Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2025/0352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.А*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй талаарх татгалзсан хариуг хүчингүй болгож, тэтгэврийг зохих журмын дагуу тогтоож, олгохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах гэжээ.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч С.А******* нь 1972 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Монгол Улсын Ерөнхий прокурор 249 тоот тушаалаар 1997 оны 08 дугаар сарын 04 өдрөөс Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон[1], энэ хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар болон Дүүргийн нэгдүгээр прокурорын газруудад хяналт, туслах, ахлах прокурор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-н өдрийн 66 тоот зарлигаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байгаад, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 тоот зарлигаар Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийг нь дуусгавар болгожээ[2].

2.2. Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/467 дугаар тушаалаар С.А*******ийн өөрийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг харгалзан нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ[3].

2.3. Нэхэмжлэгч С.А******* өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүсэлтээ гаргахад Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 05 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт... Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй...гэж заасан тул тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэх татгалзсан хариуг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар албан бичгээр[4] өгчээ.

2.4. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар өдрийн хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч С.А******* нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 10 сарын 19-ний өдрийн шийдвэрээр анх хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг тогтоосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэмж тогтоолгосон. Улмаар Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2025 оны 04 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох эрх 2025 оны 04 сарын 02-ны өдөр үүссэн гэж үзэж байна.

Содон овогтой А******* миний би 1997 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж, Монгол Улсын Ерөнхий прокурор 249 тоот тушаалаар 1997 оны 08 дугаар сарын 04 өдрөөс Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажиллаж эхэлсэн.

Энэ хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар болон Дүүргийн нэгдүгээр прокурорын газруудад хяналт, туслах, ахлах прокурорын албан үүргийг гүйцэтгэж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 66 тоот зарлигаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байгаад, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 тоот зарлигаар чөлөөлөгдсөн. Одоо миний бие 53 настай бөгөөд Төрийн албаны тухай 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.2 /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн:/, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 /Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно./ дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гарсан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Б/467 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн болно.

Миний бие 1990 онд С.Э*******тэй гэр бүл болж, 1991 онд хүү Э.С*******, 2006 онд хүү Э.Ч*******, 2016 онд охин Э.Д******* нарын төрүүлж өсгөсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцон, тэтгэвэр олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүсэлт гаргасан боловч Прокурорын тухай хууль нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалттай зөрчилдөж байгаа үндэслэлээр хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн болно.

Миний бие төрийн албанд 28 жил үүнээс прокуророор 24 жил 9 сар ажилласан тул Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар "... 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэсний дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан тул Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хариуг хууль бус гэж үзэж байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 сарын 31-ний өдрийн 142 дугаартай тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогоолгож, тэтгэврийг зохих журмын дагуу тогтоож, олгохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т ...онгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ... гэж заасан. Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т ...Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана... гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь процессын хууль юм. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг хэрхэн, яаж олгох вэ гэдэг агуулгатай. Харин Прокурорын тухай хууль нь материаллаг хууль юм. Өөрөөр хэлбэл Прокурорын байгууллагын эрх зүйн үндэслэл, прокурорын байгууллагын албан хаагчийн нийтлэг баталгаа зэргийг тодорхойлсон. Тэгэхээр материаллаг хуулиар олгосон эрхийг процессын хуулиар хязгаарлах хууль зүйн боломж байхгүй.

Мөн хууль хэрэглээний зөрчилдөөнтэй иймэрхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль тогтоомжийг хэрэглэх нь эрх зүйн төрийн үндсэн зарчим юм.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/3234 тоот албан бичгээр С.А*******ийн нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгч томилж тус нэхэмжлэлийг гардуулах, хариу тайлбар, баримт хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Их хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хангаж даатгуулагч иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн эрх нь үүссэн даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна; гэж заасан бөгөөд Прокурорын тухай хуулийн 60.3 дах хэсэгт заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх, шимтгэл төлсөн байвал зохих хугацаа, нас зэргийг тодорхой заасан байх бөгөөд энэ зүйлийн тайлбар хэсэгт мөн "Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна.

-Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2024 онд 21 жил 9 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ. 2025 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 22 жил төлсөн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насанд хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүсэхээр хуульд заажээ. Нэхэмжлэгч С. А******* нь тус газарт хүсэлтээ гаргах үед 53 настай байсан нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-5.1.7-д заасан насны болзлыг хангахгүй байх тул тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэхгүй болохыг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142 тоот албан бичгээр мэдэгдсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Жагсаалт, журам батлах тухай А/221 тушаалаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн нөхцөлд ажиллаж эрх үүсэн даатгуулагчдад өндөр насны тэтгэврийг насны хувьд 5-10 жилийн өмнө тогтоодог гэвч энэхүү тушаалын хавсралтад Прокурорын байгууллагад ажилласан прокурорын албан тушаал нь тусгагдаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэжээ. Нийгмийн даатгалын байгууллага нь тухайлсан хуулийг буюу нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахаар хуульчилсан бөгөөд маргаан бүхий нэхэмжлэл нь "нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх" Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан үндсэн шинжийг агуулаагүй нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай" хүсэлтийн хариу албан бичгийг захиргааны акт биш гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1 дэх заалтад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" мөн хуулийн 109.2-т дах хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана." гэж заасны дагуу С.А*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т заасныг аль ч талаас нь тайлбарлах боломжтой. Нийгмийн даатгалын тухай хууль нь илүү нарийвчилсан зохицуулалт. Тодруулбал: Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг, холбогдох насыг, тэтгэвэр бодох аргачлалыг нь заасан. Мөн энэхүү маргаантай ижил төрлийн маргааныг 2017 онд Улсын дээд шүүхийн 488 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хэрэг бий. Уг маргаанд насны хувьд зөрүүтэй асуудал байсан. Тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий /1995 оны/ хуулийг, Прокурорын тухай /2017/ оны хуулийг дагаж мөрдөж байсан. Гэвч сүүлд батлагдсан гэдэг утгаар нь Прокурорын тухай хуулийг авч хэлэлцсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Дээрх агуулгаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг үндэслэвэл Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т заасан нь үндэслэл нь хариуцагч байгууллагын талд шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.2. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. хэмээн прокурорын нийгмийн баталгааг буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацааг тэтгэвэрт гарах насны дээд хязгаараар болон мөн насаар /хүйсийн хувьд ялгамжтай/, эсхүл ажилласан жилээр нь нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан байна.

4.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Ж*******ы 2024 оны 06 дугаар сарын 27-ны Б/467 дугаар тушаалаар дээрх хуулийн зүйл, хэсгийн ...50 насанд хүрсэн эмэгтэй... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэх прокурорын эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан тусгасан зохицуулалт болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэгч С.А*******ийг төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлснөөр, мөн өдрөөс түүнд тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүсгэсэн байна.

4.4.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилласан байдал болон шимтгэл төлсөн жил, нас, тэтгэврийн хэмжээний талаар маргаагүй, харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар "... 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно..." гэсэн хүсэлтийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т насны болзол журмыг хангаагүй. Нэхэмжлэгч Прокурорын тухай хуулиар биш илүү нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох ёстой... хэмээн маргасан.

4.5. Хууль тогтоогчоос Төрийн алба хаах насны дээд хязгаарыг хуульд өөрөөр заагаагүй бол 65 байхаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т, харин Прокурорын тухай хуульд прокурорын байгууллагын тогтолцоо, прокурорын өөрийн хуульд заасан үндсэн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх нөхцөл байдлыг харгалзан ...Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас... гэж дээрхээс өөрөөр зааж, үүнээс гадна мөн нас харгалзахгүйгээр буюу Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй ...прокурор өөрөө хүсэлтээ гаргаж тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан, өөрөөр хэлбэл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь, эсвэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь албанаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульчилсан байна.

4.6. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, ... заалтыг хэрэглэнэ гэж зааснаас үзвэл Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь ажил олгогч, даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагын хоорондын даатгуулах, шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоон олгох харилцааг зохицуулж байхад Прокурорын тухай хуулийн энэ заалт нь прокурор тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг нарийвчлан тогтоосноос үзвэл Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн зохицуулалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тусгаагүй тул тэтгэвэр авах эрх үүсэхгүй хэмээх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй

4.7. 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг татгалзсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142 тоот албан бичгээр өгсөн хариу хууль бус байна.

4.8.Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан шийдвэрийн дуусах хугацааны дараагийн өдрөөс буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тэтгэврийг зохих журмын дагуу тогтоож, олгохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142 тоот хариу албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг зохих журмын дагуу тогтоохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР