар  2024/ДШМ/74

 

     

 

 

 

 

  2024             1             11                                         2024/ДШМ/74

                       

                                                                                         

Б.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

нарийн бичгийн дарга  Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/702 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Б.Сд холбогдох 2310000000664 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн  Б.С, 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Интермед” эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 2, охины хамт ........................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:......................../;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаанд тэнссэн,

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 4 дүгээр сарын 3-нд өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Д.Цын хувцасны шкафанд байсан жинсэн өмдний халааснаас түрүүвчийг нь авч дотор нь байсан 700 еврог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Монгол овгийн Б.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 1 (нэг) жил, 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийн эдлэх 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдпаар хэрэгжүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдпээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогчид 700 еврог нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа тухайн гадаад мөнгөн нэгжийг Монгол улсын хэдэн төгрөгтэй дүйцэж байгаа, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хохиролд хамаарах эсэхийг тодорхойлж өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.2"үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3 ”бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг" гэжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэсэн шүүхэд үүрэг болгосон заалтыг хэрэглээгүй нь буруу байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг тогтоож прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогчийн алдагдсан 700 еврог тухайн үеийн Монгол банкны ханшинд хөрвүүлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хир хэмжээг тогтоосон байна. Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ. Эд хөрөнгийн хохирол нь тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй, шунахай сэдэлтэзр үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг юм.

            Шүүгдэгч Д.Ц нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэнсэн харгалзах хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч түүний өмнө нь ял шийтгэл эдэлж байсан байдлыг харгалзан үзсэн эсэх нь ойлгомжгүй байна. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж тус тус зохицуулсан бөгөөд шүүгдэгчийн өмнө нь оногдуулсан ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулж буй ял дээр нэмж нэгтгэх эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Мөн шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэгт шүүгдэгчийн өмнө нь холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэрэгт байсан талаар дурьдаагүй. Шийтгэх тогтоолд хохирогч Д.Цын нэрийг “Д” гэж бичсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжгой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.С нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаанд тэнссэн гэж бичигдсэн байх боловч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст энэ талаар тодорхой зүйл бичигдээгүй,өмнөх шийтгэх тогтоол нь хэрэгт байхгүй байна.

 Түүнчлэн, Б.С нь урьд эрүүгийн хуульд заасан ямар төрлийн гэмт хэрэгт үйлдсэн, тухайн зүйлд заасанаар хэдэн жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн эсхүл оногдуулж тэнссэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ байдлыг тодорхой болгосноор шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн эсэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр  зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар  шийдвэрлэх эсэхэд шүүх дүгнэлт өгөх байтал анхан шатны шүүх энэ талаар огт дүгнээгүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхөн гүйцэтгэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх, эсхүл прокурор шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтаа анхан шатны шүүх хуралдааны үеэр гаргаж өгөх эсэх нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал бөгөөд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг хэрэгт хавсаргуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нөхцөл байдлын талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул байх эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокурор эсэргүүцэлдээ шүүгдэгч Б.Сийн нэрийг хохирогч Д.Ц гэж ташаа бичсэнийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/702 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                             М.АЛДАР  

                                ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ 

                                ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ